Цэцэрлэгүүд хүүхэд бүрийг хөгжүүлэх үзэл баримтлалаа хэрхэн сайжруулах вэ?

Тухайн байгууллагын ноён нуруу, үйл ажиллагааны онцлог нь хүүхэд бүрийг хөгжүүлэх үзэл баримтлал (pedagogical concept)-аа хэрхэн зөв боловсруулж, хэрэгжүүлж байгаагаас шалтгаална.

Манай улсын цэцэрлэгүүд байгууллагынхаа хүүхэд хөгжүүлэх үзэл баримтлал (цаашид “үзэл баримтлал” гэх)-ыг ямар нэг хэмжээгээр боловсруулан ажиллаж байна. Гэхдээ энэ нь шинэлэг зүйл учраас зарим цэцэрлэгийн удирдлага, багш, ажилтнууд бичиж боловсруулсан зүйлдээ эргэлзэх, үзэл баримтлалаа сайжруулах арга замаа олохгүй байх, агуулга нь дутмаг зэрэг тохиолдол байна. Иймд энэхүү зөвлөмжид цэцэрлэгийн үзэл баримтлалыг боловсруулах, сайжруулахтай холбогдох чиглүүлэх асуултуудыг голлон авч үзлээ.

Асуултуудыг тухайн цэцэрлэгийн хамт олон байгууллагынхаа туршлага, орчин нөхцөлтэйгээ уялдуулан бүтээлчээр хэлэлцэн, хариултыг олж үзэл баримтлалдаа тусгах учиртай. Иймд асуултуудын хариултыг нээлттэй орхисон бөгөөд нэг асуултад хичнээн янзын хариулт байж болохыг харуулах үүднээс зөвхөн зарим нэг асуултын хариултыг жишээ болгон харууллаа. Зөвлөмжийн төгсгөлд үзэл баримтлалыг боловсруулах, сайжруулах, хэрэгжүүлэхэд удирдлага, зохион байгуулалтын хувьд анхаарах нийтлэг зүйлсийг орууллаа.

Бид үзэл баримтлал нь ерөнхийдөө дараах бүтцийг агуулсан байна гэдэгтэй санал нэг байгаа.

1. Эрхэмлэх зүйлс

2. Байгууллагын үйл ажиллагааны зохион байгуулалт (анги зохион байгуулалт, өдрийн дэглэм, сургалтын орчин, төлөвлөлт, хүүхдийн хөгжлийн ахицын үнэлгээ гэх мэт)

3. Хамт олны соёл, хүүхдийг хөгжүүлж төлөвшүүлэхэд хүн бүрийн үүрэг, оролцоо

4. Эцэг эх, бусад байгууллага, хүмүүстэй хамтарч ажиллах чиглэл

Дээрх бүрэлдэхүүн хэсгүүдээс хамгийн гол нь “Эрхэмлэх зүйлс”-ээ оновчтой тодорхойлж чадвал танай байгууллагын хүүхдийг хөгжүүлж, төлөвшүүлэх ажлын бүх гарц тодорхой, ойлгомжтой болно. Өөрөөр хэлбэл, үзэл баримтлалын бусад бүрэлдэхүүн хэсгүүд нь “Эрхэмлэх зүйлс”-ийг хэрэгжүүлэхэд чиглэнэ. Үүнийг зургаар харуулъя.

Нэг. “Эрхэмлэх зүйлс”-ээ тодорхойлох

а) Ярилцах асуултууд

  1. Манай байгууллага ямар онцлог (хүүхэд, тэдний эцэг эх, байршил, харьяалал, хэр том байгууллага гэх мэт)-той вэ?
  2. Хүүхэд гэж хэн бэ?
  3. Бид өнөөг хүртэл хүүхдийг хөгжүүлж, төлөвшүүлэх ямар арга барилаар ажиллаж ирэв? Үүнийгээ хэвээр нь хадгалах уу? Өөрчлөх үү?
  4. Хүүхэд ямар тохиолдолд хамгийн их суралцдаг вэ?
  5. Манай байгууллага сургуулийн өмнөх насны хүүхдийн хөгжлийн онол, үзэл санаануудаас юуг нь чухалчлан авч үзэж, хэрэгжүүлэх боломжтой вэ?
  6. Сургалтын бодлого, үндэсний цөм хөтөлбөр, бусад эрх зүйн актуудаас бидэнд ямар үүрэг, хариуцлага ногдож байна вэ? 
  7. Бид (манай байгууллага) ямар сайн туршлагууд хуримтлуулж ирсэн бэ?
  8. Хүүхдүүдийн хооронд ямар ялгаа байна вэ? Бусдаасаа өөр байгаад нь бид хэрхэн хандаж, ямар арга замаар нөлөөлөх вэ?
  9. Манай байгууллагад хүүхдүүд хэр зэрэг “чөлөөтэй” байж, ямар эрх эдлэх вэ?
  10. Манай байгууллагад хүүхэд ямар дүрэм журамд захирагдах вэ? Тэд тодорхой үүрэг хүлээх үү?
  11. Манай цэцэрлэгийн багш, ажилтнууд ямар давуу талтай вэ?
  12. Өнөөгийн хүрсэн түвшнөөсөө бид цааш нь ямар алхмуудыг хийж, илүү амжилттай ажиллаж болох вэ?
  13. Бидний үйл ажиллагаа эцэг эхчүүдийн тавьж буй хүсэлт шаардлагатай хэр нийцэж байна вэ?
  14. Манай байгууллага эцэг эхтэйгээ ямар чиглэл, хэлбэрээр хамтран ажилладаг вэ?
  15. Хүүхэд бүрт хүндрэл бэрхшээлгүйгээр сургуульд элсэн суралцах боломжийг яаж олгох вэ?

 

Цэцэрлэгийн хамт олон дээрх асуултуудаас гадна байгууллагынхаа онцлогтой холбогдсон бусад асуултуудыг дэвшүүлэн, түүнийхээ хариултыг олохоор ажиллана.

 

б) Хамт олны дунд ямар ажил өрнөх вэ?

