Эцэг эхэд зориулсан ажиглалтын хуудас

“Багш-хүүхэд-эцэг эх” 3 талт харилцаан дээр хийгдэх ажиглалт

                                         (Үргэлжлэл)

Др.Бернхард Нагел

 

3. Эцэг эхэд зориулсан ажиглалтын хуудас

 

Дээр дурдсан санаа бодол, судалгааны үр дүнд тулгуурлан Герман улсад боловсруулсан2  "Эцэг эхэд зориулсан ажиглалтын хуудас"–ыг танилцуулъя.

Энэхүү ажиглалтын хуудас нь дараах зүйлсэд суурилан боловсруулагдсан болно. Үүнд:

  1. Герман болон олон улсад хэвлэгдсэн холбогдох бүтээлүүдэд хийсэн нарийвчлан анализ, шүүмж
  2. Герман улсад явагдсан дээр дурдсан практик төслүүдээс хуримтлагдсан туршлага
  3. “Эцэг эхэд зориулсан ажиглалтын хуудас”-ын талаар багш, эцэг эхчүүдтэй хийсэн дугуй ширээний ярилцлагууд
  4. Экспертүүдийн семинар
  5. Цэцэрлэгийн эрхлэгч нартай хийсэн хэлэлцүүлгүүд
  6. Мюнхен хот дахь Бага насны хүүхдийн судалгааны улсын институтын ажлын хэсгээс эцэг эх, багш нартай хийсэн хоёр удаагийн бүлгийн ярилцлага

2Энэхүү ажиглалтын хуудас болон Монгол улсын СӨБ-ын сургалтын хөтөлбөрийг суурь болгон “Эцэг эхэд зориулсан ажиглалтын хуудас”-ыг амархан хэрэгжүүлж болох юм.

Ажиглалтын хуудсын үзэл баримтлал

Эцэг эхэд зориулсан энэхүү ажиглалтын хуудас нь цэцэрлэгт явагддаг нарийвчилсан бүтэцтэй ажиглалт болон бусад аргад суурилсан тул агуулгын хувьд Германы сургуулийн өмнөх боловсролын сургалт-хүмүүжлийн хөтөлбөртэй тодорхой уялдаа холбоотой. Боловсруулсан арга зүйн хувьд энэхүү ажиглалтын хуудсыг багш нарт зориулсан ажиглалтын хуудас шиг нарийвчилсан асуулт, хэмжүүртэй бус харин дэд хэсгүүдийг нэгтгэж тус бүрийг нэг асуултаар тодорхойлсон. (Гэрийн нөхцөлд ажиглагдахаар асуудлуудын хүрээнд) Ингэснээр ажиглалтын хуудас нь эцэг эхчүүдэд хялбар, илүү ойлгомжтой, цаг завыг нь хэмнэхүйц болсон. Бүтцийн хувьд хариулт өгөх асуултуудаас гадна нээлттэй (туслах чанарын) нэмэлт асуултууд орсон болно.

Тодорхой бүтцэд оруулсан асуултуудын давуу талыг бид нэгдүгээрт ашиглахад энгийн, хоёрдугаарт бөглөж ажиллахад ачаалал бага, гуравдугаарт аль болох эцэг эхийн өргөн хүрээг хамрах боломжтой, дөрөвдүгээрт ялангуяа бичиг үсгийн чадвар тааруу, боловсролын түвшин доогуур эцэг эхчүүдэд тохиромжтой гэж харж байгаа. Нөгөө талаас ийнхүү тодорхой бүтцэд оруулсан нь мэдээж тодорхой хэмжээний хязгаарлагдмал байдал үүсгэхийг үгүйсгэхгүй. Ер нь янз бүрийн хувилбаруудыг санал болгох боломжтой.

