Энэ дэлхийн хүүхэд бүр ажилхан

Ярилцлагын булангийн энэ удаагийн зочноор ХБНГУ-ын Баварын муж, Мюнхен дэх Бага насны хүүхдийн судалгааны институтын хүндэт профессор Др.Бернхард Нагель уригдаж байна. Ярилцлага маань үр өгөөжтэй, багш нарт төдийгүй эцэг эхчүүдэд ч чухал хэрэгцээтэй мэдээлэл өгөхөөр болсон гэдгийг  онцлох хэрэгтэй болов уу.

Танд энэ өдрийн мэнд хүргэе! Юуны өмнө манай урилгыг хүлээн авч, ярилцлага өгч байгаад маш их баярлалаа. Манай оронд хэдэн удаа зочлон ирж байгаа, танд эх орон маань таалагдсан гэдэгт итгэлтэй байна. Энэ удаа Монголд ямар зорилгоор ирэв?

Надад Монгол улсад гурван удаа ирж ажиллах боломж олдсонд баяртай байна.

Эхний удаа ирэхдээ би ХБНГУ-ын түүн дотроо Баварын сургуулийн өмнөх насны хүүхдийн Сургалт- хүмүүжлийн хөтөлбөрийн талаар лекц уншиж, ажлын уулзалтууд хийсэн.  Үүнд сурган хүмүүжүүлэх онол - үзэл санаанууд, тэдгээрийн үндэслэл болсон “хүүхдийн дүр төрх”(хүүхдийг хэрхэн авч үзэх), хүүхдийн хөгжлийн талаарх ойлголт түүнчлэн хүүхэд бүрийг хэрхэн дэмжиж хөгжүүлэх тухай асуудлууд дээр төвлөрсөн.  Тухайлбал,

  1. Хүүхэд хэрхэн суралцдаг вэ?
  2. Багш нар хүүхдийг хөгжүүлж, төлөвшүүлэх ажлыг хэрхэн төлөвлөх вэ?
  3. Хүүхдийн хөгжлийн ахицыг хэрхэн ажиглаж, баримтжуулах вэ? 
  4. Хүүхэд бүрийн хөгжлийг хэрхэн дэмжих вэ?
  5. ХБНГУ-д цэцэрлэгийн багшийг хэрхэн бэлтгэдэг, мэргэжлийг нь хэрхэн дээшлүүлдэг вэ?
  6. Баварын Сургалт-хүмүүжлийн хөтөлбөрийг практикт хэрхэн нэвтрүүлсэн бэ?

Харин хоёр дахь удаагаа ирж ажиллахад эхний сэдвүүд маань гүнзгийрсэн. Монголын сургуулийн өмнөх боловсролын сургалтын цөм хөтөлбөрийг боловсруулах асуудлаар санал солилцох, цэцэрлэг бүр онцлогоо харгалзан хүүхэд хөгжүүлэх үзэл баримтлалаа боловсруулах, мөн стандартчилагдсан ажиглалтыг ямар арга барилаар явуулах зэрэг асуудлууд дээр голлон ажилласан.   Тодруулбал,

  1. Хүүхэд бүрийн хувийн онцлогийг яаж зохистойгоор харгалзах вэ?
  2. Хүүхэд бүрийн чадамж, сонирхлыг яаж илрүүлэх вэ?
  3. Ажигласнаа яаж тэмдэглэх, баримтжуулах, тоон болон чанарын талаас нь хэрхэн нэгтгэн дүгнэх вэ? гэсэн асуудлууд байлаа. Мөн мэргэжил дээшлүүлэх болон давтан бэлтгэх асуудалд анхаарлаа хандуулсан.  