  1. Практикаас үзэхэд эрдэмтдийн онолыг нухацтай ойлгож унших, нарийн судалж үзэх юм бол тухайн байгууллагын онцлог, боломжид тохирсон гаргалгаа заавал олддог. Жишээ нь: Хүүхэд гэж хэн бэ?, Хүүхэд хэрхэн суралцдаг вэ?, Бид ямар арга зүйгээр ажиллах вэ?, Ямар орчин бүрдүүлэх вэ?, Хүүхдээ яаж үнэлэх вэ? гэх мэт бүхий л асуултын хариултын хувилбарууд тэдгээрт тодорхой тусгагдсан байдаг. Мөн өөрийн орны уламжлалт арга ухаанаа судлан, эрэгцүүлэн бодох, цаашилбал өөрийнхөө хүүхэд ахуй нас, боловсрол эзэмшсэн замналаа эргэн санахад ч яаж хүүхэдтэй ажиллавал илүү өгөөжтэй байх талаар ямар нэг санаа төрөх вий.
  2. Асуулт тус бүрт хүн бүр өөрийнхөөрөө бодож, хариулт олно. Жишээлбэл,

 

Манай байгууллага ямар онцлог (хүүхэд, тэдний эцэг эх, байршил, харьяалал, хэр том гэх мэт)-той вэ? гэсэн асуултад дараах хувилбар бүхий хариултуудаас зарим нь танай байгууллагад таарч магадгүй.

  • Хүүхэд: гэр хорооллын, хотын төвийн, малчдын, “тавиул”, хагас\бүтэн өнчин, хөгжлийн бэрхшээлтэй, түрээсийн байр, 00-н өрөө, нийтийн байр, орон сууцанд амьдардаг.
  • Эцэг эх: Эмзэг бүлэг, чинээлэг, өрх толгойлсон эцэг\эх, малчин, боловсролын түвшин (дээд, дунд, бага)
  • Цэцэрлэгийн байршил: нийслэл, аймгийн төв, сумын төв, нийслэлийн захын гэр хороололд, багт , өртөө зөрлөгт
  • Харьяалал: төрийн өмчийн, байгууллагын, хувийн
  • Хэр том: ... хүүхэдтэй, 2, 3, 4, 5, 6 ....15 бүлэгтэй.

 

  1. Хүн бүр асуулт бүрт үнэн сэтгэлээсээ, мөн шүүмжлэлтэй хандан ярилцаж хариултаа олох нь чухал. Цэцэрлэгт ажиллаж буй хүн бүр ээж аав эсвэл эмээ өвөө гээд ямар нэг байдлаар хүүхэдтэй ажиллаж ирсэн туршлагатай, мөн өөрийн гэсэн бодолтой байгаа. Хүн бүрийн оролцоо нэн чухал.
  2. Бүх асуултад олсон хариулт дээрээ тулгуурлан багш, ажилтан бүр “өөрийнхөө” үзэж байгаагаар хүүхэд бүрийг хөгжүүлж, төлөвшүүлэхэд энэ л хамгийн чухал гэсэн ажил болон ингэж ажиллавал илүү үр дүнтэй гэсэн санаагаа бичнэ.
  3. Хүн бүрийн гаргасан хамгийн чухал гэсэн ажил, саналыг бүгдийг нь жагсаан бичээд (тус тусдаа цаас буюу картон дээр бичсэн бол нийлүүлж тавиад) ажил тус бүрийг нээлттэй хэлэлцэж, маргалдаж мэтгэлзэх нь анхнаасаа нэг зорилгын төлөө нэгдэн ажиллах, нэгнийгээ мөн өөрийгөө  илүү сайн ойлгоход сайнаар нөлөөлнө. Ингээд ойролцоо агуулгаар нь нэгтгэнэ.
  4. Эцэг эхчүүд өөрсдийнхөө зүгээс чухал, зөв гэж үзсэн ажил, хүсэлтээ томьёолно. Тэд мөн багш, ажилтнуудаас гаргасан саналуудтай танилцана.
  5. Нийтээрээ хүлээн зөвшөөрсөн, хамгийн чухал гэж үзэж байгаа ажлаасаа эхлэн дараалуулан бичиж эрэмбэлнэ.
  6. “Эрхэмлэх зүйлс”-ээ хэрхэн томьёолж бичихээ ярилцаж тохирно. Жишээлбэл, Нэг нэгээр нь жагсаан бичиж томьёолох уу эсвэл нийлүүлж нэг өгүүлбэрээр томьёолох уу? Нэг өгүүлбэрт багтаан томьёолбол түүнийгээ цааш нь ямар байдлаар задалж тодруулах вэ? гэх мэт.
  7. Томьёолсон “Эрхэмлэх зүйлс”-ээ эрх зүйн актуудтай хэр уялдаж байгааг харьцуулна, шаардлагатай бол засвар, нэмэлт оруулна. 

 

Энд бас нэгэн асуултын хариултыг жишээ болгон харуулъя.

Манай байгууллагад хүүхдүүд хэр зэрэг “чөлөөтэй” байж, ямар эрх эдлэх вэ? асуултад багш, ажилтнуудаас дараах хариулт гарч ирж болох юм. 

  • Өөрийн санаа, эрэлт хэрэгцээгээ чөлөөтэй илэрхийлэх
  • Өөрийгөө байгаагаараа хүлээн зөвшөөрүүлэх
  • Өөрийнхөөрөө байх
  • Туслалцаа дэмжлэг авах
  • Идэвхтэй, эерэг анхаарал, халамж хүртэх
  • Бусад хүүхэдтэй нөхөрлөх, маргалдах, зөрчилдөх
  • Найз нөхдийнхөө буруу, болчимгүй үйлдлийг анги хамт олныхоо дунд ил хэлэх
  • Судлах, турших
  • Аль сургалтын төвд ажиллахаа сонгох
  • Ямар тоглоомоор хэнтэй тоглохоо сонгох
  • Ядарсан үедээ унтах эсвэл амрах
  • Өдөр унтах, эсэхээ шийдэх
  • Ямар сэдвээр ажиллах талаар санал дэвшүүлэх, шийдэхэд оролцох
  • Эрүүл,  аюулгүй, чөлөөтэй орчинд хөгжих
  • Хангалттай хөдөлгөөнтэй байх 
  • Өөрийнхөө хурдацаар хөгжих
  • Эрүүл хоол хүнс хэрэглэх

Тухайн хамт олон дээр жишээ болгон дурдсан (Эдгээрээс гадна олон эрх байж болно.) эрхүүдээс манай байгууллагад алийг нь хүлээн зөвшөөрөх, алийг нь хүлээн зөвшөрөхгүй байхыг ярилцаж шийдлээ гаргана.