Эцэг эхэд зориулсан ажиглалтын хуудсыг боловсруулж гаргахдаа гол нь эцэг эхчүүдэд ямар нөөц боломж байна вэ гэдгийг харсан. Багш нарт зориулсан ажиглалтын хуудсыг бодвол илүү хүүхдийн сонирхол, сайн сайхан байдал руу чиглэж, чадамжийн асуудлыг бага анхаарсан болно. Ингэснээр зарим эцэг эх хүүхдээсээ хэрээс хэтэрсэн амжилт гаргахыг шаардахаас сэргийлж, мөн хүүхдийнхээ сонирхлыг өдөөхийг илүүд үзэж, хөгжлийг нь дэмжихэд нөлөөлдөг нөхцөл байдлыг бий болгоход анхаарлаа хандуулахад ач холбогдол өгсөн. Ингэж ажилласнаар зөвхөн хүүхдийн "эерэг" талууд төдийгүй, магадгүй "тийм ч сайн биш" буюу яаралтай арга хэмжээ авч ажиллах шаардлагатай талыг олж харах боломжтой. Хүүхдийнхээ сул тал буюу зайлшгүй хэрэгцээ шаардлагыг олж харахгүй байх нь хөгжих боломжийг нь алдагдуулдаг.  

Өнөөг хүртэл хэрэглэж ирсэн эцэг эхчүүдэд зориулсан хүүхдийн хөгжлийг дэмжих аргатай харьцуулахад энэ арга нь тодорхой нэг байгууллагад зориулагдаагүй. Энэхүү аргыг  өөрсдийн сургалтын хөтөлбөрт нийцүүлэн сургуулийн өмнөх боловсролын аль ч байгууллага ашиглах боломжтой.

Ижилхэн хөгжлийн хэмжүүр (development dimensions) баримтлан ажилладаг байгууллагуудын хувьд тус аргыг илүү оновчтой хэрэглэх боломжтой. Гэхдээ ижил төстэй болон сургалтын хөтөлбөрийн тодорхой хэсэг нь энэхүү ажиглалтын хуудастай уялдаа холбоотой цэцэрлэгүүд уг аргыг мөн хэрэглэж болно.

Судалгааны аргын чанар

Өнөөг хүртэл байгууллагуудын түвшинд хэрэглэгдэж ирсэн шинжлэх ухааны үндэслэлгүйгээр боловсруулсан эцэг эхчүүдэд зориулсан ажиглалтын аргуудад чанар болон итгэл үнэмшил-найдвартай байдлын асуултууд тавигддаг. Эцэг эхэд зориулсан ажиглалтын арга нь сурган хүмүүжүүлэгчдын ажиглалтын аргатай адилхан чанарын шалгуурыг хангасан байх ёстой. Гол шалгуурууд нь: онолын үндэслэл, эмпирик чанар, сургалт, хүмүүжлийн хөтөлбөрт нийцсэн байдал, практик хэрэглээ

Мюнхен хот дахь Бага насны хүүхдийн судалгааны улсын институтээс гаргасан эцэг эхэд зориулсан ажиглалтын хуудас нь дээрх шалгууруудыг хангасан (үндэсний болон олон улсын түвшинд) анхны бөгөөд өнөөг хүртэлх цорын ганц хүүхдийн хөгжлийг дэмжих арга юм. Бага насны хүүхдийн судалгааны улсын институтээс гаргасан эцэг эхчүүдэд зориулсан ажиглалтын хуудас нь онолын хувьд хөгжлийн хэмжүүрүүдэд чиглэсэн,  мөн сургалтын хөтөлбөрт суурилснаараа онцлог. Тус аргын эмпирик судалгаа (стандартчилагдсан асуулга, нарийвчилсан ярилцлага)-наас ажиглалтын хуудасны найдвартай байдал, хүчин төгөлдөр байдлын талаар нэмэлт шинж тэмдэг болон хэрэглэгчдэд ээлтэй байдал, ашиглах боломжийн талаар нэмэлт мэдээлэл гарсан байдаг. Багш, эцэг эхчүүдэд зориулсан дагалдах материал нь тус аргыг практикт хэрэглэхэд тун тохиромжтой туслах хэрэгсэл. Эдгээр нь Бага насны хүүхдийн судалгааны улсын институтээс эцэг эхчүүдэд зориулсан гаргасан ажиглалтын хуудсын онцлог шинжүүд юм.

Гэр бүл дэх ажиглалт, мэдээлэл солилцоо

Эцэг эхэд зориулсан ажиглалтын хуудсын гол үр дагавар нь бидний үзэж байгаагаар эцэг эхтэй хийх хүүхдийн хөгжлийн талаарх ярилцлага байна. Гэхдээ ярилцлагыг нэлээд хойно хийх бөгөөд эхний үед эцэг эхэд өөрөө хүүхдээ ажиглаад, ганцаараа бодож тунгаах боломж олгоно. Гэхдээ энэ явцад асуудал үүсгэж болохуйц тайлбар, дүгнэлт гарахаас урьдчилан сэргийлэхийн тулд ямар арга хэмжээ авахаа урьдчилан бодож үзэх  шаардлагатай.