Энэ удаад монголын Сургуулийн өмнөх боловсролын сургалтын цөм хөтөлбөр болон Хүүхдийн хөгжлийн ахицыг үнэлэх ажиглалтын хуудсыг яаж үр дүнтэйгээр практикт нэвтрүүлэх, энэ хэрэгжүүлэх ажлыг багш бэлтгэх болон багш нарыг давтан сургах ажлаар яаж дэмжих вэ гэсэн асуудал гол нь байлаа. Үүнд Монголын сургуулийн өмнөх насны хүүхдийн хөгжлийн дундаж нормыг ажиглалтын хуудсын дагуу стандартчилан тогтоох, өөрөөр хэлбэл, хүүхэд ямар ч нас, хүйстэй байсан ялгаагүй түүнийг ажигласан ажиглалтыг харьцуулж болох норм хэмжээг бий болгох асуудал чухал байсан. Үүнтэй холбоотойгоор монголын үндэсний болон соёлын онцлогийг яаж зохистойгоор тусгаж  ажиглалтын хуудсаа цаашид хөгжүүлэх вэ гэсэн асуудал ч бас хөндөгдсөн.

Герман болон Монголын бага насны хүүхдүүд юугаараа адилхан, юугаараа ялгаатай байна гэж Та үзэж байна вэ?

-Энэ дэлхийн хаана ч ялгаагүй хүүхэд бүр төрөхдөө сониуч, аливааг сонирхдог, сэдэл тэмүүлэлтэй, ямар нэг шинэ зүйлтэй танилцахдаа бэлэн байдаг. Тэд суралцах эрмэлзэлтэй, бүх зүйлийг мэдэхийг хүсдэг. Үүгээрээ монгол болон герман хүүхэд хоорондоо ямар ч ялгаагүй. Хэрэв ялгааг ол гэвэл тэдний өсч торниж байгаа орчин л ялгаатай. Хүүхдэд шаардагдах орчин нөхцөлийг бүрдүүлсэн тохиолдолд тэд хэрхэн суралцдаг вэ гэдэг нь мөн адилхан, харин зөвхөн юуг сурч байна вэ гэдгээрээ ялгаатай. Монголын малчдын хүүхэд германы том хотын хүүхдийн суралцах орчин адилгүй. Суралцах орчны энэ ялгаатай байдлаасаа болоод тухайн орчиндоо дасан зохицохын тулд аль ч хүүхэд ихэвчлэн хэрэгцээтэй зүйлээ сурдаг. Энэ нь хүүхэд болгонд адилхан, мөн чухал, сайн хэрэг. Энэ дэлхийн аль ч орны хүүхэд ямар их адил төстэй нь миний сэтгэлийг байнга эзэмддэг бөгөөд хүүхэд  бүр өөрийнхөө амьдарч байгаа онцлог орчинд хэрэгтэй чадваруудыг яаж эзэмшдэг нь миний сонирхлыг татдаг.

Сургалтын шинэ хөтөлбөрийг практикт нэвтрүүлэхэд юуг зайлшгүй анхаарах шаардлагатай вэ? Та туршлагаасаа хуваалцахгүй юу? 

Бидний туршлагаас үзэхэд шинэ сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд дараах зүйлсийг юуны өмнө анхаарах шаардлагатай:

а) Практик дээр ажиллаж байгаа цэцэрлэгийн багш нарт хангалттай мэдээлэл хүргэх.

б) Практик дээрх ажиллагсдын идэвхтэй оролцоог хангах нь шинэ сургалтын хөтөлбөрийг хүмүүс хүлээн зөвшөөрөхөд мэдэгдэхүйц нөлөө үзүүлдэг.

в) Оролцогч бүлгүүдийн, түүн дотор мөн эцэг эхийн сайн сүлжээг бий болгох нь мэдээллийг богино замаар амархан дамжуулахын зэрэгцээ тулгарч буй асуудлыг хурдан шийдэж болдог. 

г) Багш бэлтгэхдээ шинэ Сургалт-хүмүүжлийн хөтөлбөрийн асуудлыг харгалзсанаар төгсөгчид практик дээр гарах бэлтгэлтэй болно. Мэргэжил дээшлүүлэлтэд мөн үүнийг анхаарснаар багш нар шинэ Сургалт-хүмүүжлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх мэдээлэлтэй, итгэлтэй болно.  

Та эдгээр туршлагаа жаахан тодруулбал бидэнд хэрэгтэй бас сонирхолтой байх болно.

