Гар утас хүүхдэд ямар хор нөлөөтэй вэ?
Хоёр настай хүү ээжийнхээ гар утсыг аваад чадварлагаар удирдан, баясана. Ой хүрээгүй охин гар утсан дээрх зураг, хүүхэлдэйн киног сонирхон харна, бас амандаа хийж үзнэ. Таван настай хүү “энэ миний гар утас ш дээ” гэж пээдийнэ... Иймэрхүү дүр зураг манай өнөөгийн гэр бүлүүдэд түгээмэл ажиглагдах болжээ. Гэхдээ ихэнх хүмүүс “гар утас ч дээ, хүүхдэд хэрэглүүлэх нь ямар л олигтой байв гэж” гэдэг. Энэ нь ч үнэний хувьтай аж.
Тэгэхээр ер нь гар утсыг бага насныханд хэрэглүүлж болох уу? Энэ нь хүүхдэд хортой юу? Хортой бол ямар? Хүүхдэд хэдэн наснаас нь гар утас хэрэглүүлэх вэ? гэх мэт асуултууд урган гарч байгаа юм.
Гар утасны туяа муу нөлөөтэй
Шведийн Леннарт Харделл (Lennart Hardell) нарын эрдэмтэд судалгаагаараа гар утсыг чихэндээ ойр байлган хэрэглээд байвал тархины хавдар үүсгэх эрсдлийг нэмэгдүүлдэг болохыг тогтоожээ [1]. Гар утас болон утасгүй телефоны өндөр давтамжит цахилгаан соронзон туяа энэхүү эрсдлийг бий болгодог байна.
Ялангуяа хүүхдэд гар утасны хор хөнөөл их байдаг ажээ. Хүүхдийн бие махбодыг томчуудынхтай харьцуулахад бодисын солилцоо идэвхтэй явагддаг учраас эмзэг, яс нь нимгэн, эсүүд олноороо хуваагдан өсөлт эрчимтэй явагддаг. Судлаачид хүүхдийн тархины яс томчуудыг бодвол нимгэн тул цахилгаан соронзон туяа амархан нэвтэрч орох боломжтой гэж үздэг бөгөөд иймд хүүхдээ түүнээс хамгаалахыг анхааруулсаар байна. Судалгаагаар гар утасны туяа мөн хүүхдийн эсийн хөгжилд сайнгүй нөлөө үзүүлдэг нь баттай тогтоогджээ [2].
Дараах зурагт [3] гар утасны туяа хүүхдийн нас бага байх тутам хэдий чинээ илүү нөлөөлдөгийг харуулж байна.
Тав, арван настай хүүхдэд ийнхүү нөлөөлж байхад ээж нар нялх хүүхдээ хөхүүлэхдээ эсвэл өвөр дээрээ аваад гар утсаараа ярихад ямар нөлөө үзүүлэх нь ойлгомжтой.
Хэрэглээний хугацаанаас эрсдэл нэмэгддэг
Дээрх судлаачид 1380 хүн дээр судалгаа явуулсан бөгөөд тэдэн дотор тархины хавдартай болон эрүүл хүмүүс багтсан байна. Судлаачид гар утас хэрэглэдэг хүмүүст тархины хорт хавдар жилээс жилд нэмэгдэж байгааг тогтоожээ. 20-25 жил утасгүй телефон хэрэглэсэн хүмүүст гар утас юм уу утасгүй телефон хэрэглээд удаагүй байгаа хүмүүсээс хоёр дахин илүүтэйгээр хавдрын онош илэрдэг байна. 25 жилээс дээш хугацаагаар утасгүй телефон хэрэглэсэн хүмүүст гурав дахин илүү хавдрын шинж тэмдэг илэрч байжээ.
