Фүертийн цэцэрлэг
Фүерт бол ХБНГУ-ын Нюрнберг хотын хажууд оршдог жижиг хот. Бид тоглоомын үзэсгэлэн үзэх явцдаа тус хотын Эвангелиш (Evangelischer Kindergarten)-ийн цэцэрлэгтэй танилцсан юм. Цэцэрлэгийн эрхлэгч бидэнд анги, танхимын зохион байгуулалт, тохижилт, бүлэг дүүргэлт, ажиллагсад, санхүүжилт, өдрийн дэглэм, хүмүүжил сургалтын ажил, цэцэрлэгийн хүүхдийн төлбөрийн тухай зэрэг олон чухал мэдээллийг өгсөн. Үзэж харсан, сонссон дуулснаа мэргэжил нэгт нөхөдтэйгээ хуваалъя.
Ангийн зохион байгуулалт, тохижилт
ХБНГУ-д цэцэрлэгт хүүхдүүд ямагт модон ширээ, сандал, тавиур хэрэглэгдэг. Энэ цэцэрлэгийн бүх тавилга хэрэгсэл мөн л модоор хийгдсэн байв. Бас нэгэн онцлог нь ангийн өрөөний шал манайхны адил дан нэг түвшинд бус, ангийн зарим хэсэгт хүүхдүүд шатаар дээшээ гараад тэндээ тоглох, мөн дээшээ гараад гулсан буух зэрэг тоглох явцдаа янз бүрийн хөдөлгөөн хийх боломжтой. Энэ нь хүүхэд хөдөлгөөнтэй байх, тэдний хөдөлгөөний чадвар сайжрахад багагүй тустайн дээр тэдэнд сонирхолтой байдаг байна. Дээд талын тавцан дээр хүүхэд голдуу өрж байгуулах тоглоомоор тоглодог бол тэдний доод талд нь хүүхдүүд ихэвчлэн сэдэвт тоглоомоор тоглоно.
Ангиуд гал тогооны булантай. Тэнд хүүхдийн өндөрт тохирсон жинхэнэ цахилгаан зуух байна. Түүнийг хүүхдүүд ангидаа цай чанах, боов, зууш хийхэд ашиглана.
Яслийн насныхнаас бусад хүүхэд цэцэрлэг дээрээ унтдаггүй, үд дундаас эхлэн боломжтой эцэг эх хүүхдээ цэцэрлэгээс авдаг.
Ариун цэврийн өрөө. Хүүхдүүд гар нүүрийн алчуурын оронд зориулалтын цаасан сальфетка хэрэглэдэг. Гараа шингэн савангаар угаана.
Багачуулын “памперс”-ыг солиход хүүхэд өөрөө хажуугийн шатаар нь дээшээ гардаг. Хүмүүжүүлэгч багш хүүхэд бүрийг дээш нь өргөөд байх шаардлагагүй, мөн хүүхэд шат өөд өгсөж, уруудаж сурдаг.
Хүүхэд бүр өөрийн аягаа гэрээсээ авч ирдэг. Энэ нь тэд “миний юм”, “нийтийн юм” гэдгийг ялгаж сурахад тустай. Хүүхэд мөн сард нэг удаа гэрээсээ өөрийнхөө дуртай тоглоомоо авч ирээд тарахдаа буцаагаад авч явж болдог.
Ангийн үүдний өрөөнд тухайн ангийн хүүхдүүдийн танилцуулгыг хүүхдийн болон гэрийнхнийх нь фото зургаар хийдэг. Энэ нь хичээлийн жилийн туршид байна.
Яслийн ангийн хүүхдийн таних тэмдгийг өөрийнх нь фото зургаар хийдэг. Цэцэрлэгийн ангийн хүүхдийн таних тэмдгийг манайхан шиг янз бүрийн дүрсээр хийсэн байв.
Бүлэг дүүргэлт
Цэцэрлэгийн нэг ангид 25 хүүхэд байна, тэдэнтэй 1 хүмүүжүүлэгч багш, 1 хүүхэд асрагч ажиллана. Яслийн бүлэг буюу 3-аас доош насныхны нэг ангид 12 хүүхэд байх ба тэдэнтэй 2 хүүхэд асрагч, 1 хүмүүжүүлэгч багш ажилладаг. Цэцэрлэгийн нэг ангид 25 хүүхэд байх ёстой боловч харгалзаж үзэх зүйлс бас байдаг байна. Цэцэрлэгийн эрхлэгч: “Манай нэг анги 20 хүүхэдтэй, яагаад гэвэл тэнд 2 хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд байдаг. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд ажиллагаа ихээр шаарддаг учраас энэ ангид 2 багш, 1 хүүхэд асрагч ажилладаг” гэж байв.