а) Практикт мэдээлэл хүргэх гэдэгт хэнд, ямар мэдээллийг яаж хүргэх вэ гэдэг асуудал яригдана. Тодруулбал,

  1. Цэцэрлэгийн эрхлэгч, арга зүйчдэд Сургалт-хүмүүжлийн хөтөлбөр, хүүхдийг ажиглах, баримтжуулах талаар мэдээлэл хүргэх арга хэмжээнүүдийг зохион байгуулах.
  2. Эцэг эхчүүдэд, жишээлбэл, эцэг эхийн хурлын үеэр Сургалт-хүмүүжлийн хөтөлбөр, хүүхдийг ажиглах арга барилын талаар мэдээлэл өгнөөр тэд байгууллагын ажилд дэмлэг үзүүлэх болно.
  3. Сургалт-хүмүүжлийн хөтөлбөр, хүүхдийг ажиглах арга барилын талаар бага сургуулийн багш нарт мэдээлэл өгснөөр хүүхэд цэцэрлэгээс сургуульд илүү ая таатай шилждэг.

б) Практиктай холбох асуудал дээр

  1. Илүү зөвлөж, тусалж ирсэн загвар цэцэрлэгүүдийг бусад цэцэрлэгүүдэд жишээ болгон ашиглах боломжтой.
  2. Цэцэрлэгийн багш нарын практик үйл ажиллагаанаасаа гаргаж ирсэн жишээнүүд нь шинэ Сургалт-хүмүүжлийн хөтөлбөр, хүүхдийг ажиглаж, баримтжуулах арга хэлбэрийг багш нар хүлээн зөвшөөрөхөд тустай. 
  3. Байгууллагууд хоорондын туршлага солилцох сүлжээг бий болгох нь цэцэрлэгүүдийн ажлын чанарыг  сайжруулахын зэрэгцээ хүмүүс шинэ хөтөлбөрийг хүлээн зөвшөөрөхөд их тустай.    

          в) Хэрэгжилтийг мэргэжлийн талаас нь зөвлөн туслах, сүлжээг бий болгох

Цэцэрлэг ба бага сургуулийн бүх удирдлага, хариуцлага хүлээгчдийн сүлжээг бий болгосон нь их ач холбогдолтой байсан. Зохиогдсон үйл ажиллагаанууд нэгдсэн нэг үзэл баримтлал, чиглүүлэгээр явагдсан бөгөөд практикт хэрэгжиж буй төслүүдтэй танилцаж, сургуулийн өмнөх болон бага боловсролын мэргэжлийн хүмүүсийн сүлжээний үйл ажиллагааг дэмжиж ирснээр нийт оролцогч бүлгүүдэд үзүүлэх дэмжлэгийг хангаж, тэд хэрэгжилтэд идэвхтэй оролцох болсон. Тэд хамтдаа төслүүд бичиж, хэрэгжүүлсэн. Үүгээр эцэг эхийг татан оролцуулах ажил хялбар болсон.

г) Багш бэлтгэхдээ шинэ Сургалт-хүмүүжлийн хөтөлбөрийг харгалзан үзэх

  1. Багш бэлтгэх сургалтад Сургалт-хүмүүжлийн хөтөлбөр, хүүхдийг ажиглах ажиглалтын арга зүйг оруулсан. Оюутнуудад үндсэн мэдээлэл өгөхөөс гадна шинэ Сургалт-хүмүүжлийн хөтөлбөрийн суурилсан үндсэн зарчим, хүүхэд хөгжүүлэх онол, үзэл санаануудыг сургаж эзэмшүүлэх шаардлагатай. Ажиглалтын хуудас дээр тулгуурлан тэднийг ажиглалт, баримтжуулалт, тайлбар хийх, сурган хүмүүжүүлэх дүгнэлт хийж чаддаг болоход нь дадлагажуулна.
  2. Бага ангийн багш бэлтгэхэд Сургалт-хүмүүжлийн хөтөлбөрийн талаарх үндсэн мэдээлэл мөн ажиглалтын арга зүйн талаарх агуулгыг оруулж өгөх нь цэцэрлэг, сургууль хамтран ажиллах чухал нөхцөлийг бүрдүүлнэ.
  1. Цэцэрлэгт ажиллаж буй багш нарын хувьд багш бэлтгэхтэй  адил агуулгаар мэргэжил дээшлүүлэх бөгөөд үүнд юуны өмнө цэцэрлэгийн удирдлага, арга зүйчдийг хамруулна. 

