“Багш-хүүхэд-эцэг эх” 3 талт харилцаан дээр хийгдэх ажиглалт
Др.Бернхард Нагел
- Цэцэрлэг дэх ажиглалт
- Цэцэрлэгт хүүхдийг хөгжүүлэх үйл ажиллагааны хүрээнд хүүхдийг ажиглахад эцэг эхийг татан оролцуулах нь
Боловсролын салбарт сургуулийн өмнөх боловсролын байгууллагын үүрэг чухлаар тавигдаж, шинэ агуулгаар баяжиж байна. Ялангуяа сургуулийн өмнөх боловсролд дараах асуудлыг онцгойлон авч үзэх болов.
1. Хүүхдийн хөгжлийг ажиглах болон баримтжуулах
2. Хүүхэдтэй ажиллах үйл ажиллагааг индивидуалчлах, үүнтэй холбоотойгоор мэргэжлийн хүмүүсийн хүүхдийг оношлох чадамж
3. Цэцэрлэг болон эцэг эхийн хамтын ажиллагаа
Энэ сэдвийн хүрээнд хүүхдийн хөгжлийг дэмжих үйл ажиллагааг багш–хүүхэд–эцэг эхийн 3 талт харилцаан дээр явуулах, энэ нь цэцэрлэгийн гол үүрэг гэсэн ойлголт чухлаар тавигдах болно.
Цэцэрлэгт зөвхөн мэргэжлийн хүмүүс хүүхдийн хөгжлийг ажиглаж, баримтжуулдаг байсан бол сургуулийн өмнөх боловсрол дахь практик үйл ажиллагаа болон судалгаагаар эцэг эхэд зохицсон арга хэрэгсэл (Ажиглалтын хуудас)-ийг бий болгосноор хүүхдийн хөгжлийг ажиглах үйл явц болон хүүхдийнхээ хөгжлийг дэмжихэд эцэг эхчүүдийг татан оролцуулах боломж бүрдэж байна.
Хүүхэд нь цэцэрлэг тогтмол явах боломжгүй алслагдсан бүс нутагт амьдардаг эцэг эхчүүдэд энэхүү ажиглалтын хуудас нь хүүхдийнхээ хөгжлийг дэмжихэд чухал нөлөөтэй. 1. Энэ нь эцэг эхчүүдэд хүүхдийнхээ хөгжлийг ажиглах, дэмжих чиглэлийг өгдөг. 2.Энэхүү стандартчилагдсан ажиглалтын хуудсын дагуу эцэг эхийн цуглуулсан мэдээлэл нь багшийн сурган хүмүүжүүлэх ажилд чухал дэмжлэг үзүүлдэг. Энэ нь нэг талаасаа хүүхдийн хөгжлийн талаар мэдээлэл өгөхийн зэрэгцээ нөгөө талаас цэцэрлэг болон гэр бүл хамтдаа хүүхдэд дэмжлэг үзүүлэх чухал суурь дэвсгэр болдог.
Жишээлбэл, хүүхэд нь цэцэрлэгт хааяа явдаг эсвэл огт цэцэрлэгт явах боломжгүй алслагдмал газар амьдардаг эсвэл малчин эцэг эхчүүдэд ийм хэрэгслийг өгвөл хүүхдийнхээ хөгжлийг бага ч болов дэмжих боломжтой. Мөн багшид хүүхэд буцаад цэцэрлэгтээ ирэхэд цэцэрлэгт ирээгүй хугацаанд тухайн хүүхдийн хөгжилд ямар ахиц амжилт гарсан талаарх мэдээлэл авах боломж бүрдэнэ.
1.1. Цэцэрлэг дэх ажиглалт
Ажиглалт ба баримтжуулалт
Ажиглалтаар хувь хүний хөгжил, боловсролын үйл явцыг хүүхэд бүр дээр тасралтгүй тогтоох боломжтой бөгөөд энэ нь сурган хүмүүжүүлэх үйл ажиллагаа, ялангуяа хүүхдэд үзүүлэх дэмжлэг, арга хэмжээг индивидуалчилах гол суурь нь болдог. Үүнд “Хөгжлийн түншлэл” буюу цэцэрлэг болон эцэг эхийн хамтын ажиллагааг бий болгох, түүнд шаардагдах нөхцөлийг бүрдүүлэх нь хамгийн чухал.
