Эх нь хээр алаг бол унага нь шийр алаг
“Хүнээр хүн хийх” амаргүй. Энд хүн бүртэй холбоотой, бага насныхны төлөвшилд хүчтэй нөлөөлдөг “Үлгэр дуурайлал” хэмээх ухагдахууныг онцоллоо.
Монголчууд үр хүүхдээ багаас нь ажил хөдөлмөрт үлгэрлэн дагуулж, энэ биеийн үнэ цэнэ, харилцааны дэг жаяг, байгаль дэлхийтэйгээ зөв харьцах арга ухааныг ухааруулан сургаж ирсэн уламжлалт сэтгэлгээ, ёс заншилтай ард түмэн.
Бидний таагүй зуршлууд
Гадаадад амьдарч байгаад ирсэн танил маань “Манай улс, Улаанбаатар хот маань их өөрчлөгдөж хөгжжээ. Гудамж, талбай, байшин барилга их сайхан болсон байна. Супермарктууд ч гадныхаас ялгагдах юм алга. Ганцхан хүмүүсийн соёл л их дутагдаж байна. Ялангуяа шүлсээ хамаагүй хаях, очерлож сураагүй нь их муухай харагдаж байна.” гэв. Нээрээ ч тийм дээ. Бидэнд дэлгүүр орох, эмнэлэгт үзүүлэх, банкаар үйлчлүүлэх, автобус, онгоцонд суух, хил, гаалиар орж, гарах гээд дараалал хүлээх үе гардаг. Манайхан очерлохдоо шахцалдан зүтгэнэ, “Би түрүүн энд байсан.”, “Очероо захисан юм аа.” гээд хүний өмнүүр дайрна, урдуур таньдаг хүн харагдвал шууд л яваад орчихно...
Иймэрхүү жишээ бидний өдөр тутмын амьдралд бишгүй тааралддаг. Улаан гэрэл асаж байхад хүлээлгүй замаар гарна, хог, цаас хамаагүй хаяна, хурал цуглаан, үзвэр, баяр ёслолын арга хэмжээ цагтаа эхлэх нь ховор гэх мэт. Ийм муу зуршлуудыг багачууд маань анзаараагүй юм шиг инээж хөхөрч, тоглож наадаж байвч тэр нь аль хэдийнэ тэдний тархинд хадгалагдчихсан байдаг ажээ.
“Хүн болох багаасаа...”
Барилга барихад бөх бат чанар нь түүний суурь хэрхэн тавигдсанаас бүрэн шийдвэрлэдэгтэй адил нялх, бага насандаа хүүхэд цаашдынхаа амьдралд хэрэгтэй бүх тоног хэрэгслийг цуглуулдаг. (Gerald Huether) Ямар хүн болох дүр төрх нь ч энэ насанд бүрддэг.
Манай эцэг эх, ялангуяа залуус бага насны хүүхдийнхээ хөгжил, төлөвшилд ихээхэн анхаардаг болжээ. Гэхдээ онох, бас алдах зүйл ч байна. Жишээлбэл, “Хүү/охиноо долоо хоногт 2 удаа цэцэрлэгээс нь гадуур IQ-гийн дугуйланд явуулж байгаа ш дээ.”, “Хүү/охин маань ирэх жил сургуульд орно. Энэ хавар уншуулж, бичүүлж сургах сургалтад явуулна аа.” гэх мэт үгс цөөнгүй чих дэлсдэг. Энэ эцэг эхчүүд хүүхдийнхээ зөвхөн оюун ухааны хөгжлийг л голлон анхаараад байгаа учир тэдэнд “Хүүхдээ зүгээр л цэцэрлэгт нь явуул, хүүхэд насыг нь эдлүүл” гэмээр байгаа юм. Ганцхан “толгой сайн” байснаар хүн ажил, амьдралаа амжилттайгаар зохицуулж чаддаггүй ажээ. Сэтгэл судлаачид (Peter Salovey, John Mayer, Daniel Goleman...) хүүхэд, түүнчлэн насанд хүрэгчид IQ-гээс гадна EQ сайтай байж илүү амжилтад хүрдгийг нотлон харуулсаар байна. Зарим нь IQ-гээс EQ илүү ач холбогдолтой гэж үзэх нь ч бий. EQ (Emotional intelligence)-г ерөнхийд нь “зан чанар, харилцаа”-тай дүйцүүлэн ойлгож болох бөгөөд үүнд өөрийнхөө сэтгэл хөдлөл, түүний үр дагаварыг мэдрэх, өөрийгөө хянаж удирдах, өөртөө итгэх, өөдрөг, сэдэл тэмүүлэл, идэвх зүтгэлтэй байх, бусдыг ойлгох, бусадтай харилцах, хамтран ажиллах чадварууд багтана. Тэгэхээр бид багаас нь хүүхдийн бүх талын хөгжилд, түүн дотор зан чанар, харилцаанд нь онцлон анхаарч, зөв төлөвшүүлснээр сайн хүн болох, ажил, амьдралдаа амжилт гаргах баттай суурийг тавих нь.