д) Мэргэжлийн болон шинжлэх ухааны талаас удирдах ажлын хэсэг

(Үүнд яам, Үнэлгээтэй холбогдох их сургууль, Багш бэлтгэх их сургууль, Мэргэжил дээшлүүлэх институт, цэцэрлэгийн үүсгэн байгуулагч орно.)

Баварын Сургалт-хүмүүжлийн хөтөлбөрийг боловсруулахад зөвлөсөн яамны дэргэдэх ажлын хэсэг нь хөтөлбөрийн хэрэгжилт дээр мөн зөвлөн тусалж, хэрэгжүүлэх арга хэмжээнүүдийг төлөвлөсөн. Жишээлбэл, багш нарыг давтан бэлтгэх үзэл баримтлал, сургалтын модуль боловсруулах гэх мэт. Ажлын хэсэг бас оролцогч “байгууллагууд” хамтран ажиллахад нь дэмжлэг үзүүлсэн. Үүнд шинжлэх ухааны үүднээс дагаж дэмжих нь их ач холбогдолтой байсан. Үүгээр  давтан бэлтгэх болон мэргэжил дээшлүүлэх арга хэмжээнүүд, практик дээр багш нарын ур чадвар эзэмшилт хэр зэрэг байгаад үнэлгээ хийсэн. Үнэлгээний үр дүнд хариуцагч яаманд Сургалт-хүмүүжлийн хөтөлбөрийг хэрхэн хэрэгжүүлэх, цаашид хөгжүүлэх, түүн дотор жишээлбэл, зарим бүс нутгийн соёлын онцлогийг хэрхэн харгалзах чиглэлээр зөвлөх боломж бүрдсэн. Мөн хүүхэдтэй ажиллахад зориулсан гарын авлага боловсруулахад дэмжлэг авах боломжтой болсон.   

Маш их баярлалаа. Багш нар маань хэрэгжүүлнэ гэдэгт итгэлтэй байна. Цэцэрлэг бүр хүүхэд хөгжүүлэх өөр өөрсдийн үзэл баримтлалтай байхын ач холбогдол юу вэ? Хүүхэд хөгжүүлэх үзэл баримтлал гэж чухам юу вэ?

Хүүхэд бүр төрөхдөө л үндсэн чадварууд, онцлогтой байдаг.Тэд аливааг оролдож судалдаг, суралцах хүсэлтэй, чадвартай мөн баяр баясгалантай. Тэд сониуч, бүтээлч, янз бүрийн асуулт тавьдаг, түүнийхээ учир шалтгааныг өөрийнхөөрөө  “онолдож” тайлбарладаг, асуудал шийдвэрлэдэг. Хүүхдүүд их зүйлийг мэддэг, ихээхэн чадамжтай, өөрөө суралцахыг эрмэлздэг, өөрийнхөө боловсрол, хөгжлийг зохицуулахад идэвхтэй оролцдог. Тийм биз дээ.

Хүүхэд бүр өөрийнхөө бие хүн (personality) болон бодгаль (Individuality) онцлогоороо л ялгагддаг. Тэд хаана өссөн, нийгмийн ямар орчин нөхцөлтэй, гэр бүлийнх нь боловсролын суурь дэвсгэр, ямар хэлээр ярьдаг, түүнчлэн соёлын онцлог уламжлалаараа ялгагддаг.

Цэцэрлэгт мөн янз бүрийн насны хүүхэд байдаг. Тэд цэцэрлэгт хэдэн жил явсан, түүнчлэн долоо хоногоор, өдрөөр явдаг зэрэг цэцэрлэгт байдаг хугацаагаараа ялгаатай. Хүүхдүүд бас өөрт нь тохирсон дэмжлэг шаарддагаараа ялгаатай. 

Цэцэрлэг бүрийн орчин мөн адилгүй. Нийслэл хотынх уу, аймгийн төвийнх үү эсвэл сумын жижиг цэцэрлэг үү гэх мэт. Цэцэрлэгүүд том, жижгээрээ, малчдын хүүхэд олон, цөөн явдгаараа, хүүхдүүд нь хэр удаан хугацаагаар явсан гэдгээрээ ялгаатай.

