Бодлогын шинэчлэл, сургалтын хөтөлбөр, арга зүйн шинэ хэрэгцээ, шаардлага
Эх орны ирээдүй болсон энхрий бяцхан үрсийн төлөө бие сэтгэлээ чилээн байгаа эрхэм хүндэт эрдэмтэн багш нартаа аз жаргал, эрүүл энхийг хүсэж, энэ өдрийн мэндийг айлтгая.
Бодлогын шинэчлэл
Монгол улсын хэмжээнд мөрдөгдөж байгаа сургуулийн өмнөх боловсрол (СӨБ)-ын сургалтын бодлогын хуучин тогтолцооны баригдмал, тулгалтын нэг загвараас гарах, удирдах дээд шатны байгууллага нь нэгж байгууллага дээрх цэцэрлэгийн багшийн санаачлан хийх ажлыг өөрсдөө шууд удирдан хийдэг байсан арга барилаасаа ангижрах шаардлагатай байна.
Энэ хараат байдлыг өөрчлөн шинэчлэхдээ цэцэрлэг бүр өөрийн үзэл баримтлал, онцлогтоо тулгуурлан, сургалт-үйл ажиллагааны хөтөлбөр, чиглэлээ бие дааж боловсруулах, ингэхдээ эцэг эх, асран хамгаалагч нарт ойлгогдох энгийн үг хэллэгтэй, өнөө үеийн өөрчлөлт шинэчлэлд нийцсэн хүүхэд тоглонгоо хөгжих тогтвортой байдлыг ханган, хүүхэдтэй ажиллах арга зүйгээ шинэ шатанд гаргах шаардлага зүй ёсоор тавигдаж байна.
Багшийн мэргэжил дээшлүүлэх институт (БМДИ)-ээс хүүхэд яаж суралцдаг ба аливаа саадыг хэрхэн давж гардаг арга зүйг сургалт үйл ажиллагаандаа тусгаж хэрэгжүүлбэл бидэнд нэн тустай байна.
Байгууллага дээрх шинэчлэл
СӨБ-н байгууллага нь өөр, өөрийн онцлогт тохирсон сургалтын хөтөлбөрөө шинэчлэн боловсруулахдаа хүүхдийн ахицыг үнэлэхэд хүндрэл багатай, энгийн байхын дээр хүүхэд бүрийн хөгжилд тодорхой дэмжлэг болохуйц уян хатан хөтөлбөр боловсруулах нь зүйтэй санагдана.
Хөтөлбөрийн хүрээнд хүүхэд бүрийг хөгжүүлэхэд хүн бүрийн оролцоо нэн чухал бөгөөд үүнд хамаарахгүй хувь хүн, албан байгууллага гэж байхгүй.
Явуулын болон зайны сургалттай цэцэрлэг ба бүлгүүд үйл ажиллагааны богиносгосон цагт чанартай сургалт-үйл ажиллагаа явуулахдаа хувилбар олонтой, яг нэг талыг барилгүй чөлөөтэй өөрчлөгдөхүйц, хэт танхимжсан биш нүүдлийн соёл иргэншилдээ зохицсон уян хатан хөтөлбөрийг бий болгох нь СӨБ-н сургалтад өнөөгийн тулгамдаад байгаа саад, бэрхшээлийг давах нэг арга зам нь болно.
Бид яагаад алдав?
Сургалтын үндсэн хөтөлбөрүүдэд өөрчлөлт оруулна гэхээсээ бодлогын баримт бичгийг үйл ажиллагаа болгон чиглүүлдэг, арга зүйн зөвлөмж боловсруулдаг агентлаг, газрууд нь багшийн чөлөөтэй сэтгэн бодох, хүүхдэд ашигтай шинэ хувилбараар гарцыг олоход хязгаарлалт тавьж, хэтэрхий нэг загварт баригдсан, зөвхөн урагшаа л явахаас эргэн харах гэсэн ойлголтгүй өрөөсгөл зөвлөмж, дэд хөтөлбөрүүдийг
боловсруулан тарааж байсан нь нийт багш нарыг тэжээвэр амьтан мэт болгосон.
Хүүхэд нэг бүрийн хөгжилд тэгш хүрдэггүй байснаас хүүхэд бүрийн хөгжлийн
түвшин өрөөсгөл дүгнэгдэж, зарим талаараа сөргөөр нөлөөлж ирсэн.
Манай сургалтын арга нь гадны үйл ажиллагааг хэтэрхий хуулбарласан, өөрийн орны зан үйл, ёс заншил, уламжлалт гэрийн сурган хүмүүжүүлэх ухааныг төдийлэн тусгадаггүй байсан нь монгол хүүхдийн хөгжил, хүмүүжилд наалдац муутай байсан.
Гаргалгааг яаж олох вэ?
Бидний чиглэл болгож буй Монгол улсын БСШУЯ-наас гаргасан СӨБ-н сургалтын үлгэрчилсэн цөм хөтөлбөр /2000 он/, Хүүхдийн хөгжил хамгааллыг сайжруулах үндэсний хөтөлбөр /2002 он/ нь сургалт-үйл ажиллагаандаа ашиглахад бодлогын чиглэлийг сайн гаргасан, алдаа багатай бөгөөд “СӨБ-н стандарт” баримт бичгээр баталгаажсан хэмээн үзэж байна.
Одоо бид яах ёстой вэ?
Нэгэнт үндэсний хэмжээний бодлогын баримт бичигт тусгагдсан сургалтын хөтөлбөрийн чиглэл, стандартай учир сургалт-үйл ажиллагаагаа өөрийн нутаг хошууны зан үйл, ёс заншил, эрхэлдэг аж ахуй (5 хошуу мал, газар тариалан, хөнгөн аж үйлдвэр, барилга г м), газар орны байршил, мод, ургамлын төрөл онцлог, ан амьтан, гол, нуур, худаг ус, орчны байдал, түүхэн хөшөө дурсгал зэрэг өөрт хамгийн ойр байгаа зүйлдээ тулгуурлан энгийн ойлгомжтой байдлаар сургалт-үйл ажиллагаагаа амьдралд ойртуулан хүүхдээ сонсож сургалтаа явуулах нь хүүхэд нэг бүр орчноо танин мэдэж, өөрсдөө мэдлэг бүтээх, бүтээсэн мэдлэгээ чадвар болгож, олсон чадвараа амьдралын хэрэглээ болгон ашиглаж чаддаг зөв монгол хүний зөв эхлэл тавигдана.
Бид дээд газраас заавар харж суух биш, өөрсдөө хүүхдээ хөгжүүлэх сонголттой арга замыг ойр байгаа энгийн зүйлээс эхлэн бодит үйл болгож гэмээнэ хүүхдэд наалдацтай байх болно. Багш бүр нэгэн хэвийн загвараас гарахын тулд өөрсдөө бусдын хийсэн зүйлийг шууд хуулж ашиглах биш, тохиромжтой бол санааг авах, боломжгүй бол орхиж, өөрийнхөө санааг ажил хэрэг болгох нь та бидний эн тэргүүний зорилго болж байна. Өөрсдийн бүтээсэн хөтөлбөрөө бүтээлчээр хэрэгжүүлбэл сургалтын онол, арга зүй, багшийн ур чадвар, хүүхэд хөгжих үйлийн орчны амьд холбоо цогцлон бий болно.
Тийм ч учраас манай ард түмэн
“Өөрийн санаа өөртөө зөв
Өрөөл булигаар гутландаа зөв” хэмээсэн буй заа.
Дараа дахин уулзая!
Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын цэцэрлэгийн багш Х.Ивансан
2014-05-10