Бага насныханд үнэт зүйлийг хэрхэн эзэмшүүлэх вэ?

Эцэг эхчүүд болон багш нар бага насныханд ч үнэт зүйл чухал гэж үздэг. Үнэт зүйл нь хүүхдэд амьдрал дунд учир зүйгээ олох, юуг сайн, чухал гэж үзэх болон зөв шийдвэр гаргахад тусалдаг. Үнэт зүйлийг “Үнэт зүйлс бүхий нийгмийн бүлэг дэх хүний нийтлэг хүсэж буй, ёс зүй, ёс суртахууны хувьд сайн гэж үнэлэгддэг шинж чанарууд” гэж тодорхойлжээ (Nicolas M. 2021). Иймээс үнэт зүйл нь хүүхэд багачуудыг ёс суртахуунтай хувь хүн болон төлөвшүүлэхтэй нягт холбоотой. Мөн үнэт зүйлийн чадамж (value competence) гэсэн нэр томьёо бий. “Үнэт зүйлийн чадамж нь бие дааж, бодитой, тухайн нөхцөл байдалд зохицсон шийдвэр гаргах чадвар” (Agnieszka Adamska. 2011)  гэсэн байна. Тэгэхээр хүүхдэд багаас нь үнэт зүйлийг хэрхэн эзэмшүүлэх, үнэт зүйлийн чадамжтай болоход хэн, хэрхэн дэмжлэг үзүүлэх вэ?

Бага насныхны онцлог

Хүүхэд мэндэлснээр эхлээд зөвхөн өөрийнхөө хэрэгцээг л мэдэрдэг. Жишээлбэл, өлсөх, цангах, хуурайлуулах, өөртэйгээ хамт байхыг хүсэх... Хэрэгцээгээ хангахын тулд уйлж дохио өгнө. Балчир насныхны (3 хүртэл) хувьд “миний”, “чинийх” гэдгийг ялгах чадваргүй байдаг. Тэд ойр орчиндоо байгаа бүх зүйлийг өөрийнх нь гэж үздэг. Аав минийх, тоглоом минийх, дүүтэй болсон ч гэсэн ээжийн мөөм минийх гэх мэт. Хэрэгцээгээ хангахын тулд уйлна, зөрүүдэлнэ. Үүнийг нь муухай зан ааш гаргаж байна гэж ойлгож болохгүй бөгөөд энэ үйлдэл нь тэдний хэрэгцээгээ хангах гэж байгаа шийдвэр нь. Иймээс бид тэдэнд юу таалагддаг, яавал хөгжилтэй байдаг, юу сонирхдог зэргийг харгалзах нь тэдний хэрэгцээг хангах гол арга зам юм.

Цаашдаа харилцааны туршлага нь нэмэгдэх тусам тэдний бусад хүүхэд, насанд хүрэгчдийн хэрэгцээ, ашиг сонирхлыг хувийн шийдвэрт тусгах чадвар нэмэгддэг. Тэд зөв, буруу болон сайн, мууг ялгадаг болно. Мөн ямар зан авир гаргахад эцэг эх нь дуртай, дургүй байгааг мэддэг болно. “Харин сургуульд элсэхийн өмнөх болон бага сургуулийн насанд хүүхэд өөрийнхөө үйлдлийн ёс суртахууны хэмжээг таньж мэддэг болно (Andrea Schmelz.2013)”. Ийнхүү хүүхэд шийдвэр гаргахдаа бусдын хэрэгцээг харгалзахын зэрэгцээ тухайн орчныхоо дүрэм, үнэт зүйлийг таньж мэдэх, дагаж мөрдөхөд суралцана.

Хүүхдэд үнэт зүйл эзэмшүүлэхэд хэн гол үүрэг гүйцэтгэх вэ, тэдэнд үнэт зүйлийг хэрхэн эзэмшүүлэх вэ гэдэг нь хамгийн чухал асуудал.

Хэн үнэт зүйлийг эзэмшүүлэх вэ?

