Үнэт зүйлд суурилсан боловсрол

Бидний өнөөгийн нийгэм

Өнөөгийн дэлхий ертөнц даяаршил, техник, технологийн эрчимтэй хөгжил, дижиталчлалын нөлөөгөөр улам бүр хурдацтай өөрчлөгдөж, хувь хүнд болон нийгэмд боломж мөн эрсдэлийн аль алиныг нь авч ирж байна. Амьдрах, ажиллах орчин хурдацтай өөрчлөгдөж, хувь хүнд тавигдах шаардлага улам бүр нэмэгдэх болов. Байгалийн гамшиг, өвчин зовлон, амьдралын боломжийн тэгш бус байдал улам бүр нэмэгдэж, дэлхийн өнцөг булан бүрт зөрчилдөөн, терроризмын аюул заналхийлэл тасрахгүй байна.

Дэлхий нийтээр удаан хугацааны туршид улс орны хөгжлийг эдийн засгийн өсөлтөөр тодорхойлж, түүнийг үндсэн хүчин зүйл хэмээн тооцож иржээ. Гэвч эдийн засгийн өсөлт нь хөгжил дэвшлийг жинхэнэ утгаар бий болгогч үндсэн хүчин зүйл хараахан биш гэдгийг 20 дугаар зууны сүүлчээр хүлээн зөвшөөрч эхэлсэн. Эдийн засаг өссөн ч тэгш бус байдал, шударга бус байдал, баялгийн тэгш бус хуваарилалт зэрэг хөгжлийн хүчин зүйлсийн хоцрогдол байсаар байгаа нь хөгжлийн тухай ойлголтыг эргэн харахад хүргэсэн билээ (Оюунцэцэг, Н. бусад). Ёс зүйн үнэт зүйлс, хөгжил дэвшил хоёрын хооронд харилцан хамаарал байгаа болохыг судалгааны үр дүн дэлхий дахинд харуулсан учир хүний суурь үнэт зүйлсийг дэлгэрүүлэх нь өөрт болон бусдад ашиг тусаа өгнө гэдэг ойлголт хурдацтай түгж байна (Эмори Их Сургууль. 2019).

Манай улсын хувьд арьс өнгөний ялгаварлан гадуурхалт, шашин хоорондын мөргөлдөөн, цагаачдын урсгал зэрэг зарим оронд тохиолдож буй төвөгтэй асуудлууд байхгүй ч, нийгэмд ялгарал, хуваагдмал байдал бий болж, шударга ёс алдагдан, иргэдийн ёс суртахуун доройтсооор байна. Үүнийг шийдэх эрэл хайгуул хийж байгаагийн дотор  “Хүмүүнлэг боловсролын хууль” гаргана гэсэн яриа хэлэлцүүлэг ч өрнөх болов. Чухамдаа хүмүүнлэг боловсролын хуулийг тусад нь гаргах бус харин дэлхий нийтэд явагдаж буй боловсролыг хүмүүнлэг болгон хувирган өөрчлөх үйл явцтай хөл нийлүүлэх шаардлага байгаа болно.

Дээр дурдсан нийгмийн хувьсал өөрчлөлт, нөхцөл байдалтай холбогдон цаашдаа хүн төрлөхтөн энэ гариг дээр хэрхэн эв нэгдэлтэйгээр тайван амгалан амьдрах, үүний тулд хүүхэд, залуучуудад эзэмшүүлэх боловсролоо хэрхэн хувиран өөрчилж, хойч үедээ юуг үлдээх вэ гэдэг асуудал улс орон, эрдэмтэн судлаачдын анхаарлын төвд байх болов.

Боловсролын хувирган өөрчлөлтөд юун түрүүнд хэрэглээний нийгмээс бидний уламжлалт минималист амьдралын хэв маяг руу шилжиж байгаль дэлхийгээ хайрлан хамгаалж тордох, оюун ухаан, ёс суртахуун, сэтгэлийн амар амгаланг дээдлэх үзэл бодол, үйл ажиллагаа чухал байрыг эзэлнэ гэж харж байна.

Үнэт зүйл

Боловсролыг эерэгээр, үр өгөөжтэйгээр өөрчлөн шинэчлэхэд хүмүүн болон нийгмийн үнэт зүйл, үнэт зүйлд суурилсан боловсролыг хөгжүүлэх нь нэгэн чухал арга зам гэсэн үзэл санаа түгэх болов. 

