Вэбсайтад тавих материал ирүүлэх тухай

Цэцэрлэгийн багш, мэргэжилтнүүд, эцэг эхчүүд Та бүхнийг манай вэбсайтыг хамтдаа бүтээх, вэбсайтаар дамжуулан мэдлэг, туршлагаа хуваалцахыг  урьж байна.

Вэбсайтад материал ирүүлэхдээ Та эхлээд дараах зөвлөмжтэй танилцана уу. 

Та манай вэбсайтын аль ч цэсэнд материалаа ирүүлж болно. Бэлтгэж ирүүлэх материал нь word-ын файл байвал илүү тохиромжтой. Хуудасны тоог хязгаарлахгүй, гол нь таны ирүүлэх материал холбогдох фото зурагтай байвал нэн сайн. Фото зургаа жижигрүүлэн янзлах шаардлагагүй. Бичсэн эхийнхээ дотор тохирох хэсэгт зургаа байршуулаад ирүүлбэл бид хэмжээ, дизайныг нь тохируулаад сайтад тавих болно.

Ингээд вэбсайтын цэс тус бүрт ирүүлэх материалыг авч үзье.

  1. “Мэргэжлийн хүмүүс” цэсэнд ирүүлэх материалын тухай

 “Мэргэжлийн хүмүүс” нь дотроо хэд хэдэн дэд цэстэй.   

а) Нийтлэл

Үүнд цэцэрлэгийн багш болон бусад холбогдох хүмүүсийн мэдлэг, чадвар, хүүхдэд хандах хандлагад нөлөөлөх, хүүхэдтэй харилцах, ажиллахад санаа авах, хэрэглэгдэх зүйлс байна.  Өөрсдийн цэцэрлэгийн сурган хүмүүжүүлэх үзэл баримтлалын онцлог, явуулж буй сургалт, хүмүүжлийн ажлын төлөвлөлт, зохион байгуулалт,  сэдвийн боловсруу­лалт, тухайн сэдвийн хүрээнд явуулсан үйл ажиллагааны үр дүн, багш, хүүхэд, эцэг эхэд гарч буй ахиц өөрчлөлт, туршлага, ярилцлага, орчуулга, сургуулийн өмнөх боловсролтой холбогдох түүхэн баримт зэрэг материал энд тавигдана.    

б) Сургалтын хөтөлбөр

Энд тавигдах материал нь хүүхдийн дунд явуулах нэг удаагийн үйл ажиллагааны аргачлал байна. Өөрөөр хэлбэл, багш нар сургалтын хөтөлбөр боловсруу­лахдаа тухайн сэдэвтэйгээ уялдуулан авч ашиглаж болох аль  нэг  үйл ажиллагаа­ны аргачлал  байна. Жишээлбэл: аль нэг тоглоом эсвэл нэг зүйлийг урлах аргачлал холбогдох фото зурагтайгаа эсвэл хүүхдийн дуулах дуртай дуу ноттойгоо гэх мэт. Үүнд цэцэрлэгт явагддаг Хэл яриа-харилцаа, Хөдөлгөөн, эрүүл мэнд, Хөгжим, Дүрслэх урлаг, Тоо тоолол, Орчноо шинжлэн судлахтай холбогдох аль ч чиглэлийн материал байж болно. Энэ нь багшид шинэлэг санаа, сэдэл өгөх, хүүхдэд сонирхолтой, өгөөжтэй байх шаардлагатай.

в) Сургалтын орчин

Анги танхим, гадаад талбайн тохижуу­лалт, тэнд хүүхэд хэрхэн тоглож, ажил үйл гүйцэтгэдэг тухай, мөн өөрсдийн зохиосон тоглоом наадгай, сургалтын хэрэглэгдэхүүнийг хийх аргачлал энд тавигдана. Өөрсдийн зохиосон сургалтын хэрэглэгдэхүүн, тоглоом наадгай хийх аргачлалыг ирүүлэхдээ “Хэрэглэгдэх зүйлс”-д юу юу шаардагдахыг жагсаан бичиж, “Хийх аргачлал”-ыг дэс дарааллаар нь тодорхой бичиж өгнө. Аргачлалаа мөн зургаар харуулж болно.

  1. “Эцэг эх” цэсэнд ирүүлэх материалын тухай

Энд төрснөөс эхлэн сургуульд элсэх хүртэлх насны хүүхдийн онцлог, тэдэнтэй хэрхэн харилцах, хүүхдийг асарч, эрүүл өсгөж бойжуулах, хөгжүүлж, төлөвшүүлэх арга, ажиллагаа, тулгарч буй асуудлыг шийдвэрлэхтэй холбогдох мэдээлэл, өөрсдийн туршлага зэрэг эцэг эхэд тус болох төрөл бүрийн материал байна. Мэргэжлийн хүмүүсээс гадна манай эцэг эхчүүд энэ цэсэнд идэвхтэй оролцож, ажиллана гэдэгт итгэлтэй байна.