 

Хоёр. Байгууллагын үйл ажиллагааны зохион байгуулалт

Энэ бүрэлдэхүүн хэсэгт “Эрхэмлэх зүйлс”-ээ хэрэгжүүлэхэд анги зохион байгуулалт, өдрийн дэглэм, сургалтын орчин, сургалтын төлөвлөлт, хүүхдийн хөгжлийн ахицын үнэлгээ гэх мэт хүүхдийг хөгжүүлж, төлөвшүүлэхтэй холбогдох бүхий л ажлын шийдэл гарч ирнэ. Асуулт бүр дээр мөн дээрхийн адилаар хамтаараа хэлэлцэж, шийдэлд хүрнэ.

а) Ярилцаж, шийдэх асуултууд

Анги зохион байгуулалт

  1. Анги зохион байгуулалтын ямар хувилбарууд байж болох вэ?
  2. Бид хүүхдүүдийг нас тус бүрээр нь ангиудад хуваарилах уу? Эсвэл янз бүрийн насны хүүхэд нэг ангид байх уу? Аль нь бидний “Эрхэмлэх зүйлс”-тэй нийцэх вэ?
  3. Зарим ангийг “Холимог бүлэг” (янз бүрийн насны хүүхдүүдтэй)-ээр ажиллуулбал тэнд ямар хүүхдүүд байвал илүү тохиромжтой вэ?
  4. “Холимог бүлэг” хүүхдэд ямар ач холбогдолтой вэ?
  5. Аль насны хүүхдүүдийг нэг ангид холимог байлгах вэ?
  6.  “Холимог бүлэг”-ийг эцэг эх хэрхэн хүлээж авч, ойлгож байна вэ?
  7. Ангид хүйсийн тэнцвэртэй байдлыг харгалзах  уу?

 

Өдрийн дэглэм

  1. Өдрийн дэглэмийг зохиоход юуг зайлшгүй анхаарах шаардлагатай вэ?
  2. Хүүхдэд өөрийнхөөрөө (сонгосон үйлээрээ) сурч хөгжих, өөрийнхөө сонирхлыг хэрэгжүүлэх боломжийг хаана, хэдэн удаа олгох вэ?
  3. Хүүхэд хэдийд бусадтай хамтарч жижиг бүлэг үүсгэн тоглож наадах вэ?
  4. Төвийн үйл ажиллагаа өдөрт хэдэн удаа байх шаардлагатай вэ? Аль эсвэл хүүхэд тэнд хүссэн цагтаа очиж тоглож байх уу?
  5. Хүүхдүүдтэй нийтээр ажиллах нь тэднийг хөгжүүлж, төлөвшүүлэхэд ямар ач тустай вэ?
  6. Бусадтай зохицох болон ганцаараа байх харьцаа ямар хэмжээтэй байвал зохистой вэ?
  7. Нийтийг хамарсан болон хэсгээр ажиллах үйл ажиллагаа хэдийд явагдах вэ?
  8. Ганцаарчлан ажиллах гэдгийн дор бид юуг ойлгох вэ?
  9. Манай цэцэрлэг нэгдсэн нэг өдрийн дэглэмтэй байх уу, эсвэл анги бүр өөр өөр өдрийн дэглэмтэй байх уу?
  10. Өдрийн дэглэмд ямар үйл ажиллагаанууд цэцэрлэгийн хэмжээнд нэг цаг хугацаанд явагдах вэ?
  11. Өдрийн дэглэм улирал бүрт адилхан байх уу, эсвэл ялгаатай байх уу?
  12. Өдрийн дэглэмд монгол үндэсний ёс заншилтай холбогдох тусгай цаг оруулж өгөх үү?

 

Сургалтын орчин

  1. Сургалтын орчинд материаллаг орчноос гадна юу юу хамрагдах вэ?
  2. Сургуулийн өмнөх боловсролын байгууллагын сургалтын орчны стандартад ямар шаардлагууд тавигдсан бэ?
  3. Хүүхдэд сэтгэл зүйн таатай уур амьсгал, орчныгхэрхэн бүрдүүлэх вэ?
  4. Хүүхэдтэй яаж ойр дотно харилцаа үүсгэх вэ?
  5. Гадаа талбайг яаж хүүхдийн хөгжлийг дэмжихээр, илүү их ашиглагдахаар зохион байгуулах вэ? Хаана нь юу юу байх вэ?
  6. Хүүхэд бүх талаасаа хөгжихөд тохиромжтой орон зай, сургалтын төвүүд байна уу?
  7. Ямар өрөө тасалгааг өөрчилж болох вэ? (жишээлбэл, харанхуй өрөөг тоглоомын өрөө болгох гэх мэт)
  8. Ангид хүүхэд байнга идэвхтэй үйл гүйцэтгэх боломж байна уу?
  9. Бага ангийн тохижуулалт, зохион байгуулалт ямар байх вэ? Сургалтын төвүүдтэй байх уу, эсвэл?
  10. Аль ангид ямар сургалтын төвүүд байх вэ?
  11. Тоглоом наадгай болон сургалтын хэрэглэгдэхүүнийг хаана, яаж хадгалах вэ?
  12. Ямар тоглоом наадгай, сургалтын хэрэглэгдэхүүн хамгийн чухал вэ?
  13.  Тэдгээрийг ямар шалгуураар сонгох вэ?
  14. Хүүхэд амрах хэсэг байх уу байвал хаана байвал хэрэгтэй вэ?
  15. Нийтийн эзэмшлийн сул талбайг хэрхэн хүүхэд хөгжих орчин болгож болох вэ?
  16. Ангийн тавилга хэрэгсэл, гадаа талбайн хэрэгслүүд хүүхдэд бие даан ажиллах боломж олгож байна уу?