Хүүхдийн хөгжлийн ярилцлагын агуулга

Эцэг эхэд зориулсан ажиглалтын хуудас нь зөвхөн гэр бүлийн дотоодын хэрэгцээнд зориулсан “сайн дурын” зүйл биш, харин тодорхой зориулалтаар, жишээлбэл, цэцэрлэгт[1] явагдах хүүхдийн хөгжлийн талаарх ярилцлагад ашиглагдана.    

Энэхүү хэрэглээ нь эхний шатанд ажиглалтын хуудас нь хөгжлийн хэмжүүрүүдэд суурилсан байгаагаар илэрнэ. Хоёрдугаар түвшинд эцэг эх ажиглалтын хуудсыг ашиглахад юу тохиолдсоноо ярьж, тэдэнтэй хүүхдийнх нь хөгжлийн талаар ярилцахад чухал, хэрэгцээтэй хүрээнд байлгахад хэрэг болно.  

Хэрэв эцэг эх ажиглалтын хуудсийг зөвхөн гэр бүлийн хүрээнд хэрэглээд, цэцэрлэгт явагдах тухайн хүүхдийн хөгжлийн талаарх ярилцлагад ашиглахгүй бол дараах зүйлсийг анхаарах шаардлагатай.  

1. Эцэг эхийн ажиглалт бол ямагт “мэргэжлийн бус ажиглалт” бөгөөд хүүхдээ хэрхэн тусгаж авсан, хүүхэд нь ямар чадамжтай байгаа талаар зөвхөн хувийн (субьектив) байр суурьнаас тайлбар өгнө. Тэдний ажиглалтад олон хүчин зүйл нөлөөлж болно. Жишээбэл, эцэг эх, хүүхэд хоорондын сэтгэл хөдлөл бүхий харилцаа нөлөөлөх талтай. Иймд дараах асуултуудыг анхаарч тодруулах шаардлагатай. Эцэг эх юуг ажиглах вэ? Ажиглалт хийхэд эцэг эхэд юу тохиолдож болох вэ? Эцэг эхчүүд ажигласан зүйлээ хэрхэн тайлбарлаж, үнэлэх вэ? Тэд ажиглалт, дүгнэлтээс юу олж авч болох вэ? Иймэрхүү асуултын дагуу нэг талаас дагалдах материалаас харж болно, нөгөө талаас холбогдох асуудлаар эцэг эх хоорондоо, эмээ өвөө, багш нартай санал бодлоо солилцон ярилцах хэрэгтэй.

2.  Хүүхдээ ажигласнаар эцэг эхэд өөрийн ажиглалтын талаар тунгаан бодох эрмэлзэл төрж, шинэ асуулт урган гарна. Эдгээр асуулт нь хүүхдийн хөгжил болон сурган хүмүүжүүлэх үйл ажиллагаатай холбоотой байж болно. Ялангуяа эцэг эх хүүхдийнхээ чадамжийг тааруу байна гэж үзсэн тохиолдолд ийм асуултыг авч үзэх хэрэгтэй. Сөрөг дүгнэлт нь таагүй, өөртөө итгэлгүй байдлыг үүсгэдэг. Иймээс ажиглалтын хуудсын цаад үндсэн санаа, зорилго болон хүүхдийн хөгжлийн ажиглалтын ерөнхий талууд (Жишээ нь: хөгжлийн хувилбарууд)-ыг дагалдах материалаас харах эсвэл тухайн асуудлаар багш нартай ярилцаж ойлголт авах нь чухал.

Эцэг эхтэй хүүхдийнх нь хөгжлийн талаар хийх ярилцлагын явцад эцэг эхэд зориулсан ажиглалтын хуудсыг ашиглахтай холбогдон үүсч болох иймэрхүү асуудлын талаар хөндөн ярилцах нь чухал.

