Сурлагын амжилтын төлөө: Канадын боловсролын тогтолцоо

ӨМНӨХ ТАЙЛБАР: Та гайхаж магадгүй. Сайн боловсролтой гэгддэг Канадад боловсролын нэгдмэл тогтолцоо, боловсролын яам байхгүй. Гэхдээ энэ нь тус улс бүрэлдэн үүссэн түүх, улсын байгууламжтай нь холбоотой юм. Англи, Францын эзэмшил, хожим Английн эзэмшилд дангаар орсон энэ нутгийн колониуд 1867 онд Канадын холбоог байгуулжээ. Энэ нь өнөөгийн бие даасан Канад улсын эх үндэс байв. Өнөө үед тус улс ихээхэн бие даасан байдалтай 10 муж, 3 бүс нутгийн холбооноос бүрдэж байна.

Канадад мужууд нь боловсролын хэргийг бие даан явуулдаг ба тус бүр бие даасан боловсролын тогтолцоотой. Иймд Канадад муж бүрийн боловсролын тогтолцоо л бий. Гэвч сүүлийн үед Канадад явуулж буй боловсролын шинэчлэл тусдаа салангид тогтолцоонуудыг ижилсүүлэх, орон нутгийн боловсролын удирдлагыг мужийн түвшинд аваачиж, илүү төвлөрүүлэх чиг хандлагатай байна.

Үүний нэг жишээ нь Онтарио муж юм. Онтарио мужид сургууль боловсролын хэргийг мужийн захиргаа өөр дээрээ илүү үүрэх болж, хувийн сургуулиудыг санхүүжүүлэхээ зогсоожээ. Канадууд энэ бодлого үр дүн өгч байгаа гэж үзэж байна. Онтарио муж дахь бас нэг гол бодлого нь сурлагын амжилтыг дээшлүүлж, ахлах анги төгсөлтийг нэмэгдүүлэх юм. Энэ санаачлагын зорилго нь манай монголчуудын хувьд хэтэрхий энгийн гэмээр. Эдгээр нь 7 жилийн дотор бага ангийн сурагчдын эх хэл ба тооны шалгалтын оноог 55 хувиас 70 хувь, ахлах сургууль төгсөлтийг 85 хувь хүртэл нэмэгдүүлэх зорилтууд байв.

Онтарио муж дээх зорилтод хүрэхийн тулд шинэчлэлийн чанартай алхамуудыг хэрэгжүүлсэн ба олон нийтийн анхаарлыг үүнд чиглүүлж, боловсролд оролцогч талуудтай хамтын ажиллагаа явуулж, хэвлэл мэдээллийг өргөнөөр ашигласан ажээ. Үүний үр дүнд Онтарио муж зорилгодоо 100 хувь хүрээгүй боловч ихээхэн амжилт олж чадсан байна.

Канадыг зарим талаар Монголтой харьцуулж болох юм. Канад, Онтарио мужид шинэчлэл нь боловсролын удирдлагыг илүү төвлөрүүлэх чигтэй байгаа бол Монголд хувийн хэвшилд даалгах, илүү төвлөрсөн бус болгох чиг баримталж байна.  Гэхдээ Канадын бодлого хэрэгжүүлэлтийн туршлагыг Монголд хуулбарлан дуурайх гэсэн оролдлого гарч байна. Гэвч Монголын Боловсролын яам Онтарио мужаас маш өөр, хачин зорилт дэвшүүлжээ. Энэ нь 4 жилийн дотор хүүхэд бүрийг “зөв”, “авъяастай”, “ном уншдаг” болгох гэнэ.

Монголд шинэчлэлийн 2 дахь жил эхлээд байгаа үед “зөв”, “авъяастай”, “ном уншдаг” болгох зорилго нь яг юу вэ гэдэг талаар олон нийтийн маргаан өрнөсөөр л байна.    

 

 

ОРШИЛ

Канад улс олон улсын үнэлгээг тэргүүлэгчдийн эгнээнд харьцангүй хожуу орж иржээ. Тус улс 1980, 1990-ээд онд олон улсын үнэлгээнд Япон, Солонгосын адил хошуучлагч эсэх нь тодорхойгүй байв. Харин 2000 онд PISA үнэлгээний эрэмбийг мэдээлсний дараа Канад нь сурлагын амжилтаар хошуучлагч орон гэдгээ харуулсан юм. Энэ нь хожмын PISA үнэлгээнүүдэд дахин батлагдсан байна. Үнэлгээ Канад нь өндөр дундаж оноотой төдийгүй бусад олон үндэстэнтэй харьцуулахад нийгэм-эдийн засгийн дээд, доод статус хооронд онооны ялгаа багатай орон гэдгийг харуулжээ.