Хүүхдийн хөгжлийг ажиглаж, баримтжуулах нь зөвхөн хийгээд л орхичих ажил биш ээ. Энэ нь сурган хүмүүжүүлэх ажилд ашиглагдана гэдгийг эрх зүйн баримт бичгүүдэд тусгасан байх шаардлагатай. Энэхүү хэрэглээ нь юуны өмнө мэргэжлийн хүмүүсийн хувьд хүчин чармайлт гаргаж, ач холбогдолтой гэдэг нь мэдрэгдсэнээр байгууллагад хүлээн зөвшөөрөгдөнө.
Ажиглалт, баримтжуулалт нь олон талын нөлөөтэй. Үүнд:
(-) Хөгжлийг нь дэмжих явцад хүүхдийн давуу талыг зорилготойгоор эрж илрүүлэн, хөгжлийн хэрэгцээ нь нэмэгдэж буй орон зай \areas\-г тодорхойлно.
(-) Хүүхдийн Хувийн хавтаст "хөгжлийн ул мөр"-ийг баталгаажуулж, "хүүхдийн санах ой"-д нь нөлөөлөх баримт мэдээллийг цуглуулна.
(-) Багш – хүүхэд – эцэг эхийн 3 талт харилцаанд хамтын ажиллагааг бэхжүүлнэ.
Ажиглалт, баримтжуулалтын бас нэг чухал нөлөө нь цэцэрлэгт хөгжлөөрөө анхаарал татсан хүүхдийг эрт илрүүлэхэд оршино. Байгууллагад тусгай хэрэгцээтэй дараах хүүхдүүд байж болох юм.
(-) Анхаарал татсан хүүхэд
(-) Асуудалтай хүүхэд
(-) Эрсдэлтэй хүүхэд. Эрсдэлтэй хүүхэд гэж:
- “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд” (бие махбод, оюун ухаан, сэтгэл санааны хүнд бэрхшээлтэй, жишээлбэл, Дауны синдром)
- Тодорхой өвчлөлттэй холбоотой хөгжлийн эмгэгтэй хүүхэд
- Хөгжилд нь саад учирсан хүүхэд
Мэргэжлийн хүмүүс цэцэрлэгт ажиглалт, баримтжуулалтаар анзаарагдсан анхаарал татсан хүүхэдтэй дараах байдлаар ажиллана.
- Цөөн хүүхдийн дунд ажиллуулах (Эмнэлэг, зөвлөгөө өгөх газрын адилаар)
- Бусад хүүхэдтэй харьцуулж, тухайн хүүхдийн бусдаас ялгарч буй онцлогийг таниж мэдэх
- Цэцэрлэгт явагддаг үйл ажиллагаануудын явцад даалгавар биелүүлэхдээ олонтоо бүтэлгүйтэж байна уу гэдгийг анзаарч хөгжлийн асуудлыг нь ажиглах
- Хүүхэд бүрийг илүү сайн таньж мэдэх
- Насны онцлогийг нь харгалзах
- Орчинтойгоо илүү харьцах боломж олгох
- Мэргэжлийн боловсон хүчнийг хүүхдийн асуудал, бэрхшээлийг эрт илрүүлэх чадвартай болгох
- Эцэг эхтэй холбогдож харилцах
1.2. СӨБ-ын мэргэжлийн хүмүүсийн индивидуалчлах ба оношлох чадамж
Индивидуалчлал
“Индивидуалчлал”, “Индивидуал сургалтын хөтөлбөр”, хүүхдэд “индивидуал дэмжлэг” үзүүлэх буюу ангийн хүүхдүүдийг ялгаатайгаар авч үзэж, хөгжлийн түвшинд нь тохирсон дэмжлэг үзүүлэх (Binnendifferenzierung) талаарх ойлголт өнөө үед сурган хүмүүжүүлэх ухаанд томоохон байрь суур эзэлж байна.
Анги доторх ялгаа онцлогийг харгалзан сургалтын үйл ажиллагаа явуулах нь индивидуалчлах гол суурийг тавина. Анги янз бүрийн бүтэц бүрэлдэхүүнтэй байх нь мэдээж бөгөөд энд гагцхүү дидактик-арга зүйн талаас индивидуалчлалыг шаардана. Энэхүү индивидуалчлал нь сургалтын орчны зохион байгуулалт\сонголт болон гүйцэтгүүлэх тодорхой үйлүүдын аль алиныг хамарна. Үүгээр хүүхдүүдийн ялгаатай байдлуудыг үгүйсгэх бус харин түүнийг идэвхтэй, үр дүнтэй зохицуулахыг хэлнэ. Анги доторх энэхүү ялгаатай байдлуудыг ачаалал дарамт байдлаар бус харин түүнийг боломж гэдгээр авч үзнэ. Энэ нь интеграчилан мөн хамруулан (inclusive) сургах сургалтын суурь нь болж өгдөг.