Хүүхдүүд даган дууриах, давтах замаар суралцдаг. Бага насны хүүхдийн хувьд даган дуурайдаг, хамгийн чухал гэж үздэг хүмүүс нь ээж, аав, багш байдаг. Иймээс хүүхдийн үнэт зүйлийг эзэмших гол орчин нь юуны түрүүнд гэр бүл байна. Манай улсын хувьд сургуулийн өмнөх насны болон бага ангийн хүүхэдгүй гэр бүл цөөхөн. Иймд маш олон хүн үүнд хариуцлага хүлээнэ гэсэн үг.  

Хүүхэд ясли, цэцэрлэг, сургууль гэх мэт боловсролын байгууллагад орсноор шинэ хамт олны гишүүн болж, үе тэнгийнхэн болон бусад хүмүүстэй харилцаж, үйл ажиллагаанд нь оролцож эхэлнэ. Ингэхдээ тэд тухайн хамт олны нийтлэг хэм хэмжээ, дүрмийг дагаж мөрдөх, сайн мууг ялгахад суралцана. Ийнхүү хүүхдэд үнэт зүйлийг эзэмшүүлэх дараагийн чухал байгууллага, хүмүүс бол цэцэрлэг, сургууль, багш нар, тэнд ажиллагсад юм.

Цаашилбал, урлаг, соёл, хэвлэл мэдээллийн байгууллагын уран бүтээлчид, ажилтнууд, хүүхдийн зохиолчид гээд хүүхдийг сайн, шударга, хариуцлагатай, хайр энэрэлтэй, тайван амгалан хүн болгон төлөвшүүлэхэд нөлөөлдөг хүмүүс бий. Эдгээр бүх хүн, ялангуяа багш нар, эцэг эхчүүдийн хүүхдэд насан туршид нь хэрэг болох үнэт зүйлийг эзэмшүүлэх ажлын уялдаа холбоо, хамтын үйл ажиллагаа хэдий чинээ сайн байна төдий чинээгээр хүүхдийн эзэмшсэн үнэт зүйл үлдэцтэй, цаашид сайн, сайхан ажиллаж амьдрахад нь хэрэг болно.   

Эцэг эх үнэт зүйлийг хэрхэн эзэмшүүлэх вэ?

Үлгэр дуурайл чухал. Сургаал номлол нь сайн үлгэр дуурайлалгүй бол огт ач холбогдолгүй, үр дүнд хүрэхгүй. Иймд эцэг эхчүүд зайлшгүй хэрэгтэй, ач холбогдолтой гэж үзсэн үнэт зүйлийг хүүхэддээ эзэмшүүлэхийг хүсэж байвал амьдрал дээрээ үлгэр дуурайлал үзүүлэх нь чухал. Жишээлбэл, “худлаа ярьж болохгүй” гэж хүүхдээсээ шаарддаг атлаа утас дуугарахад “Аав гадагшаа гарсан гээд хэлчих” гэвэл таны зорилго нурлаа л гэсэн үг. Бага насныхан томчуудын үг хэллэг, үйлдлийг маш гярхай ажигладаг. Тоглож байсан ч таны хэлсэн сайн, муу үгс, харилцаа хандлагыг тусгаад авчихсан байх жишээтэй. Монголчууд бид хүүхдээ багаас өөрийн биеэр үлгэрлэн дагуулж,  эрхэмлэн нандигнах зан чанар, харилцааны дэг жаяг, байгаль дэлхийтэйгээ зөв харьцах арга ухааныг ухааруулан ойлгуулж, хэрэгжүүлж ирсэн уламжлал, ёс заншилтай ард түмэн.