Багш нар адил боловсролтой ч өөрийн гэсэн ур чадвар, онцлог чадамжтай байдаг. Нэг нь дүрслэх урлагын авьяастай, нөгөө нь биеийн тамирт сайн, гурав дахь нь техникийн мэдлэг чадвар сайнтай байх жишээтэй. 

Хүүхэд хөгжүүлэх цэцэрлэгийн үзэл баримтлал тэгэхээр хүүхэд бүрт юу нь адилхан байдаг вэ гэдэг өнцгөөс авч үзэхэд адилхан боловч тухайн байгууллагад явж буй хүүхэд, ажиллаж буй багш нар, байгууллагын онцлогоос хамааран ялгаатай юм.  

Манай цэцэрлэгийн багш нар хүүхэд нэг бүрийг ажиглах, ажигласнаа баримтжуулах арга барил эзэмшихийг хичээж, түүнд суралцаж байна. Хүүхдийг ажиглахад багш нар юуг анхаарах вэ?

Мэргэжлийн хүмүүс тухайн хүүхдийн хөгжил, суралцахуйн талаарх ойлголтоо юуны өмнө өдөр тутам байнга хийгдэж байдаг ажиглалтаар олж авдаг. Жишээлбэл, зориуд зохион байгуулсан сургалтын үйл ажиллагаа, чөлөөтэй тоглож байх явцад, цэцэрлэгт ирж байгаа үед, хооллох явцад гэх зэрэг. Өдөр тутмын ийм ажиглалт нь зориуд төлөвлөлтөөр бус, тохиолдлоор, гэхдээ хүүхдийг байнга анхаарч, тэднийг хараандаа байлгах явцад хийгддэг.  

Хүүхдийн хөгжил-суралцахуйн үйл явц бол олон талтай, цогц зүйл. Тэгэхээр  тухайн хүүхдийн талаар бодитой ойлголт олж авахын тулд олон янзын арга барилыг хэрэглэх шаардлагатай. Тухайлбал бие биеэс ялгаатай: 1.Чөлөөт ажиглалт, 2.Ажиглалтын нарийвчилсан бүтэцтэй хэлбэр, 3.Хүүхдийн гүйцэтгэсэн үйлийн үр дүнг үнэлэх (Жишээ нь: зурсан зураг). Эдгээрийн аль аль нь давуу ба сул талтай бөгөөд өөрийн гэсэн тодорхой зорилготой.  

Тус тусад нь авч үзье.

  1. Чөлөөт ажиглалт: Чөлөөт ажиглалтаар тухайн байдал маш тод харагддаг бөгөөд олон тодорхой хэсгүүдийг агуулдаг: Тодорхой сэдэв, агуулгад баригдахгүйгээр их чөлөөтэй явагддаг. Зарим болж буй үйл явц, үйлдлүүдийг зөвхөн чөлөөт ажиглалтаар л олж мэдэх боломжтой. Үүнийг явуулах, ажигласнаа тогтоож авах, нэгтгэн дүгнэхэд ихээхэн цаг хугацаа зарцуулдаг бөгөөд эдгээрийг хийхэд амаргүй. Чөлөөт ажиглалт ихэвчлэн хувь хүнтэй холбогдох тул олсон мэдээллээ заримдаа бусадтай хуваалцахад хэцүү. 

Чөлөөт ажиглалт нь хоорондоо ялгагдах хоёр үндсэн хэлбэртэй: 1.харилцааг тоочих – энд ажиглагч өмнөөс тогтсон орчин нөхцөлд хүүхэд юу хийсэн буюу хэлснийг аль болох нарийвчлан тогтооно. 2.Хүүрнэх арга барил – тухайн хүүхдийн хөгжил, суралцахуйтай холбогдох зүйлсийг олж мэдэж, товчхон тэмдэглэнэ.  

