“Сургуулийн өмнөх боловсролын сургалтын цөм хөтөлбөр”- цэцэрлэгүүдэд их эрх дарх олгосон

Наадмын дараа намар цаг гэдгийг эрхгүй сануулсаар хааяагүй л ажил ундарч эхэллээ. 2015-2016 оны хичээлийн жилийн бэлтгэл ажил ид өрнөж байгаа энэ цаг үед БСШУЯ-ны дэргэдэх Сургуулийн өмнөх боловсролын чанарын шинэчлэлийг хэрэгжүүлэх багийн ахлагч Н.Норжхорлоо багштай бага насны хүүхдийн сургалтын хөтөлбөрийн шинэчлэлийн асуудлаар ярилцахаар сэтгүүлийнхээ дугаарын зочноор урилаа. Энэ хичээлийн жилээс шинэчлэн боловсруулсан “Сургуулийн өмнөх боловсролын сургалтын цөм хөтөлбөр” нийт цэцэрлэгт хэрэгжих болсон нь олон багшаас талархалын үг сонсоод байгаа билээ.  

 

Сайн байна уу? Танд энэ өдрийн мэнд хүргэе! Шинээр хэрэгжүүлэх “Сургуулийн өмнөх боловсролын сургалтын цөм хөтөлбөр” ер нь ямар онцлогтой хөтөлбөр вэ?

Сургалтын цөм хөтөлбөрийг хүүхэд нэг бүрийг хөгжүүлэхэд чиглэсэн хөтөлбөр гэж хэлж болно. Өмнөх сургалтын хөтөлбөрүүд хүүхдийн нас тус бүрээр, өөрөөр хэлбэл, цэцэрлэгийн бага, дунд, ахлах, бэлтгэл бүлгийн сургалтын хөтөлбөр гэж гардаг байсан. Энэ насны хүүхэд ийм л зүйлийг эзэмшинэ гэж. Гэтэл амьдралд дээр хүүхэд бүрийн хөгжил, тэр дундаа ижил насны хүүхдийн хөгжил ч адилгүй байдаг. Иймд сургалтын цөм хөтөлбөр хүүхдийн нас тус бүрээр бус, хүүхэд сургуулийн өмнөх насандаа хөгжлийн ямар түвшинд хүрэх вэ гэдэг рүү түлхүү харсан. Хүүхэд бүрийн хөгжил адилгүй, өөрийн гэсэн өвөрмөц онцлогтой, мөн нэг хүүхдийг аваад үзэхэд нэг чадамж нь сайн хөгжсөн байхад нөгөө нэг чадамж нь тааруухан байхыг үгүйсгэхгүй. Үүнийг бид хүлээн зөвшөөрөх ёстой.  

Хүүхэд нэг бүрийг хөгжүүлэхийн тулд багш хүүхэд бүрээ оношилж, таньж мэдэх шаардлагатай. Иймд сургалтын цөм хөтөлбөрт хүүхдийн хөгжлийн үнэлгээний арга хэрэгслүүдийг тодорхой авч үзсэний дээр хүүхэд бүрийн хөгжлийн ахицыг үнэлэх ажиглалтын хуудсыг хөтөлбөрөө дагалдуулан гаргасан.

Сургуулийн өмнөх боловсролын сургалтын цөм хөтөлбөрийг мөн чадамжид чиглэсэн хөтөлбөр гэж хэлж болно. Чадамж гэдэг нь мэдлэг, чадварууд, төлөвшлийг багтаасан цогц ойлголт. Хүүхдэд олон тооны салангид мэдлэг, чадвар эзэмшүүлэхээс зайлсхийж, чадваруудыг багцлан цөөн тооны тухайлбал, хүүхэд сургуулийн өмнөх насандаа нийт дөч гаруй чадвар эзэмшихээр томьёолсон. Гэхдээ багш нарт хэрэгжүүлэхэд дөхөм байх үүднээс чадвар тус бүрийг хүүхдийн эзэмшихүйн зүй тогтолд үндэслэн, хөнгөнөөс нь хүндрүүлэх замаар гурван түвшинд томьёолсон. Хүүхдийн хөгжлийн ахицын үнэлгээ ч мөн нэгбүрчилсэн чадварыг бус хүүхэд бүрийн чадамжийг илрүүлэхэд чиглэсэн.