Цэцэрлэгийн эрхлэгч нь манайхан шиг дагнасан орон тоон дээр байдаггүй, эрхлэгч аль нэг бүлэгт ажилладаг бөгөөд долоо хоногийн 2 дахь өдөр л захиргааныхаа ажлыг хийдэг.
Цэцэрлэгийн эрхлэгчийн өрөө. Хананд буй зураг бол өнгөрсөн жил сургуульд элсэн орсон хүүхдүүдийн дурсгал.
Цэцэрлэгийн ангиуд холимог насны хүүхдүүдтэй. Ийнхүү янз бүрийн насны хүүхэд нэг ангид байхад томчууд багыгаа асардаг, анхаарал тавьдаг, өөртөө итгэлтэй болоход тустай. Багачуул нь болохоор томчуудаасаа сурдаг.
Мөн хүүхдүүд ангидаа тоглохоос гадна сонирхсон хүүхдүүд нь бусад ангийн хүүхдүүдтэй очиж тоглох “чөлөөт тоглоомын талбай” цэцэрлэгийн төв хэсэгт бий.
Санхүүжилт
Хүүхэд 3 нас хүрсэн бол цэцэрлэгт явах эрхтэй, мөн цэцэрлэгийн суудлаар хангагдсан байх хуультай.
Үүсгэн байгуулагч нь ямар ч байгууллага байсан ялгаагүй улсаас цэцэрлэг бүрт санхүүгийн дэмжлэг үзүүлдэг. Нэг хүүхдэд ногдох зардлаар тооцож санхүүжилт олгодог. Гэхдээ хөгжлийн бэрхшээлтэй 1 хүүхдэд 4 хүүхэд, 3-аас доош насны хүүхдэд 1,5, гадаадын хүүхэд (герман хэл бүрэн эзэмшээгүй)-д 1,2 хүүхдээр бодож, улсаас мөнгөн дэмжлэг үзүүлдэг. Үүнээс багш, ажиллагсдын цалин гардаг.
Өдрийн 12.00 цагаас эхлэн эцэг эх хүүхдээ цэцэрлэгээс авч болно. Эцэг эх хүүхдээ өдөрт хэдэн цаг цэцэрлэгт байлгахаа шийдэж, цэцэрлэгтэй гэрээ байгуулна. Хүүхэд цэцэрлэгт 1 цаг байхад дунджаар 8 евро төлдөг.
Өдрийн дэглэм
Цаг минутаар заасан өдрийн дэглэм байхгүй ч цэцэрлэг дэх үйл ажиллагаа дараах дарааллаар явагдана. Өдөр тутам тогтсон цагт тодорхой үйл ажиллагаа явагддаг учир хүүхдүүд хэдийд юу хийгддэг талаар баримжаатай байдаг.
Өглөөний хэсэг
• Заавал гар барьж мэндчилнэ
• “Өглөөний тойрог”–Мэндчилгээний дуугаа дуулна, хэн хэн ирсэн, хэдэн хүүхэд байгаа, ямар өдөр эхэлж байгаа, өнөөдөр юу хийх вэ гэх мэтээр ярилцана.
Чөлөөт тоглоом
• Энэ үеэр хүүхдүүд цайгаа ууна. Өглөөний цайнд идэх зүйлээ хүүхдүүд гэрээсээ авч ирдэг.
• Хүүхдүүд өөрийн сонголт, санаачилгаар тоглоно. Энэ нь хүүхдийг хүндэтгэж байгаагийн дээд түвшин гэж үздэг. Биеийн тамирын хэрэгслүүд хэрэглэж мөн хөдөлгөөнт тоглоомоор тоглож ч болно.
• Төгсгөлд нь тоглоомоо хураана.
Өдрийн тойрог
• Өдрийн хоолны өмнө хүүхдүүд цугларан хуруугаар мөн тойргоор тоглох тоглоом тоглоно.
• Ингээд төсөлт ажлын хүрээнд юу хийхээ ярилцаж, түүн дээрээ ажиллана.
