Бидний бүтээсэн “Моносхон” номын сан

УБТЗ-ын Хүүхдийн секторын харьяа Зүүнхараа дахь “Моносхон” цэцэрлэгийн  хамт олон бид хүүхдийг номонд дуртай болгох, номоор дамжуулан хүүхдийн хэл яриа, сэтгэхүйг хөгжүүлэх, тэдэнд  хүссэн үедээ номтой танилцаж, ном хэрэглэх, сонсож ойлгосноо бусдад ярих, багш, эцэг эхчүүдэд хүүхэдтэйгээ “амьд” харилцаа үүсгэн, ном уншиж өгөх, харилцан ярилцах, боломж олгох зорилгоор “Ном” төслийг боловсруулсан. Энэхүү төслийг Зүүнхараа зангилааны Өртөөнөөс санхүүжүүлсэнд бид нэн талархалтай байдаг бөгөөд 2019 онд цэцэрлэгийн насны хүүхдэд зориулсан “Моносхон” нэртэй номын санг байгуулан ажиллуулж байна.

Моносхон номын сан нь тус цэцэрлэгийн 10 бүлгийн 371 хүүхэд, тэдний эцэг эх, асран хамгаалагчдад үйлчилдэг. Бага насны хүүхдэд зориулсан нийт 550 ширхэг номтой, хүүхдүүд номын сандаа орж, ажиллах хамгийн дуртай.

Манай багш, ажилтнууд номын сангийн доторх барилга засварын ажил, уналттай тааз, гэрлэн чимэглэл болон номын тавиуруудыг өөрсдөө хийсний дээр номын фондоо нэмэгдүүлэхийн тулд эсгий ном урлан  бүтээх зэрэг бүтээлч ажлуудыг санаачилан  хийсэн.  

 

Номын сангийн өрөө

 

Тохитой, өргөн сонголт бүхий номын сантай болсноор хүүхдэд төдийгүй багш, ажилтан, эцэг эхэд олон нааштай ахиц өөрчлөлт гарч байна.

 

Хүүхдэд гарч байгаа ахиц өөрчлөлт

  1. Анхаарлаа төвлөрүүлж, тогтож суух хугацаа нь нэмэгдсэн.
  2. Хүүхдүүд үзэх номоо сонгодог, сонгосон номоо бүрэн үздэг болсон.
  3. Өөрийн үзэх дуртай номоо үзээд баярладаг, сэтгэл хөдлөлийг үзүүлдэг.
  4. Бусдыг мэдэрч зохицон, хамтдаа ном үзэж ярилцдаг.
  5. Бусдын баяр баясгаланг хуваалцдаг.
  6. Номын зургийг найзууддаа, багшдаа, эцэг эхдээ тайлбарлан ярьдаг.
  7. Хүүхэд өөрийн сайн мэдэх үлгэрийг зургийн дарааллыг мэддэг, үйл явдлын дагуу ярих чадвар сайжирсан.
  8. Өөрийн дуртай үлгэрийн баатруудыг ялган нэрлэх, зурах дуртай болсон.
  9. Үзсэн номоо буцааж номын тавиурт байранд нь тавьдаг.
  10. Болно, болохгүй гэсэн зааврыг ойлгож, номын сангийн дүрмийг биелүүлдэг.
  11. Номыг хайрлан, хуудсыг нэг нэгээр нь зөв эргүүлж, гамтай хэрэглэж байна.
  12. Хүүхэд бүр ном унших үзэх, номонд дуртай болсон.
  13. Номын санд дахин дахин орж үйлчлүүлэх дуртай болж, өөрийн санаа бодол, хүслээ илэрхийлэх чадвар сайжирсан.
  14. Номын тухай дууг амархан сурч, дуулдаг болсон.
  15. Хүүхдүүд цаасан номноос илүүтэй эсгийгээр хийсэн буюу хүүхэд өөрөө хүртэж мэдрэх, бүтээлчээр ажиллах номыг сонгон, үзэх, ярих дуртай, ингэхдээ баяр баясгалантай байгаа нь ажиглагдсан.

 

 

Хамт олон, эцэг эхэд үзүүлсэн нөлөөлөл

Багш, ажилтанд

  • Багш нарын арга зүйд шинэлэг, бүтээлч санаанууд нэмэгдсэн.
  • Багш номыг хүүхэд хөгжүүлэх үйл ажиллагаанд олон янзаар ашигладаг болсон.
  • Номыг хүүхдийн хөгжлийн ахицыг үнэлэхдээ ашиглаж байна.
  • Хүүхдийн хөгжлийн ахицыг үнэн зөв үнэлэх шинэ орчин бий болсон.
  • Хүүхэдтэй илүү ойр дотно харилцаж, ярилцдаг болсон.
  • Хүүхдийг сонсох, ярилцах, дэмжин тусалж чиглүүлэх байдал сайжирсан.
  • Багш нар хүүхэд хөгжүүлэх шинэ орчин бүрдсэнд сэтгэл санаа өөдрөг байгаа.
  • Багш, ажилтнууд өөрсдийн урлаж бий болгосон таатай орчин, бүтээсэн номнуудаараа бахархаж, илүү ихийг хийх хүсэл тэмүүлэлтэй болсон бөгөөд идэвх оролцоо, санаачилга нь нэмэгдсэн.

 

 

Эцэг эхэд

  • Эцэг эх хүүхдээ сонсдог, ярилцдаг болж байна.
  • Хүүхдэдээ ном уншиж өгөхөд цаг гаргадаг болсон.
  • Хүүхэд эцэг эх, эмээ өвөөтэйгээ хамт ном үзэж, ном уншуулах, тайлбарлуулахдаа баяр хөөртэй, өөртөө итгэлтэй байдаг болсон.
  • Эцэг эх хүүхдээ номоо үзэж дуусахыг тэвчээртэй хүлээдэг болсон.
  • Эцэг эх, багш, хүүхдийн хоорондын харилцаанд эерэг өөрчлөлтууд гарч, сонирхолтой, хөгжилтэй, баяр баясгалантай байдаг бөгөөд бид бүгдээрээ хүүхдүүдтэйгээ хамтдаа хөгжиж байна.

 

Эцэг эхийн дунд зохион байгуулж байгаа “Хамтдаа уншъя“ сэдэвт ажлаас

 

Багш, ажилтан бүрийн урлан бүтээсэн “Эсгий ном”

 

 

 

УБТЗ, Хүүхдийн секторын харьяа Зүүнхараа дахь                                

“Моносхон” цэцэрлэгийн эрхлэгч О.Бадамцэцэг