  1. Нарийвчилсан бүтэцтэй ажиглалт: Нарийвчилсан бүтэцтэй ажиглалтын чөлөөт ажиглалтаас ялгагдах онцлог нь тодорхой бүтэцтэй тогтсон асуултууд болон боломжит хариултын хүрээнд ажиглалтыг явуулна. Стандартчилагдсан хуудас нь ажиглагчид чөлөөт орон зай бага олгоно, гэхдээ онцлог давуу талуудтай:
  • Зарим хэсгийг хийсвэрлэх боломжтой, ингэснээр хүүхдийн ерөнхий дүр төрхийг тогтооход хялбар болгоно. Жишээ нь: хүүхдийн чадамжийг янз бүрийн чиглэлээр тогтоох.
  • Ажиглалтыг харьцуулахад амархан. Жишээ нь: янз бүрийн цаг хугацаагаар эсвэл хүүхдүүдийг.
  • Ажиглагчийг тусгайлан авч үзэх хэсэг рүү анхаарлаа хандуулж ажиглахад чиглүүлнэ.
  • Мэргэжлийн талаас ажиглалтыг  баталгаатай болгоно.
  • Байгууллагын хэсэг бүлэг хүмүүс тухайн ажиглаж байгаа хүүхдийн талаар нийтлэг нэг үг хэлтэй байхад хүргэнэ – энэ нь ажигласан зүйлээ нэгтгэх  (жишээ нь: хүүхэд тодорхой хугацаа, үйл ажиллагаанд өөр ангийнхантай нийлэхэд), ажигласан зүйлээ бусадтайгаа хуваалцахад амар болгоно.
  1. Хувийн хавтас:  Хувийн хавтас гэдэг нь хүүхдийн тодорхой үйлүүдийн үр дүнгийн цуглуулга юм. (Жишээ нь: зурсан зургууд, бичих оролдлогууд, өрж байгуулсан зүйлийнх нь фото зураг, хүүхдийн ярьсан зүйлс). Хамгийн гол нь ийнхүү суралцаж байгаагаа баримтжуулахад хүүхэд идэвхтэй оролцогч байх нь чухал. Ингэснээр хүүхдийн суралцах хариуцлага нэмэгдэнэ. Хувийн хавтсанд орох хүүхдийн багштайгаа хийсэн ярилцлага нь хүүхэд өөрийнхөө суралцахуйд гарч буй ахиц амжилт, туршлагаа мэдрэх, өөртэй зорилго тавих, өөрөө суралцах үйлээ төлөвлөхөд тустай. Хувийн хавтас нь эцэг эхэд хүүхдийнх нь суралцаж буй талаарх ойлголт өгөх, тэднийг хүүхдийнхээ суралцах үйлд оролцоход нь нөлөөлнө.

 

Ажиглалтын хуудсын ач холбогдол юунд орших вэ?

Хүүхдийн хөгжлийг ажиглаж, баримтжуулах бол багшийн зөвхөн хувийнх нь ажил биш. Энэ нь эцсийн эцэст хамгийн гол нь хүүхдийг хөгжүүлж төлөвшүүлэх  хэрэглээний зүйл бөгөөд үүнийг эрх зүйн хувьд баталгаажуулсан байна. Багш, удирдлагууд хараагаа байнга ажиглалт руу чиглүүлж, энэ аргыг хэрэглэхдээ юуны өмнө тухайн байгууллага нийтээрээ ойлгож, хүлээн зөвшөөрсөн байх нь үр дүнтэй.   

Ажиглалт, баримтжуулалт нь зорилготойгоор хүүхдийн давуу тал болон хөгжлийн чиглэлүүдээр цааш нь хөгжүүлэх эрэлт хэрэгцээг олж илрүүлэхэд чиглэх бөгөөд энэ утгаараа хүүхдийн хөгжилд зориулагдана.  

Хүүхдийн хөгжлийг дагаж ажиглах нь хүүхэд бүрийн хөгжил, боловсрол, байгаа байдлыг аль болох өргөн хүрээтэй, бодитойгоор тусгаж авахад чиглэх бөгөөд ингэснээр тухайн байгууллагын хүүхдийг хөгжүүлж, төлөвшүүлэх ажлын суурь дэвсгэр болж өгнө.  Энэ нь зөвхөн “асуудалтай хүүхэд”-д бус нийт хүүхдэд хамааралтай. “Сайн” хөгжилтэй хүүхдэд ч гэсэн чадавхынхаа хэрээр бүрэн хөгжихөд цэцэрлэгт өөрт нь тохирсон өдөөлт дэмжлэг шаардлагатай.