Хоёр төрлийн хавдар илүү тохиолддог
Насанд хүрэгчдийн хувьд голдуу тархины хавдар тохиолддог бол сонсголын мэдрэлийн хавдар мөн тохиолддог байна. Английн Оксфордын их сургуулийн судлаачид 2013 онд 50 настай эмэгтэйчүүдийн дунд судалгаа явуулахад арваас илүү жилээр үүрэн телефон хэрэглэсэн эмэгтэйчүүдийн сонсголын мэдрэлийн өвчин (невром) 2,5 дахин илүү байгаа нь тогтоогджээ.
Жирэмсэн ээжүүд анхаарахад илүүдэхгүй
Америкийн Лос Анжелесийн их сургуулиас хийсэн судалгаагаар жирэмсэн ээжүүд өдөрт зөвхөн 2-3 удаа гар утсаар ярихад хүүхдэд нь харилцааны хэвийн бус байдал үүсэх эрсдэлтэйг анхааруулсан байна [4]. Жирэмсэн үедээ байнга гар утсаар ярьдаг ээжүүдийн хүүхдэд хэт их хөдөлгөөнтэй байх зэрэг харилцааны доголдол ердийн ээжүүдээс төрсөн хүүхдээс 50% илүүтэй тохиолддог аж. Хэрэв долоо хүртэлх наснаасаа өмнө хүүхэд өөрөө гар утас хэрэглэх юм бол энэ эрсдэл 80% хүртэл өсдөг байна.
Хүүхдэд гар утсыг хориглох
Бага насны хүүхдэд гар утас хэрэглүүлэх нь ийнхүү муу үр дагавартай гэдэг нь батлагдсан тул ХБНГУ-ын Орчин ба байгаль хамгааллын холбооноос “Нийтээр хүүхдэд гар утас хориглох” гэсэн сэрэмжлүүлэгийг гаргажээ. Ялангуяа 12 нас хүртэлх хүүхдэд зөвхөн аюул ослоос бусад үед гар утас хэрэглүүлэхгүй байхыг судлаачид түүн дотор хавдар судлаачид зөвлөж байна. Яагаад гэвэл энэ үед хүүхдийн тархи өсөж хөгжиж мөн эмзэг байдаг. Гэхдээ Та хэт айдасд автасны хэрэггүй. Дараах зөвлөгөөг анзаараарай.
Танд зөвлөхөд
1. Хэрэв Та утсаар ярих эсвэл msg илгээх бол хүүхдээсээ 5 метр холдоорой. 10 метр бол бүр сайн.
2. Асаалттай гар утсаа хүүхдээсээ аль болох хол байлгах. Цүнхэндээ хийх, өөр өрөөнд байлгах...
3. Гар утсаа хүүхдэд тоглоом наадгайн оронд өгөхгүй байх.
4. Гар утсан дээрх тоглоомоор тоглуулж ер болохгүй. Ялангуяа түүн дээр тоглоом тоглоход туяа нь хамгийн идэвхтэй нөлөөлдөг байна.
5. Гар утсаараа хүүхдэд дуу, хөгжим сонсгох хэрэггүй.
6. Ээж аав нар аюулгүйн үүднээс хүүхдэдээ гар утас өгч хичээлд нь явуулдаг. Ийм тохиолдолд хүүхдэдээ утсаа унтрааж авч яваад, шаардлагатай үед асааж ярихыг сануулах.
7. Хүүхдэдээ аль болох туяа бага цацруулдаг гар утас авч өгөх (0,24 W/kg-аас доош).
8. Өөрийгөө ч гэсэн Та гар утасны туяанаас хамгаалаарай. Гар утсаар удаан ярихгүй байх, орондоо, дэрэн доороо тавихгүй байх, биендээ удаан хугацаагаар утас авч явахгүй байх, болж өгвөл утсаа чихнээсээ хөндий барих, чанга яригч ашиглах, ярихаасаа илүү msg бичих гэх мэт.
Н.Норжхорлоо
Ашигласан материал:
3. http://www.drfischeronline.com/469/video-gefahr-fur-kinder-aus-handy-strahlung/
4. http://www.eltern.de/gesundheit-und-ernaehrung/medizin/handy-strahlung.html