 

Сургалтын төлөвлөлт

  1. Хожим насанд хүрэгчид болоход ямар чадвар эзэмших нь хүүхдэд хэрэгтэй вэ?
  2. Сургалтын үндэсний хөтөлбөрийн дагуу хүүхэд ямар зан чанар, чадварыг эзэмших шаардлагатай вэ?
  3. Ямар чадварыг зөвхөн зориуд зохион байгуулсан сургалтын үйл ажиллагааны явцад хэрэгжүүлэх вэ?
  4. Аль чадвар нь манай байгууллага дахь өдөр тутмын амьдралын явцад хэрэгжих боломжтой вэ?
  5. Бид хүүхдийн төлөвшилтэй холбогдох асуудлуудыг хэрхэн төлөвлөж хэрэгжүүлэх вэ?
  6. Өдөр тутмын амьдралаас суралцах боломжуудыг бид яаж өргөжүүлж болох вэ?
  7. Хүүхдийг ямар тоглоомоор илүү тоглуулж, ямрыг нь аль болохоор хориглох вэ?
  8. Сургалтын төлөвлөлт ямар байвал хүүхдэд илүү өгөөжтэй вэ?
  9. Тогтмол явагдах үйл ажиллагаа (хүлээн авалт, хооллолт, өдрийн унтлага гэх мэт)-ны  төлөвлөлтийг яаж хийх вэ?
  10. Хүүхэд хөгжүүлж, төлөвшүүлэх ажлын төлөвлөлтийг цэцэрлэгийн хэмжээнд нэг загвараар  төлөвлөх үү, эсвэл багш нар өөрийнхөө загвараар төлөвлөх үү?
  11. Зориуд зохион байгуулах сургалт болон бусад үйл ажиллагааг хүүхэд бүрийн хөгжлийн онцлогт нийцүүлэхийн тулд яаж уян хатан төлөвлөх вэ?
  12. Төлөвлөлтийг яаж тодорхой, үр өгөөжтэй болгох вэ?
  13. Үндэсний ёс заншил, зан үйлээс суралцах, монгол хүн гэдгээрээ бахархахыг төлөвлөлтөнд хэрхэн тусгаж болох вэ? ( Зөвхөн сар шинийн баярыг тохиолдуулж уу? эсвэл улирал тутам, сар бүр үү?)
  14. Бид явуулсан үйл ажиллагаагаа яаж баримтжуулах вэ?

 

Сэдвийн боловсруулалт

  1. Үйл ажиллагаануудын сэдэв, агуулга багшийн зорилго, сонирхлоос хэр хамааралтай байх вэ?
  2. Сэдэв сонгоход хүүхэд хэрхэн нөлөөлж болох вэ?
  3. Хүүхэд бүр дээр хийсэн үнэлгээгявуулж буй үйл ажиллагаатайгаа хэрхэн уялдуулах вэ?
  4. Улирлууд болон баяруудыг даган сэдвээ сонгох уу, эсвэл өөрөөр сонгох уу?
  5. Сэдэв хоорондын уялдааг хэрхэн хангах вэ? 
  6. Сэдвүүд дахин давтагдсаар байх уу?
  7. Манай байгууллагад багш нар бүгд нэг сэдвээр явах уу, эсвэл ангиуд өөр өөр сэдвээр явж болох уу?
  8. Сэдвийн агуулгыг сургалтын үндэсний хөтөлбөртэй хэрхэн уялдуулах вэ?
  9. Сэдвийн боловсруулалтыг хэн хэнтэй хамтран хэдийд хийх вэ?
  10. Тухайн сэдэв хүүхдийн сонирхолд нийцэхгүй бол өөрчилдөг байх уу?
  11. Тухайн сэдвээс дараагийн сэдэв урган гарах боломжтой юу?
  12. Асуудал хөндсөн сэдвийг сонгож болох уу?  (Жишээ нь: Хүний буруу үйл ажиллагаанаас шалтгаалан байгалийн тэнцвэр алдагдаж буй тухай “Ногоон дэлхий” гэх мэт)
  13. Сургалтын үйл ажиллагааны боловсруулалтыг яаж ачаалал багатай, үр өгөөжтэй болгох вэ?
  14. Багш бүр өдөр тутмын сургалтын үйл ажиллагааны боловсрууулалтыг заавал шинээр хийх үү? Өмнөх боловсруулалтаа дахин ашиглах бол яаж?

 

Хүүхдийн хөгжлийн ахицын үнэлгээ

  1. Бид хүүхэд бүрийн хөгжлийн ахицыг бодитой үнэлж чадаж байна уу? Цаашид сайжруулах зүйл байна уу?
  2. Бидэнд “Чөлөөт ажиглалт” явуулах ямар сайн арга туршлага байна вэ?
  3. Чөлөөт ажиглалтын тэмдэглэл ямар шаардлага хангасан байх вэ?
  4. Хүүхдийн бүтээлээс хүсэл мөрөөдөл, бодлыг нь яаж олж харах вэ?
  5. Багш бүр Чөлөөт ажиглалтын тэмдэглэлийг ямар хугацаанд нэгтгэн дүгнэх вэ?  
  6. Хүүхдийн “Хувийн хавтас”-д ямар хавтас тохиромжтой вэ?
  7. Хувийн хавтсанд юу юуг багтааж, хүүхдийн хөгжлийн ахицыг баримтжуулах вэ?
  8. Хувийн хавтсыг хаана байрлуулбал тохиромжтой вэ?
  9. Хувийн хавтсыг эцэг эхэд хэрхэн танилцуулах, Хувийн хавтас бүрдүүлэхэд тэдний дэмжлэгийг хэрхэн авах вэ?
  10. Хувийн хавтсыг бүрдүүлэхэд хүүхэд ямар оролцоотой байх вэ?
  11. Нарийвчилсан бүтэцтэй ажиглалт (Ажиглалтын хуудсаар)-ын үеэр цэцэрлэгийн хэмжээнд ямар нэмэлт арга хэмжээ авах вэ?
  12. Хичээлийн жилийн туршид хүүхдийн хөгжлийн талаар хэдэн удаа дүгнэлт бичих вэ?
  13. Улсын хэмжээний сургуулийн өмнөх насны хүүхдийн хөгжлийн үзүүлэлтийг хүүхэд бүр дээр хэрхэн ашиглах вэ?
  14. Хүүхэд бүрийн хөгжлийн ахицыг үнэлэхэд багшаас гадна эрхлэгч, арга зүйч, туслах багш нар ямар үүрэгтэйгээр оролцох вэ?
  15. Аль өрөө тасалгаа болон аль сургалтын төв, тоглоомын буланд хүүхдийн ямар зан чанарыг ажиглах вэ?
  16. Багш, туслах багш нарынхаа хүүхдийг ажиглах чадварыг ямар арга замаар сайжруулах вэ?
  17. Хүүхдийн үнэлгээтэй холбогдох хэлэлцүүлгийг хэзээ, яаж зохион байгуулвал оновчтой вэ? 