Бүлэг бүр фото аппараттай. Явагдсан үйл ажиллагаа, хүүхдүүдийн оролцож буй байдлыг баримт болгон фото зургаар аваад эцэг эхэд танилцуулахаар үүдэндээ хадна, тэгээд хүүхэд тус бүрийн хавтсанд хийдэг.
Таралт
Өдрийн 12.00 цагаас тарах хүүхдүүд нь явж, үлдсэн хүүхдүүд өдрийн хоолоо иднэ. Хоолны дараа ямар сэдвээр, яаж тоглохоо хүүхдүүд өөрсдөө сонгоно.
Өдрийн хоол захиалгын дагуу хоол бэлтгэдэг компаниас ирдэг. Хоолны өрөөнд хоолны хэрэгсэл, аяга, таваг угаагч машин, богино долгионы зуух зэрэг хэрэгцээтэй бүх зүйлс байдаг аж.
Өдрийн хоол ирээд байгаа нь, цэцэрлэгийн эрхлэгч
Төсөлт ажил
Хичээлийн жилийн эхэнд энэ цэцэрлэг тухайн хичээлийн жилийн туршид ямар сэдэв дээр тогтож ажиллахаа ярилцан сонгож томъёолдог. Өөрөөр хэлбэл тухайн хичээлийн жилд цэцэрлэгийн бүлгүүдэд явагдах сургалтын үйл ажиллагаа тэр сэдэвт зангидагдана гэсэн үг. Харин уламжлалт баяруудын үеэр тэрхүү сэдэв дээрх ажлаа зогсоогоод баярын бэлтгэл, баяртай холбогдох үйл ажиллагаанууд явагдана.
Төсөлт ажил гэдэг нь дээр дурдсан “малгай” сэдвийн хүрээнд хүүхдүүдээс гарсан санал, санаачилгад тулгуурлан аль нэг “жижиг” сэдвээр анги тус бүрт явагддаг төрөл бүрийн үйл ажиллагаа юм.
Төсөлт ажил ямар сэдэвтэй байх талаар ярилцлага явуулахад хүүхдүүдийн гаргасан санал:
Хердик: - Галт тэргээр тойрон аялах
Лийрд: - Тойрч суугаад тоглох
Эмилиа: - Зурах, урлан бүтээх ажил, юу ч хамаагүй
Паул: - Амьтдын хүрээлэнгээр аялах
Мар...: - Индианчууд сэдвээр
... : - Хөдөө фермер үзэх
Паул: - Цирк үзэх
Руян: - Музей үзэх гэх мэт. Хүүхдүүдийн гаргасан эдгээр санал дээр ярилцаж байгаад олон хүүхэд дэмжсэн учраас энэ ангийнхан “Индианчууд” гэсэн сэдэвтэй төсөлт ажил хийхээр тохирчээ.
“Индианчууд” төсөлт ажлын явцад хүүхдүүдийн хийсэн бүтээл
“Хаана, юу ургадаг вэ?” төсөлт ажлын явцад хүүхдүүдийн хийсэн бүтээл (Газар дор юу ургадаг, газар дээр юу ургадаг, мод, бутанд юу ургадаг)
Тухайн ангид явагдаж байгаа аль нэг төсөлт ажил хэр удаан үргэлжлэх нь тэрхүү сэдвийн хүрээний ажлууд хүүхдэд хэр сонирхолтой байгаагаас шалтгаална.
Эцэг эхэд хүргэх мэдээлэл
Цэцэрлэгийн үүдний хэсэгт эцэг эхэд хүргэх ерөнхий мэдээллүүд байна.
Ангиуд эцэг эхэд хүргэх мэдээллээ хаалган дээрээ эсвэл үүдний жижиг самбарт байрлуулна. Ажлаа долоо хоногоор төлөвлөнө. Өдөр тутам хийгдэх ажлын нэрсийг хүснэгтэд бичээд тэнд тогтоосон байна. Тэрхүү төлөвлөлтийн дагуу хүүхдүүдийн оролцсон үйл ажиллагааг фото зургаар авч тавина. Мөн хүүхдүүдийн хийж бүтээсэн зүйлсийг товч тайлбартай нь тавьдаг.
Ангийн хаалган дээрх мэдээлэл
Өмнөговь аймгийн Боловсролын газрын СӨБ-ын мэргэжилтэн Б.Наранцэцэг
Баянхонгор аймгийн Боловсролын газрын СӨБ-ын мэргэжилтэн Б.Оюунгэрэл