Энэхүү ажиглалтын хуудас нь нэг талаас эцэг эх ажигласан зүйлээ эргэцүүлэн бодоход суурь дэвсгэр болохоос гадна нөгөө талаас эцэг эхэд хоорондоо мөн сурган хүмүүжүүлэгчидтэй санаа бодлоо хуваалцах эрмэлзлийг бий болгоно. Эцэг эх бэлтгэлтэй байх тохиолдолд санаа бодлоо солилцоход хялбар байна гэсэн санаа ажиглалтын хуудсын хэрэглээнд мөн агуулагдаж байгаа болно. Үүнээс гадна энэхүү ажиглалтын хуудас нь хүүхдийн хөгжлийн талаарх ярилцлагын суурь материал болох ба эцэг эхтэй хийх ярилцлагыг тодорхой бүтцэд байлгахад тустай. Энэ нь хүүхдийн хөгжлийн талаарх ярилцлагын чанар болон эцэг эхтэй хамтран ажиллах ажиллагаа сайжрахад нөлөөлнө. Эцэг эхийн ажиглалт, үзэл бодол нь багшийн дүгнэлтийг нөхөж, тухайн хүүхдийн цаашдын хөгжлийн илүү цогц, олон талт дүр зураг бий болно. Эцэг эх төдийгүй сурган хүмүүжүүлэгчдийн хувьд өөрийнхөө ажиглалтад шүүмжлэлтэй хандаж, хоёр талын ажиглалтаас хувийн субьектив өнгө аяс, орчны нөлөөлөл, ажиглалтын ямар нэг алдааг олж харах боломж олдоно. Харилцан яриа  өрнүүлэх нь хоёр талдаа ил тод нээлттэй байдал үүсгэдэг. Ажиглалт болон тууштай, тогтмол явагддаг ярилцлагын үндсэн дээр эцэг эх, багш хамтдаа тухайн хүүхдийг гэр бүл болон цэцэрлэгт хэрхэн дэмжих арга барилыг олно, хөгжүүлж төлөвшүүлэхдээ хоорондоо зохицон ажиллаж чадна. 

Эцэг эхчүүдийг ажиглалтад хамруулснаар нэг талаас тэд өөрсдөө бие даан ажиглалт хийж, нөгөө талаас ажигласан зүйлсээ бусдад дамжуулж, хүүхдийн хөгжлийн талаарх ярилцлагад санаа бодлоо солилцоно, ингэснээр тэд өөрсдөө ажиглалтын судлагдахуун болно. Тиймээс мэдээллийг цуглуулж, дүгнэхэд интерактив харилцаа буюу харилцан яриа хэн хэндээ ойлгомжтой байх нь чухал. Үүний тулд ажиглалтын хуудсыг ашиглахаас өмнө эцэг эхтэй удиртгал яриа өрнүүлэх нь үр дүнтэй: Эцэг эхчүүдэд ажиглалтын хуудсын зорилго, зориулалт, ажиглалтын үргэлжлэх цаг хугацаа, хүүхдийн хөгжлийн талаарх дараагийн ярилцлагатай холбогдох мэдээлэл нэн тэргүүнд шаардлагатай болдог. Хүүхдийн хөгжлийн талаарх ярилцлагын сэдэв эцэг эх, багшийн аль алинд анхнаасаа тодорхой байна.

Цаашдаа хүүхдийн хөгжлийг дэмжих хамгийн оновчтой арга замыг хамтран олох (Жишээ нь: Хэн нь аль тал дээр нь дэмжих), хүүхдийн хөгжлийн үе шаттай холбоотойгоор зорилго, хийх ажлаа хамтран боловсруулах, ажлаа хуваарилж авах буюу үе шатуудаа тохирохын тулд  ажиглалтын үр дүнд тулгуурлан тогтмол уулзаж ярилцаж байх хэрэгтэй. Багш ямагт холбоо харилцаагаа хадгалж байхад анхаарна. Хүүхдийн хөгжлийг ажиглах, дэмжих үйл явц амжилттай явагдахад хоорондын харилцаа шийдвэрлэх нөлөөтэй.  

