Хүүхдүүд тоглоомоо “3D ойдог баримал”-аар урласан нь
Бид хүүхэд бүр өөрийн онцлог, бүтээлч үйлээрээ хөгжиж, эзэмшсэн мэдлэг, чадвараа хэрэглээ болгоход чиглэсэн дугуйлангийн үйл ажиллагаа явуулж ирсэн. Түүнийхээ үр дүнг мэргэжил нэгт нөхөдтэйгээ хуваалцаж, санал, зөвлөмжийг тань сонсох зорилгоор энэхүү материалыг бэлтгэлээ.
Манай цэцэрлэгийн хүүхэд бүрийг хөгжүүлэх үзэл баримтлалын Эрхэмлэх зүйлд “Хүүхдийн хүсэл сонирхол, хэрэгцээнд нийцсэн аюулгүй, чөлөөтэй, сонголттой орчинд, хүүхдэд бүтээлч үйлийн эзэн байх боломжийг бүрдүүлэн, эцэг эх, багш ажилтан бүр зөв үлгэр дууриалал үзүүлж, хүүхэд бүрийг хөгжүүлнэ” гэсэн байдаг. Бид хүүхдэд яаж аюулгүй, чөлөөтэй, сонголттой орчин бүрдүүлэх вэ? Хүүхдийг үйлийн эзэн байлгахын тулд бид яаж ажиллах вэ? гэсэн хэлэлцүүлгийн явцдаа багш нар маань багш бүр өөрийн чадварт тохирсон дугуйлангийн үйл ажиллагааг нэмэлтээр хичээллүүлье гэж тохирсон. Ингээд нийт 12 бүлгийн багшийн 6 нь баримлын төрлөөр дугуйлан хичээллүүлэхээр болсон. Үүндээ бид “3D ойдог баримал”-ыг сонгон авч хэрэглэсэн юм.
3D ойдог баримлын онцлог, давуу тал
Энэ баримлын шавар нь юуны өмнө хурдан хатаж биеждэг онцлогтой. Мөн уян хатан, зөөлөн, амархан хэлбэрт ордог, биет үзүүлэн болдог, өнгөний сонголт ихтэй бөгөөд 2 өнгийг хооронд нь хольж шинээр өнгө үүсгэж болдог. Хүүхдүүд хорвоо ерөнцийг нарийн ажиглаж, баримлаар тоглох явцдаа ажигласан зүйлээ ургуулан бодож, бүтээлдээ бүтээлчээр буулгаж дүрсэлдэг нь тэдний танин мэдэх чадварын хөгжилд нөлөөлж байдаг. Тэд хийсэн бүтээлээ ашиглан тоглоход өөртөө итгэх итгэл нь нэмэгдэж, сэтгэл хөдлөлд нь нөлөөлдөг. Ойдог баримлаар хийсэн хүүхдүүдийн бүтээл удаан эдэлгээтэй, арчиж цэвэрлэж болдог, өнгө үзэмжтэй мөн тоглоом наадгай нь олон хувилбартай болж байснаараа ач холбогдолтой. Мөн 2 гарынхаа хөдөлгөөнийг хараагаараа хянах чадварт нь тустай. Иймд бидний нэрлэснээр “3D ойдог баримал”-ыг багш нар маань сонгон авч дугуйландаа ашигласан.
Багш хүүхдийг баримлаар тоглох явцад тэдний гаргасан санааг дэмжих, тоглоомоо олон хувилбараар сонирхолтой зохион бүтээхэд нь сэдэл өгөх, бүтээлийг хамтран хийх зэргээр нөлөөлөхөд хүүхэд дуртай, сонирхолтой байдаг.
Багшийн дэмжлэг, хүүхдийн бүтээл
Нэг жилийн хугацаанд туршиж хэрэгжүүлсэн дугуйлангийн сургалтын аргачлалууд, түүний үр дүн, хүүхдүүдийн хийсэн бүтээлийг хэрхэн сэдэвт тоглоом болон тухайн үед ажиллаж буй сэдвийнхээ хүрээнд сонгон ашиглаж байгааг харуулъя.
Аргачлалыг тухайн сэдэвтэй холбоотой, багш уншаад, хүүхдэд зааж өгч болох бичгэн, хүүхэд хараад шууд хийх боломжтой зурган аргачлал гэсэн 2 янзаар бэлтгэдэг.
“Гахай” сэдвийн хүрээнд хүүхдүүдийн хийсэн бүтээл
Багш нарын боловсруулсан аргачлалууд
Хүүхдүүд баримлаар бүтээл урлахдаа дуртай, баяр баясгалантай, хөгжилтэй байдаг.
Багш хүүхдүүдийн хийсэн бүтээлийг сургалтын хэрэглэгдэхүүн болгон ашигласан нь.
Хүүхдүүд өөр өөрийн өнгө аястай, төрөл бүрийн цасан өвгөн хийсэн байлаа.
Ойдог баримлаар хүүхдүүдийн хийсэн бүтээлийг “Шүд угаах“ дадал эзэмшихэд хэрэглэсэн.
Хүүхдүүдийн хийсэн хүнсний ногоог “Ногооны талбай” сэдэвт тоглоомд ашигласан.
“Жимсний талбай” сэдэвт тоглоом. Хүүхдүүдийн хийсэн жимснүүд.
