Мариа Монтессори

 Монтессорийн сургалт нь шинжлэх ухаанд суурилан үүссэн бөгөөд бие хүний хөгжил бол сургалтын төвд байна гэж үзсэн. Нэгдмэл сургалт, хувь хүний өөрйинх нь түүнчлэн ажил хэрэгч байх, нийгэмшихүйн компетенцид үзүүлэх дэмжлэг, өөртөө болон орчиндоо хүлээх хариуцлага нь энэхүү сурган хүмүүжүүлэх үзэл баримтлалыг тодорхойлдог. Ханс-Ёоахим Шмутцлер (Hans-Joachim Schmutzler) энэхүү нийтлэлээ толилуулж байна.

Түүхэн нөхцөл байдал

Бүр 1960-аад оны үест Германы Боловсролын дээд зөвлөлөөс 0-6 насны хүүхдийн боловсрол, хүмүүжил ихээхэн ач холбогдолтой бөгөөд түүний шинэчлэл сул байгааг анхааруулж байсан. Тэр жилүүдэд тухайн цаг үед бий болоод байсан бага насны хүүхдийн хүмүүжил буюу цэцэрлэгийн сурган хүмүүжүүлэх ухаан (жишээлбэл, Фребел)-ы урсгалуудыг хянан хэлэлцэж байсны зэрэгцээ 20 дугаар зууны эхээр Германд зарим дэмжигчдийг олж мөн шүүмжлэгдэж байсан Монтессорийн сургалт дахин яригдах болсон. Бага насны хүүхдийг эмчлэн засах сурган хүмүүжүүлэх ухаанд гарсан шинэчлэл нь Монтессори руу хандах сонирхлыг мөн өдөөж байлаа. Монтессорийн сургалтыг үндэсний социализмын үед хориглосон, тэгээд ч 1945 оноос хойш бараг мартагдсан байсан учир дахин сэргэж гарч ирсэн нь илүү их гайхал төрүүлж байв. Тэр нь эхлээд Франкфуртын районд мөн Райн (Rheinland)-д, ялангуяа католик шашны цэцэрлэг, бага сургуулийн хүрээнд түгэн дэлгэрсэн. Монтессорийг дэмжигчид Аахений Монтессорийн холбоо, 1925 онд Германы анхны Монтессорийн нийгэмлэг зэрэг байгууллагуудыг үүсгэн байгуулж байлаа. Эдгээр байгууллага нь Монтессорийн сургалтын дамжаа гэгчээр Монтессорийн сургалтыг түгээн дэлгэрүүлж байв. Ингээд баруун Германд, Герман улс нэгдсэний дараагаар Зүүн Германд Монтессорийн Хүүхдийн байр/цэцэрлэг-сургууль шинээр байгуулагдаж эхэлсэн. Энэ нь шинжлэх ухааны салбарт дэвшил гарахад нөлөөлж байсан бөгөөд ялангуяа Мюнстерийн Их сургуулийн профессор Паул Освальд Монтессорийн сургалтыг шинжлэх ухааны талаас нь тайлбарлан нийтэлж байв.

Ийнхүү Герман улсад Монтессорийн сургалт улам бүр түгэн дэлгэрэхийн зэрэгцээ түүнтэй холбогдох тайлбарууд гарч, янз бүрийн урсгалууд бий болж хөгжсөн. Үүнд өнөөгийн цаг үест ялгавартайгаар мөн шүүмжлэлтэйгээр хандах хэрэгтэй юм. Жишээлбэл,

  • Шинжлэх ухааны хөгжил нь Монтессорийн бүтээлүүд болон судалгаан дээр тулгуурласан гэж үзэх үү
  • Бага нас, сургуулийн болон эмчлэн засах сурган хүмүүжүүлэх ухаан дахь сурган хүмүүжүүлэх-практикийн хөдөлгөөн гэж үзэх үү
  • Монтессоригоос баталгаажсан, аваад ашиглачих туршилт 0-3 насанд бараг байхгүй, түүнчлэн мэргэжил эзэмшүүлэх сургалтын хүрээнд
  • Хүн судлалын шинжлэх ухааны суурь дэвсгэр, сургалт-арга зүйн тал, суралцах-амжилт бүтээл гаргах янз бүрийн салбарын үр нөлөөг хамарсан үйл ажиллагааны тодорхой үзэл баримтлал гэж үзэх үү

Монтессорийн сургалт нь Хофер (vgl.Hofer 2001)-ийн дүгнэснээр дурын боловсролын шинэчлэл хэмээх үгтэй дүйцэхгүй, өөр хувилбарын санаа, зүгээр нэг сонирхол татсан “томъёолол” биш, мөн Герман улсад өнөө цагт хэрэглэхээр тийм олон талтай юм бол үүнийг тусгайлан судлах шаардлагатай гэжээ.