Сурган хүмүүжүүлэх индивидуалчлал нь оношлох чадамж дээр тулгуурлах бөгөөд оношлох чадамж нь багшид тодорхой зорилготойгоор хүүхдэд тохирсон дэмжлэг үзүүлэх нөхцөлийг бүрдүүлнэ.
Оношлох чадамж
Оношлох чадамж гэдгийн дор цэцэрлэгт ажиллаж буй мэргэжлийн хүмүүсийн хүүхдүүдийн онцлог шинж чанарыг зохих ёсоор ажиглаж, дүгнэх, хөгжлийн чиглэлүүд дэх төлөв байдлыг хангалттай түвшинд үнэлж чадах чадварыг ойлгоно.
Оношлох чадамж бол цэцэрлэг дэх сурган хүмүүжүүлэх ажлын салшгүй хэсэг бөгөөд ажлын чанарын нэгэн чухал үзүүлэлт тул багш нарын эзэмших шаардлагатай гол чадвар юм.
Оношилгооны арга техник (procedures)
Хүүхдийн хөгжлийн түвшинг ажиглаж дүгнэхэд дараах ажиглалтын арга буюу оношилгооны процедур (арга техник)-ыг ашиглах боломжтой. Үүнд а/ албан бус арга, б/ нягтлах (screening) в/ стандартчилагдсан тест, г/ ажиглалт, д/ асуулга зэрэг багтана.
Аль процедурыг эсвэл тэдгээрийг хэрхэн хослуулж ашиглах нь а/ тухайн процедурыг ашиглах гэж хүний чадамж, б/ тухайн процедурыг ашиглах зорилго, в/ хэрэглэх процедурын чанар чансаа болон г/түүнийг ашиглах нөхцөл байдлаас хамаарна.
Зураг: Дангаар болон хосолсон байдлаар ашиглаж болох ажиглалтын аргууд
Аль ч процедурын хувьд зайлшгүй шаардлагатай зүйл бол тэдгээрийн чанарын асуудал юм. Ялангуяа дараах шалгууруудаар зайлшгүй авч үзэх шаардлагатай.
- Онолын үндслэл: Тухайн процедур нь орчин үеийн судалгааны түвшинд нийцэж байгаа эсэх
- Эмпирик баталгаажуулалт: Энэ нь судлагдсан процедур уу? Эмпирик судалгааны “бодит”, “найдвартай”, “баттай” байдлыг хангаж байна уу?
- Сургалтын хөтөлбөртэй нийцэж буй байдал: Процедур нь сургуулийн өмнөх боловсролын сургалтын хөтөлбөрийн тодорхой зорилго, зорилттой уялдаж байна уу?
- Практикт хэрэгжих боломж: Хэр зэрэг зардал шаардагдах вэ? Цэцэрлэгийн сурган хүмүүжүүлэх ажилд хэр үр өгөөжтэй вэ? Багш нар болон эцэг эхэд ойлгомжтой юу?
1.3. Цэцэрлэг, эцэг эхийн хамтын ажиллагаа
Боловсролын цаашдын төлөв байдлаас харахад цэцэрлэг болон эцэг эхийн хамтын ажиллагаанд шинэ шаардлага тавигдаж байна. Харилцан товч мэдээлэл солилцох (үүд хавьд), эцэг эхийн хурал, нээлттэй хаалганы өдөр, хамтдаа урлах үйл ажиллагаа, сэтгэл ханамжийн судалгаа, спорт урлагийн арга хэмжээ зэрэг уламжлалт арга хэмжээнээс илүү байгууллагын сурган хүмүүжүүлэх үйл ажиллагааг чанаржуулах тал дээр эцэг эхийн оролцоог нэмэгдүүлэх шаардлага тулгарч байна. Жишээлбэл, эцэг эхчүүдийн онцлог ур чадвар дээр тулж ажиллах (мэргэжлийнх нь талаас, гар урлал гэх мэт) Хамгийн гол нь эцэг эх бүртэй хүүхдийнх нь хөгжил төлөвшлөөр эрчимтэй хамтран ажиллах. Энэхүү үйл ажиллагааны нэг нь багш, эцэг эхийн хооронд явагдах “Хөгжлийн ярилцлага” юм.
