Хорвоотой танилцахад балчруудад туслах нь

Тэд өөрийнхөө ертөнцийг хэрхэн бүтээдэг вэ?

Хүүхэд хөлд орсноор тэдний “жаран чавганцын ажил” эхэлдэг. Тэдэнд бүх зүйл сонин, харсан болгоноо л барьж авна, үзнэ, оролдоно. Үүнд хөдөлгөөн бол тэдний хорвоотой танилцах чухал хэрэглүүр нь. Хөдөлгөөнийхөө тусламжтайгаар тэд өдөр тутам орчинтойгоо харьцаж, мэдэрч, танилцаж, туршлага хуримтлуулсаар байдаг.

Оролдож, хийж буй аль нэг үйлээ тэд хэдэн ч удаа давтаж магадгүй. Тухайн үйл тэдний тархинд хадгалагдах хүртэл давтсаар л байх болно.

Балчир нас буюу 3 хүртэл насандаа хүүхэд авахуулах, тэврүүлэх зэргээр ойр дотны хүн (ээж аав, асрагч зэрэг)-ээсээ салахгүй, холбоотой хэвээрээ байдаг. Гэвч балчир насныхны хорвоо ертөнц (орчных эд зүйл, хүн, ургамал, амьтан, хүн гэх мэт)-тэй танилцах гэсэн нэн их сонирхол, эрэлт хэрэгцээг нь хорихгүй,  бие даан өөрөө орчныхоо эд зүйлстэй танилцах, оролдох орон зай олгож байвал тэдэнд өөрийн гэсэн онцлогтой бие хүн болон өсөх суурь тавигдана. Энэ нь хүүхдээ хараа хяналтгүй орхино гэсэн үг биш. Тэдэнд осол гэмтлээс өөрийгөө сэргийлэх ойлголт байдаггүй.

Тэд өдөр тутам эцэг эх (ах эгч) нь юу хэлж, хийж, яаж харилцаж байгаагаас үлгэр дуурайл авч, тэрхүү загвар дээр суралцсаар байдаг. Гэхдээ өөрийнхөө арга замаар.

Тэгэхээр балчир насныханд хорвоотой танилцахад юун түрүүнд дараах зүйлс шаардлагатай ажээ.
 

  1. Ойр дотны хүнийхээ дэргэд асаргаа, хамгаалалтанд нь байна гэдгээ ойлгох мэдрэмж
  2. Сэтгэл санааны дэмжлэг, асуултанд нь тохирсон хариулт
  3. Бусдаас хамааралгүйгээр бие даан оролдож судлах орон зай
  4. Байнгын хөдөлгөөн, “судлаач” байх боломж
  5. Дагаж дуурайх загвар
  6. Осол аваргүй, тэднийг өдөөсөн сонирхолтой орчин

 

Тэдэнд хэрхэн туслах вэ?

Та балчир хүүхдэдээ дараах байдлаар хандвал өөрийнхөө ертөнцийг бүтээхэд нь тус болно. 
 

  1. Хүүхдийнхээ аливаа хөдөлгөөнийг хорихгүй байх
  2. Гэр орны эд зүйлс, орчныхоо аливаа юмсыг үзэх, оролдохыг нь дэмжих
  3. Хүүхдийнхээ хүслийг хүлээн зөвшөөрч, хүндэтгэн, шинэ зүйлтэй харьцаж оролдоход нь зоригжуулах
  4. Асуултад нь төвөгшөөхгүйгээр байнга тодорхой хариулт өгөх
  5. Хүүхдэдээ ойр байж, оролдож, хийж буй зүйл нь бүтэмж муутай байвал аргадах
  6. Осол гэмтлээс сэргийлэхийн тулд хэдийд ч хамгаалахад бэлэн байх
  7. Дэмжлэг, туслалцаа шаардлагатай үед нь туслахад бэлэн байх
  8. Юу хийх дуртай, юуг сонирхож байгааг ажиглах, түүнийгээ оролдох, хийх боломж олгох
  9. Нэрлэсэн эд зүйлсийг авч ирүүлэх, зөөлгөх гэх мэтээр өдөр тутмын гэрийн ажилд боломжтойд нь оролцуулах
  10. Хүүхэдтэйгээ хамт тоглох цаг зав гаргах

 

Хүүхэд тань баяр баясгалантай, хөдөлгөөнтэй, таныг ороогоод байлгүй “жаран чавганцын ажил”аа сайн хийж байвал Та түүнд нь баяртай байгаарай. 

Н.Норжхорлоо