Айл бүр үнэт зүйлтэй байх. Айл гэр бүр өөрсдийн мөрддөг үнэт зүйл, дүрмийг өөрсдөө тогтоож болно. Хүүхэдтэйгээ гэртээ мөрддөг дүрэм зохиох буюу аман тохиролцоо хийж болно. Жишээлбэл, орой унтах цагаа баримтлах, тоглосны дараа тоглоомоо хураах, амласан зүйлээ хэрэгжүүлэх, туслалцаа хэрэгтэй бол бие биедээ туслах, тоглож байхдаа тоглоомын дүрмээ баримтлах гэх мэт. Эдгээр нь хүүхдэд үнэнч, шударга, хариуцлагатай, тусч, тууштай байх зэрэг олон чухал үнэт зүйлийг эзэмшүүлэхэд нөлөөлнө. Хэрэгжүүлэхээр тохиролцсон зүйлээ хүүхэд өөрөө хүлээн зөвшөөрсөн, биелүүлэх хүсэл эрмэлзэлтэй байх нь чухал. Түүнээс биш эцэг эх “ингэх ёстой, тэгэх ёстой” гээд дарамт шахалт үзүүлвэл хүүхэд залхана, үр дүнд хүрэхгүй. Тэдний сонирхол, хийж чаддаг зүйл дээр нь тулгуурлан, урамшуулан дэмжиж ажиллана.

Хүүхэдтэйгээ ярилцах цаг гаргах. Хүүхэд эцэс төгсгөлгүй асуулт тавьдаг. Юмс, үзэгдлийн учрыг олох, мэдэх гэсэн тэрхүү асуултад нь ач холбогдол өгч, хариулт өгөх, хамтдаа хариулт олж байх нь хүүхдээ хүндэтгэж байгаагийн илрэл болно. Хүүхэд үүнээс бусдыг сонсох, бусдад хүндэтгэлтэй хандах жишээ авна. Өөртөө тохиолдсон түүх, үйл явдал, ялангуяа өөрийнхөө бага насны тухай ярьвал хүүхдэд сонирхолтой байдаг. Энэ явцад хүүхдээсээ энэ тохиолдолд чи байсан бол юу хийх, яаж харилцах байсан зэргээр асууж ярилцвал үр дүнтэй ярилцлага болно.  Үнэт зүйлийг та ʻБи хэлбэрʼ дээр эзэмшүүлээрэй. Жишээлбэл, та  ʻИнгэж болохгүйʼ гэхийн оронд ʻБи чамайг ... байхыг хүсэхгүй байна, яагаад гэвэл .... ʼ, эсвэл ʻЧи .... ингэх ёстойʼ гэхийн оронд ʻБи чамайг ... байхыг хүсэж байна, яагаад гэвэл...ʼ гэх нь дээр (Andrea Schmelz.2013). Хүүхэд тань таалагдахгүй зан авар гаргавал “Чи бол муу хүүхэд”, “Чи надад таалагдахгүй байна” зэргээр хүүхдийг үнэлэх биш тухайн зан ааш нь яагаад таалагдахгүй байгааг л ойлгуулж тайлбарлаарай.

Хүүхэддээ үлгэр, өгүүллэг уншиж өгөх, ярилцах. Манай ард түмэн хүүхдээ үлгэр, домог, зүйр цэцэн үг, сургаал үгсээр хүмүүжүүлж ирсэн уламжлалтай. Үлгэрт хүн, амьтны дүрээр хүний сайн, муу зан чанарыг маш тодорхой зааглан харуулдаг бөгөөд сайн баатар нь хэчнээн их зовж зүдэрсэн ч эцэсдээ ялан дийлж сайн сайхан, аз жаргалтай амьдардаг. Энэ нь хүүхдэд тусч байдал, нөхөрлөл, үнэнч байдал, тэсвэр хатуужил зэрэг үнэт зүйлийг эзэмшүүлэх гайхалтай боломж олгодог. Мөн хүүхдийн зохиолын номнууд, дуртай нэвтрүүлгийн баатруудыг үнэт зүйлийг эзэмшүүлэхэд ашиглах боломжтой.

Израилын ард түмэн хүүхдээ бага насанд нь үлгэрээр боловсролтой сайн хүн болох суурийг нь баттай тавьж өгдөг нь манай уламжлалтай ойролцоо байдаг. “Еврей гэр бүлийн боловсрол ямар ч түүхийн нугалаанд зогсож, тасраагүй үргэлжилсээр ирсэн. Тэгвэл нэг настай еврей хүүхдийг яаж боловсролтой болгодог вэ гэхээр, Torah болон Talmud гэсэн хоёр номыг ээж, эмээ нь ээлжлэн ярьж өгч, хүүхдийнхээ гүн оюун санаанд нь тултал тайлбарлаж өгдөг. Еврей хүүхэд нэгээс таван насны хооронд энэ хоёр номон дахь бүх үлгэрийг сонсож дуусгаад, өөрөө ярьж бусдад тайлбарлаж, давхар өөрийн бодол санаагаа ч илэрхийлж чадах чадвартай болон хүмүүждэг байна” (Мөнхбат, Б. 2020).

