Аав ээжийн бүтээсэн гэр

Өмнөговь аймгийн Даланзадгад сумын улсын тэргүүний 24 дүгээр цэцэрлэгт явагдсан “Хүүхдийн хөгжилд бидний оролцоо” сэдэвт ажлын хүрээнд Бага “А” бүлгийн эцэг эхчүүд гарын доорх материал ашиглан “Айл гэр“ сэдэвт тоглоом хийсэнтэй танилцана уу.    

Манай ангийн хүүхдүүд ямар нэгэн зүйлийн доор, цаана нуугдаж тоглох сонирхолтой байгаа нь цөөнгүй ажиглагдсан. Үүнээс үүүдэн хүүхэд ганцаараа болон хэсэг бүлгээр тоглох орчинг монгол гэр байдлаар урлаж бүтээсэн юм.  

Хэрэглэгдэх зүйлс 

  • Ханыг орлуулж хийх ундааны том хуванцар сав, бөглөөтэйгээ – 60 ширхэг (Тоо нь хийх хэмжээнээс хамаарна.) 
  • Сантехникийн цагаан хоолой – 8 метр орчим
  • Холбогч уян төмөр утас – 10 метр орчим
  • Гэрийн унь хийх 1 л-ийн сүүний цаасан сав – 36 ширхэг
  • Сав хоорондын холбогч боолт (8-ын боолт) – 30 ширхэг
  • Хаалга хийх хулдаасны цаасан гол  1 ширхэг
  • Скоч 1 ширхэг
  • Тооно хийх кардонон хайрцаг
  • Хүндрүүлэгчид ашиглах ус 2-3 литр
  • Бүрээс хийх цагаан даавуу (Сүүдрэвчний хэрэглэгдэхгүй болсон цагаан даавуу ашигласан.)
  • Бүслүүр, оосор уяа хийх ноосон цамцны хөвсөн утас (Гараар томж бэлтгэнэ.)
  • Доторх тавилгууд хийх цаасан хайрцаг

 

Гэр барих аргачлал

 

1. Гэрийн хана

  • Ундааны савыг таглаад бөглөөний гол хэсгээр нь цоолно.
  • Доод талд нь байрлах савнуудад хүндрүүлэгч болгон 4 хуруу хэртэй ус хийж өгнө.
  • 2 савыг амсраар нь нийлүүлж, боолтоор бат бөх тогтооно.
  • Цагаан хоолойг дугуйруулж, үзүүрүүдийг нийлүүлж бэхэлнэ.
  • Холбосон савнуудыг цагаан хоолойнын дотор талд тойруулан тавиад,  уян төмөр утсаар хооронд нь холбож сайтар бэхэлнэ. Ингэхдээ хүүхдийн гарт аюулгүй байхаар үзүүрийг далд тогтооно.

 

Жич: Хүүхдийн өндөр, наснаас хамааран саваа дээшээ 3 үеэр, мөн тойргоо томруулан хийж болно.

 

2. Гэрийн хаалга

  • Хаалганы өндөр, өргөнд тохируулан хулдаасны цаасан голыг зүсэж бэлтгэнэ.
  • Бэлтгэсэн хэсгүүдээ нүхэлж, нийлүүлж угсраад, скочоор бөхөлж  тогтооно.
  • Үүнийгээ дугуйруулж бэлдсэн хананд холбож уян төмөр утсаараа уяж бэхэлнэ.

 

3. Гэрийн унь

  • Сүүний цаасан савнуудаа задалж дэлгэнэ.
  • Дэлгэсэн 3 ширхэг савыг хооронд нь залгаж скочоор холбоно.
  • Залгасан сүүний саваа уртааш нь нарийхан хуйлж, скочоор сайтар орооно.

 

4. Гэрийн тооно

  • Кардонон цаасаар тооны хэлбэр гарган хайчилж бэлтгэнэ.
  • Үүнийгээ нийт 8 ширхэг хийж давхарлаад скочоор ороож бэхэлнэ.
  • Тоононыхоо эргэн тойронд унины нүхийг цаас зүсэгчээр ухаж гаргана.

 

5. Гэрээ  барих

  • Хоёр ундааны савны ёроолын хоорондуур унь орохоор цоолж өгнө.
  • Униа тоононд хатгаж, ханандаа тогтооно.

  • Гэрийн бүрээсээ эсгэж оёно.  
  • Гэрээ бүрнэ.
  • Бор өнгийн цамцнаас хөвж авсан ноосон утсаа томно.
  • Томсон утсаараа гэрийн бүслүүр (хошлон), өрхний оосор зэргийг хийнэ.

 

6. Гэрийн доторх тавилга

  • Цаасан хайрцгаар авдар, хувцасны шүүгээ, сандал, ширээ хийнэ.
  • Хөөсөнцөр  зүсэж, даавуугаар бүрж буйдан  хийнэ.
  • Цаасан хайрцгаар зурагт, бөглөө, савны таг ашиглан цаг мөн сав, бөглөөгөөр угаалгын машин хийнэ.

 

Энэхүү тоглоомыг хүүхдүүд маань “гэртээ” орж гарах, дотор нь тоглох, хэвтэж амрах, тавилга хэрэгслээ нэрлэх, хэрэглэх зэргээр янз бүрээр ашиглаж байна.

Санаачилга, сэтгэл, зүтгэл гарган сонирхолтой, сайхан тоглоомын орчин бүрдүүлж өгсөн аав ээж нартаа баярлалаа.

 

Өмнөговь аймаг, 24 дүгээр цэцэрлэгийн багш Б.Отгондүү