Эцэг эх болон багшийн ажиглалт ихээхэн зөрүүтэй байвал

Эцэг эх болон багшийн ажиглалт ихээхэн зөрүүтэй байх нь цөөнгүй тохиолддог. Тиймээс ийм нөхцөл байдалд хэрхэн бүтээлчээр хандах вэ гэдгийг мэргэжлийн хүмүүс урьдаас тооцсон байх хэрэгтэй. Ийм тохиолдолд юуны өмнө хэнийх нь ажиглалт зөв бэ гэдгээс зайлсхийнэ.  

Хүүхэд гэртээ, цэцэрлэгт, өөр өөр орчин нөхцөлд амьдарч байгаа тул хүүхдээс янз бүрийн  зан харилцаа илэрч болох тул ийм тохиолдолд жишээлбэл урьдчилан “зохион байгуулагч" томилох нь тустай байж болох юм. Үр дүн зөрүүтэй байгаа бол буруу гэж хэзээ ч авч үзэхгүй бөгөөд илүү сонирхолтой, цаашид судлууштай зүйл байна гэж тайлбарлана. Үүнтэй холбоотойгоор мэргэжлийн хүмүүс үр дүнгийн зөрүүтэй байдлын боломжит шалтгаануудыг мэддэг байх нь зүйтэй. Жишээлбэл, янз бүрийн орчны нөлөө, хувийн өөр өөр үзэл бодол, ажиглалт болон ажиглалтын хэрэгслийг ашиглах талаар харилцан адилгүй туршлага гэх мэт.

Аливаа ялгаа зөрүүтэй тал нь нягтлан үзэх хэрэгцээ байгааг харуулж байгаа бөгөөд тэдгээрийг дахин нягтлах, шинээр тодорхой жишээн дээр ярилцах шаардлагатайг харуулна. Жишээ нь: Тусгаж авсан зүйлээ жишээгээр тодорхой харуулж ойлгуулах.

Хүүхэд “ийм байна эсвэл тийм байна” гэдэг нь чухал биш бөгөөд харин хүүхэд цэцэрлэг дээрээ яагаад, яаж ийм зан харилцаа харуулаад, магадгүй гэртээ өөр байна вэ гэдгийг тодруулахад анхаарна. Ийм нөхцөл байдалд багшийн эзэмшсэн зөрчилдөөнтэй үед мэдээлэл солилцох эв дүй, зөрчлийг шийдвэрлэх арга барил түүнчлэн мэргэжлийнх нь шинжлэх ухааны болон практик үйл ажиллагааны, харилцаа ба зохион байгуулалтын мэдлэг, чадвар хэрэг болно.

Зорилтот бүлэг: Цэцэрлэгийн нийт эцэг эх

Тухайн цэцэрлэгийн багш нар ажиглалтын хуудсыг хэрхэн хөтөлдөгөөс хамааран эцэг эхэд зориулсан ажиглалтын хуудсыг нийт эцэг эхээр хөтлүүлэх эсэх асуудал үндсэндээ шийдэгдэнэ.

Багш нар бие биеэс ялгаатай ажиглалтын арга ашигладаг бол эцэг эх ажиглалтын хуудсыг ашиглах нь үндсэндээ сайн дурын шинж чанартай байх бөгөөд энэ утгаараа эцэг эхчүүдэд санал болгон тавина. Эцэг эх энэ саналыг хүлээн авах эсэх нь тэдний шийдэх хэрэг бөгөөд эцэг эхийн шийдвэрт тухайн байгууллага бүрэн хүндэтгэлтэй хандана. Ямар ч тохиодолд дарамт шахалтаас зайлсхийх бөгөөд эцэг эх ажиглалтын хуудсыг хөтлөхгүй гэсэн бол тэднийг сөргөөр харж болохгүй.

Энэ нь багш нар  эцэг эхэд зориулсан ажиглалтын хуудсын санааг сурталчлахгүй байна гэсэн үг биш. Тэдний сонирхлыг өдөөж, сэдэлжүүлж, өөрийнх нь харж байгаагаар яагаад ийм хэрэгслийг ашиглах нь хэрэгтэй гэж үзэж байгаа байр сууриа тодорхой илэрхийлнэ. Энэ нь боловсролын түвшин доогуур гэр бүлийн хувьд илүү хэрэгтэй. Гэхдээ багш өөрөө үүнд итгэл үнэмшилтэй байгаа тохиолдолд эцэг эхийг сэдэлжүүлж чаддаг нь өмнөх туршлагаас харагдсан.  

