Хүүхдийн цэцэрлэгүүдэд шинэчлэлт хийх цаг болсон
“Боролдойн Гэр” цэцэрлэг хэдийнээ эцэг эхчүүдийн дунд танил болсон билээ. Түүний үүсгэн байгуулагч Г.Ундралтай ярилцаж санаа бодлыг нь хуваалцлаа.
-Танд энэ өдрийн мэнд хүргэе.
Баярлалаа, та бүгдэд ч бас энэ өдрийн мэнд хүргэе.
-Таныг мэдэхгүй хүмүүст өөрийгөө танилцуулаач.
Намайг Ундрал гэдэг. 3 хүүхдийн ээж. Австрали улсад магистрын зэрэг ээ бизнесийн удирдлагаар төгсөж ирээд мэргэжлээрээ Олон Улсын байгууллагад ажиллаж байгаад энэ жилээс“Боролдойн Гэр” цэцэрлэгийнхээ үйл ажиллагааг илүү сайжруулах тал дээр төвлөрөн ажиллаж байна.
-Та бол 3 хүүхдийн ээж, цэцэрлэгийн насны 2 ч хүүхэдтэй ээжийн хувьд хүүхдүүдээ өсгөхдөө хамгийн чухал баримталдаг зүйлсийн талаараа дурдвал?
Хүүхдэд хүүхэд байх эрх чөлөөг нь олгож, нөхцөлийг нь бүрдүүлж, чөлөөтэй сэтгэн бодох, хөгжих, инээд хөөртэй байх бололцоог хангах нь эцэг эхийн хамгийн чухал үүрэг гэж боддог. Тэр тусмаа өнөөгийн нийгэмд эцэг эхчүүд хүүхдүүдээ багаас нь дугуйлан сургалтын төвүүдэд их хамруулж шахдаг санагддаг. Би хувьдаа боловсрол маш чанартайгаар олгогдох ёстой ба бага насны хүүхдүүд яг тухайн нас насны хөгжил онцлогтоо тохирсон сургалт хичээлүүд сурах нь зөв гэж боддог. Мөн сургуулийн өмнөх нас буюу цэцэрлэгт хүүхэд хүүхдээрээ байж, аливаа шаардлага, дарамтаас ангид, хамгийн гол нь хүнлэг зөв хүн болж төлөвших нь чухал гэж боддог. Үүнээс гадна, гэр бүлийн халуун дулаан уур амьсгал, орчин, эргэн тойронд буй хүмүүсийн харилцаа хүүхдийн хүмүүжил хүн болох үйл явцад хамгийн их нөлөө үзүүлдэг гэдэг баримтлалаар хүүхдүүдээ өсгөж байна.
-Хүүхдийн орчин хүмүүжилд хэрхэн нөлөөлдөг гэж боддог вэ?
Хүүхэд өөрөө яг л цагаан цаас шиг. Түүн дээр юу зурна, тэд бүгдийг бодол сэтгэл, оюун ухаандаа шингээн авч байдаг. Иймээс ямар орчинд хүүхэд өсөж торниж байгаа нь ирээдүйн амьдрал болон ертөнцийг харах өнцөгт нь нөлөөлдөг гэж үздэг. Тэгэхлээр гэрээс гадна хүүхэд цэцэрлэг сургууль дээр бүтэн өдрийг өнгөрөөдөг. Энд л хүүхэд хамгийн их зүйл суралцаж, танин мэдрэхүйгээ нээдэг. Энэ үед хүүхэд зөв орчинд, зөв газартаа байх нь хамгийн чухал.
-Боролдойн гэр цэцэрлэгийн бусдаас ялгарах давуу талууд?
Хүүхэд бүр өөр өөрийн гэсэн онцлогтой, ертөнц байдаг. Тэгэхлээр хүүхэд тус бүрд тохирсон арга барилаар мөн түүний хүсэл сонирхлыг дэмжсэн хөтөлбөрүүдээр сургахыг баримталж ажилладаг. Үүнээс гадна, манай цэцэрлэгийн байгууламж олон улсын стандартад нийцсэн цэцэрлэгийн зориулалтын байгууламж байгаа юм. Бид үүнийгээ зөвхөн хүүхдэд зориулсан тэдний аюулгүй байдал, хөгжих бас хөгжилдөх боломжийг бүрдүүлсэн хүүхдэд ээлтэй байгууламж болгохыг зорьсон. Монголын сургуулийн өмнөх насны боловсролын түвшин, орчин нөхцөлийг шинэ түвшинд авчирсандаа ээж хүн, иргэн хүний хувиараа сэтгэл хангалуун байгаа.
