Миний хүү ногоо идэхгүй юм, яах вэ?

Ээж: “Миний хүү одоо 2 настай, уул нь хоолондоо сайн ч ногоо огт идэхгүй юм аа. Яаж ногоо идүүлж сургах вэ?” Танд зориулан дараах таван зөвлөгөөг өгч байна.  

 

1.    Та эхлээд өөрийнхөө иддэг зүйлсийг хянаж үзээрэй. Хэрэв та өөрөө ногоо, салад, жимс идэхдээ тийм ч  дуртай биш, эдгээр нь өдөр тутам таны аяга, тавганд харагдахгүй бол хүүхэд мэдээж түүнийг бас сонирхож, идэхгүй. Бусад нь идэхгүй болохоор хүүхэд түүнийг иддэг гэдгийг ч мэдэхгүй. Тэгэхээр эцэг эх өөрсдөө үлгэр дуурайл үзүүлж ногоо, жимс идвэл хүүхэд тэдгээрийг идэж сурахад тустай. Гэхдээ гурав, дөрөв, таван нас хүрэхээр нь бус, бүр багаас нь.  

 

2.    Хүүхэд тань юу идэх дуртайг олж мэдэх. Хүүхэд тань тавгандаа байгаа лууванг идэхгүй дургүйцээд байвал “За луувангаа үлдээчих, бусдыг нь идээрэй” гэх. Мөн байцаа, төмс, лууван, броккли зэрэг янз бүрийн ногоог тавганд хийж алаглуулан тавихад заримыг нь амтархан идэж магадгүй. Тэгвэл түүнийг магтаж урамшуулаад байх ч шаардлагагүй. Ойр ойрхон дуртай идэж байгаа ногоотой хоолыг нь хийгээд гэр бүлээрээ идээрэй.   

 

3.    Хүүхдэд зориулсан ногооны цэс. Хүүхэд тань ямар ногоо идэх дуртайг бодож байгаад та шинэ жор зохиож болно. Аль нэг ногоог бага зэрэг жигнэж болгоод дээр нь хэдэн ширхэг үзэм эсвэл самар үрж тавих. Үрүүрээр лууван үрээд дээрээс нь бага зэрэг алим үрж шүүслэг салат хийх гэх мэт.

 

4.    Эртнээс эхлэх. Анх идэж сурсан хоол нь хүүхдэд амттай байдаг. Иймд нэмэгдэл хоолонд орох үеэс нь луувангийн зутан, алимны нухаш зэрэг жимс, ногоо бага багаар өгч дасгах нь тустай.  

 

5.    Чанах уу эсвэл түүхийгээр нь үү? Өдөр бүр та янз бүрийн ногоотой хоол хийх боловч хүүхэд тань идэж өгөхгүй бол бас нэг арга хэрэглээд үзээрэй. Жишээлбэл, хоолонд хийсэн лууван идэхгүй бол луувангаа хальсалж сайтар цэвэрлээд нарийнхан уртааш нь хэрчиж өгөхөд түүхийгээр нь мэрээд сонирхон идэж мэднэ. Гэхдээ энэ нь шинэ ургацын ногоо байвал сайн. Жимсны хувьд ч мөн адил. Та хүүхдэдээ жимс идүүлэхдээ эхлээд нухаш, компот байдлаар идүүлэлгүй, болж өгвөл шууд идүүлбэл илүү их амин дэмтэй байх болно. Ногоо, жимсээ нэг нэгээр нь аваад идэж болохоор хэрчиж таваглаад хоолны ширээн дээр эсвэл номын тавиурын дэргэд тавьчихаж бас болно. Зүсэхдээ ямар нэг хэлбэр гарган зүсвэл тэдэнд сонин байж магадгүй. Жишээлбэл, лууванг харандаа шиг, тарвасыг дугуй, өргөст хэмхийг од шиг хэлбэртэйгээр. 

Танд амжилт хүсье.

П.Жаргал