“Хүмүүжил сургалтын ажлын түншлэл”
Байгууллага ба эцэг эх хоорондын энэхүү нягт хамтын ажиллагаа нь ихэнхдээ "байгууллага ба гэр бүлийн түншлэл" буюу "хүмүүжил сургалтын түншлэл" гэсэн утгыг агуулдаг.
Хүмүүжил сургалтын түншлэл гэсэн нэр томьёог сурган хүмүүжүүлэх зүйд олон янзаар тайлбарласан байдаг. Зохиогчид энэ ойлголтыг мэргэжлийн талаас нь нарийвчлан тодорхойлохыг эрэлхийлж байна.
Христенсон, Шеридан нар (Christenson und Sheridan[1]) нар “Хүмүүжил сургалтын түншлэл”-ийн дөрвөн онцлог шинжийг тодорхойлжээ. Үүнд:
- Хүүхэд бүрийн сурч боловсрох нөхцөл, боловсролын үйл явц, үр дүнг сайжруулахад багш болон эцэг эх хамтдаа хүчин чармайлт гарган, өргөн цар хүрээнд нөлөөлж, дэмжлэг үзүүлэх;
- Хүүхдийн хүмүүжил, нийгэмших асуудалд багш, эцэг эх хамтдаа хариуцлага хүлээж, ингэхдээ тэд тус тусын үүргийг хатуу тогтоохгүйгээр өөр өөрсдийн чухал гэж үзсэн зүйлээрээ, онцлог нөөц боломжоороо идэвхтэй, бодитойгоор оролцон ажиллах;
- Байгууллага болон гэр бүл хоорондын холбоо, мэдээлэл солилцооны чанарыг сайжруулахад зориуд хүчин чармайлт гаргах, хүүхдийн сайн сайхны төлөө эцэг эх, багш нар хамтран ажиллах бүтээлч харилцааг бий болгох;
- Хүүхдийн хөгжилд шаардагдах таатай нөхцөлийг бүрдүүлэхэд анхаарч, шийдлийг олж ажиллах.
Эцэг эх, боловсролын байгууллага хоорондын хамтын ажиллагаа: Шинжлэх ухааны үндэслэл
Эцэг эх болон байгууллага хоорондын нягт сайн харилцаа нь сургуулийн өмнөх боловсролын ажлын чанарыг илтгэдэг.
Энэхүү хамтын ажиллагааны ач холбогдлыг батлан харуулсан олон тооны судалгааны үр дүн, нотолгоонууд байдаг.
Судалгааны зарим үр дүнгээс дурдахад цэцэрлэгээр хүмүүжиж буй хүүхдийн хөгжил, боловсролд гэр бүл чухал нөлөөтэй бөгөөд “гэр бүл”–ийн үзүүлэх нөлөө цэцэрлэгээс илүү байдаг нь тогтоогдсон. Мөн түүнчлэн гэр бүлийн таагүй, нөлөөлөл багатай орчин нөхцөл хүүхдийн боловсрол эзэмших боломжид сөргөөр нөлөөлдөгийг баталсан баримтууд цөөнгүй бий.
Онолын үүднээс авч үзэхэд хамтын ажиллагаа болон хоорондоо зохицон ажиллах эрэлт хэрэгцээ нь нийгэмшихүйн онолоос үүдэлтэй. Бронфенбрэннер (Bronfenbrenner[2]) экосистемийн загвартаа нийгмийн байгууллагууд ба гэр бүлийг салгаж үзэж болохгүй гээд, тэдгээрийг илүү өргөн хүрээнд хамтад нь авч үзсэн. Тэрээр эдгээр хоёр байгууллагын хоорондын холбоо хамаарал, харилцан үйлчлэлийг "Месосистем"-ийн түвшинд тайлбарласан байдаг. Бронфенбрэннерийн үзсэнээр өөр өөр системүүд хоорондоо нийцэж байх тусам хүний хөгжилд сайнаар нөлөөлдөг ажээ. Хүний аль нэг системд эзэмшсэн туршлага, зан үйл өөр системд мөн дамжин ашиглагддаг байна.
