Цэцэрлэг дэх хөгжлийн ярилцлага
Хүүхдийн хөгжлийн талаар хийх ярилцлага нь цэцэрлэгийн өдөр тутмын ажил болон эцэг эхтэй хамтран ажиллах үйл ажиллагааны салшгүй хэсэг болж байна. Цэцэрлэгт явагдах хөгжлийн талаарх ярилцлага нь хоёр талын ач холбогдолтой: (1) багш бүрд (2) хүүхэд тус бүр
1. Ажил хөдөлмөрийн талбарт „ажилтнуудын“-хөгжлийн талаарх ярилцлага аль хэдийнээс нийтлэг байсаар ирсэн. Ажилтан бүрийн хөгжлийн чадавхыг илрүүлэхийн зэрэгцээ зорилготойгоор дэмжлэг үзүүлж хөгжүүлэх шаардлагатай байдаг. Байгууллагын удирдлагаас багш нартайгаа хийх хөгжлийн ярилцлага нь өдөр тутмын холбоо харилцааг бэхжүүлэхээр хязгаардагдахгүй тэдний үндсэн байр суурийг мэдэж авах зорилготой. Ажилтнуудынхаа байр суурийг ийнхүү мэдэж авснаар тэднийг давуу тал дээр нь тулгуурлан цаашдынх нь үйл ажиллагаанд чадваржуулах боломжтой болно. Практик дээр ийм ярилцлагыг зургаан сар тутам, үгүй гэхэд арван хоёр сар тутам хийж байх нь үр дүнтэй нь батлагдсан.
2. Цэцэрлэгт хүүхдийг ажиглалтын хуудсын дагуу ажигладаг мөн хүүхдийн хөгжлийг баримтжуулдаг болсноос хойш хүүхдийнх нь хөгжлийн талаар эцэг эхтэй хийх ярилцлага түгээмэл болсон. Ийм ярилцлагаар багш ба эцэг эх хүүхдийн хөгжлийн явц, түвшин ямар байгаа талаар мэдээллээ солилцдог. Хүүхдийн хөгжлийг хамтран үнэлэх хийгээд хөгжлийн зорилгыг сурган хүмүүжүүлэх зорилготой уялдуулан тогтоох, тэрхүү зорилгоо хэрэгжүүлэх арга хэмжээнүүдийг хамтдаа төлөвлөх нь харилцан итгэлцлийг гүнзгийрүүлж, хамтын ажиллагааг сайжруулдаг. Үүгээр гол нь хүүхэд бүр багш ба эцэг эхийн хамтын ажиллагааны үр дүнд хамгийн оновчтой дэмжлэг авах боломжтой болдог.
1. Хөгжлийн ярилцлага – боловсон хүчний хөгжлийн салшгүй хэсэг
Өнөө цагт компаниудын хувьд удирдлага, ажилтнуудын хоорондох хөгжлийн ярилцлага нь боловсон хүчний хөгжлийн чухал хэсэг болсон байна. Ийм ярилцлага нь нэг талаас ажлын байран дахь сэтгэл ханамжийг дээшлүүлэх, нөгөө талаас ажилтнуудын ажлын үр дүнг сайжруулахад нөлөөлнө. Энэ нь ажилтны давуу, сул тал нь юу байна, мэргэжил дээшлүүлэх болон бусад үйл ажиллагаагаар яаж тухайн ажилтны чадварыг бүрэн дүүрэн ашиглах вэ гэдгийг хамтдаа бодож үзсэний үндсэн дээр явагдана. Ийм ярилцлага ихэнхдээ жилд нэг удаа явагддаг. Ярилцлагыг бичиж баримтжуулах бөгөөд энэ нь дараагийн ярилцлага хийхэд сайн эхлэл, сайн үндэс суурь болж өгдөг.