 

б) Шийдлийн хувилбаруудын жишээ

Энд зарим асуудлын шийдлийн хувилбарыг жишээ болгож харууллаа. Эдгээрээс зарим нь танай хамт олны шийдэлтэй тохирч болох юм.

Жишээ: Өдрийн дэглэмийн шийдлийн хувилбарууд:

  1. Цэцэрлэгт дагаж мөрдөх нэгдсэн өдрийн дэглэмтэй байна.
  2. Бүлгийн хүүхдүүдийн онцлогоос хамаарч өөр өөр байна.
  3. Улирлын онцлогоос шалтгаалан хувилбартай байна.
  4. Хүлээн авалт, таралтын цаг уян хатан байна.
  5. Хүүхдийн үйл ажиллагааг дэмжсэн чөлөөтэй байна. (гар угаах, бие засах, нойрсолт, хооллолт)
  6. Нийтийг хамарсан үйл ажиллагаа, хэсгийн үйл ажиллагаа тогтсон цагтай байна.
  7. Зугаалгаар гараагүй үед хөдөлгөөнт тоглоом тоглуулж, биеийн тамирын дасгал хөдөлгөөн хийнэ.
  8. Өдрийн дэглэмийг хүүхдэд зориулан зургаар ойлгомжтойгоор илэрхийлнэ.

 

Жишээ: Анги дахь сургалтын орчны шийдлийн хувилбарууд:

  1. Ангид байгаа тоглоом, хэрэглэгдэхүүн бүр аргачлалтай байна.
  2. Хүүхэд хүссэн үедээ өөрөө авч тоглох боломжтой байна.
  3. Элс, усаар тоглох хэсгийг тусгайлан засаж, бэлтгэнэ.
  4. Багш, хүүхэд өрөө тасалгаа, өрөөний тавилга, сургалтын төвүүд, хэрэглэгдэхүүнийг уян хатан ашиглана.
  5. Туршилт хийдэг тусгай өрөөтэй болно.
  6. Ахлах, бэлтгэл ангиуд урлан бүтээх хэсэгтэй байна.
  7. Ариун цэврийн өрөөний хэрэглэгдэхүүнүүдийг хүүхдийн харааны түвшинд байрлуулна.
  8. Хүлээн авахын өрөөг хүүхэд бие даан ажиллах хувцсаа өмсөх, тайлах боломжтой, эцэг эхэд шаардлагатай мэдээлэл өгөхөөр тохижуулна.
  9. Бүлэг бүр өөрийн өнгө төрх, дизайнтай байна.
  10. Бага бүлэг зөвхөн тоглоомын төвүүдтэй, аль болох хүүхдийн хөдөлгөөнийг дэмжсэн хэрэглэгдэхүүнүүдтэй байна гэх мэт.

 

Гурав. Хамт олны соёл, хүн бүрийн үүрэг, оролцоо

Үзэл баримтлалд хүн бүр ямар хувь нэмэр оруулах, тэдний ажлыг хэрхэн үнэлж дүгнэх, хамт олны доторх харилцаа, соёл ямар байх талаар тодорхой тусгана. Мөн үзэл баримтлалд хүүхдийн төлөө хариуцлага хүлээх ёстой багш болон бусад ажилтнуудын мэдрэмж, “Эрхэмлэх зүйлс”-тэй холбогдох мэргэжлийн чадамж, хариуцлага ямар байхыг тодорхойлно.

а) Ярилцаж шийдэх асуултууд

Багшийн үүрэг, оролцоо

  1. Үзэл баримтлалаас шалтгаалан багшид “Ажлын байрны тодорхойлолт”-д зааснаас гадна ямар үүрэг, хариуцлага нэмэгдэн ирж байна вэ?
  2. Багшийн хамгийн гол үүрэг юу вэ?
  3. Мэргэжлийн талаас авч үзэхэд багшийн харилцаа ямар байх вэ?
  4. Багш хүүхдэд ойр дотны хүн нь гэдгээ яаж мэдрүүлэх вэ?
  5. Багш яаж ангидаа эерэг уур амьсгал бүрдүүлэх вэ?
  6. Багш хүүхдийг хэр хэмжээнд хүлээн зөвшөөрч мөн тэдэнд хэр зэрэг шүүмжлэлтэй хандах вэ?
  7. Багшийн үлгэр дуурайлал юу юун дээр харагдах вэ?
  8. Хүүхдэд  яаж итгэл өгч алдаагаа мэдрэх, засах боломж олгох, тусалж дэмжих вэ?
  9. Хүүхдийн санаа бодлыг сонсох, ойлгох, судлах, тэдэнтэй хамтран бүтээлчээр ажиллаж орчинг яаж  бүрдүүлэх вэ?
  10. Хүүхдэд  бүтээлээрээ дамжуулан өөрийгөө илэрхийлэхэд яаж туслах вэ?
  11. Хүүхэд тоглонгоо суралцах хэрэгцээг яаж хангах вэ?
  12. Багш ажилдаа хэр зэрэг чөлөөт орон зайтай байх вэ? Хаана нь байгууллагаас хэм хэмжээ тогтоож өгөх, хаана нь багш өөрийнхөөрөө ажиллах вэ?
  13. Багшийн зүтгэл чармайлт, санаачилга, ажлын үр дүнг хэрхэн үнэлэх вэ?
  14. Багш эцэг эхтэй ямар арга, хэлбэрээр хамтран ажиллах вэ?

           

Удирдлага ба түүний үүрэг, ур чадвар

  1. Эрхлэгч өөрийгөө хамт олон дотор ямар байр суурьтай байна гэж үздэг вэ?
  2. Ямар үүргийг зайлшгүй хүлээх шаардлагатай вэ?
  3. Юунд гол ач холбогдол өгөх вэ?
  4. Арга зүйч ямар үүрэг гүйцэтгэх вэ?
  5. Удирдлагууд хэрхэн ажиллах вэ? (Ажлын хуваарь, хүүхэд, багш, ажилтнуудтай ажиллах цаг гэх мэт.)
  6. Удирдлагын ямар үүргийг бусдад шилжүүлж болох вэ? (жишээлбэл, багш нарт, аж ахуйн хүмүүст, эцэг эхийн зөвлөлд)
  7. Удирдлагын зөвлөл гэж байх уу? Жишээлбэл, эрхлэгч, арга зүйч, бүлэг бүрийн багшаас бүрдсэн.
  8. Хүн бүртэй адил тэгш, нээлттэй харилцдаг уу?
  9. Үр дүн багатай, хэтэрхий их цаг зарсан ажил байдаг уу?
  10. Сайн үр дүнд хүрэхээсээ илүү гадагшаа сайн харагдах гэсэн хандлага байдаг уу?
  11. Тавьсан зорилгууд хэр зэрэг биелэгддэг вэ?
  12. Эрхлэгч, арга зүйч нэгдмэл ойлголттой, нэг шаардага тавьдаг уу?
  13. Багш, ажилтнууддаа хөгжих боломжийг хэр олгодог вэ?