  1. “Хамтдаа шийдье”

Хөндөн тавьж буй болон сонирхсон асуудал, хариулт авахыг хүссэн асуултдаа хамтдаа шийдэл олох, санал, туршлагаа хуваалцах боломжийг энд олгоно. Энэ буланд хэрхэн ажиллах талаар Та “Хамтдаа шийдье” зөвлөмжтэй танилцаарай.

  1. “Хэвлэх” цэсэнд ирүүлэх материалын тухай

Энд эцэг эх болон цэцэрлэгийн багш нар хүүхэдтэй ажиллахдаа вэбсайтаас шууд хэвлэж аваад хэрэглэж болох ганц ганц хуудас материал тавигдана.

Энэ хуудсууд дээр хүүхэд зурах, будах, ярилцах, эвхэх, наах, тоолох, олох, тэмдэглэх, зурлага зурах, санах, сэтгэх зэрэг янз бүрийн үйлийг гүйцэтгэнэ. Гэхдээ эдгээр үйлээс нэг хуудсан дээр хүүхэд нэг юм уу хоёр л  үйлийг хийнэ.  Хэвлэх хуудсыг 2-3 насныхан, 4-5 насныхан гэсэн хоёр насны ангилалаар боловсруулна.

Гол шаардлага нь маш энгийн, хүүхдийн хөгжилд дор буй чиглэлүүдээр бага ч болов хувь нэмэр оруулах, хамгийн чухал нь хүүхдэд сонирхолтой, хийх эрмэлзэл төрүүлэхүйц байна.

 

Хэвлэх

2-3 нас

4-5 нас

Хэл яриа

Хэл яриа

Зураг

Зураг

Урлал

Урлал

Дуу хөгжим

Дуу хөгжим

Тоо тоолол

Тоо тоолол

Орчин

Орчин

 

“Дуу хөгжим” хэсэгт тухайн насны хүүхдэд тохирох, хүүхдийн дуулах дуртай, шилдэг дууны бичлэгүүд тавигдана. Иймд энд тавигдсан дуунуудыг бага насныхан сонсох, дагаж дуулах боломжтой. Үүнд дуу хөгжмийн багш нарыг идэвхтэй оролцохыг урьж байна. Бичлэгээ ирүүлэхдээ өөрийн албан байгууллага, нэр, дуулсан хүүхдүүдийн нэрийг бичиж ирүүлнэ үү.  

  1. Видео буланд ирүүлэх материалын тухай

Та бүхэн эхлээд buuvei.mn вэбсайтад тавигдсан видеонуудыг (Жишээ нь: Хүлээн авалт, Хоолны цаг, Асаргаа) үзнэ үү. Цэцэрлэгүүдэд багш нарын хүүхэдтэй ажиллах арга барил, хандлага хэрхэн өөрчлөгдөж байгааг харуулсан видео байвал бид нэн талархан хүлээж авах болно.   

Видео бичлэгт хүүхдийн хийж буй үйлийг зөвхөн бичээд орхилгүй, түүндээ  багш\эцэг эх тайлбар өгвөл сайн. Жишээлбэл, Орхон аймгийн цэцэрлэгүүд “Олуулаа хөгжимдөе” гэсэн видео бичлэг ирүүлнэ гэвэл энэ нь хүүхдэд ямар ач холбогдолтой, багш нар хөгжмийн зэмсгээ хэрхэн бэлтгэсэн, аль бүлгийн хүүхдүүд хөгжимдөж байгаа зэргийг товчхон тайлбарлавал хүмүүст илүү ойлгомжтой байх болно.

Урлан бүтээх, зурах зэрэг үйл ажиллагааны аргачлалыг үзүүлэхдээ хүүхдээр дагуулж хийлгээд байлгүй аргачлалаа аятайхан харуулах арга олно уу. Үүнтэй холбогдох жишээг “Төөлүүр” видеог davalgaa.mn вэбсайтаас эсвэл   www.youtube.com - оос  үзээрэй. Үүнтэй төстэй видеонуудыг мөн https://www.khanacademy.org  вэбсайтаас харж, санаа авч болно.

Видео бичлэг заавал урт байх шаардлагагүй. 10 минут хүртэл хугацаатай, харуулъя гэсэн зүйлээ харуулж чадаж байвал 3-5 минутын видео ч байж болно. 

Хамтдаа хөгжихөд Таны хувь нэмэр чухал байх болно. Амжилт хүсье!

 

e-mail хаяг:  info.buuvei@gmail.com