Мариа Монтессори гэж хэн бэ?

Мариа Монтессори хэмээх итали эмэгтэй 1870.08.31-нд Чиаравалле/Анкона (Chiaravalle/Ancona)-д түүний эцэг эх болох Ренилде ба Алессандрогийн ганц хүүхэд болон төрсөн. Сургуульд суралцаж байхдаа амжилттайгаар ахин дэвшиж байсны зэрэгцээ математик, байгалийн шинжлэх ухаан, хэл болон гар урлалын салбарт багаасаа авъяаслаг байсан хийгээд түүний католик шашин-нийгэмшихүйн хүмүүжил нь мэргэжил эзэмшихэд сайн суурь дэвсгэр болсон бөгөөд тэрээр Ромд эхлээд байгалийн шинжлэх ухаан, дараа нь анагаах ухаанд суралцжээ. Тэр үед эмэгтэйчүүдийг анагаах ухааны мэргэжлээр суралцахыг зөвшөөрдөггүй байсан бөгөөд элсэн ороход бэрхшээлтэй тулгардаг байв. Оюутан байхдаа олон эрэгтэйчүүдийн дунд ганцаараа эмэгтэй байсны улмаас асуудлууд үүсэн гардаг байсан бөгөөд тэрээр бэрхшээлүүдтэй тэмцэн давж гарах шаардлагатай тулгардаг байсан.

Мариа Монтессори бол Италийн хамгийн анхны эмэгтэй эмч байлаа.

 

Энэ нь хожим түүний Италийн эмэгтэйчүүдийн хөдөлгөөний төлөө тэмцэх үндэслэл нь болсон байж магадгүй юм. 1896 онд тэрээр Италийн анхны эмэгтэй эмч болсон баяраа тэмдэглэсэн. Эхлээд Монтессори Ромын их сургуулийн Сэтгэцийн эмгэг судлалын клиникт ажилласан бөгөөд оюун ухааны хомсдолтой гэх хүүхдүүдийг ажиглах явцдаа Францын орчин үеийн эмчлэн засах сурган хүмүүжүүлэх ухааны үндэслэгчид болох Итард (Itard/1774-1838), Сегуин (Se’guin/1812-1880) нарын бүтээлүүдийг судалж эхэлсэн. Тэдний үүсгэн хөгжүүлсэн мэдрэхүй-хөдөлгөөнд тулгуурлан дэмжих үзэл баримтлал болон арга зүйн материал нь өнөө үед хүртэл хэрэглэгдэж байна.

Сурган хүмүүжүүлэх ухаан руу орсон нь

Шинжлэх ухааны төрөл бүрийн ажил үйл болон эмч, эмэгтэйчүүдийн их сургуулийн багш, тусгай сургуулийн багш нарыг бэлтгэх сургуулийн багш зэрэг янз бүрийн мэргэжлийн ажил хөдөлмөр эрхэлж байсан хийгээд гэрлээгүй байхдаа өөрийн хүү Марио (1898/1901?)-гоо төрүүлсэн үе нь түүний ихээхэн идэвх хөдөлгөөнтэй он жилүүд байлаа.

Сурган хүмүүжүүлэх ухаан, сэтгэл судлалын туршилтын хүрээнд хийгдэж байсан шинэ сургалт, судалгааны ажил нь түүнийг Ромын их сургуулийн Хүн судлалын профессорын суудал (1904-1908) руу аваачсан. Сурган хүмүүжүүлэх ухаан руу нэвтрэн ороход нөлөөлсөн бас нэг шийдвэрлэх үйл явдал бол 1907 онд Ромд Хүүхдийн байр/байшин нээгдсэн явдал юм. Энэ байгууллага гол нь байр хөлслөн суугч ядуусын гурваас зургаан насны хүүхдийг хамгаалахад чиглэж байв. Орон сууцанд хүүхдүүд өдрийн туршид ямар ч асаргаа хамгаалалтгүй байсан нь банкирууд, байр түрээслэгч эздийн санаа зовоосон асуудал байсан тул тэд энэ байгууллагыг үүсгэн байгуулсан бөгөөд үүнд Монтессори мэргэжлийн туслалцаа үзүүлж байв. Монтессори эхлээд хүүхдүүдэд Сегуиний арга зүйн материалуудыг хэрэглүүлж, туршин үзэж байлаа.