Ийм ярилцлагад удирдлага болон ажилтан хоёулаа сайн бэлтгэсэн байхад анхаарах бөгөөд ингэснээр энэ нь ярилцлага амжилттай төгсөхөд чухал үүрэг гүйцэтгэнэ. Аль аль талд нь дараах асуултууд чухал:
- Надад ямар эрэлт хэрэгцээ байна вэ?
- Надад ямар хүсэлт, шаардлага байна вэ?
- Надад юу саад болж байна?
- Юунд би сэтгэл дундуур байна?
- Би яаж сайжрах вэ?
- Цаашдын хөгжилд би яаж хувь нэмэр оруулах вэ?
Гадны саад нөлөөллийг зайлшүгүй арилгасан байх бөгөөд ярилцлага харилцан бие биедээ хүндэтгэлтэй хандах замаар хийгдэнэ.
Сэтгэл ханамжтай ажилтнууд бол хүүхдийг ирээдүйн амьдралд бэлтгэх зорилгыг өвөрлөн, хүүхдэд хамгийн боломжит хэмжээгээр сайнаар нөлөөлөн сурган хүмүүжүүлэх ажлаа амжилттай гүйцэтгэх чухал урьдчилсан нөхцөл юм.
2. Хөгжлийн ярилцлага – Сургалтын хөтөлбөрийн чухал хэсэг
Хөгжлийн ярилцлага нь СӨБ-д шинэ зүйл биш. Эртнээс багш, эцэг эхийн хооронд ярилцлага хийгдсээр ирсэн. Эцэг эх хүүхдийнхээ талаар байн байн мэдээлэл авахыг хүсдэг. Гол асуудал бол хүүхдийн талаарх мэдээлэл системтэй ажиглалтад суурилаагүй, голдуу субьектив ойлголтоос үүдэлтэй байдагт оршиж байв. Олон улсын жишгээр сургууль төдийгүй СӨБ-ын байгууллагын сургалтын хөтөлбөрт системтэй ажиглалт, баримтжуулалтыг зааж өгөх нь нийтлэг болж байна. Ингэснээр мэргэшсэн байдлаар хөгжлийн ярилцлага явуулах чухал нөхцөл бүрдэж байгаа юм.
Монгол улсын хувьд СӨБ-ын сургалтын хөтөлбөртөө ажиглалтын хуудсыг албан ёсоор оруулж өгснөөрөө хөгжлийн ярилцлага явуулах суурь дэвсгэрийг бүрдүүлсэн. Монголын хувьд малчдын хүүхэд олон, тэд цэцэрлэгт тогтмол хамрагдаж чаддаггүй нь хөгжлийн ярилцлага илүү ач холбогдолтой болохыг харуулдаг. Эцэг эхтэй хийх бүрэн дүүрэн итгэлцсэн, ажиглалтад суурилсан мэдээллийн солилцоо нь хүүхдийн цаашдын хөгжилд дэмжлэг үзүүлэхэд чухал ач холбогдолтой.
Эцэг эхтэй байнга ярилцаж хэлэлцэх, зөрүүтэй саналаа нэгтгэн шийдвэрлэж байх нь оролцооны зан үйлийн туршлага хуримтлуулах сайн боломж бөгөөд энэ нь хүүхдүүдэд мөн үлгэр дуурайл болно.
- Хөгжлийн ярилцлага нь цэцэрлэг болон эцэг эхийн хоорондоо харилцан бүрэн дүүрэн итгэлцсэн, түншийн харилцааг бий болгох суурь нь болж өгдөг.
- Хөгжлийн ярилцлага нь цэцэрлэг болон гэр бүлийн хамтын ажиллагааг сайжруулж, гүнзгийрүүлэхэд тусалдаг.
- Хөгжлийн ярилцлага нь цэцэрлэгийн сурган хүмүүжүүлэх ажлын чанарыг хангах, сайжруулах гол хүчин зүйл юм.
- Хөгжлийн ярилцлага нь тогтмол, жилд дор хаяж нэгээс хоёр удаа тогтмол явагдах ёстой.
