“Хүүхдийн байшин” буюу цэцэрлэг байгуулагдсан түүх
Сургуулийн өмнөх насны хүүхдийг боловсролын ажилд хамруулах явдал ардын засаг тогтсоноос нэлээд хожуу эхэлсэн юм. 1932 онд Ардыг гэгээрүүлэх яамны сайдын тушаалаар хотын гэгээрлийн хэлтсийн шууд харьяанд байх 8 төрлийн ажилд “Хүүхдийн байшин” гэсэн заалт оруулсан нь хүүхдийн цэцэрлэгийн тухай байсан бөгөөд тэр үед цэцэрлэгийг ийнхүү нэрлэдэг байжээ. Эхэн үедээ цэцэрлэгийн хүүхдийн ирц нь тогтворгүй цөөн хүүхэдтэй байжээ.
“Өнгөрсөн оны эхээр 40 хүүхэд цэцэрлэгт хамрагдаж байсан бол одоо 23 хүүхэдтэй болов. 40 хүүхдийн нэлээд нь орос хүүхэд. Эцэг эх нь гар дээрээ авснаас хүүхэд цөөхөн болов. Сүү олдох нь бага, үнэ нь их, бусад зүйл зүгээр” хэмээн хотын Гэгээрлийн хэлтсээс 1933 онд гаргасан тайланд дурдсан байна.
Улаанбаатар хотын нэгдүгээр цэцэрлэг 1932 онд одоогийн I сургуулийн хойно орос маягийн цонхтой, тухайн үедээ нэлээд тохилогт тооцогдох томоохон мяндаг тушаалтай ламын амьдарч байсан байшинд нүүн оржээ. Уг цэцэрлэг хотын гэгээрлийн хэлтсийн харьяанд байсан учир хангамж сайтай нэг үнээ, 10 гаруй тахиатай байв. Анхны цэцэрлэгүүдэд юм хайчилж наах, хөл гарын сургууль хийх, өнгө, зүг чиг заах, хүмүүсийн зураг үзүүлж түүх намтар ярих, малын хүйс, нас зэргийг заахаас гадна мандолин, бөмбөр зэрэг хөгжим тоглохыг заадаг байв. 1940-өөд оны үед цагаан шаврыг загасны тос, сонингийн цаастай хольж, баримлын хичээл хийлгэдэг болжээ.
1941 он гэхэд Монгол улсад 14 цэцэрлэг үйл ажиллагаагаа явуулж байсны 8 нь Улаанбаатар хотод ажиллаж байлаа. Энэ үеийг хүртэл хүүхдийг цэцэрлэгт татах нэг арга нь үнэгүй хооллох байсан бол “Хүүхдийн цэцэрлэгт хүмүүжүүлэх багачуудын хоолны зардлыг эцэг эхээс гаргуулах тухай” СнЗ-ийн 20 дугаар тогтоол 1942 оны тавдугаар сарын 21-нд гарч зарим нөхцөлд эцэг эхээс гаргуулах болжээ.
Уг тогтоолд “а). Гэр бүлийн хүмүүс нь ажил хийж, цалин авдаг бөгөөд хэрэв нэгэн хүүхэд цэцэрлэгт явдаг аваас бүх авах цалинг бүгд ам бүлд хувааж, ам бүлийн нэг хүнд оногдох цалингийн хэмжээний зууны 25 хувиар бодож төлбөл зохино. б). Гэрийн доторх хүмүүс цөм хөдөлмөрлөж цалин хэрэглэл авдаг бөгөөд хэрэв цэцэрлэгт 2 буюу түүнээс дээш хүүхэд явдаг бол бүх цалинг бүгд ам бүлд хувааж, ам бүлийн нэгэн хүнд оногдох цалингийн зууны 25 хувиар 1 дүгээр хүүхдийн зардлыг гаргуулах ба бусад хүүхдийн зардлыг 15 хувиар бодож гаргана. в). Хөдөлмөр хийж чадахгүй эцэг эхийн хүүхдийг цэцэрлэгийн газар хооллуулах явдлыг улсын зардлаар гүйцэтгэнэ” хэмээн заажээ.
Эх сурвалж: “Монголчууд” цувралын “Монголчууд нийгэм журамд давшин орсон нь”, Монсудар хэвлэлийн газар