 

Уур амьсгал

  1. Хамт олонхоорондоо нээлттэй, чөлөөтэй харилцдаг уу?
  2. Удирдлагын дэргэд багш, ажилтнууд нээлттэйгээр санаа бодол, шүүмжлэлээ хэлж чаддаг уу?
  3. Байгууллага дотор хэд хэдээрээ нийлсэн бүлэглэл байдаг уу?
  4. Ярилцахаас зайлсхийдэг “нуугдмал” сэдэв бий юу? (Шууд ил хэлж чаддаггүй)
  5. Маргаан, санал нийцэхгүй зүйлс гардаг уу? Гардаг бол яаж зохицуулдаг вэ?
  6. Шагнал урамшил нь хамт олны доторх уур амьсгалыг хэвийн хадгалж чаддаг уу?
  7. Хамт олонд бие биедээ туслан багаараа амжилтад хүрэх хүсэл сонирхол хэр байна вэ?
  8. Хүүхдэд хайртай хамт олон бүрдэж чадсан уу?
  9. Хамт олны зорилго, үйл ажиллагаа нэгдмэл байж чаддаг уу?
  10. Хамт олон багаар ажиллаж чаддаг уу?

 

Ажлын зохион байгуулалт

  1. Ямар ажил үйл гүйцэтгэх нь хүн бүрт тодорхой байдаг уу?
  2. Хүмүүсийнхээ хүчтэй талуудыг хангалттай ашиглаж чаддаг уу?
  3. Цуглаан ямар байдлаар (цаг хугацааны хувьд, хаана, ямар уур амьсгалтай) явагддаг вэ?
  4. Цуглаан хэр зэрэг үр дүнтэй явагдаг вэ?
  5. Цуглаан нь тогтмол явагдаж байх уу, эсвэл?
  6. Ярилцлагын явцад бие биеэ сайн сонсдог уу эсвэл ярилцлага замбараагүй явагддаг уу?
  7. Цуглаанаар ямар асуудлуудыг авч хэлэлцэж байх вэ? Байнга хэлэлцэгдэж байх асуудал байх уу?
  8. Байгууллагын дүрэмд үзэл баримтлалаас үүдсэн ямар заалтуудыг нэмж оруулах вэ?
  9. Анги бүрт ямар дүрэм үйлчлэх вэ?
  10. Сургалтын төвүүд ямар дүрэмтэй байх вэ?
  11. Дүрмүүдийн цаана хүүхдийг хөгжүүлж, төлөвшүүлэх ямар зорилго оршиж байна вэ?
  12. Хүмүүс шинэлэг санаанууд гаргадаг уу?
  13. Сайхан санаа, санаачилгууд хий хоосон яриа болоод өнгөрдөг үү, эсвэл ихэнхдээ ажил хэрэг болдог уу?
  14. Багш, ажилтан бүрийнхээ мэргэжлийг яаж дээшлүүлэх вэ?
  15. Мэргэжил дээшлүүлэлтээр сурч мэдсэн зүйлсээ бусадтайгаа яаж хуваалцах вэ?
  16. Хүн бүрийн оролцоог яаж хангах вэ?
  17. Зохион байгуулагдаж буй ажил бүр хариуцах эзэнтэй, үр дүнтэй байж чаддаг уу?

 

Шийдвэр гаргалт

  1. Ажлаа хэр зэрэг хоорондоо ярилцаж шийддэг вэ?
  2. Байгууллагад ямар төрлийн шийдвэрүүд гардаг вэ?
  3. Үүнд хэн оролцдог вэ?
  4. Тохиролцоонд хүрэхэд яаж бэлтгэх вэ?
  5. Шаардагдах мэдээллийг хэн өгөх вэ?
  6. Цөөнхийг хэрхэн авч үзэх вэ?
  7. Эсрэг санал, тайлбаруудыг цуглуулж, ажил хэрэгчээр хэлэлцэж байхуу?
  8. Оролцоогүй хүмүүсдээ мэдээллийг хэрхэн хүргэх вэ?
  9. Шийдвэр гаргасан арга хэлбэр нь хүсэн хүлээж буй удирдлагын арга барилтай нийцэж байна уу?
  10. Шийдвэр үнэ цэнэтэй байж чаддаг уу?
  11. Ямар нэгэн шийдвэрт хүрч чаддаггүй тохиолдол гардаг уу?
  12. Гарсан шийдвэрийг бусад хүмүүст хүргэж зөвлөж, хэлж чадаж байна уу?

 

Ажилтнуудын нөөц боломж, оролцоо

  1. Туслах багш, бусад ажилтнуудад ямар давуу тал, нөөц боломж байна вэ?
  2. Тэдний санал санаачилга, авьяас чадварыг яаж илрүүлэх вэ?
  3. Бид туслах багшийг хүүхэдтэй ажиллахад хэр оролцуулдаг вэ?
  4. Туслах багшийн оролцоог яаж нэмэгдүүлэх вэ?
  5. Ажилтнууд хүүхэдтэй ажиллах ажиллагаанд ямар тус дэм үзүүлж болох вэ?
  6. Ажилтан бүр “Ажлын байрны тодорхойлолт”-оос гадна ямар нэмэгдэл үүрэг хүлээх вэ?
  7. Бусад ажилчдын туслалцааг яаж авах вэ?
  8. Ажилтнуудын идэвх зүтгэл, үүрэг, оролцоог хэрхэн үнэлж дүгнэх вэ?

 

б) Шийдлийн хувилбарууд

Дараах шийдлийн хувилбаруудаас зарим нь танай байгууллагын хамт олны шийдэлтэй нийцэж болох юм.