Үнэт зүйл нь хүний чухал гэж үздэг зүйлийг илэрхийлдэг. Жишээлбэл, шударга байх гэдэг нь эрхэмлэх ёстой зан гэж итгэж, хэрэгжүүлэхийн төлөө хичээх. Үнэт зүйлийн талаарх ойлголт харах өнцгөөс хамааран өргөн хүрээтэй. Дэлхийн төдийгүй манай орны эрдэмтэн судлаачид иргэдийн эрхэмлэх үнэт зүйлийн эрэлд гарч, зарим үр дүнгээ танилцуулсаар байна. СУИС-ийн судлаачид 2018-2019 онд “Монголчуудын үнэт зүйл” төслийг хэрэгжүүлж,  монголчуудын үнэт зүйлсийг тодорхойлж, үнэт зүйлсээ багтаасан “Эрдэнийн судар”-ыг бүтээжээ. Уг төсөлд ёс суртахуун нь монголчуудын үнэт зүйлсийн дээд болохыг тайлбарласан байдаг (Сонинтогос, Э. Алтанцэцэг, Ч. 2019). Удирдлагын академийн Сэтгэл зүй, судалгааны арга зүйн тэнхимийн судалгааны багийнханы “Монголчуудын үнэт зүйлсийг Шварцийн аргачлалаар тодорхойлсон нь” судалгааны тайлан (Удирдлагын академи. 2017)-г гаргасан байна. Уг тайланд “Бидний монголчууд шинэ сонголт хийгээд бараг 30-аад жил болж байгаа ч үзэл баримтлал, итгэл үнэмшлийн хувьд нэг чиглэлтэй болж чадаагүй харин ч ихээхэн заагарсан зөрчилтэй байна” гэсэн нь анхаарууштай. Боловсролын хүрээлэнгээс 2020 онд  монгол суралцагчдын эзэмших үнэт зүйлсийн судалгаа хийж, монгол суралцагчдын эзэмших үнэт зүйлсэд хариуцлага, ёс суртахуун, шударга зан, жудаг, өөртөө итгэх итгэл, бие даах, нийтийн эрх ашиг, хайр энэрэл, махруу хичээнгүй, хүлээцтэй, үнэнч, тусч, хамтач, эв эе зэргийг онцолсон байдаг (Оюунцэцэг, Н. бусад. 2020).

 “Зан үйлийн ерөнхий чиглэлийг заасан зарчим, үндсэн үзэл бодол, үнэ цэнэтэй гэж үздэг зүйл,  хүний хүрэхийг хичээдэг зорилгын талаарх бат бөх итгэл үнэмшил, сайн буюу хүсүүштэй гэж үздэг тодорхой итгэл үнэмшил, үйл хөдлөлийн стандарт. Жишээлбэл, хайр, шударга зан, тэгш байдал, эрх чөлөө, шударга ёс, аз жаргал, аюулгүй байдал, сэтгэлийн амар амгалан, үнэн” (Halstead, J. M., & Taylor, M. J. (2000) гэсэн үнэт зүйлийн нэгэн тодорхойлолт байна.

Олон улсын, салбар дундын байгууллагуудын хамтын ажиллагааны хүрээнд улс төр, нийгмийн болон иргэний нийгмийн янз бүрийн бүлгүүдийн 300 гаруй хүн 2015 оноос эхлэн Эдийн засгийн хамтын ажиллагаа хөгжлийн байгууллага (OECD)-аас Боловсролын ирээдүйн чиг хандлагын хүрээг тодорхойлсон “Сургалтын Луужин 2030” (OECD The OECD Learning Compass 2030) дээр ажиллаж, уг баримт бичгийг 2019 оны 5 дугаар сард Ванкоувер (Vancouver)-д  анх танилцуулжээ (Siemens Stiftung. 2020). Энэхүү баримт бичгээр манай гариг болон нийгэм сайн сайхан байхад боловсрол ямар байх ёстойг заасан нийтлэг үзэл баримтлалыг гаргасан байна. Үүнд тогтвортой, амжилттай хөгжихөд суралцагчдад ямар чадамж (competency) хэрэгтэй байгааг тодорхойлсоны зэрэгцээ суралцагчдын эзэмших хандлага, үнэт зүйлсийг чухалчилсан байдаг. Уг баримт бичигт “Үнэт зүйл бол хувийн болон нийгмийн амьдралын бүхий л салбарт шийдвэр гаргахдаа баримталдаг итгэл үнэмшилд тулгуурласан хүнийг чиглүүлдэг зарчим юм. Энэ нь хүн дүгнэлт гаргахдаа юуг нэн тэргүүнд тавих, сайжруулах эрэл хайгуул хийхдээ юуг эрхэмлэхийг тодорхойлдог” (Haste, H. 2018) гэжээ. Үүнээс үзэхэд боловсролд үнэт зүйлийг ёс суртахуунтай, хариуцлагатай, халамжтай, энэрэнгүй, өөрийгөө зохистой удирдан чиглүүлэн авч явдаг нийгмийн гишүүн болон төлөвшихөд суралцагчдад тусалдаг хүчин зүйлс гэсэн утгаар авч үзэх боломжтой.  