Энэ явцдаа Монтессори хүүхдийн анхаарах чадвартай холбогдох анхаарлын туйлшрал хэмээх нээлт хийсэн. Энэ нь юу гэсэн үг вэ гэвэл хүүхэд өөрийн хөгжилд нийцсэн материал (даалгавар биелүүлж)-тай харьцаж, орчноосоо тасран төвлөрч, тоглох-суралцах үйлийг давтан гүйцэтгэхэд шинэ чадварууд/компетенц үүсч хөгжихийг хэлнэ. Энэхүү төвлөрөх чадварын тухай ойлголт нь түүний цаашдын сурган хүмүүжүүлэх-шинжлэх ухааны болон туршилтийн ажлын суурь дэвсгэр болсон.

Хүүхэд судлалыг шинээр авч үзэх асуудал түүний анхаарлын төвд байлаа.

Хүүхдийн байранд хүүхдэд унших, бичих, бодох зэргийн эхлэлийг тавьж байсан бөгөөд хүүхдийн энэхүү  дуулиан  дэгдээсэн амжилт нь тус байрны сургалтын ажлын оргил болж байв. Энэ амжилт нь олон нийтийн сонирхлыг өдөөж, улс орнуудад Монтессорийн хүүхдийн байр буюу цэцэрлэг, түүнчлэн өнөөг хүртэл явагдаж байгаа Монтессорийн дамжаа (анхны дамжаа 1909 онд) үүсэн байгуулагдахад хүргэсэн байна. Түүний шинжлэх ухааны ажиглалт, анагаах ухаан болон хүн судлалын ухааны судалгаа, сурган хүмүүжүүлэх “туршилт” нь түүний “II metodo della pedagogia scientific” (1909; “Хүүхдийг нээн харуулах нь”, сүүлд 1913; “Бага насны хүүхэд өөрийнхөө үйл ажиллагааны явцад хөгжих нь”), “Antropologia pedagogica” (1910, зөвхөн итали хэл дээр хэвлэгдсэн) бүтээлүүдэд тусгалаа олсон байдаг. Шинжлэх ухаан, сурган хүмүүжүүлэх практикт дэлхий нийтийн сонирхол татсан, сургалтын янз бүрийн асуудлуудыг хөндсөн түүний олон ном, зохиол, илтгэл мөн бий.

Монтессорийн үндсэн сонирхол

Монтессорийн хүн судлал, сурган хүмүүжүүлэх ухаан, дидактикийн сэтгэлгээний төвд хүүхэд судлалыг шинжлэх ухаан (хүн судлал)-ы шинэ үзэл бодлоор авч үзэх асуудал оршиж байлаа. Хэрэв ямар нэг буруу үзэл бодлоор явах юм бол томчууд-хүүхдийн-харилцаа ихэнхдээ ямар нэг асуудалтай тулгардаг. (хүчтэй, хүчгүй хоёрын хооронд ямар нэг тэмцэл үүсэх). Харилцаа, сургалт болон хүүхдийн хөгжилтэй холбогдон гарах бэрхшээлүүдийн үндсэн шалтгаан нь энд оршино гэж Монтессори үзэж байв. Тэрээр ялангуяа энэ нь сургалтын явцад “ямар байх вэ?”  гэдгийг ихээр сонирхож, тухайлбал хөгжил яаж явагддаг, түүнчлэн сэтгэл мэдрэлийн хэвийн бус хөгжил яаж үүсч бий болдог, түүнийг яаж засан сайжруулж болох вэ гэдэгт анхаарч байв.  

Сургах ба суралцахуйн сэтгэл судлалын үүднээс анхаарлын төвлөрөлт ба сургалтын үйл явц яаж явагдах ёстой, ямар аргаар хэрхэн ажиглаж, нөлөө үзүүлж болох вэ гэсэн асуултыг шийдвэрлэх нь түүнд чухал байсан.

Дидактик (арга зүй)-ын талаас Монтессори хүртэж мэдрэх болон сэтгэцийн үйл явц яаж явагддаг, мэдлэг, ухаарал, чадвар хэрхэн бий болж хөгждөг, тэдгээрийг ямар аргаар яаж системтэйгээр чиглүүлж болох вэ гэдгийг сонирхож байв. Түүнчлэн тэрээр бие хүний хөгжилд чөлөөт байдлаар яаж системтэйгээр нөлөөлж болох вэ гэсэн асуултад хариулт эрэлхийлж байв. Үүнийгээ тэрээр хүмүүжлийн шинжлэх ухаан, мөн бие хүнийг өөрчлөх шинжлэх ухаан хэмээн нэрлэж байв.