 

“Хүүхэд бүрийг хөгжүүлнэ” гэж их ярих болж? Энэ асуудал одоо биш, эртнээс л яригдаж ирсэн шүү дээ.

Энэ бол ганцхан манай улсад яригдаж байгаа асуудал биш. Дэлхийн бусад улс орнуудад хэдэн жилийн өмнөөс яригдсан. Сургалтын үйл явцад хувь хүнийг хэрхэн авч үзэх вэ гэдгийг шинжлэх ухааны талаас нь тодорхойлох эрэл хайгуул  ч хийгдэж байна. Хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх асуудлыг манай улсын хувьд бусад улс орнуудаас улам илүү анхаарах шаардлагатай. Яагаад гэвэл бид бол цөөхүүлээ, гэхдээ өргөн уудам сайхан, баялагтай газар нутагтай.

 

Цэцэрлэгийн удирдлага, багш нар энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд юуг анхаарах вэ? Онцгойлж захих зүйл байна уу?

Тогтсон үзэл бодлоосоо сал, хүүхдээ л мэдэрч, дагаж ажилла, бид яаж ажиллавал хүүхэд бүрийн хөгжилд илүү үр өгөөжтэй, тэд цэцэрлэгтээ дуртай, аз жаргалтай байх вэ гэдэг өнцгөөс л хараарай гэж хэлэх байна. Хүүхэд мөлхөх, тэгээд хөлд орох үеэсээ эхлээд л “жаран чавганцын ажил”-даа ордог. Юм болгоныг сонирхоно, оролдож үзнэ, завсар зайгүй хөдөлж “хөдөлмөрлөнө.” Энэ бол тэдний хорвоо ертөнцтэй танилцах их хүсэл эрмэлзлийн илрэл. Бүр дөнгөж ой өнгөрч байгаа “нөхөр” ч гэсэн би хэн рүү хандаж ойртох, хэнээс зай барих вэ гэдгээ андахгүй мэднэ. Энэ нь тэд өөрөө бусадтай харилцах харилцаагаа зохицуулж байна гэсэн үг. Тэгэхээр ийм сониуч, идэвхтэй, чадварлаг суралцагчидтай ажиллахдаа бид зааж сургахыг урьдал болгох уу, аль эсвэл тэдэнд нөхцөлийг нь бүрдүүлж өгөөд, өөрийнхөө тэрхүү идэвхтэй үйлээрээ суралцах боломж олгоод, чиглүүлээд явах уу гэдэгт асуудлын гол нь байгаа юм.  

 

Таны хэлсэн тогтсон үзэл бодол гэдгийн дор юуг ойлгох вэ?

Энд олон зүйлийг хэлж болно. Жишээлбэл, бага насныхан бол юм мэдэхгүй жаахан амьтад, зааж сургахгүй бол болохгүй гэдэг ч юм уу, эсвэл өглөө хүүхдүүд бүгдээрээ 8.30 гэхэд ангидаа ирсэн байх ёстой, цэцэрлэгийн хүүхдүүд заавал нас насаараа нэг ангид байх нь зөв, ангид 5 төрлийн сургалтын төв байх ёстой гэх мэт. Энэ бүгдийг ямар байвал хүүхдэд илүү тааламжтай, өгөөжтэй байх вэ гэдэг өнцгөөс л харах хэрэгтэй. Тухайлбал, хоёр настнуудад заавал 5 сургалтын төв байх хэрэгтэй юу эсвэл дандаа тоглоомын төвүүд л байх уу, тэр тоглоомын төвүүдэд нь ямар ямар тоглоом наадгай, хэрэгсэл байвал тэдний хөгжилд илүү тустай вэ?, сургуульд элсэх гэж байгаа хүүхдүүдэд 5 биш түүнээс олон сургалтын төв байвал дээр үү гэх мэт уян хатан бодож, шийдэх шаардлагатай байна. Бид яаж ажиллавал, ямар арга зүйг түлхүү баримталбал, ямар орчин нөхцөл бүрдүүлбэл хүүхэд бүр илүү хөгжих вэ гэдгийг тухайн цэцэрлэгийн хамт олон өөрсдөө шийд, тэр чинь танай байгууллагын хүүхэд хөгжүүлэх үзэл баримтлал шүү гэж бид яриад байгаа. 