Хувь хүний хандлага нь үнэт зүйл, итгэл үнэмшилд тулгуурлан илэрдэг бөгөөд зан үйлд нь нөлөөлж байдаг. Үнэт зүйл нь боловсролын бүхий л үйл ажиллагааны цөм нь бөгөөд  суралцагчдын эзэмших суурь чадамжууд (competencies) болон боловсролын түвшний чадамж түүнчлэн, сургалтын хөтөлбөр, цаашилбал сургууль, цэцэрлэг, ангид явагдах бүхий л үйл ажиллагаанд тусаж биелэлээ олно.

Үнэт зүйлийн ангилал

ЭЗХАХБ-ын Сургалтын луужин 2030 (OECD. 2019) баримт бичигт “үнэт зүйл”-ийг дэлхий нийтэд хэрэглэх мөн улс орон, орон нутаг өөрсдийн ялгаатай байдалд нийцүүлэн авч үзэж болохүйцаар дараах дөрвөн категорид авч үзсэн байна.

  1. Хувь хүний (Personal) үнэт зүйл нь тухайн хүний хувьд хэн болох, утга учиртай амьдралыг хэрхэн тодорхойлж, жолоодох, зорилгодоо хэрхэн хүрэхийг хүсдэгтэй холбоотой.

 

  1. Харилцааны (Social) үнэт зүйл нь хүмүүс хоорондын харилцааны чанарт нөлөөлдөг зарчим, итгэл үнэмшлийг агуулна. Үүнд хүн бусадтай хэрхэн харилцах, мөн хоорондоо хэрхэн харилцан үйлчлэх, түүний дотор зөрчилдөөнийг хэрхэн зохицуулах багтана. Харилцааны үнэт зүйл нь нийгмийн сайн сайхан байдлын талаарх соёлын ойлголтыг тусгадаг, өөрөөр хэлбэл хамт олон, нийгмийг үр дүнтэй ажиллуулахад хүргэдэг хүчин зүйл.

 

  1. Нийгмийн (Societal) үнэт зүйл нь нийгмийн дэг журам, байгууллагын амьдралыг хамарсан нийтлэг зарчим, удирдамж бүхий  соёл, нийгмийн тэргүүлэх чиглэлийг тодорхойлдог. Энэ үнэт зүйл нь нийгмийн болон байгууллагын бүтэц, баримт бичиг, ардчилсан практикт тусгагдаж хадгалагдсан, мөн олон нийтийн санаа бодлоор баталгаажсан тохиолдолд хэрэгжинэ.

 

  1. Хүмүүний (Human) үнэт зүйл нь нийгмийн үнэт зүйлтэй нэлээд төстэй. Гэсэн хэдий ч энэ нь үндэстэн болон соёлын хүрээнд нийтлэг байдлаар тодорхойлогдсон байдаг; өөрөөр хэлбэл, нийт хүн төрлөхтөний сайн сайхан байдалд хамаатай. Энэ үнэт зүйлийг үе дамжсан оюун санааны эх сурвалжууд болон уугуул уламжлалаас олж харж болно. Үүнийг олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн Хүний эрхийн түгээмэл тунхаглал, НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилтууд гэх мэт баримт бичигт тусгасан байдаг.