- Хөгжлийн ярилцлага нь ялангуяа дасан зохицох, хөгжлийн эрсдэл ажиглагдах, сургуульд элсэх үед зайлшгүй явагдана.
- Хөгжлийн ярилцлага нь хүүхдийн хөгжил, зан харилцааны талаар явагдахын зэрэгцээ тухайн байгууллагын сурган хүмүүжүүлэх ажлыг мөн хамарна.
- Хөгжлийн ярилцлагаар эцэг эх гэр бүлийнх нь өдөр тутмын амьдрал хэрхэн явагддагыг танилцуулна.
- Хөгжлийн ярилцлагаар эцэг эхийн хүсэлт, шаардлагыг авч үзэж, хэлэлцэх бөгөөд энэ нь тэдний цаашдын хамтын ажиллагааны түншлэлд хувь нэмэр оруулна.
- Цэцэрлэгт явагдах хөгжлийн ярилцлагын удиртгал
Хөгжлийн ярилцлагад юу хамрагдах, түүнийг хэрхэн явуулах тухай ярихын өмнө “Хөгжлийн ярилцлага” гэдгийн утгыг авч үзэх шаардлагатай. Хөгжлийн ярилцлагыг бүрдүүлэх 2 үндсэн элемент байдаг:
- Энэхүү ярилцлагын сэдэв, агуулга нь хүүхдийн хөгжил, ялангуяа цэцэрлэгт явж буй тухайн нэг хүүхдийн хөгжлийн асуудал байна.
- Ярилцлагын үеэр эцэг эхийн мэдээлэл, эцэг эх багш нарын хооронд туршлага солилцох үйл ажиллагаа явагдана.
Хөгжлийг юу гэж үзэх вэ?
"Нялх бага хүүхэд гайхамшигтай хурдан хөгждөг." Эцэг эх өөрийнхөө ажиглалтаасаа голдуу хүүхдийнх нь жин, өндөр нь нэмэгдсэн тухай ярьдаг. Заримдаа тэд хаалга, ханан дээрээ хүүхэд нь хэзээ ямар өндөртэй байсан, түүнчлэн ямар хугацаанд хэр зэрэг хурдан өсөж байгааг тэмдэглэж үздэг. Хөгжлийн талаарх ийм шугаман төсөөллөө тэд хүүхдийнхээ хөгжлийн бусад чиглэл рүү шилжүүлэн авч үздэг. Жишээлбэл, хөдөлгөөний хөгжил, хэл ярианы хөгжил, оюун ухааны хөгжил гэх мэтээр. Мөн шинжлэх ухааны зарим хэвлэл нийтлэлд ч хүүхдийн чадвар, чадамж нь тасралтгүй нэмэгдэж, өөрчлөгдөж байдаг тухай бичиж энэ ойлголтод нь хувь нэмэр оруулсаар ирсэн.
- Хөгжлийн ярилцлага нь шугаман хөгжлийн төсөөллийг өөрчлөхөд тусална.
Хөгжлийн сэтгэл судлалын сүүлийн үеийн судалгаа нь хөгжил бол байнга өгсөж, цаашаа явагдаж байдаг гэдгээс татгалзах болов. Олон судалгаа, хичээнгүй ажиглалтууд дараах зүйлийг харуулж байна:
- Хүүхдийн хөгжил нь тогтмол бус, харин янз бүрийн хурдтайгаар явагддаг.
- Хөгжил нь хүүхдийн хөгжлийн чиглэл бүрт харилцан адилгүй явагддаг.
