Хөдөлгөөний ач тус, “Өглөөний тойрог”-ийн тоглоомууд

Хүүхэд идэвхтэй хөдөлгөөнтэй байх нь тэдний олон талын хөгжилд нөлөөлдөг. Энд хөдөлгөөний хүүхдэд нөлөөлдөг ач тусын талаарх 10 үндэслэл, “Өглөөний тойрог”-оор тоглож болох зарим хөгжилтэй хөдөлгөөнт тоглоомыг танилцуулж байна.

Хөдөлгөөний ач тус

Хөдөлгөөний хүүхдэд нөлөөлдөг 10 ач тус (Christine Hagemann)-ыг танилцуулъя.

Мэдрэхүйн чадвар

1. Анхаарлын төвлөрөл нь сайжирна.

2. Тархины цусан хангамж, үйл гүйцэтгэх чадвар нэмэгдэнэ.

Бие махбодын хөгжил

3. Дархлаа нь тогтворжиж, эрүүл мэндэд  нөлөөлнө.

4. Булчингийн тогтолцоог бүхэлд нь бэхжүүлж, илүү их хүч чадал, тэсвэр тэвчээртэй болгоно.

Хөдөлгөөний хөгжил

5. Хөдөлгөөний зохицуулалт, эв дүй сайжирч, өөрийгөө илүү найдвартай, аюулгүй авч явахад дадлагажина.

Оюун  ухааны хөгжил

6. Хийсвэр болон уялдаа холбоотой сэтгэхэд дэмжлэг үзүүлнэ.

7. Дүрслэн бодоход нь өдөөлт өгч, бүтээлч байдал нь нэмэгдэнэ.

Сэтгэлийн хөдөлгөөний хөгжил

8. Өөртөө итгэх итгэл бэхжиж, өөрийгөө үнэлэх үнэлэмжийг дээшлүүлнэ.

Харилцаа

9. Бусдад туслах хүсэл эрмэлзэл, анхаарал хандуулах чадвар нэмэгдэнэ.

10. Хамтран ажиллах эрмэлзэл, багаар ажиллах чадварыг дэмжинэ.

 

Өглөөний тойргоор тоглох тоглоомууд

Өглөөний тойргоор та хүүхдүүдээрээ дараах хөдөлгөөнт тоглоомууд (Britta Bartoldus. 2019)-ыг тоглуулаад үзээрэй. Шинэ өглөөг хөгжилтэй угтахад танд туслах болно.

Өнгөт салад

  1. 3 наснаас эхлэн тоглох боломжтой.
  2. Ангийн бүх хүүхэд оролцоно
  3. Тоглоом ойролцоогоор 5 минут үргэлжилнэ.

 

Хэрэглэгдэх зүйлс:

  1. Улаан, шар, ногоон, хөх өнгийн эсгий бал (арилгаж болдог - Woodys)
  2. 1 ширхэг гимнастикийн цагираг

 

Тоглоомын явц:

Хүүхдүүд сандлаа авч, тойргоор сууна. Тойргийн голд цагирагаа байрлуулна. Хүүхэд бүрийн гар дээр аль нэг өнгөөр цэг зурна. Ингэхдээ өнгө бүр ижил тоогоор тархсан байхад анхаарна.

Нэг хүүхэд (тоглоом удирдагч) тойргийн голд цагираг дотор орж зогсоно. Түүний сандлыг авна. Сандлын тоо нийт тоглогчдын тооноос нэгээр дутуу болно. Тоглоом удирдагч аль нэг өнгийг нэрлэхэд тухайн өнгөтэй хүүхдүүд байраа сольж сууна. Энэ хооронд тоглоом удирдагч нэг сул сандал олж суухыг хичээнэ. Сандалгүй хоцорсон хүүхэд тойргийн голд цагираг дотор орж, тоглоом үргэлжилнэ.  

Хувилбар:

Дөрвөн өнгөнөөс гадна “Өнгөт салад” гэхэд бүх хүүхэд байраа солино.  

Хөдөлгөөнт  шоо

  1. 3 наснаас эхлэн тоглох боломжтой.
  2. Ангийн бүх хүүхэд оролцоно
  3. Тоглоом ойролцоогоор 5 минут үргэлжилнэ.

 

Хэрэглэгдэх зүйлс:

  1. 1 ширхэг том шоо

 

Тоглоомын явц:

Шоогоо орхиж, шооны тоотой тэнцүү ямар нэг хөдөлгөөн хийнэ. Ямар хөдөлгөөн хийхийг хүүхдүүд өөрсдөө бодож олно. Жишээлбэл

1. 5 удаа толгой дээрээ гараа хавсарч үсэрнэ.

2. 5 удаа нэг хөл дээрээ үсэрнэ.

3. 5 Удаа явган сууна.

4. 3 удаа сандлаа тойрч алхана.

5. Гараа өргөж хөлийн өлмий дээр зогсоно.

6. Доош харж хэвтэнэ.

Хүүхдүүд ээлжилж шоог орхино. Шооны тоотой тэнцүү тоогоор хөдөлгөөн хийнэ. Ямар хөдөлгөөнүүд хийснээ бодож ярилцана.  

Нүдээ ирмэх

  1. 4 наснаас эхлэн тоглох боломжтой.
  2. Ангийн бүх хүүхэд оролцоно
  3. Тоглоом ойролцоогоор 5 минут үргэлжилнэ.

 

Тоглоомын явц:

Хүүхдүүд хоёр хоёроороо нэгнийхэ ард зогсож, тойрог үүсгэнэ. Тэдний нэг нь ганцаараа зогсоно. Ганцаараа зогссон хүүхэд аль нэг хүүхэд рүү ирмэхэд тэрээр ирмэсэн хүүхэд рүү гүйнэ. Ганцаараа үлдэхгүйн тулд арын хүүхэд нь  түүний мөрнөөс барьж авна эсвэл нуруунд нь гараараа хүрнэ. Ингэж чадахгүй бол өмнөх хүүхдээ алдаж, дараагийн хүүхдийг ирмэлтээрээ олж авна.

Эрдэнэ шиш (попкорн)

  1. 3 наснаас эхлэн тоглох боломжтой.
  2. Ангийн бүх хүүхэд оролцоно
  3. Тоглоом ойролцоогоор 5 минут үргэлжилнэ.

 

Тоглоомын явц:

Тоглоомыг аль нэг хүүхэд эхэлнэ. Тэр нь эрдэнэ шиш бөгөөд тасалгаан дунд үсэрч явна. Бусад хүүхэд эрдэнэ шишийн үр бөгөөд тасалгаан дундуур гүйлдэнэ. Эрдэнэ шиш аль нэг хүүхдийн биед хүрэхэд тэр нь дээшээ нэг үсрээд эрдэнэ шиш болно. Эрдэнэ шиш болсон хүүхдүүд  бусад “эрдэнэ шишийн үр”-нүүдэд хүрч эрдэнэ шиш болгохын төлөө хичээнэ.

 

Н.Хорлоо

 

Ном зүй:

Christine Hagemann. 10 gute Gründe, warum Bewegung Kindern gut tut. https://www.backwinkel.de/blog/bewegungsspiele/

Britta Bartoldus. Komm, beweg dich mit! – Fünf Bewegungsspiele für den Morgenkreis

https://www.klett-kita.de/blog/komm-beweg-dich-mit-fuenf-bewegungsspiele-fuer-den-morgenkreis