Хүүхдийг шүрээр хөгжүүлэх арга зүй
Хүүхдийг шүрээр тоглуулж, хөгжүүлэх арга зүйг би (Дундговь аймгийн 7 дугаар цэцэрлэгийн багш Л.Орхонтуул) 2014 оноос анх туршиж, хэрэгжүүлж эхэлсэн. Одоогийн байдлаар шүрээр дүрс, хэмнэл үүсгэх, цифртэй тэнцүү тоотой шүр хэлхэх, энгийн хөгжмийн зэмсэг, чийрэгжүүлэх зам хийх, шүр зурах, урлаж бүтээх гэх мэт сургалтын бүх чиглэлээр хүүхдэд сонирхолтой олон төрлийн үйл ажиллагаа явуулж байна.
Ач холбогдол
Энэхүү арга зүй нь хүүхдийн хөгжилд дараах ач холбогдолтой.
- Хүүхэд өөрөө санаачлан баяжуулж, бүтээлчээр үйл хийнэ.
- Хийсэн бүтээлээ тайлбарлан ярина.
- Аливаа зүйлд анхаарлаа төвлөрүүлж сурна.
- Ямар нэгэн эд зүйлс тодорхой хэлбэр дүрснээс бүтдэгийг мэднэ.
- Гар, хурууны булчин хөгжинө.
- Сэтгэх чадвар нь нэмэгдэнэ.
- Хийж бүтээсэн зүйлдээ баярлана.
- Бусадтай хамтран ажиллана.
Хэрэглэгдэхүүн
- өнгийн шүр
- үдээс
- хөөсөнцөр хэвнүүд
- төрөл бүрийн шүрээр бүтээсэн зурагт картууд
- баримлын шавар
- өнгийн цаас
- цавуу
- гуашь
Анхаарах зүйлс
- Хүүхэд шүрийг ам, хамартаа хийхээс сэргийлэх
- Жижиг шүрийг балчир насныханд хэрэглүүлэхгүй байх
Мэргэжил нэгт нөхдөдөө үйл ажиллагаанаасаа заримыг нь танилцуулъя.
Хүүхэд өөрийн сонгосон картыг ижил хэвнийх нь хамт авна. Карттайгаа ижил шүрийг хэвэнд шигтгэн хийнэ. Үүгээр гарын жижиг булчин хөгжинө, зүй тогтлыг ажиглаж анхаарлаа төвлөрүүлнэ, өнгө нэрлэнэ, хийсэн бүтээл дээрээ ярилцана. (Энэхүү хэвийг хөөсөн хавтанг цоолтуураар цоолж хийсэн болно.)
Хүүхдүүд шүрээ хэлхэж ямар нэгэн бүтээл хийнэ. Хийсэн бүтээлдээ орсон шүрний тоо, өнгөний дагуу баримлыг бөөрөнхийлж, өөр нэг хувилбарыг бүтээнэ.
Шүр хэлхээд дараа нь хүүхэд хэлхсэн шүрнийхээ өнгөний дарааллын дагуу зурж хайчлаад, нааж болно.
Зүүлт, бугуйвч гэх мэт төрөл бүрийн бүтээл хийж хамтдаа тоглоно. Жишээ нь: ”Дэлгүүр” сэдэвт тоглоомд ашиглаж болно.
Шүрийг халбагаар нэг савнаас нөгөө сав руу нэг нэгээр нь тоолж хийнэ. "Зогс" гэсэн дохиогоор дүн тоог хэлнэ. Мөн ижил тооны шүрийг уралдаж хийж болно.
Хэлхсэн шүрээ дуурайлган дарааллын дагуу ижил өнгийн шүр зурж, будна. Мөн шүрний өнгөний дарааллын дагуу хурууны өндгөөр дардас үүсгэн зурж болно.
Дундговь аймгийн Сайнцагаан сумын 7 дугаар цэцэрлэгийн багш Л.Орхонтуул