Ажиглалтын хуудсыг хөгжлийн хэмжүүрүүдэд тулгуурлан боловсруулсан тул үндсэндээ бүх эцэг эхэд тохиромжтой. Гэсэн хэдий ч мэргэжлийн хүмүүс энэ талаар эцэг эхийн ялгаатай байдал, эрэлт хэрэгцээг харгалзан тэдэнтэй хэрхэн хандаж ярилцахаа зохицуулах нь чухал. Үүнд эцэг эхчүүдэд зориулсан ажиглалтын хуудас, түүний  зорилгын талаар ерөнхий мэдээлэл бэлтгэх ажил багтана. Мөн эцэг эхчүүдтэй ганцаарчлан уулзах шаардлага байнга тулгардаг.

Эцэг эхэд зориулсан ажиглалтын хуудсын талаар эцэг эхчүүдтэй мэдээлэл солилцох чухал үеүүд:

  1. Эцэг эхийн төлөөлөлтэй хийх ярилцлага
  2. Вэб хуудас, байгуулагын үзэл баримтлал, байгууллагийн танилцуулга
  3. Эцэг эхэд зориулсан ажиглалтын хуудасны тухай тусгай мэдээлэл (Эцэг эхэд зориулсан захиа, танилцуулга)
  4. Хүүхэд элсүүлэхэд хийх ярилцлага
  5. Эцэг эхийн хурал
  6. Ажиглалтын хуудас тараах явц дахь хувийн ярилцлага
  7. Хүүхдийн хөгжлийн талаарх ярилцлага

Эдгээр үеүүдийг бүрэн ашиглах хэрэгтэй.

Ажиглалтын хуудсын талаарх ярилцлагын явцад агуулгын хувьд яагаад ийм ажиглалт чухал болох талаар  эцэг эхэд дараах зүйлс тодорхой болох шаардлагатай.

  1. Энэ бол эерэг, бүтээлч, үнэ цэнэтэй ажиглалт байх бөгөөд хүүхдийн бэрхшээл, анхаарал татсан байдлыг чухалчлахгүй.
  2. Эцэг эхийн ажиглалт чухал бөгөөд үүнд нухацтай хандах шаардлагатай.
  3. Ажиглалт нь гэр бүл болон цэцэрлэгийн хүүхэдтэй ажиллах цаашдын үйл ажиллагаанд бодит үр нөлөө үзүүлнэ.
  4. Хамгийн тодорхой, ойлгомжтой харилцах үе шат бол хүүхдийн хөгжлийн талаарх ярилцлага байх болно.

Эцэст нь энэ аргыг хүлээн зөвшөөрөхөд эцэг эх өөрөө ийм ажиглалт хийхийг хэр зэрэг ач тустай гэж үзэж байгаа, эцэг эх өөрсдөө төдийлөн бэлтгэл нөхцөл шаардахгүйгээр оролцож чадах нь уу гэдэг нь чухал үзүүлэлт. 

Ажиглалтын хуудас эцэг эхэд үлдэх бөгөөд цэцэрлэгт өгөх шаардлагагүй. Эцэг эх нь ажиглалтын хуудсаа хүүхдийн хөгжлийн талаарх ярилцлагад авч ирэх, хүмүүст үзүүлэх, эсвэл өөрийн ярих зүйлээ бэлтгэхдээ хэрэглэх эсэхээ өөрөө шийднэ. Дагалдах материалд энэ талаар багш, эцэг эхчүүдэд зориулсан санаанууд бий.

Байгууллагад тавигдах шаардлага

Эцэг эхэд зориулсан ажиглалтын хуудсыг хэрэглүүлэхтэй холбогдон тухайн цэцэрлэг ямар шаардлага хангасан байх нь үр дүнтэй бөгөөд хэрэгтэй вэ гэдэг асуулт гарч ирнэ.