Ийнхүү түүний хэвлэн нийтлүүлсэн зүйлс болон сурган хүмүүжүүлэх ухааны практик амжилт нь Монтессорийн цаашдын амьдралын замналыг өөрчлөхөд хүргэсэн. Товчоор хэлэхэд тэрээр сурган хүмүүжүүлэх зам руу буцалтгүй орсон бөгөөд түүний хүүхдийг хүмүүжүүлэх үзэл санаа,  хүүхдийн эрхийн асуудлыг дэвшүүлэн тавьсан нь дэлхий нийтэд түгэн дэлгэрсэн. Үүний зэрэгцээ тэрээр дэлхийн нэгдүгээр дайны нөлөөгөөр энх тайвны төлөө идэвхтэй зүтгэж байв. (Энх тайвны төлөө Новелийн шагналд нэр нь дэвшиж байсан)

Улс төрийн магадгүй мөн хувийн амьдралын нөхцөл байдлаас Монтессори Испанид суурьшиж, тэнд шашны хүмүүжлийг голлосон нэгэн хүүхдийн байрыг үүсгэн байгуулж, тэндээсээ өөрийнхөө илтгэлийн аялалыг өргөн хүрээгээр хийж, улс орнууд түүн дотор АНУ руу хүртэл явж илтгэлээ тавьж байсан бөгөөд өөрийн дамжааг явуулж эхэлсэн. Мөн Монтессори Энэтхэг (1939-1946) рүү явж, өөрийн сурган хүмүүжүүлэх үзэл санаандаа хамтран зүтгэгч нөхөдтэй болсон. Тэндээсээ тэрээр дайны дараах Европт ирж, Голландын Нордвижк (Nordwijk an Zee)-д суурьшин өндөр нэр хүндтэй байсаар 1952 онд нас барсан.

1945 оны дараагаар дахин шинээр эхлэх боломж нэн хомс, мөн цөөхөн дэмжигчидтэй байснаас Германд түүний нэр, сурган хүмүүжүүлэх ухаан бараг мартагдахад хүрсэн. Сурган хүмүүжүүлэх ухааны доцент доктор Хелене Хелминг гэгч эмэгтэй багш нарыг бэлтгэх сургалтад Монтессорийн сургалтыг оруулж, түүний үйл ажиллагааг үргэлжлүүлж байлаа. Түүний сүүлийн үеийн нэг сурагч нь профессор Паул Освальд юм.

Хүн судлал ба сурган хүмүүжүүлэх ухааны суурь дэвсгэр

Хүнийг оршин байгаа түүх-нийгмийн нөхцөл байдалд нь шинжлэх ухаан-хүн судлалын үүднээс, цогц байдлаар авч үзсэн нь Монтессорийн үндсэн гол зүйл байв. Тиймээс жишээлбэл, анагаах ухаан, сэтгэл судлал эсвэл гэр бүл, нийгэм-соёл, эдийн засгийн хөгжлийн нөхцөлийг харгалзан үзэхгүй (өнөө үед: системтэй экологийн урсгал) бол хүүхдийн харилцааны өнгө аясыг ер ойлгохгүй. Үүн дээр тулгуурлан хүүхдийг цогц байдалд нь авч үзэн судалж, хүмүүжүүлж, сургах ёстой. Яагаад гэвэл хүүхэд өөрөө мэдлэг эзэмших, өөрийгөө болон орчноо хариуцлагатайгаар, идэвхтэй зохион байгуулах (бүтээлч) чадвартай бөгөөд тэднийг чөлөөтэй байлгавал “боловсрол эзэмших” идэвхтэй үйл явц явагдаж, хүүхэд тойрон хүрээлж буй тодорхой орчиндоо “зохицох” ба энэ нь хүүхэд өөрийн амьдралаа цаашид бие даан авч явахад суурь дэвсгэр болно. (“хамааралгүй” = хөгжүүлэх-хүмүүжүүлэх зорилго)