Ийм үндэслэлээр Германы сургуулийн өмнөх боловсролын хөтөлбөрт “хүүхэд бүрийг ажиглах, баримтжуулах” санаа анх суусан. Суралцах-хөгжих үйл явц хувь хүн бүрт нэн ялгаатай явагддаг. Хүүхэд бүрийг хөгжлийн болон суралцахуйн бүрэлдэхүүн хэсгүүдээр авч үзэхэд  түвшин нь хоорондоо их ялгаатай байж болно, түүнчлэн ижил насны хүүхдүүдийг аваад үзэхэд хөгжлийн түвшин нь хоорондоо адилгүй, ихээхэн зөрүүтэй байдаг.   

Хөгжлийг дагах арга барилаар хүүхдийн хөгжлийн түвшинг багад нь зөвхөн нэг удаа тогтоогоод орхичихгүй. Энэ нь цэцэрлэгт явах нийт хугацаанд хүүхдийн хөгжил-суралцахуйн үйл явцыг тасралтгүй дагаж тогтооход чиглэнэ. Ингэснээр хүүхдийн суралцаж буй байдал, хөгжил тодорхой харагдахын зэрэгцээ тэдний дунд явуулсан үйл ажиллагаа хэр зэрэг зохистой байсан нь эргэх холбоогоор мэдэгдэнэ.

Хүүхдийг ажиглах ер нь ямар ач холбогдолтой вэ?   

Хөгжлийг дагаж ажиглахын утга учир нь багш ажиглалтынхаа үр дүнг сургалтынхаа явцтай  холбон авч үзэж, хэрэглэхэд оршино. Энэ нь багш хүүхдийн талаар олж авсан ойлголтоо  сургалттайгаа холбож, хүүхдийн хөгжил, суралцах үйл явцад ашиглана гэсэн үг.

Ажиглалт нь олон талын ач холбогдолтой, янз бүрээр ашиглагдана:     

  1. Хүүхэд бүрийн цаашдын төлөвийг илүү сайн ойлгоход тус болно.
  2. Хөгжил-боловсролын үйл явц, үр дүнгийн талаарх мэдээлэл авна.
  3. Хүүхдүүдтэй ярилцлага хийхэд сайн суурь дэвсгэр болно.
  4. Сургалтын үйл ажиллагааг хүүхэд бүрт нийцүүлэх, хүүхэд бүртэй зохицон харилцах суурь болно.
  5. Багшид явуулсан сургалтын үйл ажиллагаагаа системтэйгээр эрэгцүүлэн дүгнэх боломж олгоно.
  6. Байгууллага дотроо мэргэжлийн талаас санаа бодлоо хуваалцах болон хүүхдийг хөгжүүлэхэд хамтран ажиллахыг шаардана.
  7. Эцэг эхтэй хүүхдийн хөгжлийн талаарх ярилцлагыг тогтмол явуулах суурь болно.
  8. Мэргэжлийн байгуулагууд болон сургуультай мэдээлэл солилцох, хамтран ажиллахад тустай.
  9. Хүүхдийг хөгжүүлэх ажлын чанар, мэргэжлийн ур чадварыг гадагш нийтэд мэдрүүлнэ.  

Сургалтын үйл ажиллагааны зорилгыг тогтоох, явуулж байгаа үйл ажиллагаагаа хүүхэд бүрийн хувийн эрэлт хэрэгцээтэй уялдуулахын тулд ирж байгаа бүх мэдээллийг нэгтгэн дүгнэх  шаардлагатай. Үүнээс ажиглалт явуулах, түүнийгээ тэмдэглэх шаардлага үүднэ гарна.  

Сургалтын хөтөлбөрт сургалтын чиглэлүүд, боловсролын зорилгыг томьёолсон байдаг нь байгууллага дахь сургалтын ажлыг явуулах нийтлэг суурь нь болдог. Харин хүүхдийн хөгжлийг дагаж ажигласнаар тухайн сургалтын хөтөлбөртэй холбогдох агуулга тодорч  гарч ирнэ.  Үүнээс гадна байгууллага бүрт өөрийн гэсэн онцлог үйл ажиллагаанууд явагддаг, тэр нь юуг түлхүү ажиглах вэ гэдэгт бас нөлөөлдөг.  Энэ нь сургалтын үзэл баримтлал, ажиглалтын үзэл баримтлал хоорондоо холбоотой байна гэсэн үг.  