Хөгжлийн аль нэг алхам нь ихэнхдээ өмнөх чадвараа өөрчлөн шинээр зохион байгуулж байдаг. Жишээлбэл, Нялх хүүхэд хөдөлгөөний хөгжлийн толгойгоо даадаг болохоос эхлэн хөлд орох хүртэл олон арга хэрэглэдэг. 10 хүүхэд энэ зорилгод хүрэхэд 10 өөр оролдлого хийдэг. Зарим хүүхэд жишээлбэл, тохойгоо тулан мөлхөх буюу ер нь мөлхөж байснаа шууд явж эхлэхэд зарим нь зогсдог болоод дараа нь явж эхэлнэ. Ихэнхдээ хөгжлийн ямар нэг алхам хийхийн өмнө хүүхдийн эзэмшсэн зүйлд нь ухралт байгаа юм шиг ажиглагддаг. Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар энэ нь ухаалаг арга хэлбэр бөгөөд ингэснээр хүүхэд өөртөө хэт их ачаалал авдаггүй байна.
Эдгээр мэдлэгүүд нь хүүхдийг дэмжих, хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой. Үүний дагуу хүүхдийн хямралтай байдалд нь туслах, давж гарсан хөгжлийн үеийг нь хүлээн зөвшөөрч дахин давтах зэрэг нь багшийн хүүхдийн хөгжлийг дэмжих үүрэгт хамрагдана.
- Хөгжлийн ярилцлага нь нарийн төвөгтэй, олон давхаргат хөгжлийн ойлголтод хариуцлагатай хандахыг мэдрүүлнэ.
Компаниуд дахь хөгжлийн ярилцлага ч мөн дараах асуултад төвлөрдөг: Хөгжлийн ярилцлагаар хэн хэнийг хөгжүүлэх вэ? Үүгээр зөвхөн ажилчдаа хөгжүүлэх бус, компанийн цаашдын хөгжилд асуудал гарахаас сэргийлдэг. Энэ нь цэцэрлэгүүдэд мөн адилхан байна. Хөгжлийн ярилцлага нь зөвхөн хүүхдийг дэмжих, хөгжүүлэхэд чиглэдэггүй. Энэ ярилцлагаар мөн боловсрол олгож буй үйл ажиллагаанууд, үзэл баримтлал, тухайн байгууллагын талаар үргэлж яригдана. Хэрэв боловсролын үйл явцад оролцогчид бүгдээрээ хамтран оролцдоггүй, нөлөөлөл үзүүлдэггүй бол хөгжлийн ярилцлагаар асуудлыг шүүмжлэлтэйгээр авч үзэж, шаардлагатай бол, явуулж буй үйл ажиллагаагаа өөрчилөх, хүүхдийн асуудлыг хязгаарлагдмал байлаар авч үзэх зэргээр ажиллана.
- Хөгжлийн ярилцлага нь цэцэрлэгийн сурган хүмүүжүүлэх ажлыг тасралтгүй хөгжүүлэхэд түлхэц үзүүлнэ.
Хөгжлийн ярилцлагаас гарсан санал, хүсэлт, шүүмжлэл, дохио санамж нь байгууллагын концепт, үйл ажиллагааны хэрэгцээг илэрхийлэх бөгөөд үүгээр сурган хүмүүжүүлэх үйл ажиллагаагаа хүүхэд болон гэр бүлд чиглүүлэн уян хатан явуулах боломж бүрдэнэ.
Хэдийгээр хөгжлийн ярилцлагын төвд хүүхэд байх хэдий ч, бүхэл бүтэн системээ авч үзсэнээр хүүхэдтэй ажиллах ажил тогтмол сайжирна. Энэ юу гэсэн үг вэ гэвэл зөвхөн тухайн байгууллагын нийт хүн тогтмол хөгжих тохиолдолд л хүүхэд бүр хамгийн боломжит дэмжлэгээр хангагдана.