Ажиглалтын хуудсыг эцэг эхээр хэрэглүүлэхэд тавигдах гол шаардлага нь эцэг эхтэй хэрхэн хамтран ажиллах талаар өргөн хүрээтэй концепци (үзэл баримтлал)-ийг “Эцэг эхтэй хамтран ажиллах” загвар (model) байдлаар боловсруулан мөрдөнө. Үүнд байгууллагад эцэг эхийг “хүлээн авах соёл” буюу эцэг эхтэй харилцах байгууллагын соёл, тодорхой ажлуудын агуулгыг мэргэжлийн түвшинд хэрхэн зохион байгуулах зэрэг зүйлс багтана. Байгууллагын ийм концепцид ерөнхийдөө тухайн байгууллага ажлаа хэрхэн харж ойлгодог, нөөц боломжоо хэрхэн хуваарилж ашигладагийг бүхэлд нь багтаасан байна.  

Хамтын ажиллагааны загварт сурган хүмүүжүүлэгчдийн зүгээс эцэг эхчүүдэд хандах үндсэн хандлага, байр суурь (Жишээ нь: Эцэг эхийн үзэл бодол, байр суурийг чин сэтгэлээсээ сонирхох, эцэг эхийг хүүхдийнхээ эксперт гэдгийг хүлээн зөвшөөрөх, соёлын ялгаатай байдалд хүндэтгэлтэй хандах) түүнчлэн эцэг эхтэй ажиллах тодорхой дадал, чадамж ( Жишээ нь: Хүүхдийн хөгжлийн талаарх ярилцлагыг хэрхэн үр ашигтай хөтөлж явуулах, боловсролд ач холбогдол өгдөггүй эцэг эхчүүдтэй хэрхэн хамтран ажиллах, тэднийг хэрхэн үр дүнтэйгээр дэмжих эсвэл хүүхдийнхээ боловсролд хэт их анхаардаг эцэг эхчүүдийг хүлээцтэй тайван байхад хэрхэн нөлөөлөх, хүүхдэд хэт их ачаалал өгөхөөс сэргийлэх) зэрэг мөн байна.  

Үндсэндээ цэцэрлэг бүрт боловсролд төдийлөн ач холбогдол өгдөггүй эцэг эхчүүдийг хэрхэн үр дүнтэй татан оролцуулах вэ гэдэг концепци байх шаардлагатай. Эцэг эхэд зориулсан ажиглалтын хуудас нь ийм эцэг эхчүүдтэй хүүхдийнх нь хөгжил, тухайн хүүхдэд үзүүлэх шаардлагатай тусламж дэмжлэгийг талаар ярилцах таатай боломжийг олгоно. Энэ нь боловсролын эрх тэгш байдлын гол  үзүүлэлт бөгөөд байгууллагад зориулсан дагалдах  материалд бий.  

Ажлын хамт олны хувьд багш бүрийн бодит нөхцөл боломж ямар байгаа, магадгүй аль чадварыг хөгжүүлэх шаардлагатай, яаж хамгийн үр дүнтэй хөгжүүлэх боломж байгаа зэргийг тодруулах хэрэгтэй. Эдгээр нь баг дотроо суралцах үйл явц, ажлын байран дээрээ суралцах болон мөн гадаад орчны хүрээнд мэргэжлээрээ хөгжих арга хэмжээтэй холбоотой чухал сэдвүүд юм.

Өөр нэг нэн чухал шаардлага бол эцэг эхтэй ганцаарчлан ярилцах, эрчимтэй хамтран ажиллахад шаардагдах орон зай, цаг хугацаа, зохион байгуулалтын бэлтгэлийг хангахад оршино. Хамтын ажиллагааны загварт хүүхдийн хөгжлийн талаарх ярилцлага нь жилд ганц, хоёр удаа биш харин байнга, өдөр тутмын үйл ажиллагаанд тулгуурлан, жишээлбэл, портфолио концепцийн хүрээнд хүүхдийн суралцахуй, хөгжил хэрхэн явагдаж байгаа талаар мэдээлэл солилцож байхаар тусгах шаардлагатай. Үүнд хангах ёстой ерөнхий шалгуурууд (Жишээ нь: “Багш -хүүхэд- түлхүүр”, ангийн хүүхдийн тоо, шаардлагатай цаг хугацаа), мөн тухайн байгууллага дахь ажлын зохион байгуулалт (Жишээ нь: эцэг эхтэй уулзах тохиромжтой цаг хугацаа, ажлын төлөвлөгөөнд оройн цагаар ажиллахаар төлөвлөсөн зүйлийн зохицуулалт) бий.