Хүүхдэд үзүүлэх нөлөө
Судалгаагаар эцэг эхийн оролцоо болон хүүхдийн үзүүлж буй амжилт буюу чадамжийн хооронд эерэг холбоо хамаарал байдгийг тогтоосон байдаг. Энэхүү холбоо хамаарал нь үндэсний цөөнх, нийгмийн давхарга, эцэг эхийн боловсролын түвшнээс хамааралгүй, бөгөөд цэцэрлэгээс эхлэн аль ч дунд сургуульд, альч насны хүүхдэд эерэг байгаа нь батлагдсан. Мөн эцэг эхийн дэмжлэг сайн байх тусам хүүхдийн бусадтай харилцах харилцаа, сургууль, сурах үйлд хандах эерэг хандлага, өөртэй итгэх итгэл, сурах сэдэл болон ирээдүйдээ итгэх итгэлд сайнаар нөлөөлдөг гэсэн ойролцоо дүгнэлт гарсан байдаг.
Их Британи Улсад явуулсан урт хугацааны EPPE[4] судалгаагаар хүүхэдтэй холбоотой асуудал, боловсрол хүмүүжлийн зорилгын талаар эцэг эх болон цэцэрлэг хооронд тогтмол явагддаг мэдээлэл солилцоо нь сургуулийн өмнөх боловсролыг үр дүнтэй явуулахад чухал нөлөө үзүүлдэгийг мөн тогтоожээ.
Эцэг эхэд үзүүлэх нөлөө
Эцэг эхийн идэвх зүтгэл, цэцэрлэгтэй хамтран ажиллах ажиллагаа нь хүүхдэд төдийгүй, эцэг эхчүүдэд өөрсдөд нь нөлөөлдөг. Идэвхтэй хамтын ажиллагаа нь эцэг эхийн сургууль болон багш нарт хандах хандлагад эерэг нөлөө үзүүлдэг. Хүүхдийнхээ сургалт хүмүүжлийн үйл явцад эцэг эх идэвхтэй оролцсоноор тэдний өөрийгөө ойлгох, өөртэй итгэх итгэлд сайнаар нөлөөлдөг.
Байгууллагад үзүүлэх нөлөө
Эцэг эхийн идэвх оролцоо, амжилттай хамтын ажиллагаа нь багшаас эцэг эхэд хандах хандлагад эерэгээр нөлөөлөх бөгөөд энэ нь цаашдын холбоо харилцааг сайжруулна. Ийнхүү бий болсон эцэг эхийн эерэг харилцаа нь эргээд хүүхдийнх нь хандлага, байр суурь, тухайн байгууллага, ажилтнуудад сайнаар нөлөөлнө.
“Хөгжлийн түншлэл” нь сургалтын байгууллага, эцэг эхийн хамтын ажиллагааны нэг хэсэг болох нь
“Хөгжлийн ярилцлага”, “Хөгжлийн түншлэл” гэсэн ухагдахуунуудыг салбар, чиглэлээсээ хамааран янз бүрээр ойлгож тайлбарладаг. Жишээ нь: Энэ нь гэр бүл дэх тохиролцоо, ажилтнуудын менежмент буюу бизнесын хамтын ажиллагаа эсвэл сургуулийн өмнөх боловсролын байгууллага болон эцэг эхийн хамтын ажиллагаа зэрэгт өөр өөр утга агуулгаар хэрэглэгддэг.
Аль ч хөгжлийн ярилцлагад “хөгжлийн түншлэл”-ийг эхний зорилгоо болгон тодорхойлж, хоёрдугаарт түүнээсээ юуг, хэзээ хөгжүүлэх, хөгжлийг хэрхэн дэмжих асуудал тусгагддаг нь тодорхой харагддаг. Түүнчлэн түншлэгч хоёр талаас гадна мөн гуравдагч түнш оролцохыг тооцох хэрэгтэй. Бүх “Хөгжлийн түншлэл”-үүдэд дараах зүйлс зайлшгүй шаардлагатай. Үүнд:
- Түншлэгч талуудын тухайн үеийн бэлтгэл
- Хөгжлийн талаарх тухайн үеийн үнэлэлт дүгнэлт
- Хөгжлийн зорилгоо тодорхойлж тохирох
- Зорилгодоо хүрэх арга замаа хамтдаа тодорхойлох
- Дэмжлэг үзүүлэх боломжуудыг тодорхойлж тохирох
Цэцэрлэг болон эцэг эхийн “Хөгжлийн түншлэл”-ийн хувьд бол:
- Эцэг эхийн бэлтгэл
- Багшийн бэлтгэл
- Эцэг эх хүүхдийнхээ хөгжлийг үнэлэх
- Багш тухайн хүүхдийн хөгжлийг үнэлэх
- Хүүхдийг хөгжүүлэх зорилгоо хамтдаа тодорхойлж тохирох
- Зорилгодоо хүрэх арга замаа хамтдаа тодорхойлох
- Дэмжлэг үзүүлэх боломжуудыг тодорхойлж тохирох
“Хөгжлийн түншлэл”-нь тухайн хүүхдийг хөгжихөд хамгийн боломжит нөхцөлийг бүрдүүлэх зорилго бүхий сургалтын байгууллага, эцэг эхийн хамтын ажиллагааны нэг хэсэг юм.