Хөгжлийн ярилцлага дахь мэдээлэл солилцох явц
Цэцэрлэг дэх хөгжлийн ярилцлагаар яриаг амжилттай өрнүүлэхийг зорино. Энэ нь эцэг эх, ярилцлага хөтлөгч хоёрын аль алинаас нь өөрсдийн туршлага, ажиглалт дээр тулгуурлан ярилцлагад аль болох адил хувь нэмэр оруулахыг шаардана. Үүнээс гадна ярилцлага хөтлөгчийн зүгээс эцэг эхэд өөрийгөө өргөн хүрээтэй илэрхийлэх орон зай олгоно. Эцэг эхийг өөрийнхөө болон хүүхдийнхээ талаар ярихад бэлэн, урайлгахан байлгахын тулд харицан яриаг нээлттэй, найрсгаар зохион байгуулна. Энэ нь тийм ч амар биш. Үүний тулд ярилцлагыг хөтлөгч юуны өмнө зорилготойгоор хийсэн ажиглалтаараа тухайн хүүхдийн зан, харилцааны талаар өргөн хүрээтэй мэдээлэл цуглуулсан байна.
Эцэг эхчүүдтэй хийсэн ярилцлагын ажиглалтаас харахад ийм бэлтгэлийг чухалчилсан багш нар өөрсдийнхөө мэдээллийг эцэг эхдээ аль болох өргөн хүрээтэй дамжуулахыг зорьдог. Ингэснээр яриа нь лекц, ганц хүний яриа буюу сургаал болон хувирдаг. Тэгэхээр ярилцлагыг амжилттай болгох, түүнчлэн хөгжлийн ярилцлагыг амжилттай явуулах эхний, хамгийн дээд зарчим бол өөрсдийн ойлголтоо нэгтгэж ойлголцоход оршино.
- Хөгжлийн ярилцлага нь ойлголцол ухааралд чиглэх бөгөөд амжилтад чиглэхгүй байна.
Эцэг эх болон хүүхдийг ойлгоход ярилцлага хөтлөгчийн гол зорилго оршино. Тэрбээр эцэг эхийн санаа, бодлыг мэдэж авахын зэрэгцээ эцэг эх хүүхэдтэйгээ хэрхэн харилцдагыг ойлгохыг хичээх хэрэгтэй. Яриа хэдий чинээ эцэг эхийг сургамжлах тал руу явна, төдий чинээгээр эцэг эх ярих эрмэлзэлгүй болж мөн ач холбогдолтой зөвлөгөөг хүлээж авахгүйд хүрнэ. Мэдээж ярилцлага хөтлөгч эцэг эхэд тухайн байгууллагад байгаа хүүхдийнх нь байгаа байдлын талаар танилцуулах шаардлагатай боловч гол нь харилцан ойлголцлыг дэмжих ёстой гэсэн зарчмыг баримтална.
- Ярилцлага нь үг ба үгэн бус элементүүдээс бүрдэнэ.
Шинжлэх ухааны судалгаанаас үзэхэд үгийн сонголт, аман ярианы тайлбар нь хамтдаа ярилцаж буй хүнийх нь хүлээн авч байгаа зүйлийн багахан хэсгийг л бүрдүүлдэг ажээ (7%-аас 20%). Тодорхой, зөв томьёолсон, үнэмшилтэй үг хэллэг чухал хэдий ч мэдээлийн зөвхөн нэг хэсэг юм. Ярианы хэл ба биеийн хэл хоорондоо зөрчилдөх ёсгүй. Ярилцагц түнш рүүгээ бүхий л биеэрээ хандаж, анхаарал, хандлага, хүндэтгэл нь мэдэгдэж байвал хэлсэн үгэнд итгэх итгэл болон хоорондын итгэлцлийг бий болгоно.
- Ярилцлага нь ямар нэг агуулга, харилцааны талуудтай байна.
Хэл яриагаар илэрхийлсэн үг хэллэг бүр, түүнчлэн харилцан ярилцагчдын байгаа байдал бүр бодит мэдээллийг агуулдаг бөгөөд тэдний тухайн үеийн харилцаанд нөлөөлж байдаг. Энэ нь харилцааны түвшин давамгайлж байх үед ярилцаж буй зүйлсийн агуулга харилцаагаар зохицуулагдаж байдгийг харуулна.