 

Үзэл баримтлал гэдэг чинь их томдсон ухагдахуун биш үү?

Энэ үгийг яаж авч үзэхээс л шалтгаална. Өөрөөсөө хөндийрүүлээд алсын юм бодоод байвал хол хөндий, томдсон ухагдахуун. Харин бид хүүхэдтэй өдөр тутам яаж ажиллавал илүү үр дүнтэй вэ гээд үйл ажиллагаатайгаа уяж авч үзвэл багш, тухайн байгууллагын ажилтнуудад их ойрхон ойлголт. Сургуулийн өмнөх боловсролын сургалтын цөм хөтөлбөрт “цэцэрлэгийн бие даасан байдал, багш нарын бүтээлч үйл”-ээр энэхүү сургалтын цөм хөтөлбөр хэрэгжинэ гэсэн нэг үндсэн зарчим бий.

 

Цэцэрлэг, багш нар тэгэхээр юу юуг бие даан шийдэж болох вэ?

Их олон зүйлийг бие даан шийдэж болно. Жишээлбэл, хүүхдүүдээ заавал нас насаар нь нэг нэг анги болгон хуваарилах уу, эсвэл янз бүрийн насны хүүхэд нэг ангид байх уу?, хүүхэдтэй ажиллахдаа юуг чухалчилж, ач холбогдол өгөх, сургалтын хөтөлбөрөө ямар загвараар, хэр товч\дэлгэрэнгүй боловсруулах, гадаад, дотоод сургалтын орчин ямар байх, хүн бүрийн оролцоо ямар байх гэх мэт.    Ер нь Сургуулийн өмнөх боловсролын сургалтын цөм хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд цэцэрлэгүүд ИХ ЭРХ ДАРХ эдэлнэ. Аль цэцэрлэг өөрийнхөө сайн туршлага дээрээ тулгуурлан орчин нөхцөл, хүүхдээ илүү мэдэрч бүтээлчээр ажиллаж чадна, тэр цэцэрлэг сургалтын цөм хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлнэ. Харин орон нутгийн удирдлага, сургуулийн өмнөх боловсролын асуудал эрхэлсэн мэргэжилтнүүд цэцэрлэгийн энэхүү бие даан, бүтээлч үйл ажиллагааг дэмжиж ажиллах шаардлагатай.

 

Сургалтын цөм хөтөлбөр хэрэгжих бэлтгэл хэр хангагдсан гэж Та үзэж байна вэ?

Сургуулийн өмнөх боловсролын сургалтын цөм хөтөлбөрийг 2014-2015 оны хичээлийн жилд аймаг, нийслэлийн нийт 12 түшиц цэцэрлэгт туршсан. Эдгээр цэцэрлэгээс гадна өнгөрсөн хичээлийн жилд аймаг, нийслэлийн 60 гаруй цэцэрлэгийн удирдлага, багш нар өөрсдөө санаачилгаараа уг хөтөлбөрийг хэрэгжүүлсэн. Энэ нь хөтөлбөрийг сайжруулах, багш нар бусдаасаа суралцах таатай суурь дэвсгэр болсон.  