 

Амьдрах ухаан, стратеги төлөвлөлт, зөвлөгөө, тэтгэлэгт хөтөлбөр зэргээр дамжуулан хүүхэд залуучуудад биеэ дааж, амжилтанд хүрэхэд урам зориг өгч, бэлтгэдэг бизнес-боловсролын ” Winning Futures”  байгууллага хөтөлбөрөөрөө суралцагчдад тэдний үнэт зүйл чухал болохыг зааж сургадаг бөгөөд гурван төрлийн үнэт зүйлсийг авч үздэг ажээ (Winning Futures. 2016).

a) Зан чанар (Character)-ын үнэт зүйл

Зан чанарын үнэт зүйл бол сайн хүмүүнээр оршин амьдрахын тулд эзэмших бүх нийтийн үнэт зүйл юм. Энэ нь ажил олгогчид ажилтныг ажилд авахдаа анхаарч үздэг үндсэн шинж чанар юм. Зан чанарын үнэт зүйлд жишээлбэл, зүтгэл чармайлт, үнэнч байдал, эерэг хандлага, хүндэтгэл багтана.

б) Ажил (Work)-ын үнэт зүйл

Ажлын үнэт зүйл гэдэг нь тухайн ажил дээрээ юу хийхийг хүсэж байгаагаа олж харахад тусалдаг бөгөөд ажлын сэтгэл ханамжийг бий болгодог. Үүнд ялангуяа мэргэжлийн түвшинд амжилт гаргахын тулд өөрийнхөө ажлын үнэт зүйл юу болохыг ойлгох нь чухал. Ажлын үнэт зүйлийн жишээ бол: практик үйл, олон түмэнтэй тогтоох холбоо харилцаа, нэр хүнд, тогтвортой байдал.

в) Хувь хүн (Personal)-ний үнэт зүйл

Хувь хүний үнэт зүйл бол амьдралаас юу хүсч байгаагаа тодорхойлоход тусалдаг бөгөөд аз жаргалтай, хийж бүтээсэндээ сэтгэл хангалуун байхад тусалдаг үнэт зүйл юм. Энэ нь тухайн хүний амьдралын удирдамж болох үндсэн зарчим. Хувийн үнэт зүйлсийн жишээ бол: гэр бүл, алдар нэр, эрүүл мэнд, гадаад үзэмж.

Эдгээр үнэт зүйл нь суралцагчдад юуг жинхэнэээсээ хүсч байгаагаа тодорхой олж харах болон хамгийн их амжилтанд хүрэхэд тусалдаг ажээ.

Боловсрол үнэт зүйлд суурилах нь

Үнэт зүйлд суурилсан боловсрол нь хүний ​​амьдрал, сургалтын хөтөлбөрийг үнэнч шударга байдал, хүндлэл, чин сэтгэл, энэрэн нигүүлсэхүй гэх мэт хүмүүний нийтлэг эерэг үнэт зүйлсээр баяжуулж, боловсролын эцсийн үр дүнд дэмжлэг үзүүлдэг. Уламжлалт боловсрол нь суралцагчид мэдлэг, ур чадварыг хэрхэн олж авах, боловсруулахад голлон ач холбогдол өгдөг бол үнэт зүйлд суурилсан боловсрол нь хувь хүний хөгжил, төлөвшил болон нийгмийн хөгжилд аль алинд нь ач холбогдол өгнө. Үнэт зүйлд суурилсан боловсрол гэдэг нь үнэт зүйлсэд тулгуурласан  сургалтын хөтөлбөрийг боловсруулахад хэрэглэгдэх олон практик үйлүүдийн ерөнхий (шүхэр) нэр томьёо юм” (Taylor, 1998).

Үнэт зүйлд суурилсан боловсрол нь суралцагч, багш, ажилтнуудад ээлтэй, үнэт зүйлд чиглэсэн,  хүн бүрт хувь хүний болон хүн хоорондын харилцааны чадавхыг хөгжүүлэхэд туслах дадлага туршлагыг янз бүрийн арга замаар хуримтлуулах орчныг бүрдүүлдэг. Үнэт зүйлд суурилсан боловсролын үр дүнтэй орчин нь гурван үндсэн зүйлд суурилдаг. Сургууль, цэцэрлэгийн хамт олны өөрөө сонгосон нийтлэг эерэг үнэт зүйлсийг бүх насанд хүрэгчид үлгэрлэн харуулна. Суралцагч, багш, ажилтнууд ёс зүйн үндсэн болон дэвшилтэт ойлголтуудыг илэрхийлэх чадвартай болж, үнэт зүйлс нь ёс зүйн нэр томьёо болон төлөвшинө. Тухайн байгууллага хүүхдүүдэд үнэт зүйлсийг тусгаж авах, түүнийгээ дадал болгох цаг хугацаа, орон зайг олгох бөгөөд ингэснээр тэд үнэт зүйлсийг өөртөө болон хүмүүсийн хоорондын  амьд харилцаанд туршин үзэж, боловсруулалт хийнэ (Neil Hawkes. 2021).