-Аль ч боловсролын салбарт багш нар маш чухал байдаг. Багш нараа сонгохдоо юунд илүү анхаарсан бэ?
Багш нар бол боловсролын байгууллагууд, тэр тусмаа сургуулийн өмнөх насны хүүхдүүдийг сургах цэцэрлэгийн гол тулах тулгуур нь байдаг. Хүүхэдтэй өдрийн турш биечлэн харилцах, сургах, хэрэгтэй үед нь найз нь байх хүн бол зөвхөн багш байдаг. Тийм учраас, маш өндөр шалгууруудыг тавьсан: ажиллаж байсан туршлага, боловсролын түвшин мөн хамгийн чухал зүйл буюу хувь хүнийг нь илүү харж авсан.
-Энэ жил буюу Ковид-19 цар тахалтай хүнд хэцүү жилийн хувьд танай цэцэрлэг хүүхдүүдийнхээ эрүүл мэндэд хэрхэн анхаарч ажиллах вэ?
Маш их үүрэг хариуцлага бидэнд ирж байгаа юм л даа. Энгийн үеийнхээс хамаагүй чанга ариун цэврийн дэглэмийг барих ба Улсын Онцгой Комиссоос гаргасан бүх заалт журмыг даган үйл ажиллагаагаа явуулж байна. 2 цаг тутам агааржуулалт, чийгтэй цэвэрлэгээ, хүүхэд бүрийн эрүүл мэндийг хянах мэргэжлийн эмч маань онцгой анхаарал тавьж ажиллаж байна. Мөн бид өдрийн дэглэм болон хүүхэд угтах үдэх үйл ажиллагаандаа зааврын дагуу тусгай урсгал үүсгэж эцэг эх нарыг олноор нь бөөгнөрүүлэхгүй аль болох цэцэрлэгийн дотор нэвтрүүлэхгүй байх тал дээр хичээж ажиллаж байгаа. Энэ нь нийт хүүхэд болон эцэг эх нарт шинэ дадал хэвшил болж байгаа юм. Онцгой байдлын дэглэм хэдий хүртэл үргэлжлэхийг мэдэхгүй ч бид нийтээрээ сонор сэрэмжтэй байж “New Normal” гэдэг зүйлийг нийт эцэг эх нар маань ойлгож цэцэрлэгтэйгээ хамтарч ажиллана гэж итгэж байгаа. Зарим хүүхэд, ээж аав нар маань хуучин дадал хэвшил нь бага зэрэг өөрчлөгдмөгц нийт цэцэрлэгийн үйл ажиллагаа өөрчлөгдөж шинэ цэцэрлэг болсон мэтээр ташаа ойлгох нь бий.
-Энэ жилийн хувьд эцэг эхчүүдэд ямар нэгэн давуу тал олгож байгаа юу?
Covid-19 -с үүдэлтэй эдийн засгийн энэ хүнд хэцүү үед бид эцэг эх нараа хүндрүүлэхгүй байх үүднээс сургалтын төлбөрийг түрүү жилийхтэй адил тогтвортой барьж үлдсэн байгаа. Энэ нь бидний хувьд маш том сорил байсан хэдий ч цаг үе хэцүү үед эерэг зөв хандлагатай байх нь эргээд нийгэмдээ сайн сайхныг урин дуудах байх. Мөн бидний хийсэн судалгаанаас харвал, зарим хувийн цэцэрлэг, сургуулиуд төлбөрөө ямар нэг хэмжээгээр нэмсэн байсан. Бид харин эсрэгээрээ эцэг эх нараа ойлгож дэмжих цаг нь гэж бодож байгаа.
Танд ажлын амжилт хүсье.
Эх сурвалж: ikon.mn