2. Эцэг эхийг “хүүхдийн хөгжлийг үнэлэх үйл явц”-д татан оролцуулах нь хамтын ажиллагааны нэг хэсэг
Эцэг эх, байгууллагын хамтын ажиллагаа нь янз бүрийн хэлбэр, үе шатаас бүрдсэн олон талт, өргөн цар хүрээтэй үйл ажиллагаа юм. Үүний нэг чухал хэсэг нь эцэг эхийг хүүхдийн хөгжлийг үнэлэх үйл явцад буюу ажиглалт хийж, ажигласан зүйлээ тайлж ашиглахад татан оролцуулахад оршино.
Ажиглалт явуулахад эцэг эхийн идэвхтэй оролцоо
Эцэг эхтэй ажиллах уламжлалт арга хэлбэрийн хувьд багш хүүхдийн хөгжлийг ажиглах, баримтжуулах, баримт бичгийг боловсруулах үүрэг хариуцлагыг өөртөө авч, хамт ажиллагсадтайгаа ярилцаж үнэлэлт өгөөд, эцэст нь эцэг эхтэй ярилцахдаа танилцуулдаг байсан. Харин “хамтын ажиллагааны” шинэ загварт эцэг эхийн идэвхтэй оролцоог шинээр тодорхой зааж өгсөн. Энэхүү загварт эцэг эх нь хүүхдийн хөгжлийг хариуцагч нэг тал болохын хувьд зөвхөн хүүхдийн хөгжлийн талаарх ярилцлагад оролцох биш, харин бүр эхнээс нь хүүхдийн хөгжлийг ажиглах үйл явцад[1] [3] оролцох хэрэгтэй гэж үзжээ.
Харин ажиглах үйл явцад эцэг эхийн идэвхтэй оролцоог хэрхэн хангах, үйл ажиллагааг яаж тодорхой зохион байгуулах, юуг нэгбүрчлэн анхаарах зэрэг нь өнөөг хүртэл нээлттэй байсаар ирсэн. Учир нь байгууллага бүрийн ажиглалтын концепт, ашиглаж буй аргаас шалтгаалан тэднийг татан оролцуулах арга хэлбэрүүд ялгаатай байж болох юм. Жишээ нь: Дан ганц Хувийн хавтас ашигладаг байгууллага, нарийвчилсан бүтэцтэй ажиглалтын хуудас хэрэглэдэг байгууллагын эцэг эхийн оролцоо адилгүй байх нь мэдээж.
Хөгжлийг дэмжих ажиглалтад эцэг эхийг татан оролцуулах туршлага
Эцэг эхийг ажиглалтад татан оролцуулах тодорхой туршлага хүүхдэд саатал, сосог эрт анзаарагдсан тохиолдолд анагаах ухааны салбар (хүүхдийн эмнэл зүй- pediatrics, сэтгэл засал- psychiatry)-т бий. Үүнтэй холбоотой эцэг эхэд зориулсан олон янзын аргыг боловсруулсан байдаг[5]. Энэ салбарт ажиглалтын аргын найдвартай байдлыг тестийн үр дүн болон эцэг эхийн санал бодолтой нийцэж байгаагаар нь баталсан судалгаанууд бий.
Ийм тохиолдолд эцэг эх ихэнхдээ хүүхдийнхээ талаар мэдээлэл өгөх үүрэгтэй байдаг. Тэд эмчийн практик үйл ажиллагааны хүрээнд юуны өмнө хүүхдийнхээ зан харилцааг ажиглан урьдчилсан үзлэгээр илрүүлж чадахгүй байгаа зүйлд нь дэмжлэг үзүүлдэг. Эмч ажиглалтад дүн шинжилгээ хийж, үр дүнг эцэг эхэд танилцуулдаг.
