Цэцэрлэгт То Вангийн сургаалийг хэрэгжүүлэхэд

Халхын хэцүү То Ван хэмээх Б.Тогтохтөр (1797-1887)-ийн үзэл баримтлал, үг сургаалийг онолжуулан, сургуулийн өмнөх боловсролын сургалтын тогтолцоонд хэрэгжүүлэхэд энэхүү нийтлэлээ зориулав.

То ван (Б.Тогтохтөр) нь 1797 онд Сэцэн хан аймгийн Илдэн вангийн хошуу Одоогийн Дорнод аймгийн Халх гол сумын Сангийн далай хэмээх газар төржээ.

Түүний бага насны хүүхдийн сургалт, хүмүүнжилд зориулсан онолын зарим санааг авч үзье.

То ван  “Хүүхдийг хэлд орох цагаас эрдэм номд чиглүүлж, хөлд орох үеэс, аж төрөх ухааны дөртэй болгон, ёс журамтай өв тэгш иргэн болгож хүмүүнжүүлнэ” гэсэн байдаг. Энэ нь ямар утга учир агуулсныг тодруулъя.

Тэрээр багачууд хүүхдийг хэлд орох цагаас эхлэн тэдний сурах хүсэл сонирхол, эрмэлзэл, авьяасыг нээж, бусдын дэмжлэгтэйгээр өөрөө бие дааж суралцах, цаашид амьдрах арга ухаан, анхны танин мэдэхүйн талаарх мэдлэг, тодорхой чадвар эзэмшүүлэхийг “Эрдэм номд чиглүүлж” гэж тодорхойлжээ.

“Чиглүүлж” гэдгээр эцэг, эх, асран хамгаалагч нь багачуудын аливаа үйлийг хийж гүйцэтгэхэд нь дэмжлэг үзүүлж, тэдний сурч эхэлж буй тэр мөчийг хүүхэдтэйгээ хамтран амжилттай эхлүүлэн, цааш үргэлжлүүлэх үүргийг томьёолсон байна. Хүүхэд бие дааж болон бусадтай хамтран тоглох, зөв харилцан ярилцах, бусдыг хүндлэх, мэндлэх ёс заншил эзэмших, хувцсаа тайлж, өмсөж сурах, эвхэж тавих, зураг дүрсийг будах, эвлүүлэх зэрэг төрөл бүрийн арга зүй эзэмших нь үүнд хамрагдана.

Хэлд орох үеэсээ суралцах ухааны анхны арга барил эзэмшиж эхэлсэн хүүхэд хөлд орох үеэсээ цааш гүнзгийрүүлэн аливаа үйлийг өөрийн биеэр даган дууриаж хийх, бие дааж тоглох явцад нь аяга, халбага хураах, хөдөөний нөхцөлд мал бусад зүйлийг ажиглаж сурах, аргал түлээ оруулах, зэлний аргал дэлгэлцэх, тоглосон тоглоомоо хураах, өөрийн сонирхлын дагуу бусдын хийж буй ажилд туслах, ааруул, ээзгий савлах, орчноо цэвэрлэх, тарьсан цэцэг, мод услах зэрэг гэрийн ойр зуурын ажлуудыг тохирох хэмжээнд нь зөв хийж гүйцэтгүүлж, энэ явцад эцэг эх багш, асран хамгаалагчид тусалж дэмжин аж төрөх аргад суралцуулж буй бодит хэлбэрийг “Аж төрөх ухааны дөртэй болгох” хэмээн тодотгосон байна.

“Дөртэй” болгох гэдгийг тоглох болон ажил үйл хийх анхны арга эвийг олох, аливаа юманд эв дүйтэй хандах хандлагатай болох, тоглох, ажил хөдөлмөрийн дадал туршлага суулган суралцуулах явцад аргыг нь олох, олон талаас харахыг оролдох, эвийг нь тааруулах, дадамгай болох зэргийг хамруулан тодорхойлсон.

Ёс журамтай гэдэг нь хүндлэл, мэндлэл, найр тавих, гэрийн баримтлах ёс заншил, дэг жаяг, хууль журам баримтлахыг хэлсэн.

Өв тэгш гэдэг нь сайн сайхны цогцийг хэлнэ.

”Эрдэм мэдлэг, аж төрөх үйл, амьдралын ёс журмыг нэгэн зэрэг эзэмшүүлэх явдал чухал” хэмээснийг сийрүүлвэл:

Нэгдүгээрт,  Эрдэм мэдлэг гэдэгт хүүхдийн тоглох, хооллох, хувцаслах, асуулт тавих, хариулт авах зэрэг анхны хэрэгцээнээс эхлээд үсэг, тоо тогтоох, бичих, ном уншихаас гадна тэдний хийж буй бүхий л үйлийг хамруулж, хүний хийж чаддаг бүхэн эрдэм хэмээн тодорхойлсон. Хүүхдийн хувьд сурч мэдэх хүсэл хэрэгцээ байнга нэмэгдэж байдаг тул тэднийг дэмжин, өөрсдийн баялаг туршлагаасаа өвлүүлэн үлдээж, хөгжлийг  нь бодитоор дэмжих нь чухал болохыг томчуудад сануулсан.  

Хоёрдугаарт, Аж төрөх үйл гэдэгт хувцсаа зөв өмсөх, тайлах, аяга, халбагаа хураах, угаах, зөөх болон гэрийн бусад ажилд туслалцуулах, гэрт мөн гадаах орчныг ажиглуулж, асуултад нь үнэн зөв хариулах, ярилцах, тайлбарлах, амьдралд шаардлагатай  бүхий л үйлийг хийж сурахыг хамруулсан.

Гуравдугаарт, Амьдралын ёс журам гэдэгт мэндлэх хүндлэх, талархах, найр тавих, үнэнч шударга байх, ёс заншлаа дээдлэх, бусдад туслах, уучлах, уучлуулах зэрэгт сургаж, хэвшүүлэх нь хүүхдийг хүнлэг энэрэнгүй, эх оронч үзэлтэй иргэн болж төлөвшүүлэх зорилгод нийцнэ. Ингэхдээ өөрсдийгөө даган дууриалган хөгжүүлэх нь туйлын чухал гэдгийг тодотгосон.  

Хүүхдийг идэж чадмагц баруун гарыг сургана

Хэлж чадмагц эрхлэх дууг үл гаргана

Явж чадмагц дөрвөн зүг дээд, доодыг мэдүүлнэ

Мэхэсхийж чадмагц ёслол найр тавих, эцэг эхээ хүндэтгэхийг сургана гэсэн нь монгол хүүхдийг ахуй нөхцөл, зан үйл, өв соёлдоо тулгуурлан бага наснаас нь гэрийн болон цэцэрлэгийн орчинд хэрхэн сургаж, хүмүүнжүүлэх зорилго болой.

То вангийн энэхүү үзэл санааг цэцэрлэгийнхээ сурган хүмүүжүүлэх үзэл баримтлалд хэрхэн буулгаж томьёолсныг дараагийн удаа та бүхэндээ танилцуулах болно.

 

ТО ВАН судлаач багш         Х. Ивансан, Б.Даваасамбуу