Бага насныхан бол гэртээ, цэцэрлэгт, ер нь хаана л байна тэндээсээ суралцаж байдаг. Гэхдээ тэдний суралцах үндсэн арга нь даган дуурайлт. Тэд Та юу хэлж, хийж, хүнтэй яаж харилцаж байна тэр бүгдийг тусган авч, даган дуурайдаг, сурдаг. Тэр ч байтугай хүүхэд томчуудын бусдад, ажил хөдөлмөр, орчиндоо хэрхэн хандаж байгаа хандлагыг хүртэл мэдэрч дуурайдаг ажээ.
Хүүхдэд энэ маань бага байна даа гэхгүйгээр жишээлбэл, “Шүлсээ гудамжинд хаяж болохгүй”, “Очерлохдоо өмнөх хүнээсээ алхам зайтай зогсоно, очерын дундуур орж болохгүй”, “Машинаар явахдаа хүүхэд арын эгнээнд сууна, хамгаалалтын бүс хийнэ”, “Гэрт, гадаа хаана ч хог хаяж болохгүй, хогийн саванд хийнэ” ... гэж ойлгуулаад, хэдийд ч хэрэгжүүлэхээр хэвшүүлчихвэл тэдний бага насандаа олж авсан дадал хэвшил насан туршид нь хадгалагдан хэрэглэгдэнэ. Үүнд ээж аав нарын үлгэр дуурайлал шийдвэрлэх нөлөөтэй. “Эх нь хээр алаг бол унага нь шийр алаг” гэж манай ардын зүйр үг бий.
Хүүхдэдээ үлгэрлэх нь
Хүүхдэдээ үлгэрлэнэ гээд Та ер бусын байдалд орно гэсэн үг биш. Та зүгээр л байдгаараа, гэхдээ “зөв” бай, өөрийгөө хяна. Үүнд өндөр эрдэм мэдлэг, их цаг хугацаа, хүч хөдөлмөр шаардагдахгүй. “Хүүхэд амьдралаас бүгдийг сурдаг” (Dorothy Law Nolte). Эцэг эх “зөв” байх гэдгийн дор хэдхэн санааг дурдъя.
Бусадтай эелдэг харилцах.
Та “Сайн байна уу?”, “Баярлалаа”, “Уучлаарай”, “Баяртай” гэсэн үгсийг зохих үед нь заавал хэрэглээрэй. Энэ нь хүүхдэд тань бусдад хүндэтгэлтэйгээр хандах, эелдэгээр харилцах, “болно, болохгүй”, “зөв, буруу”-г ялгаж сурахад тусална.
Хийж буй зүйлдээ сэтгэлээсээ, үнэнчээр хандах.
Том, жижиг гэлтгүй гүйцэтгэж буй үйлдээ сэтгэлээсээ, уйгагүй, үнэнчээр хандахад хүүхэд тэсвэр тэвчээр, сэтгэл, зүтгэл чармайлт гаргах шаардлагатайг мэдэрнэ, үнэнч зан чанарт суралцана.
Нийтээр тогтсон хэм хэмжээг сахих.
Гудамж талбай, олон нийтийн газар, гэр бүлдээ тогтсон зан заншил, дэг журмыг сахих нь хүүхдэд өөрийгөө хэрхэн бие даан авч явах зүг чигийг заана.
Тухайн байгаа байдалдаа сэтгэл хангалуун байх.
Атаа жөтөө, шунал, уур бухимдлаас ангид, хүсэл зорилготой байх, бусдын сайн талыг олж харах нь хүүхдэд тань аз жаргалтай байх, өөдрөг, тэмүүлэлтэй нэгэн болоход нөлөөлнө.
Тэгэхээр өдөр тутмын амьдралдаа зүгээр л “зөв” байгаарай. Тэгж байтал Та хүүхэд дээрээ гайхамшигтай үр дүнг мэдрэх болно. Үүгээрээ Та мөн эх орныхоо хөгжилд их хувь нэмэр оруулж байна гэсэн үг.
Н.Норжхорлоо