Үнэт зүйлд суурилсан боловсролын нийгэмлэгийг үүсгэн байгуулагч Др.Үоги (Dr.C.M.Yogi) уламжлалт боловсрол болон үнэт зүйлд суурилсан боловсролыг дараах байдлаар оновчтойгоор харьцуулсан байна (V.Garg, Shivranjan, N.Sharma. 2017).

Үнэт зүйлд суурилсан боловсрол нь сургууль, цэцэрлэгийн ажил, амьдралын бүхий л талыг хамардаг. Сургалтын хөтөлбөр нь оюун санаа, ёс суртахуун, нийгэм, соёлын бүх чиглэлээр үнэт зүйлсийг эзэмшүүлж хөгжүүлэх янз бүрийн боломжуудыг агуулна.  Үүнд зан заншил, уламжлал, дэг журам, бүтэц зохион байгуулалт, насанд хүрэгчдийн үлгэр дуурайлал зэргээс суралцагчдын сурч мэдэх бүх зүйлс хамрагдана. Үүнд цэцэрлэг, сургуулийн зүгээс баримталж буй байгууллагын үнэт зүйлс, соёл, насанд хүрэгчид болон суралцагчдад чиглэсэн тэгш боломжийн бодлого, хурал зөвлөгөөн, мэдээлэл харилцаа, ёс зүй зэрэг олон зүйл багтана. Үнэт зүйлд суурилсан боловсролыг хэрэгжүүлж, хөгжүүлдэг боловсролын байгууллагууд хүндлэл гэх мэт үнэт зүйлийг суралцагчдад сургах, суралцах үйл явцаар дамжуулж эзэмшүүлэхийн зэрэгцээ мөн байгууллагын бүтэц, удирдлага, дүрэм журам, хэрэглэдэг үг хэллэг, харилцаанд шингээж өгдөг байна. Ийнхүү үнэт зүйл нь тухайн байгууллагын амьдралд ил ба далд хэлбэрээр оршдог ажээ.

Үнэт зүйлд суурилсан боловсролын үр дүн

Үнэт зүйлсийн боловсрол нь багш нарт хичээлээ заах талаар илүү гүнзгий бодоход тусалж, тэд анги танхимд болон хичээлээс гадуур ямар арга замаар суралцагчиддаа үнэт зүйлсийг ухамсарлуулан ойлгуулахаа мэддэг болно.  Суралцагчдын сурах идэвхийг дэмжиж, хүүхдийнхээ сурах үйл ажиллагаанд эцэг эхийн оролцоог сайжруулж, багш нар, суралцагчид өөр хоорондоо болон сургуулийн хамт олонд эцэг эх, гэр бүлтэй шинэ харилцаа холбоо тогтоох боломжийг олгодог. Үүний үр дүнд тэдний харилцан хүндэтгэл, итгэлцэл нэмэгддэг. Энэ нь ялангуяа ‘эрсдэлтэй’, гадуурхагдсан эсвэл амьдралын боломж тааруу суралцагчдад маш эерэг нөлөө үзүүлдэг байна.  

Үнэт зүйлд суурилсан боловсролыг нэвтрүүлсний дараа олон сургуульд тохиолдсон давуу талыг энд дурдлаа (Neil Hawkes. 2021).  