Хүн төрлөхтний түүх-нийгмийн хөдөлгөгч хүчний үйлчлэл болон түүний хүрээн дэх бие хүний хөгжил нь цогц үйл явц бөгөөд энд өргөн хүрээтэй, эрчимтэй, шинэчлэгдэн байдаг хүүхэд судлалыг мөн шаардана. Өнөө үед хүүхдүүд мэдээллийн ертөнцөд өсөн бойжиж байхад бид зурагт, гар утасгүй байсан үеийн хүүхдийн дүр төрхийг бодоод байвал тэднийг амжилттай сургаж чадахгүй. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр бид байгалийн шинжлэх ухаан (жишээлбэл, нейробиологи), хүмүүнлэг болоод нийгмийн шинжлэх ухаан, түүнчлэн шашин-ёс зүйн мэдлэг ба орчин үеийн хүүхэд гэж хэн бэ гэдгийг судлах судалгааны аргуудыг байнга шинэлэг уялдаа холбоонд нь сургалтын ажлын суурь болгон авч үзэх хэрэгтэй юм. Орчин үеийн хүүхэд судлалд сурган хүмүүжүүлэх шинжлэх ухаан нь тухайлбал, суралцах ба сургах үйл явцыг судлах, хүүхдийг системтэйгээр ажиглах, баталгаатай баримт мэдээлэл олж авах, хүүхэд болон тэдний хүмүүжлийн талаарх мэдлэг зэргээр хувь нэмрээ оруулж, хүүхэд судлалыг шинэ шатанд гаргахад нөлөөлж байна.

Танин мэдэхүйн янз бүрийн ойлголтууд шинжлэх ухааны үндэслэл дээр нэгдэн цогцолно гэдгийг Монтессорийн “сэтгэхүйн гүн ухааны синтез”–ийн үүднээс үзэхэд “жинхэнэ” хүүхдийн бодит дүр төрхийг олж харах, өрөөсгөлөөр хандахгүй байх, хүүхэд ямар байна тэр байдлаар нь таньж мэдэх, тэднийг ойлгож сурахад оршино. Энэ үүрэг бол хүн бүрт, хүүхэдтэй ажилладаг, шинжлэх ухаанаар мэргэшиж буй сурган хүмүүжүүлэгч бүрт хамаатай.

Хүүхдийг хэрхэн харж байв

Хүүхдийн бие бялдар, сэтгэл санаа болон оюун ухааны хөгжил нь тэдний төрөлхийн “идэвхтэй үйл ажиллагаа”-ны нөлөөллөөр явагдана. Энэхүү идэвхтэй үйл ажиллагаа нь ямар нэг зүйлээс хамааралгүй байх шинж чанарыг агуулна. Өөрөөр хэлбэл, бие даан таньж мэдэх, сэтгэх, ярих, дүгнэх, хариуцлагатайгаар үйлдэх боломжтой байх. Хүмүүний энэхүү чадваруудыг “идэвхтэй” хүүхэд өөрийн төрөлхийн “зохицох чадвар”-аараа түүнчлэн “хөгжлийн чөлөөт байдал”-аараа ойр орчинтойгоо харьцаж амьдралдаа хэрэгцээтэй туршлага хуримтлуулах, ярих, сэтгэн бодох, бусадтай харилцах явцдаа эзэмшдэг. Өөрөөр хэлбэл, хөгжил бол юуны өмнө суралцахуй, орчин, туршлагаас хамаарна. Ийм учраас хамгийн шийдвэрлэх зүйл бол хүүхдэд туршлага, мэдлэг, чадварыг хүрээлэн буй тухайн орчинд нь яаж зохион байгуулж эзэмшүүлэх, орчныг яаж сургаж хүмүүжүүлэх нөлөөлөлтэй болгох, тэр явцад хүүхдэд хэрхэн нөлөөлж болох, өөрөөр хэлбэл, сургалтын чанар буюу хүүхдийн хөгжилд орчин ямар нөлөөлөлтэй байх ёстой вэ гэдэг асуудал юм.

“Барилгын төлөвлөгөө”

Дасан зохицох үйл явц, компетенц-бие хүний хөгжил бол Монтессорийн үзэж байснаар санамсаргүй зүйл биш, харин тодорхой “барилгын төлөвлөгөө”-ний дагуу, өрөөр хэлбэл,  өөрийгөө бүтээж бий болгох зарчмын дагуу явагдана. Тэрхүү “барилгын төлөвлөгөө” нь хүүхдийн бие бялдар, нийгэмшихүй, сэтгэхүй боловсронгуй болох үйл явцын харилцан үйлчлэх цэг дээр  хэрэгжинэ. Үүнтэй холбоотойгоор энэхүү үйл явц сааталд автамтгай байна. Жишээлбэл, зохистой бус хооллолт, ядуурал, зохион байгуулалтын алдаа зэргийн нөлөөгөөр хөгжлийн саатал эсвэл харилцааны доголдол үүсч болно.