 

Цэцэрлэг, багш нар үнэт зүйлийг хэрхэн эзэмшүүлэх вэ?

Цэцэрлэгт хүүхдэд үнэт зүйл эзэмшүүлэх үйл ажиллагааны үр дүн цэцэрлэгийн соёл (байгууллагынхаа үзэл баримтлалд тодорхойлсон үнэт зүйлс, удирдлага, багш, ажилтнууд, хүүхэд хоорондын харилцааны хэм хэмжээ гэх мэт), багшийн үлгэр дуурайл, цэцэрлэгийн орчин, өдөр тутмын амьдрал, эцэг эхтэй хамтран ажиллах ажиллагаа зэрэг олон хүчин зүйлээс шалтгаална. Жишээлбэл, цэцэрлэгийн орчин буюу ангийн зохион байгуулалтыг авч үзье. Хүүхдийг бусдад анхаарал халамж тавьдаг, тусч болгоё гэвэл цэцэрлэгийн ангиуд нь холимог насны хүүхэдтэй байвал хүүхдүүд бие биедээ илүү эерэгээр нөлөөлдөг. Нэг ангид янз бүрийн насныхан байхад багачуул нь томчуудаасаа ихийг суралцдагаас гадна томчууд нь зөнгөөрөө бага балчрууддаа анхаарал тавьж, асран тусалж эхэлдэг.      

Өдөр тутмын амьдралд үнэт зүйл бий болдог. Энэ нь өдөрт явагддаг ганц нэг хичээлээр бус өдрийн дэглэмийн дагуу явагддаг бүхий л үйл ажиллагаа нь үнэт зүйл эзэмшихэд нөлөөлнө гэсэн үг. Цэцэрлэгт өдрийн туршид бусадтай хамтдаа байхад хүүхдэд үнэт зүйлийг эзэмших олон боломж олддог (Pro-kita.com. 2018).

  1. Тэд өдөр тутмын амьдралын явцад бусад хүүхэд, багш нараас янз бүрийн үнэт зүйл байдгийг мэдэж, түүнээс суралцдаг.
  2. Тэд бусад хүүхэд, багштай харилцахдаа үнэт зүйлтэй холбогдох олон зан үйлийг туршиж үздэг.
  3. Тэд жишээлбэл, сэтгэл ханамж, аз жаргал, аюулгүй байдал зэрэг үнэт зүйлийг анхаарах, амьдралд хэрэгжүүлэх нь ямар эерэг үр нөлөөтэйг мэдэрдэг. 
  4. Тэдэнд бусдыг хүндэтгэх, бусдад анхаарал тавих, туслах зэргээр үнэт зүйлсээ харуулан харилцах олон боломж олдоно. 
  5. Тэд өдөр тутмын амьдралдаа би бол бусдад "үнэ цэнэтэй", мөн “ангийнхаа үнэ цэнэтэй гишүүн" гэдгээ мэдэрнэ.

 

Багш үлгэр дуурайл үзүүлэх. Багшийн үйлдэл, үг хэллэг хүүхдэд  байнгын суралцах эх сурвалж болж байдаг. Багшаас зөвхөн өөртэй нь, бусад хүүхэдтэй төдийгүй хамтран ажиллагсад, ээж аавтай нь ямар үг хэллэг хэрэглэн, хэрхэн хандаж харилцаж байгаа, юуг чухалчилж байгаа нь хүүхдэд үлгэр загвар болдог.  