  • Багш, ажилтнууд ба суралцагчидын хооронд илүү таатай уялдаа холбоо тогтсон.
  • Илүү аз жаргалтай, өөртөө итгэлтэй суралцагчид, ажилтнууд
  • Илүү их хүсэл эрмэлзэлтэй, хариуцлагатай, өөрийгөө удирдан чиглүүлдэг суралцагчид
  • Сэтгэл зүйн байдал сайжирсан 
  • Боловсролын үр дүн дээшилсэн
  • Үнэт зүйлс амьдралд  ач холбогдолтой болохыг ойлгосон суралцагчид
  • Ажилтнууд болон суралцагчдын тэсвэр хатуужил сайжирсан
  • Суралцагчдын хичээл таслах явдал цөөрсөн
  • Гадуурхалт багассан
  • Ажилтнуудын стресс / ажил таслалт багассан
  • Ажилтнуудын халаа сэлгээ багассан
  • Дэг журамд зарцуулах цаг бага болсон
  • Эцэг эх, олон нийтийн оролцоо нэмэгдсэн
  • Ар гэрийн нөхцөл муутай суралцагчид ба тэдний үе тэнгийнхний хоорондын ялгаа багассан
  • Суралцагчид аяндаа илүү их хамтран ажилладаг болсон.

 

Үнэт зүйлд суурилсан боловсрол нь мөн нийгэмд  мөнгө, ашиг дээр суурилсан соёлоос энэрэнгүй үзэл, нигүүлсэл, шударга ёсны соёлыг бий болгоход эерэг нөлөө үзүүлж байгаа ажээ.

 

 Үргэлжлэл бий.

 

Н.Норжхорлоо

2021 оны 1 дүгээр сар

 

Ном зүй:

Оюунцэцэг, Н. бусад. (2020). “Хорин нэгдүгээр зууны монгол суралцагчийн цогц чадамжийг боловсролынтүвшнээр тогтоох нь” тайлан. БСШУЯ. ШУТ-ын сан. Боловсролын хүрээлэн.УБ

Оюунцэцэг, Н. бусад. (2020). Суралцагчийн цогц чадамжийг тодорхойлох, хэрэгжүүлэх арга зүй (гарын авлага). БСШУЯ. ШУТ-ын сан, Боловсролын хүрээлэн. хуудас 31, УБ

Сонинтогос, Э. Алтанцэцэг, Ч. (2019). Монголчуудын үнэт зүйл төслийн зарим үр дүнгийн талаар .СУИС, СУСХ. 2019. Монголын соёл, урлаг судлал. Боть XXXI. Дэвтэр I-20. 14-20. УБ.

Эмори Их Сургууль. (2019). Нийгмийн харилцаа, сэтгэл хөдлөл, ёсзүйд суралцахуй. Сэтгэл, оюуны боловсрол. НХСХЁЗ-д суралцахуй, багшийн ном. https://seelearning.emory.edu/sites/default/files/2019-04/Companion_Mongolian.pdf

Halstead, J. M., & Taylor, M. J. (2000). Learning and teaching about values: A review of recent research. Cambridge Journal of Education, 30(2), 169–202.  . https://www.tandfonline.com/doi/abs/10.1080/713657146

Haste, H. (2018), Attitudes and Values and the OECD Learning Framework 2030: A critical review of definitions, concepts and data. OECD. https://www.oecd.org/education/2030- project/contact/Draft_Papers_supporting_the_OECD_Learning_Framework_2030.pdf.     

Halstead and Taylor. (2000).  Values-based Education (VbE).https://dr-neilhawkes.medium.com/values-based-education-vbe-de2cc87f051d

Neil Hawkes. (2021). Values-based Education (VbE). https://valuesbasededucation.com/what-is-vbe/

Neil Hawkes. (2021). Impact on Schools. https://valuesbasededucation.com/impact-on-schools/. Social Impact. https://valuesbasededucation.com/social-impact/

OECD. (2019). Attitudes and values for 2030. OECD. Future of Education and Skills 2030. Conceptual learning framework. pdf.

Dr.Vikas Garg, Mr.Shivranjan, Mrs.Neha Sharma. (2017). Indian Society and Value based Education. International Journal of Science Technology and Management. Vol.No6. Issue No.058 May 2017.p.200.

Siemens Stiftung. (2020). Orientierungs­rahmen für die Zukunft der Bildung: OECD Lernkompass 2030. https://www.siemens-stiftung.org/medien/aktuelles/orientierungsrahmen-fuer-die-zukunft-der-bildung-oecd-lernkompass-2030/

Winning Futures. (2016). The Three Types of Values Students Should Explore. https://winningfutures.org/mentor/three-types-values-students-explore/

 

--- о О о ---