Харилцааны түвшин бол ярилцлага ямар явагдахыг шийдвэрлэх хүчин зүйл. Ярилцлагад оролцогчдын хооронд аятай харилцаа бий болоогүй тохиолдолд ярилцлага үр дүнд хүрэхгүй. Үүнийг хөгжлийн ярилцлагын хүрээнд авч үзвэл: Хэрэв ярилцагчдын хоорондын харилцаа хурцадмал, зөрчилдөөнтэй, хүлээлттэй байвал яриа аяндаа, нээлттэй, бүтээлч явагдах нь бараг үгүй. Үл итгэлцлээс үүдсэн яриа нь санаагаа нээлттэй, бүрэн дүүрэн итгэлцсэн байдлаар солилцох боломж олгодоггүй. Хэрэв хөгжлийн ярилцлагын дараа ярилцлага хөтлөгчид сэтгэл ханамжгүй байдал мэдрэгдсэн бол ярилцлага дунд зэрэг боллоо гэж үзэх бөгөөд энэ нь цаашдаа эцэг эх рүү хандсан харилцаанд ихэвчлэн шүүмжлэлтэй дүн шинжилгээ хийхэд хүргэдэг. Ийм нөхцөлд эцэг эхтэй дахин ярилцаж ойлголцох хэрэгтэй.
- Хөгжлийн ярилцлага явуулах алхмууд
Хэдийгээр хөгжлийн ярилцлага янзын бүрийн сэдвээр явагдах, ярилцлагын зорилго, сонирхол өөр өөр байх түүнчлэн ярилцлагын явц адилгүй байсан ч ихэнхдээ дараах бүтэц ажиглагддаг бөгөөд энэ нь ярилцлагыг хөтөлж явуулахад тусалдаг.
а) Удиртгал
б) Үндсэн хэсэг
в) Төгсгөл
Удиртгал хэсгээр хөгжлийн ярилцлага сайн явагдах эхлэл тавигдах бөгөөд энэ нь үндсэн хэсэгт асуудлыг авч хэлэлцэхэд нөлөөлж, мөн ярилцлагаа төлөвлөсөн дүгнэлтээр дуусгахад нөлөөлнө.
Ярилцлагын эхлэл - орох хаалганы цаана!
Хөгжлийн ярилцлага ярилцагч түнш (эцэг эх) байгууллагад хүрэлцэн ирснээр бус түүнээс өмнө орох хаалганы цаана эхэлнэ. Энэ нь ээж буюу аавыг хүрэлцэн ирэхэд бэлтгэхээс эхэлнэ. Та дараах зүйлсийг эргэн санаарай: Ээж, аавыг хэрхэн урих вэ? Эцэг эхтэй цаг тохирохоос өмнө би тэдэнтэй хэр ойр байдаг билээ? Аав нь ярилцлагад оролцох болов уу? Яаж ирэх, машинаа хаана тавихыг зөвлөх хэрэгтэй юу? Эдгээр асуултын дагуу ярилцлагад бэлтгэх нь ярилцагчтайгаа харилцах харилцаанд нөлөөлнө.
Хөгжлийн ярилцлагын үндсэн хэсэгт сэдэв, санаа бодлоо солилцоно, хэлэлцэж, зөвлөлдөнө, шаардлагатай бол шийдлийг хайж олно. Хэдийгээр хоорондоо ялгаатай боловч ихэнх ярилцлагын явцад дараах алхмуудыг мөрдвөл тустай:
- Эцэг эхийн санаа бодол
- Ярилцлага хөтлөгчийн танилцуулга
- Эцэг эхийн яриа
- Ярилцлагын дүгнэлт
Эцэг эхийн санаа бодол
Хөгжлийн ярилцлагаар эцэг эхийн санаа бодлыг юун түрүүнд хүүхэд нь хэр зэрэг хөгжиж байгаад хандуулахгүй. Эцэг эхчүүд ерөнхийдөө хүүхэд нь гэртээ ямар байдалтай байдаг, яаж харилцдаг, ямар чадвар дадал, чамдамж ажиглагдсан тухай өөрсдөө санаачилан ярьдаггүй. Иймээс эцэг эхчүүдийн яриаг эхлээд дараах зүйлс рүү чиглүүлэх нь олон талын ач холбогдолтой: Ихэвчлэн туршлага солилцох яриа, эцэг эхийн асуулт, санаа бодол хоорондоо холилдон явагдана. Иймээс эхлээд тэдний асуултууд руу төвлөрөн ярилцана. Ийнхүү эцэг эх эхлээд дэлгэрэнгүй ярих юм бол цаашдын ярилцлагад тэдний оролцоо маш сайн байна.
