Цасан дээрх зураг

Бэлтгэх зүйл:

Цасан дээр зураг зурахын тулд эхлээд будгаа бэлтгэнэ. Ундааны хоосон хуванцар саванд ус хийнэ. Усныхаа   хэмжээнд тохируулан 1-3 ширхэг гуаш хийж, таглаад, гуашаа уусаж дуустал нь сэгсэрнэ.  Будгийг шахаж шүршихэд зориулан савныхаа таглаанд жижигхэн нүх гарган цоолно.

Хүүхдүүд эхлээд хуруугаараа цасан дээр зурах зүйлээ дүрсэлнэ. Дараа нь өнгөө сонгоод будгаа бага багаар дусааж будна. 

 

Цэцгийн мандалдаа цас овоолж, дагтаршуулаад зураг зурж бас болно.

 

Манай ангийнхан хамтдаа цасан  дээр найруулсан гуашаараа 5 дэлбээтэй цэцгийг толбо үүсгэх байдлаар зурчихаад ангидаа орсон.

Ангидаа 2 цаг орчим болоод гарч ирэхэд  цэцгийн дэлбээнүүд олон өнгө болон уусч солонгороод их сонирхолтой болсон байлаа.

Цасыг хуруугаараа дарж, гоё цэцэг болгох санаачилга гарсан нь хүүхдүүдэд  хөгжилтэй сайхан ажил болов.

Манай цэцэрлэгийн харуул хамгааллын ажилтан хашааны цасаа цэвэрлэхдээ  цас бэлтгэж өгсөнийг багштайгаа  хамтдаа чимэглэхэд  гоё байлаа.

Бидний бялуу гоё боллоо.

 

Багшийн зурсан морь гоё.

Будагны оронд шар будаа ашиглан зурж бас болно.

 

Цас  хайлж, газарт шингэхэд шар будаа газар дээрээ үлдэнэ. Энэ цэцгийг шувуунд  зориулж  зурсан  боловч одоохондоо шувуу олж хараагүй л  байна.

Санамж

•       Усан будаг буюу гуашаа найруулж хэрэглэвэл хэмнэлттэй.

•       Хэрэв үсний будагны сав ашиглах бол маш сайн угааж хэрэглээрэй.

•       Цасаа овоолж дагтаршуулсны дараагаар зургаа зурвал будагны уусалт удаан байх болно. Мөн цас бага орсон ч гадаа талбайн тоглоом хэрэглэл дээр тогтсон цасыг хайлахаас нь өмнө бөөгнүүлэн авч ашиглаж болно.

•       Цасан дээр зураг зурахдаа хавар, намрын улиралд дулаахан өдөр байвал  хүүхдүүд гадаа удаан байж өөрсдөө зурахад тохиромжтой.

Цасан дээр зураг зурахын давуу тал

·         Хүүхдэд маш сонирхолтой байдаг.

·         Цасны шинж чанарыг ажиглалт,туршилтын дүнд таньж  мэднэ. Цас хайлж ус болно, хөлдөж мөс болно, цас нойтон, хүйтэн, цасны өнгө өөр өөр болдог гэх мэт.  

·         Өнгийг ялган танина, өнгө үүсгэнэ.

·         Цас хайлаад хаачдаг вэ гэдгийг хүүхэд  их сонирхон асуудаг. Тэгвэл хариултаа өөрөө олдог. Учир нь ус болоод газарт шингэсэн гэдгийг шороонд үлдсэн будгийг хараад л ойлгодог. 

·         Байгальтай зөв харьцана. Байгалийн үзэгдлийн талаар ойлголт төсөөлөлтэй болно.

·         Хүйтний улиралд цас ордог болохыг төвөггүй ойлгоно.

  Цасан дээр зураг зурахын сул тал

·         Гадаа талбайд удаж даарч тавгүйтэж болзошгүй.

·         Хүүхдийн зурсан бүтээл нь хадгалах боломжгүй байдаг. Хэсэг цаг мөчид л баяр хөөр төрүүлдэг.

 

 Баянхонгор аймгийн 4 дүгээр цэцэрлэгийн багш Ч.Олддоггүй