Үг, үйлдлээрээ үнэт зүйлийг мэдрүүлэх. Хүүхдэд үнэт зүйлийн ухамсар бий болж хөгжихөд үнэт зүйлийг багаас нь мэдрүүлж байх нь чухал. Багш аль ч үед тэврэх, тайтгаруулах, туслах зэргээр хүүхдэд анхаарал, халамж тавьж, хүндэтгэлтэй хандаснаар хүүхдэд үнэт зүйлсийн эерэг нөлөөг мэдрэх боломж олгодог. Энэ нь хүүхэд хожим өөрийгөө зохих ёсоор авч явах чухал урьдчилсан нөхцөл юм. Үнэт зүйлийг хэрхэн мэдрүүлж ажиллах жишээг дараах хүснэгтээс харна уу (Pro-kita.com. 2018). 

Биеийн хэлийг ашиглах. Багш үнэт зүйлийг зөвхөн үйлдэл, үг хэллэгээр төдийгүй биеийн хэлээр илэрхийлж, хүүхдэд мэдрүүлж болно. Хүүхэд бага байх тусам мэдээлэл солилцоо аман бус байдлаар явагддаг. Багш дараах байдлаар биеийн хэлээ ашиглаж болно.

  1. Та хүүхдэд биеэрээ хандаж, хүүхдийн түвшинд очих.
  2. Хэрэв та хүүхэдтэй ямар нэг зүйл хийж байгаа бол завсар хооронд нь өөр зүйл хийхгүй байх.
  3. Харцаараа холбогдож, харилцах.
  4. Үг хэллэг, хийж буй үйлдлээ зохицсон нүүрний хувирал, биеийн хөдөлгөөнөөр илүү тодруулах.

 

Хүүхдүүдтэй ярилцах. Дөрөв, таван наснаас эхлэн хүүхдүүдтэй үнэт зүйлсийн талаар ярилцаж болно. Жишээлбэл, Бие биедээ эелдэг байхын тулд хоорондоо яаж харилцах хэрэгтэй вэ? гэсэн асуулт тавьж, цөмөөрөө бодно. Бодож олсон зүйлээ илэрхийлж хэлнэ. Хүүхдийн хэлсэн зүйлсийг багш самбар дээр бичнэ эсвэл зураг, тэмдэгээр тэмдэглэнэ.  Дараагаар нь хүүхдүүд хэлсэн зүйлийнхээ талаар зураад, ангидаа байрлуулж, тайлбарлана. Энэ байдлаар Бид тусч байхын тулд ангид/гэртээ юу юу хийж болох вэ?, Хайртай хүмүүсээ зуръя, хайраа яаж илэрхийлж болох вэ?, Ямар үед “Баярлалаа” (Уучлаарай) гэж хэлэх вэ? гэх мэтээр ярилцаж болно.

Түүнчлэн үлгэр, өгүүллэгийн баатруудын аль нь сайн, муу, яагаад гэдгийг ярилцах,  хүүхэлдэйн киноны дуртай баатраа зурах, яагаад дуртай байдгаа тайлбарлах зэргээр үнэт зүйлд чиглэсэн ярилцлагуудыг явуулж болно.  

 

Н.Норжхорлоо

 

Ном зүй:

              1. Nicolas M. (2021) Werteerziehung: Welche Werte sollten an Kinder vermittelt werden? https://www.kita.de/wissen/werteerziehung/

                2. Agnieszka Adamska. (2011) Werteerziehung in der heutigen Gesellschaft

https://www.kinder.de/themen/kleinkind/kleinkind-erziehung/werteerziehung-in-der-heutigen-gesellschaft   

3. Andrea Schmelz. (2013)So vermitteln Sie Ihrem Kind Werte wie Toleranz und Verantwortung. https://www.elternwissen.com/erziehung-entwicklung/erziehung-tipps/art/tipp/so-vermitteln-sie-werte.html

4. Мөнхбат. Б (2020), Боловсролоор хэрхэн Израилын гайхамшигийг бүтээсэн ТҮҮХ. https://gogo.mn/r/7wlo4

5. Pro-kita.com. (2018). Kita-Alltag: Wie Sie Kindern Werte vermitteln. https://www.pro-kita.com/kreative-bildungsarbeit/soziales-und-emotionales-lernen/kindern-werte-vermitteln/