Мөн сургалтын цөм хөтөлбөрийг боловсруулсан багийн гишүүд болон цөм хөтөлбөрийг туршсан цэцэлэгийн багш нараас бүрдсэн нийт 19 сургагч багш өнгөрсөн хичээлийн жилийн хоёрдугаар хагас буюу 2015 оны 1-5 дугаар сард нийслэл болон аймгуудын цэцэрлэгийн нийт багш нар, удирдлагуудад хүрч 3 өдрийн сургалт явуулсан. Багш нартайгаа ямар нэг шат дамжлагагүйгээр нүүр тулж уулзаад, уг хөтөлбөрийн үзэл санаа, хэрэгжүүлэх арга замын талаар ярилцсан нь их ач холбогдолтой байсан.

Бэлтгэл ажлын хүрээнд хийсэн бас нэг ажил бол БСШУЯ-наас TV5 телевизтэй хамтран сургалтын цөм хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд багш нарт арга зүйн дэмжлэг үзүүлэх зорилгоор “Мөрөөдлийн цэцэрлэг” 20 цуврал нэвтрүүлгийг бэлтгээд байгаа. Энэ нэвтрүүлэг одоо 8 дугаар сарын 15-наас эхлэн TV5 телевизээр гарна. Энэ цуврал нэвтрүүлгийг багш нар тогтмол сайн үзээрэй гэж хэлье.  

Гэхдээ одоо яг гардаад хэрэгжүүлээд ирэхээр цэцэрлэгийн удирдлага, багш нарт хүндрэл, бэрхшээл тулгарахыг үгүйсгэхгүй. Энэ тохиолдолд эрэлт хэрэгцээнд нь нийцсэн дэмжлэг туслалцаа үзүүлнэ.  

 Нэг талаас хүүхэд нэг бүрт заяагдсан төрөлхийн олон талт боломж, чадавхыг нээх, хөгжүүлэх, нөгөө талаас багш нарт итгэл өгч, тэдний хүүхэдтэй ажиллах арга зүй, технологийг шинэчлэхэд анхаарсан хөтөлбөр болжээ. Мянга мянган багш, эцэг эхчүүдийн өмнөөс танай баг, хамт олонд талархал илэрхийлье. Энэ шинэчлэх багийг ахалсан хүний хувьд таны үг далайгаас сувд шүүрэх мэт үнэн бөгөөд чухал шүү дээ. Багш нартаа заавал хэлэхсэн гэсэн үг байвал манай сэтгүүлийн хуудсаар дамжуулж хэлж болно шүү.

Баярлалаа, манай цэцэрлэгийн багш нар, удирдлагууд бол агуу хүмүүс. Тэдний хүүхдэд тавьж буй хайр халамж, бага насны хүүхэдтэй ажилладаг арга ухаан, хүүхдийн төлөөх чин сэтгэл, нөр их хөдөлмөрийг би хувьдаа хүндэтгэн биширч явдаг. Ийм чадварлаг, хөдөлмөрч, бүтээлч багш нар маань энэхүү сургалтын цөм хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлнэ гэдэгт эргэлзэхгүй байна. Өөрийн байгууллагынхаа хуримтлуулж ирсэн туршлагаас “сайн” гэсэн зүйлээ улам батжуулж, сайжруулах юу байна вэ гэдгийг бодож, олж ажиллавал илүү үр дүнд хүрнэ.  

Өөрсдийн хүч, нөөц боломжоо дайчлан сэтгэлээрээ ажиллаж, “Сургалтын цөм хөтөлбөр”, хүүхдийн хөгжлийн ахицыг үнэлэх ажиглалтын хуудсыг хамтран боловсруулсан, багш нарын сургалтыг амжилттай зохион байгуулсан багийнхаа хамт олон, сэтгэл, зүтгэл гарган сургуулийн өмнөх боловсролын шинэчлэлд өөрийн гэсэн хувь нэмрийг оруулсан түшиц цэцэрлэгүүдийн удирдлага, багш нар болон удирдлагаар хангаж, туслалцаа дэмжлэг үзүүлсэн байгууллага, хүмүүст талархлаа илэрхийлж, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе!

 

            Эх сурвалж:

            Боловсролын мэдээлэл, 2015 оны 8 сар \03\