“Манай гэр бүл”, “Машины зогсоол” сэдэвт тоглоом. Хүүхдүүдийн хийсэн бүтээлүүд.
“Өндөг”, Бага бүлгийн хүүхдүүдийн бүтээл
Хүүхдүүдийн хийсэн “Цох хорхой”, “Усны амьтад”
Хүүхдийн хөгжлийн ахиц
Хүүхдүүд өөрсдийнхөө хийсэн бүтээлээр тоглохдоо дур сонирхолтой, баяр баясгалантай байсны дээр тэд хийсэн бүтээлээ ухаалгаар бусад үйл ажиллагаатай холбон тоглож байсан. Тэдний хэл яриа, дүрслэн урлахуй, математик, нийгэмшихүй, хөдөлгөөн эрүүл мэндийн чадамжууд хурдацтай сайн хөгжиж байгаа нь судалгаагаар харагдсан.
2017 онд манай багш Г.Ариунжаргал дүүрэгт “Бага насны хүүхдийг гар урлалын төрөл, баримлаар дамжуулан хөгжүүлж, бүтээлийг ухаалаг хэрэглээ болгон ашиглах нь” сэдэвт илтгэл тавьж, "Дэд байр"-нд шалгаран улмаар нийслэлд амжилттай оролцож, БАТЛАМЖ авсан. Уг илтгэлдээ ойдог баримлаар урлан бүтээх явцад хүүхэд хэрхэн хөгждгийг тодорхой харуулсан.
Бид мөн энэхүү үйл ажиллагааны явцад хүүхэд хэрхэн өөрчлөгдөн хөгжиж байгааг тогтоохын тулд хүүхдийн “Хувийн хавтас”-д дүн шинжилгээ хийж үзсэн.
Багшийн хүүхдийн хөгжлийн ахицыг ажиглан тэмдэглэж, баримтжуулсан материалаас харахад он, сар, цаг хугацааны дарааллаар хүүхдийн урлан бүтээх чадвар ахисан нь бодит баримтаар харагдаж байсан.
Ойдог баримал хэрэглэхээс өмнө тосон баримал ашиглаж байх үеийн хүүхдийн бүтээл
Ойдог баримлаар хичээллэж эхэлснээс хойш хүүхдүүдийн хийсэн бүтээл
Үүнээс ойдог баримлаар урласан хүүхдийн бүтээл нь өнгөний зохицол сайн, нарийн жижиг зүйлүүдийг тодорхой харагдахуйц дүрсэн гаргасан, орчны юмсыг сайтар ажиглаж, өөрийн бүтээлдээ тусгаж чадсан нь ажиглагдаж байсан.
3D ойдог баримлыг эргүүлэн ашиглах нь
Хатууран биежсэн баримлыг дараах байдлаар эргүүлэн ашиглаж болно.
1. Хайчилж жижиглээд саванд хийнэ.
2. Усаар жигд шүршиж өгнө.
3. Тагийг тавиад нэг хонуулна. Ингэхэд баримал зөөлөрсөн байна.
4. Баримлыг бөөгнүүлэн авна.
5. Шинэ бүтээл хийнэ.
Хүүхдүүдийн хийсэн бүтээл, "Туулай"
Бидний дүгнэлт
- Хүүхэд ойдог баримлаар урлан бүтээж, түүнийгээ ашиглан тоглоход тэд өөрийн хүсэл сонирхол, санаа бодол, өөрийнхөө ертөнцийг чөлөөтэй илэрхийлж, маш бүтээлчээр ажиллаж байв.
- Ойдог барималаар хийсэн бүтээл нь өнгө үзэмж сайтай, гоёмсог бөгөөд сонирхолтой, хурдан хатдаг учраас хүүхэд бүтээлээрээ тоглох маш дуртай, баяр баясгалантай, хөгжилтэй, өөртөө итгэлтэй байсны дээр тэд хийсэн бүтээлээрээ янз бүрийн сэдвээр тоглох, ажиллаж буй сэдвийнхээ хүрээнд хүн, амьтан, эд зүйлсийг урлан бүтээх өргөн боломжтой байсан.
- Мөн багшийн сургалтын хэрэглэгдэхүүн болон сургалтын төвүүд хүүхдийн хийсэн бүтээлээр баяжигдаж, хүүхэд бүтээлээ ухаалгаар ашиглаж, хэрэглээ болгож чадаж байв.
Иймд бид цэцэрлэгийнхээ өдрийн дэглэмд баримлаар тоглох цагийг нэмэлтээр оруулан, хүүхэд хөгжүүлэх үйл ажиллагаандаа ойдог баримлыг тогтмол ашигладаг болсон. Бид Сонгинохайрхан дүүргийн 42 цэцэрлэгийн эрхлэгч, арга зүйч, багш нарт өөрсдийн боловсруулж, хэрэгжүүлсэн аргачлалууд, түүний хэрэгжилтийн үр дүнг танилцуулж, харилцан ярилцаж, хэлэцүүлэг хийж, санал, зөвлөмжүүдийг нь сонссон. Үзүүлэх ажилд нийт 42 цэцэрлэгийн 98 багш, 37 эрхлэгч оролцсон бөгөөд тэд бидний ажлыг өндрөөр үнэлж, нэн талархалтай байсан.
Нийслэлийн СХД-ийн 104 дүгээр цэцэрлэгийн арга зүйч Б.Баяртуяа