Үнэт зүйл, хэм хэмжээ, дүрмийн харилцан хамаарал

Бид өмнө нь үнэт зүйлтэй холбогдох хэд хэдэн нийтлэлийг сайтдаа байршуулсан билээ. Хүмүүний гүйцэтгэх үйлд үнэт зүйл бол ерөнхий, хэм хэмжээ (норм) нь тодорхой зохицуулалтын үүрэг гүйцэтгэдэг. Үнэт зүйл, хэм хэмжээ нь хоёулаа шийдвэр гаргах үйл явцад чиг баримжаа болдог.  Хэм хэмжээ бүрд түүгээр дамжин хэрэгжих ёстой тодорхой үнэт зүйл агуулагдаж байдаг. Үүгээрээ эдгээр ухагдахуун нь нийгмийн нэгдмэл байдлыг хангахад нөлөөлдөг ажээ. 

Үнэт зүйл бол нийтэд мөрдөгддөг бөгөөд тухайн улс орны  бодлогын баримт бичгүүдэд голдуу тусгалаа олсон байдаг. Жишээлбэл,  “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогод “Нийгмийн бүх түвшинд шударга ёсыг тогтооно” (УИХ. 2020) гэсэн нь “шударга байх” нь нийгмийн нэг чухал үнэт зүйл гэсэн санааг илэрхийлжээ.

Хэм хэмжээ гэж юу вэ?

Хэм хэмжээ нь аль нэг салбар буюу салбар хоорондын хүлээн зөвшөөрөгдсөн байгууллага, түүний удирдах зөвлөл\хорооноос гаргасан дүрэм, журам юм. Энэ нь тухайн салбарын байгууллагуудын тохиролцооны үр дүнд бий болдогоороо стандартаас ялгаатай.  Хэм хэмжээ нь ямагт зөвшилцөл дээр суурилдаг (Michael Hase. 2020). Замын хөдөлгөөний дүрэм гэх мэт тодорхой хэм хэмжээг тогтоосон олон дүрэм журмийг нэрлэж болно. Хэм хэмжээ нь эдийн засаг, нийгмийн хөгжилд түлхэц үзүүлдэг тул шинжлэх ухаан, технологийн хамгийн сайн, баталгаат  мэдлэг, үр дүн болон үнэт зүйлсэд суурилсан байна.

Дүрэм гэж юу вэ?

Дүрэм нь үнэт зүйл, хэм хэмжээг өдөр тутмын амьдралд хэрэгжүүлэх, хамтын амьдралыг зохицуулах, өдөр тутмын зөрчилдөөнөөс зайлсхийхэд хэрэг болдог. Энэ нь нөхцөл байдал болон тухайн бүлэгт хамрагдаж буй хүмүүсээс хамааран өөр өөр байж болно. Тухайлбал, Сургуулийн дүрэм, Ангийн дүрэм, Гэр бүлийн дүрэм гэх мэт. Дүрмийг тодорхой нөхцөл байдалд нийцүүлэн өөрчилж болдог.  Жишээлбэл, Covid-19-ын үед Гэр бүлийн дүрэмд “Хүүхдүүд зөвхөн өөрийнхөө хашаандаа тоглоно” гэсэн заалт байсан бол нөхцөл байдал сайжирсан тохиолдолд “Бусад хүүхэдтэй хамтдаа тоглож болно” хэмээн дүрэм өөрчлөгдөж болно. Дүрэм нь суралцагчдад үнэт зүйлийг амьдрал дээр буулган эзэмшүүлэх чухал хэрэгсэл юм. Үнэт зүйлийг эзэмшихэд бичигдээгүй хууль болон тогтсон тухайн улсын ард иргэдийн баримталдаг ёс заншил мөн чухал нөлөө үзүүлнэ.

Нэгтгэн дүгнэхэд үнэт зүйл бол зорилго, хэм хэмжээ, дүрэм нь тэрхүү зорилгод хүрэх арга хэрэгсэл юм.

Эдгээрийн хоорондын хамаарлын жишээ

Үнэт зүйл, хэм хэмжээ, дүрмийн харилцан хамаарлыг жишээгээр харуулъя.

Үнэт зүйл

(Ерөнхий зорилго, чиг баримжаа)

Хэм хэмжээ

(Тодорхой дүрэм, журам)

Дүрэм

(Өдөр тутам хэрэгжүүлэх заалтууд)

Шударга зан

Дутагдлын хажуугаар дуугүй өнгөрч болохгүй.

Худал хэлэхгүй байна.  

 

Хариуцлага

Цаг баримтална.

 

 

Хичээл, үйл ажиллаганаас хоцрохгүй байна.

Хүндэтгэл

Ахмад настанг хүндэтгэнэ.

Автобусанд настай хүмүүст суудал тавьж өгнө.

Хүлээцтэй байдал

Ярих ээлжээ хүлээнэ.

Бусдыг ярьж байхад дундуур нь орж ярихгүй.

Эрх тэгш байдал

Хүн болгонд тэгш хандана.

Аль нэгнийгээ гадуурхахгүй байна.

Эрх чөлөө

Хэн нэгний эрх чөлөөг хязгаарлахгүй тохиолдолд  хүн бүр хүссэнээ хийж болно.

Хичээлийнг явцад бусдад саад учруулахгүй байна.

Эв нэгдэл

Зовлон зүтгүүрт байгаа хүмүүст туслах ёстой

Бэрхшээлтэй учирсан найздаа тусална.

 

Н.Норжхорлоо

 

Эх сурвалж:

1. УИХ. 2020. Авлигагүй засаглал. Зорилт 5.6. “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого. Улаанбаатар

2. Michael Hase. 2020. Was ist eine Norm?. https://www.it-business.de/was-ist-eine-norm-a-930155/

 

Нүүр зураг: https://www.trends.mn/n/8413