Хэрэв ярилцлагын явцад эцэг эхэд дахин дахин асуулт тавьж, яриулахыг шаардах юм бол ярилцлагын явц болон эцэг эхийн идэвхтэй оролцоонд сайнаар нөлөөлөхгүй. Ийм нөхцөлд ярилцлага хөтлөгч харьцангуй хурдан хүүхдийн талаар ярьж эхэлсэн нь дээр.
Ярилцлага хөтлөгчийн танилцуулга
Эцэг эхийн эхний ярианы дараа ярилцлага хөтлөгч хүүхдийн хөгжлийн талаар эхний хэлэх зүйлээ хэлнэ. Эцэг эхээс гарсан сэдвийг амжилттай үргэлжлүүлэн ярилцаж чадвал туршлага солилцох үйл явц эрчимтэй явагдана. Энэ үеэр багш удаан ярьж, эцэг эхийг яриулахгүй байхаас зайлсхийх хэрэгтэй. Ийм аюул хэдийд үүсдэг вэ гэвэл юуны өмнө багш тухайн сэдвээр хэтэрхий их үзүүлж харуулах материал, бичиг баримт бэлтгэснээс болдог. Хөгжлийн ярилцлага нь ямар ч нөхцөлд ярилцлага хэвээр байх ба нэг хүний яриа, мөн танилцуулга байдалтай байж бүр ч болохгүй. Иймээс багшийн ярилцлагад оруулж буй хувь нэмэр нь эцэг эхэд аль болох ярихад нь үзүүлсэн өдөөгч\түлхэц гэж ойлгогдохоор байна.
Ярилцлагад сайн суурь дэвсгэр болох зүйл бол хүүхэд хэр зэрэг хөгжиж байгааг харуулсан жишээлбэл, зурсан зураг, урлаж бүтээсэн зүйл, хамтын үйл ажиллагаа, эсвэл фото зургууд, видео бичлэг бүхий Хувийн хавтас. Ийм материалууд ярилцлага хөтлөгчийн ярианд дэмжлэг болохын зэрэгцээ эцэг эхээс асуулт тавих, сэтгэгдлээ илэрхийлэх эхлэл нь болдрг. Үүгээр эцэг эхэд өөрийнхөө талаас хүүхдийнхээ талаар ярих сэдэл бий болно
Эцэг эхийн яриа
Ярилцлага хөтлөгчийн нээлттэй, хүсэмжилсэн яриа нь ихэнх эцэг эх өөрийнхөө туршлага, ажиглалтаасаа илүү их мэдээлэл өгөхөд өдөөнө. Идэвхтэй сонсож, ухаалаг асуултууд тавьснаар багш эцэг эхийн ярьсан зүйлийг өргөжүүлж, гүнзгийрүүлж чадна. Ярилцлага хөтлөгч нь эцэг эхийн ярьсан зүйлд төвлөрөн, соргогоор хандан нөхөж ярьснаар эцэг эх юу сонирхож байгааг мэдэхийн зэрэгцээ нөгөө талаар шаардлагатай зүйл рүү тэдний сонирхлыг татаж чадна.