Жишээ: Рижжиогийн загвараар ажилладаг багшийн үүрэг

  1. Хүүхдийн нүдээр өөрийгөө харж, хүүхэд шиг байх
  2. Зарим тохиолдолд багшийн байрнаас хүүхэдтэй харилцах
  3. Багш хүүхдийн найз нөхөр, ээж шиг байх
  4. Хүүхдийн сурах хүслийг өдөөх орчныг бүрдүүлэх
  5. Хүүхдийг сонсох
  6. Сургалтын олон талт шинэлэг арга зүй, технологийг хэрэглэх
  7. Шаардлагатай тохиолдолд хүүхэдтэй ганцаарчлан ажиллах
  8. Хүүхдийн хөгжлийг оношилж тогтоох
  9. Хүүхэд бүрийг системтэй ажиглах, сонсох, баримтжуулах
  10. Эцэг эхийг сурган хүмүүжүүлэх түншээ гэж үзэх
  11. Хүүхэд, эцэг эхэд үлгэр дуурайлал үзүүлэх
  12. Зарим тохиолдолд хүүхдэд шүүмжлэлтэй хандах
  13. Хүүхдийг байгаагаар нь хүлээн зөвшөөрөх
  14. Хүүхдийн болон гэр бүлийн нууцыг чандлан хадгалах

 

Жишээ: Багш хүүхдэд бүтээлээрээ дамжуулан өөрийгөө илэрхийлэхэд яаж туслах вэ?

  1. Хүүхэд бүтээлчээр ажиллах урлангуудыг хамтран бэлтгэнэ.
  2. Хүүхдэд эд юмс, ургамал, амьтныг бүхий л мэдрэхүйгээрээ судалж таньж мэдэх, тайлбарлан ярих боломж олгоно.
  3. Урланд хүүхэд санаа бодлоо чөлөөтэй илэрхийлэн дүрслэх нөхцөл бүрдүүлнэ.
  4. Хүүхдэд өөрийн арга барилаар зурж урлах боломж олгоно.
  5. Хүүхэд зурсан зураг, урласан бүтээлээ тайлбарлан ярина.
  6. Сэдэв бүрийн төгсгөлд хүүхдүүд оролцон нийт хүүхдийн бүтээлээр үзэсгэлэн гаргана.
  7. Хүүхдүүд ээлжлэн цэцэрлэгийнхэн болон эцэг эхэд үзэсгэлэнгээ тайлбарлаж танилцуулна.

 

Дөрөв. Эцэг эх, бусад байгууллага, хүмүүстэй хамтарч ажиллах чиглэл

 

а) Ярилцаж шийдэх асуултууд

Эцэг эхтэй хамтран ажиллах

  1. Яагаад, ямар зорилгоор бид эцэг эхтэй хамтран ажиллах шаардлагатай вэ?
  2. Эцэг эхийн санал санаачилгыг яаж өрнүүлэх вэ?
  3. Эцэг эхчүүдэд цэцэрлэгийн үйл ажиллагаанд идэвхтэйгээр нөлөөлөх боломжийг хэрхэн олгох вэ?
  4. Эцэг эх ба багш нар юун дээр харилцан дэмжлэг үзүүлж, ямар ажлуудыг хамтран гүйцэтгэж болох вэ?
  5. Эцэг эхтэй ажиллах талаар бид ямар туршлага хуримтлуулаад байна вэ?
  6. Хаана, ямар хэлбэрээр эцэг эхчүүдтэй ярилцаж, шаардлагатай мэдээллээ авч болох вэ?
  1. Эцэг эхийн хурал зөвлөгөөн, цуглааныг хичээлийн жилд хэдэн удаа, ямар арга хэлбэрээр хийвэл үр дүнтэй вэ?
  2. Манай эцэг эхчүүд ямар давуу тал, мэргэжлийн онцлогтой вэ? Түүнийг нь хүүхдийн хөгжил, төлөвшилд хэрхэн ашиглаж болох вэ?
  3. Эцэг эх бүрт хүүхдийнх нь хөгжлийн ахиц, цаашид анхаарах зүйлсийг ямар арга замаар танилцуулах вэ?
  4. Хүүхдийн сургалтын үйл явцыг бид яаж харуулж, танилцуулах вэ?
  5. Эцэг эхийн санал санаачилгыг ажлын төлөвлөлтөнд хэрхэн тусгах вэ?
  6. Эцэг эхийн дунд ямар уралдаан тэмцээн зохион байгуулж болох вэ?
  7. Эцэг эхийг ямар ямар шийдвэр гаргахад оролцуулах вэ?
  8. Эцэг эхтэй хамтарсан ямар уламжлалт ажлыг зохион байгуулж болох вэ?
  9. Бид сургалтынхаа үр дүнг яаж эцэг эхчүүдэд танилцуулах вэ?

 

Байгууллага, хүмүүстэй хамтарч ажиллах

  1. Бид ямар байгууллагуудтай хамтран ажиллах боломжтой вэ?
  2. Тухайн түнш байгууллагатай ямар ажил хамтарч зохион байгуулж болохвэ?
  3. Бусад цэцэрлэгүүдтэй холбоотой ажиллах уу?
  4. Сургуультай хамтран ажиллах нь ямар холбогдолтой вэ?
  5. Сургууль, багш нартай хамтран ямар шинэлэг ажлуудыг зохион байгуулж болох вэ?
  6. Бага ангийн багш нараас хүүхдийг сургуульд хэрхэн бэлтгэвэл зохих талаар мэдээллийг яаж авах вэ? 
  7. Мэргэжлийн чадамжаа бид яаж сайжруулах вэ?
  8. Юун дээр бид зөвлөн туслах баг авч ажиллуулах вэ?
  9. Эцэг эхийн ажилладаг байгууллагатай хамртан ажиллаж болох уу?
  10. Хүүхдийг аливаа нэг ”бодит орчин”-той танилцуулахад ямар байгууллагатай хамтарч ажиллаж болох вэ? (Жишээ нь: Хүнсний үйлдвэр, Номын дэлгүүр гэх мэт.)

 

б) Шийдлийн хувилбарууд

Асуултын дараах хариултын хувилбаруудаас зарим нь танай багш, ажилтнуудын шийдэлтэй нийцэж болох юм.

Жишээ: Эцэг эх бүрт хүүхдийнх нь хөгжлийн ахиц, цаашид анхаарах зүйлийг ямар арга замаар танилцуулах вэ?