Хэрэв “барилгын төлөвлөгөө”-нд саатал бага тохиолдвол хүүхэд хөгжих ба жишээлбэл, сэтгэц-оюун ухааны хамгийн боломжийн чадвартай, эрүүл мэндийн талаас сайн, Монтессорийн томъёолсноор “хэвийн байдал” (анхаарал төвлөрсөн, суралцах дуртай, сониуч, тусламтгай гэх мэт)-тай байна. Тухайн хүүхдийн боломжийн дээд хэмжээний хүмүүжил боловсролд түүний тархины хөгжил, биеийн өсөлт, бэлгийн бойжилт зэрэг биологийн талаасаа боловсорч гүйцэх үйл явцыг анхаарах шаардлагатай. Жишээлбэл, багш хөдөлгөөнт тоглоом тоглуулахдаа хүүхдийн хөдөлгөөний хөгжлийг нарийн мэдэж байх ёстой. Иймээс Монтессори хүүхдийн хөгжлийн янз бүрийн хүснэгтүүдийг бий болгосон. Тэрээр мөн хүүхдийн хөгжлийг 0-6, 6-12, 12-18, 18-24 гэсэн насны үечлэлээр авч үзсэн. Монтессори сэтгэц-оюун ухаан ба нийгэмшихүйн хөгжилд ихээхэн ач холбогдол өгч байсан тул энэхүү насны үечлэл нь зөвхөн биологийн талаас харсан ангилал бус сурган хүмүүжүүлэгчдэд өгсөн чиг баримжаа байв. Нейробиологитой холбоотойгоор нас биенд хүртэл хүүхдэд “мэдрэмтгий үеүүд” байдаг бөгөөд эдгээр үе нь тэдний сэтгэц-оюун ухаан ба нийгэмшихүйн хөгжил, түүнчлэн зохих компетенц үүсэж бий болоход ихээхэн ач холбогдолтой байна.

Мэдрэмтгий үеүүд

“Мэдрэмтгий үеүүд” бол суралцахад бэлэн байх байдлын өвөрмөц онцлогийг агуулсан хүүхдийн хөгжлийн нэгэн хэсэг цаг хугацаа юм. Жишээлбэл, хөдөлгөөн, хэл яриа, харилцаа гэх мэт тодорхой компетенцүүдийг эзэмших үеүүд. Энэ үеүүд нь харилцан адилгүй хугацаагаар үргэлжилнэ. Жишээлбэл, хэл яриа эзэмших мэдрэмтгий үе төрөхөөс эхлэн 13 нас хүртэл байхад бусад нь түүнээс богино эсвэл урт хугацаанд үргэлжилнэ. Энэ үеүүдэд аливааг зөвхөн амархан, түргэн, үр нөлөөтэй сурдаг биш, харин энэ үеийн боломжийг бүрэн ашиглахад орчноос буюу сурган хүмүүжүүлэгчээс тухайн бие хүнд тохирсон сургалтын нөлөөллийг шаардана. Тухайлбал, гурваас зургаан насанд хүүхэд хөдөлгөөн, хүртэхүй, ухаарал, хэл яриа, энгийн бодитой мэдлэг, харилцааны чиглэлд эрчимтэй суралцана. Ийнхүү насны тодорхой үе шатанд тухайн бие хүний идэвхтэй дасан зохицолт, суралцах болон орчинтойгоо харьцах оюуны үйлийн үр дүнд хүүхдийн хөгжилд чанарын өөрчлөлт гардаг. 

Иймээс Монтессорийн томьёолсноор хүүхэд бол “Барилгын мастер”. Үүний гол санаа бол хүүхэд “чөлөөтэйгээр орчинтойгоо харьцах, орчиндоо нөлөөлөх” чадвартай болох, үүнийхээ тусламжтайгаар  шинэ, бусдаас хамааралгүй бие хүн болон төлөвших явдал юм. Үүнд үйлийг бие даан, хариуцлагатайгаар гүйцэтгэх чадвар шаардагдана. Энэхүү үйл явц (процесс)-д хариуцлагатайгаар оролцох, туслах нь сурган хүмүүжүүлэгчийн үүрэг мөн гэж тэрээр үзэж байв.

Үргэлжлэл бий.

Ном зүй:

Hans-Joachim Schmutzler: “Maria Montessori”