Ярилцлагын дүгнэлт
Хөгжлийн ярилцлага тодорхой зүйлд төвлөрсөн зөвлөлдсөн, эцэг эхийн хүсэл бодлын талаар ярилцаж чадсан бол ярилцлагаас дүгнэлт хийх боломжтой. Ярилцлага энгийн (зохиомол бус) явагдсан бол яриа, зөвлөгөө, дүгнэлтийг тус тусад нь тодорхой ялган салгах боломжгүй байдаг. Практик дээр ямар нэг асуудлыг хэлэлцэхэд ярилцлага хөтлөгчөөс маш хурдан шийдвэрлэх санал гардаг. Хэрэв хамтран ярилцагцдаас ашигтай шийдлүүд гарч ирэхгүй бол ярилцлага хөтлөгч тодорхой зорилготой асуулт тавьж, шийдлийг олох тал дээр ажиллана.
Хөгжлийн ярилцлагын үндсэн хэсэг дэх харилцан нөлөөлөл
Хөгжлийн ярилцлага дахь эцэг эх болон ярилцлага хөтлөгчийн яриа тодорхой дараалалтай байна гэж бараг байхгүй. Ерөнхийдөө ярилцлага хөтлөгчийн өдөөж ярьсан зүйлийг эцэг эх өөрийнхөө хуримтлуулсан туршлага болон ажигласан зүйлээрээ баяжуулдаг. Үүний адилаар эцэг эхийн тайлбар, ярьсан зүйлийг ярилцлага хөтлөгч өөрийхөө туршлага, мэдлэгээрээ баяжуулж өгдөг. Ийнхүү ярилцах явцад хүүхдийн цаашдын хөгжил төлөвшлийн талаар гарах дүгнэлт, санал нь эцэг эх болон ярицлага хөтлөгчийн аль аль талаас нь гарч ирдэг. Ийнхүү ярилцлагад оролцогчдын аль аль талаас ярилцлагад оруулсан хувь нэмрээс амьд харилцан нөлөөлөл бий болох бөгөөд энэ явцад аль болох өргөн хүрээний ажиглалт, саналууд дээр тулгуурлан олон асуудлыг авч үзэж хэлэлцэх боломжтой болно. Ярилцлага ийм явцтай болбол ихэвчлэн амжилттай, сэтгэл ханамжтай боллоо гэж үзнэ.
Ярилцлагын төгсгөл
Ярилцлагад оролцогчид ярилцлагаас ямар сэтгэгдэлтэй үлдэх нь ярилцлагын эхлэл болон төгсгөлөөс адилхан хамаарна, аль аль нь ихээхэн хариуцлагатай үе. Ярилцлага төгсгөлдөө ирж байна даа гэдэг нь тодорхой болох үед товч дүгнэлт хийнэ.
Та энэ дүрмийг тууштай баримтална:
- Товч нэгтгэж дүгнэнэ!
- Ярилцлагын явцад төвлөрсөн хоёр гурван гол зүйлийг дурдана.
- Нэг зүйлд зөвхөн нэг өгүүлбэр!
“Би танд ярилцлагын дараа танд зөвлөгөө өгөх төвийн утасны дугаарыг өгье...”, Би танд мөн өөрсдийн каталогийг буцааж авахаар өгнө... Та 3 сарын дараа надтай холбогдож санал хүсэлтээ өгөөрэй.” гэх мэтээр тохиролцоно. Түүнийгээ мартахгүйн тулд тэмдэглэж авна. Ингээд ярилцлагын төгсгөлд тохирсон зүйлээ дахин давтаж хэлэх нь чухал. Ингэснээр амлалт, тохирсон зүйлсийг эцэг эх хүндэтгэн хэрэгжүүлэх магадлалыг нэмэгдүүлнэ.
Хамтран ярилцагчдаа нээлттэй, нөхөрсөн яриа өрнүүлсэнд талархал илэрхийлснээр ярилцлагын албан ёсны хэсэг өндөрлөнө.
Ярилцлагын төгсгөл нь ярилцлага эхлэх мэндчилгээтэй адил эцэг эхтэй харилцах харилцаанд чухал нөлөөтэй гэдгийг анхаарна.
Др.Бернхард Нагел (Bernhard Nagel)