Гурав хүртэл насны хүүхдийн хөгжлийг үнэлэхэд багш юуг анхаарах вэ?

Хүүхдэд биологийн нас, хөгжлийн нас гэж бий. Хөгжлийн сэтгэл судлалын дагуу хүмүүс гурав хүртэл насанд хүүхдийн хөгжлийн насыг голдуу барьж ажилладаг. Яагаад гэвэл хүүхэд бага байх тутам тэдний хөгжлийн нас нь биологийн наснаасаа их зөрөөтэй байдаг. Энэ нь хүүхэд хөгжлийнхөө чиглэл бүрээр янз бүрийн насанд байна гэсэн үг. Мөн хүүхдүүдийн хооронд ч хөгжлийн ялгаа их анзаарагддаг. Тухайлбал, энэ насны хүүхдийн нэг нь хөдөлгөөнөө удирдах чадвар тун сайтай, гэхдээ хэл ярианы чадвар нь сул, гэтэл нөгөө нэг хүүхэд нь маш сайн ярьж чаддаг байх жишээтэй. Энэ бол хэвийн үзэгдэл. Тэгэхээр 3 хүртэл насныханд ийм ялгаанууд их байдгийг үнэлгээндээ анхаарах шаардлагатай. 

Манай цэцэрлэгүүдийн үйл ажиллагаатай танилцах цаг гарсан уу? Танилцсан бол Таны сэтгэгдлийг сонсоё.  

Монголд ажиллах бүрд надад цэцэрлэгт зочлох боломж олдож байсан. Ямар олон зүйл адил төстэй, ялангуяа хүүхдүүд хэчнээн адилхан байгаа нь миний хувьд нэгдүгээрх, магадгүй хамгийн чухал сэтгэгдэл байлаа. Мөн танай цэцэрлэгийн багш нар өрөө тасалгаагаа  мөн тоглоомын хэрэгслээ ямар их бүтээлчээр бүрдүүлдэг нь надад маш өндөр сэтгэгдэл төрүүлсэн. Германы цэцэрлэгийн багш нар ч үүнээс зарим санаа авмаар санагдсан. Миний үзэж танилцсан цэцэрлэгүүд, жишээлбэл, Баянхонгор аймгийн төвийн цэцэрлэгүүдийн ажиллаж байгаа арга барил, ялангуяа малчдын хүүхдийн эрэлт хэрэгцээнд нийцэн ажиллаж байгаа байдал надад маш их таалагдсан. Тэнд боловсролын шинэ хөтөлбөрийн зарим үзэл санаа мэдрэгдэж байсан. Хэдийгээр би тэнд богино хугацаагаар байсан ч надад хүүхдүүд үр шимийг нь хүртэж байна гэсэн сэтгэгдэл төрсөн. 

Монгол бол хүүхдийн хөгжлийг дэмжиж, туслангаа дагадаг сайн арга замаар ажилладаг гэсэн миний ойлголт цэцэрлэгүүд дээр ажиллах явцад баталгаажсан гэж ерөнхийд нь хэлмээр байна. Үүгээрээ хүүхдэд сайн боловсрол эзэмших таатай нөхцөлийг бүрдүүлж байна.

            Танд их баярлалаа. Үнэхээр хэрэгтэй, алхам тутамдаа хэрэгжүүлэхээр үнэтэй сайхан зөвлөгөө өгч, туршлагаасаа хуваалцсан Танд Монголын олон мянган багш нарынхаа өмнөөс талархал илэрхийлье. Дараа удаад дахин айлчлахад тань таны хэлсэн, ярьсан, зааж сургасан бүхэн тань Монголын хөрсөн дээр бууж, амьдралд хэрэгжсэн байх болно оо.

Дахиад ирэх боломж олдох бүрт баяртай уулзах болно. Та бүхэнд ажлын өндөр амжилт хүсье.

 

Эх сурвалж: “Боловсролын мэдээлэл” сэтгүүл, 2016 оны 1 дүгээр сар