Канадын сайн гүйцэтгэлийн цаад шалтгааныг ойлгоход амаргүй байна. Үүнд хоёр шалтгаан бий. Нэгдүгээрт, Канадад боловсролын хэргийг орон нутгийн мужийн түвшинд удирддаг ба үүнд холбооны засгийн газрын үүрэг хязгаарлагдмал, зарим талаар огт байхгүй юм. Канадын 10 муж, 3 бүс нутаг тус бүр өөрийн түүх, засаглалын бүтэц, боловсролын стратегитэй. Хоёрдугаарт, Канад нь саяхнаас боловсролын амжилтаа харуулсан тул Канадын амжилтын түүхийг бүхэлд нь өгүүлж чадах судалгааны хоёрдахь эх сурвалжтай болж чадсан зочин судлаач, эрдэмтэн, ажиглагчдын эгнээ хараахан бүрэлдээгүй ажээ. Энэ хязгаарлалтаас үүдэн энэ тайлан илтгэл Канадын боловсролын тогтолцоо ба боловсролын бүхий л амжилтынх нь шалтгааны талаар харьцангүй бага зэрэг мэдэгдсэн зүйлийг тус улсын хамгийн том муж Онтариогийн боловсролын ойрхи үеийн стратегийг гүнзгийрүүлэн авч үзсэн байдлаар зураглахыг чадах чинээгээр хичээв.

Энэ тайлан илтгэл бусад мужуудын талаарх цаашдын судалгаанд урам зориг өгөх зорилготой. Ингэснээр тэдгээр судалгаанууд Канадын амжилтын шалтгааныг илүү тодорхой үнэлэх боломжтой болно. Канад нь өөр хоорондоо ихээхэн ялгаатай, ялангуяа хэл ба угсаатны ялгаа бүхий холбооны тогтолцоотой улсын хувьд амжилт үзүүлсэн нь анхаарал татаж байна. Иймд энэ улсын амжилтын тухай асуулт маш чухал юм. PISA үнэлгээний бусад тэргүүлэгч орнууд харьцангүй жижиг, соёлын хувьд нэгдмэл байдагтай харьцуулахад Канад нь том, газарзүйн хувьд жигд бус, олон янзын соёл бүхий улс хэрхэн боловсролын амжилт гаргаж болох вэ гэдгийг харуулах загвар болж байгаа юм.

                      

КАНАДЫН БОЛОВСРОЛЫН ТОГТОЛЦОО

Дээр өгүүлсэнчлэн Канадын боловсролын хамгийн гайхалтай дүр зураг нь төвлөрлийн сааралт юм. Энэ нь хөгжингүй ертөнц дэх холбооны боловсролын алба буюу газаргүй цорын ганц улс болно. Тус улсын боловсролыг 10 муж, З бүс нутаг нь тус бүртээ хариуцана. Тэдгээрээс дөрвөн мужид нь Канадын 5 сая орчим сурагчийн 80 хувь нь бий: Онтарио (2 сая), Квибек (1 сая), Британий Колумб (610 000), Алберта (530 000).

Мужид үүрэг хариуцлагыг мужын төв засгийн газар ба орон нутгаас сонгогдсон сургуулийн зөвлөл хувааж үүрнэ. Мужийн засгийн газар сургалтын хөтөлбөр боловсруулах, сургуулиудын гол чухал олон бодлогыг тодорхойлох, бүгдийг биш юм гэхэд сургуулиудын ихэнх санхүүжилтийг (санхүүжилтийн хэв маяг мужуудад бага зэрэг ялгаатай) гаргах үүрэгтэй. Боловсролын сайдыг мужийн хууль тогтоох байгууллагын гишүүдээс сонгогдсон мужийн захирагч сонгох ба тэрээр эрх барих намын танхимын гишүүн болно. Орлогч сайд нь боловсролын газрын ажлын үйл ажиллагааны их хариуцлагыг үүрэх төрийн албан хаагч байна. Боловсрол ба хандлагын хувьд сурган хүмүүжүүлэгчийн үзлээр ханддаг мужын боловсролын газрын төрийн албан хаагч ба илүү өргөн хүрээний шинэчлэлийн хөтөлбөр санал болгож магадгүй сонгогдсон тушаалтны хооронд санал зөрөлдөөн байж болно.

Хуудаснууд