  1. Эцэг эхэд хэдийд ч орж ирээд ангид явагдаж буй үйл ажиллагаануудтай танилцах боломж олгоно.
  2. Хичээлийн жилийн хугацаанд эцэг эх бүртэй нэг удаа хүүхдийнх нь хөгжлийн талаар ганцаарчилсан ярилцлага хийнэ.
  3. “Хувийн хавтас”-аа хүүхэд 2 долоо хоногт нэг удаа гэртээ авч харина.
  4. Бүлгийн Facebook хуудсанд хүүхдийн хөгжлийн ахиц, амжилтыг харуулсан дүрс бичлэг, зургийг байршуулан танилцуулна.
  5. Уламжлалт баяр, ёслолын арга хэмжээнд урьж оролцуулна. (Алтан намар, Шинэ жил, Хоолны үзэсгэлэн)
  6. Хичээлийн жилийн төгсгөлд Ажиглалтын хуудсын үнэлгээнд тулгуурлан эцэг эх бүрт товч “Талархлын захиа” бичиж өгнө.
  7. Хичээлийн жилийн төгсгөлд нийт эцэг эхийг хамарсан “Эрдмийн баяр” зохион байгуулна.

 

Жишээ: Эцэг эхийг ямар ямар шийдвэр гаргахад оролцуулах вэ?

  1. Үзэл баримтлалын “Эрхэмлэх зүйлс”-ийг тодорхойлох
  2. Хүүхэд хүлээж авах, тарах цагийн хуваарийг тогтох
  3. Аль ангид хүүхдээ өгөх (Жишээ нь: Ах\эгч, дүүг хамтад нь нэг ангид оруулах, эсвэл насаар нь)
  4. Хүүхэд цэцэрлэгт ямар эрхтэй байх
  5. Эцэг эх хүүхдээ авалгүй оройтох тохиолдолд багшид ямар хэмжээний нэмэгдэл хөлс өгөх
  6. Ангийн сургалтын орчин ямар байх
  7. Хүүхдийнхээ Хувийн хавтсыг бүрдүүлэхэд оруулах хувь нэмэр
  8. Хэзээ хүүхдийнхээ хөгжлийн талаарх ганцаарчилсан ярилцлагад  оролцох
  9. Эцэг эхийн хурал цуглааныг жилд хэдэн удаа, ямар хэлбэрээр хийх
  10. Эцэг эхийг хамарсан ямар арга хэмжээ зохион байгуулах гэх мэт.

 

Бусад. Удирдлага, зохион байгуулалтын хувьд анхаарах нийтлэг зүйлс

 

1. Хүүхэд бүрийг хөгжүүлэх цэцэрлэгийн үзэл баримтлалыг боловсруулах, сайжруулах, хэрэгжилтийг зохион байгуулах нь байгууллагыг удирдаж байгаа хүний хувьд цэцэрлэгийн эрхлэгчийн хариуцах гол ажил байх.

2. Хүн бүр асуулт, асуудал бүрт ач холбогдол өгч, чин сэтгэлээсээ, нээлттэй, шүүмжлэлтэйгээр хандан, хариулт-шийдлийг эрэлхийлэн оролцох, цэцэрлэгийн удирдлагаас ийм уур амьсгал, орчин нөхцөл бүрдүүлж ажиллах.

3. Үзэл баримтлалд тусгагдсан эцсийн шийдлүүдийг хүн бүр хүлээн зөвшөөрсөн, саналаа нэгтгэсэн байх. (Ингээгүй тохиолдолд зарим хүн хэрэгжилтэд зүтгэл чармайлт гаргахгүй ёс төдий хандаж мэднэ, мөн хамт олон нэг зорилго чиглэлийн төлөө ажиллахад саад учирч болох юм.)

4. Цэцэрлэгийн хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх үзэл баримтлалыг хэрэгжүүлэх гол тулгуур нь сургалтын орчин. Байгууллагынхаа эрхэмлэх зүйлд тулгуурлан цэцэрлэг бүрөөрийн өвөрмөц сургалтын орчныг бүрдүүлэхэд анхаарах.

5. Үзэл баримтлал боловсруулж хэрэгжүүлэх нь процессын чанартай үйл явц. Иймд хичээлийн жилийн эхэн, төгсгөлд байгууллагынхаа үзэл баримтлалд бид юун дээр алдав, юуг сайжруулах вэ, цаашид яаж ажиллах вэ гэх мэтээр хамтаараа дүгнэлт хийж, хүн бүрийн санааг тусгаж засан сайжруулж байх.

6. Хүн бүр ямар нэг туршлага хуримтлуулсаар байдаг болохоор Үзэл баримтлалаа сайжруулахдаа удирдлагаас зарим нэг хүнтэй ганцаарчлан уулзах, эсвэл зөвхөн тогооч нартай, зөвхөн багш нартай гэх мэт хэсэг бүлгээр уулзаж зөвшилцөх мөнбагш нар эрдэмтдийн онол,үзэл санааг байнга эрэл хайгуул хийж гүнзгийрүүлэн уншиж судлан, аль чиглэл, арга барилаар ажиллах нь илүү үр дүнтэй байгаа талаар хэлэлцүүлэг хийж байх нь тустай.

7. Орон нутгийн удирдах байгууллагаас тухайн цэцэрлэгийн хүүхэд хөгжүүлэх үзэл баримтлалд хүндэтгэлтэй хандаж, хамт олны хүсэл зорилгыг ойлгож, дэмжиж ажиллах.

8. Өөрийн байгууллагын үзэл баримтлалын талаар эцэг эх, орон нутгийн удирдах ажилтнуудад танилцуулах, сургалт явуулах, сурталчилах ажлыг систем дэс дараалалтайгаар хийх

9. Өөрийн байгууллагатай ижил үзэл баримтлалтай гадаад болон дотоодын цэцэрлэгүүдийн үйл ажиллагаа, туршлагыг судлах, алдаа оноогоо цэгнэн үзэж байх.

 

Ийнхүү ажилласнаар танай байгууллагын багш, ажилтнуудын хүүхэдтэй хэрхэн ажиллах чиг шугам илүү тодорхой болохын зэрэгцээ мэргэжлийн чадамж сайжирч, хамт олон улам ойртон нягтарч, байгууллагын бие даасан байдал нэмэгдэх болно.

 

Н.Норжхорлоо

Я.Отгонжаргал