Өдий болтол хэдийгээр хүүхдийн хөгжлийг дэмжих ажиглалтад эцэг эхийг оролцуулах талаар хийгдсэн системтэй судалгаа, баталгаатай эмпирик туршилтууд байхгүй ч германы цэцэрлэгүүдэд хийсэн Практик-Төслүүдээс эерэг үр дүн ажиглагдаж байна.
Төслүүдээс гарсан гол үр дүнгээс дурдвал:
- Эцэг эх үйл ажиллагаанд хамтран оролцож байгаадаа ач холбогдол өгч, өөрийгөө гол түнш гэдгээр нухацтай авч үздэг болсон.
- Эцэг эхэд таны хүүхэд тань чухал, үнэ цэнэтэй гэдгийг мэдрүүлж чадсан.
- Эцэг эхийн яриаг анхааралтай сонсдог байснаар тэд ажиглалт хийх хүсэлтэй болсон.
- Гэр бүлд болон цэцэрлэг дээр ажиглалт хийснээр эцэг эхээс гадна багш нар хүүхдийг өргөн хүрээнд, илүү нарийвчлан харах болсон.
- Ажиглагдахгүй өнгөрч болох хүүхдийн хөгжлийн зарим асуудлыг хүртэл анзаарч эхэлсэн.
- Эцэг эх илүү тодорхой, нарийн мэдээлдэг, хүүхдийнхээ хөгжлийн сонирхолтой алхмыг анзаардаг болсон.
- Хүүхдийг хөгжүүлэх ярилцдагад юуны тухай яригддагыг эцэг эх мэддэг болсноор урьдчилан бэлтгэж, итгэлтэй оролцдог болсон.
- Эцэг эх хүүхдийнхээ хөгжлийн талаар нухацтай эргэцүүлэн боддог болсон.
- Аавууд хөгжлийн ярилцлагад илүү сайн оролцдог болсон.
- Эцэг эхчүүд өөрсдийн боловсролын талаарх бодол төсөөллөө илүү эрчимтэй солилцдог, түүнийгээ тусгаж хэрэгжүүлэхийг санал болгодог болсон.
- Эцэг эх, багш хамтдаа гэртээ болон цэцэрлэгт хүүхдийг дэмжих шинэ аргуудыг олж, ашигласан.
- Эцэг эхэд зориулсан ажиглалтын хуудас харилцан яриа өрнүүлэхэд нь дэмжлэг үзүүлсэн.
- Хүүхдийн хөгжлийн асуудлаар нэг ойлголттой болох эхлэлийг тавьсан.
- Нэг үг хэллэг, адилхан анхаарах зүйлстэй болсон.
- Хөгжлийн ярилцлагын чанар илт сайжирсан.
Эдгээр анхны чухал ойлголт, туршлагууд стандартчилагдсан асуулгын судалгааны үр дүн болон эцэг эх, мэргэжлийн хүмүүстэй хийсэн нарийвчилсан ярилцлагаар дутуу зүйлс нь нөхөгдөж, илүү бүрэн бүтэн болсон.
Хэрэв эмпирик судалгааны шалгуур үзүүлэлт (бодит, найдвартай, баттай байдал)-үүдийг нарийвчлан авч үзэхэд эцэг эхэд тавих асуултууд, жишээлбэл, эцэг эхийн янз бүрийн бүлгүүдийг харгалзах, эрт илрүүлэх процедур болон хөгжлийг дэмжих аргын хоорондын ялгааг авч үзэх, эцэг эх, мэргэжлийн хүмүүсээс тодорхой дүгнэлт гаргахад хэмжүүрүүд нь инвариант байх гэх мэт зүйлс хангалтгүй байх тохиолдолд эцэг эхэд зориулсан стандартчилагдсан ажиглалтын хуудас эерэг нөлөө үзүүлдэг.
Эцэг эхэд зориулсан ийм ажиглалтын хуудсыг нэвтрүүлснээр бодит төлөөлөлтэй магадалгаа, шинжилгээ хийх (analyzes), түүн дээрээс сонирхолтой шинэ ойлголт бий болох боломжтой.
Үргэлжлэл бий.
Энэ сэдвийн хүрээнд “Эцэг эхэд зориулсан ажиглалтын хуудас”-ын талаар үргэлжлүүлэн нийтлэх болно.