Байгууллагын баг хамт олны эцэг эхтэй хамтран ажилласан тухай өөрийн үнэлгээ, эргэцүүлэлт

Эцэг эхэд зориулсан ажиглалтын хуудсыг хэрэгжүүлэх, энэхүү хэрэгслийг ашиглах ажил  түүнчлэн эцэг эхтэй хамтран ажиллах ажиллагаа нь бүхэлдээ тухайн байгууллага дотооддоо ажлаа эргэцүүлэн авч үзэх үйл явц болон өөрийн үнэлгээтэй холбоотой байна. Учир нь ажлын явцад шинэ туршлага гарч ирдэг, мөн үйл ажиллагаагаа алхам алхмаар сайжруулах хэрэгтэй болдог.

Дагалдах материал

Эцэг эхэд зориулсан ажиглалтын хуудсыг нэвтрүүлж хэрэгжүүлэхэд  эцэг эх төдийгүй сурган хүмүүжүүлэгчдэд нэмэлт, тайлбар бүхий, дэмжлэг үзүүлэхүйц зарим материал хэрэгтэй.

Сурган хүмүүжүүлэгчдэд зориулан  эцэг эхчүүдэд зориулсан ажиглалтын хуудсын үндсэн санаа, зорилгын тодорхойлолт, ажиглалтын хуудсын асуултуудтай хэрхэн ажиллах талаарх заавартай, жишээлбэл, дээр дурдсанчилан боловсролд хэт их анхаардаг эцэг эхийг хэрхэн хазаарлах гэх мэт практик зөвлөгөө бүхий товч, тодорхой гарын авлагыг гаргасан. Гарын авлага нь ерөнхийдөө сэдвийн хүрээнд явцуу байх нь зохистой гэж үзсэн. Яагаад гэвэл  (a) Зарим сэдэвтэй холбоотой, ашиглаж болохоор сайн материалууд байдаг (Жишээ нь: Хүүхдийн хөгжлийн ярилцагыг хэрхэн зохион тухай), (b) Багш нарын хувьд урт эхтэй ажиллах цаг хугацаа, бэлэн байдал хязгаарлагдмал, мөн урт эхийг бараг уншдаггүй болох нь өмнө гаргасан ажиглалтын хэрэгслийн дагалдах гарын авлага дээрх туршлагаас харагдсан.  

Эцэг эхчүүдэд ч товч тохиромжтой гарын авлага хэрэгтэй.

 

Ном зүй:

 

[1]     Christenson, S. L. & Sheridan, S. M. (2001). School and families: Creating essential connections for learning. New York: The Guilford Press.

[2]         Bronfenbrenner, U. (1981): Die Ökologie der menschlichen Entwicklung. 1. Aufl. Stuttgart: Klett-Cotta.

Bronfenbrenner, U. (1986). Recent Advances in Research on the Ecology of Human Development. In R.-K. Silbereisen, K. Eyferth & G. Rudinger (Hrsg.), Development as Action in Context - Problem Behaviour and Normal Youth Development (S. 287–310). Berlin: Springer.

[3]         OHS National Center on Parent, Family and Community Engagement, 2011. Verfügbar unter: http://eclkc.ohs.acf.hhs.gov/hslc/tta-system/family

[4]         Sylva, K., Melhuish, E., Sammons, P., Siray-Blatchford, I. & Taggart, B. (2004). The Effective Provision of Pre-School Education (EPPE) Project: Final Report. A longitudinal Study Funded by the DfES 1997-2004: Evidence & research.

[5]         In Deutschland z. B. „Elfra1“ und „Elfra2“: Grimm, H. & Doil, H. (2000). ELFRA. Elternfragebögen für die Früherkennung von Risikokindern. Göttingen, Bern, Toronto, Seattle: Hogrefe.; „EFkE“, Brandstetter, G., Bode, H. & Ireton, H. (2003). Elternfragebogen zur kindlichen Entwicklung. 1 - 6 Jahre : EFkE. Augsburg: Möckl. Verfügbar unter http://www.worldcat.org/oclc/643376017.




[1]    Entwicklungsgespräche sind hier klar getrennt zu sehen von „Problemgesprächen“, z. B. beim Auftreten von Entwicklungsauffälligkeiten von Kindern. Bei Problemgesprächen sind andere Verfahren für Eltern angezeigt.