Хүүхдэд үнэт зүйл эзэмшүүлж ирсэн бидний уламжлал
Монголчууд үр хүүхдээ сайн хүн болгон төлөвшүүлэх ажлыг бүр хүүхэд эхийн хэвлийд бүрэлдэх үеэс нь эхэлдэг уламжлалтай нь дараах сургаал үгээс харагддаг.
Хавиргатай гэдсэнд багтаж байхад нь хүмүүжүүлэхгүй бол
Ханан гэртээ багтахгүй хүн болно.
Эх бие давхар болоход тухайн айл төдийгүй айл саахалт, ахан дүүсээрээ анхаарал тавьж, сэтгэл санаагаар тайван, өөдрөг байлгахыг хичээдэг байж. Яагаад гэвээс хэвлийд буй үр нь эхийнхээ баяр хөөр, уй гуниг зэрэг сэтгэлийн хөдөлгөөнийг адилхан хуваалцаж байдаг аж. Энэ нь бие цогцос, зан төлөв бүрэлдэхийн үндэс болдог байна (Дашдаваа, Ж. 2013).
Ингээд эцэг эх үр удмаа сайн хүн болгохын тулд нялх балчраас нь эхлэн өөрсдөө үлгэр дуурайлал үзүүлэх, аман зохиол ашиглаж хүүхдийнхээ ухамсар, сэтгэлд нөлөөлөх, ёс заншлаасаа эзэмшүүлж дагуулах, хорио цээр, тоглоом наадам ашиглах зэргээр ажилладаг байжээ. Үүнд өөрсдийн биеэр үлгэрлэн дагуулахад онцгой анхаардаг байв.
Үлгэр дуурайлал
Сэтгэл судлалд үлгэр дуурайлал гэж ялангуяа хүүхэд, залуучууд нийгэмших явцдаа өөрсдийнхөө сэтгэн бодох болон зан үйлийн хэв маягт чиглүүлэг авдаг, адилхан болохыг хичээдэг буюу шүтдэг хүн (Online Lexikon fuer Psychologie und Paedagigik. 2021.Vorbild) гэжээ. Ялангуяа амьдралын эхний жилүүдэд хүүхэд эцэг эх, багш, эмээ өвөө, ах эгч зэрэг ойр дотны хүмүүсээ ажиглаад, зан үйлийг нь ихэвчлэн даган дуурайж суралцдагийг монголчууд эртнээс танин мэдэж, өөрсдийн зан үйлээ хянан, хүүхдэдээ сайн үлгэр дуурайлал үзүүлэхийг чухалчилж ирсэн байна.
Хүмүүсийн ярианд, ялангуяа дундаас дээш насныханаас “Би аав ээж хоёрыгаа хэрэлдэж муудалцаж байсныг санадаггүй юм” гэсэн үгс олонтоо сонсогддог. Үүнийг сонссон зарим нь “Энэ ч ёстой залж байна даа” гэдэг. Зарим нь ч эргэлзээд л өнгөрдөг. Амьдрал дандаа дардан байдаггүй тул эцэг эхийн хувьд сайдах, муудах зүйл байсан л байж таараа. Гагцхүү тэд хүүхдээ төлөв түвшин сайн хүн болгохын тулд хүүхэд багачуудынхаа дэргэд хэрэлдэж муудалцах, таагүй уур амьсгал бий болгохыг цээрлэдэг байжээ. |
Усны эх нь булигартай бол адаг нь булингартай гэсэн сургаал үг нь хүүхдэд эцэг эхийн хэлсэн үг, хийсэн үйлдэл, хандлага нь үлгэр загвар болдог, эцэг эх ямар байна хүүхэд нь мөн тийм л байна гэсэн санааг илтгэнэ.
Эцэг эхчүүд, ер нь монголчууд нэр төрөө эрхэмлэн дээдэлж ирсэн нь Энэ бие хэврэг, эрхэм нэр мөнх шүү гэсэн Чингис хаанаас өвлөгдөн ирсэн сургаал үгнээс харагдана. Мөн хүний нэр хүндийг хохироосон үйлдлийг жигшин “Хүний муу хүн дайрдаг, хүрзний муу чулуу дайрдаг” гэж сургасан нь бий. Иймд аливаа сурган хүмүүжүүлэх үйл ажиллагаа нь хүний нэр төрийг дээдэлж, сайн талд нь түшиглэх, зарчмыг тууштай баримтлах ёстой бөгөөд энэ нь монгол ардын сурган хүмүүжүүлэх ухаанд уламжлагдан иржээ (Б.Энх-Уянга. 2016).
Ардын аман зохиол
Үлгэр, домог, зүйр цэцэн үг, оньсого, таавар, түргэн хэллэг, ерөөл, магтаал, аман наадам зэрэг ардын аман зохиолоос үлгэр домог, зүйр цэцэн үгсийг манай ард түмэн хүүхдээ сайн хүн болгон төлөвшүүлэхэд өргөн хэрэглэсээр иржээ.
Оюуны чадавхаараа дэлхийд манлайлагч Еврейчүүд (Израйлчууд) “еврей хүүхдийг нэг настайгаас нь эхлэн Torah болон Talmud гэсэн хоёр номыг ээж, эмээ нь ээлжлэн ярьж өгч, хүүхдийнхээ гүн оюун санаанд нь тултал тайлбарлаж өгдөг. Еврей хүүхэд нэгээс таван насны хооронд энэ хоёр номон дахь бүх үлгэрийг сонсож дуусгаад, өөрөө ярьж, бусдад тайлбарлаж, давхар өөрийн бодол санаагаа ч илэрхийлж чадах чадвартай болгон хүмүүжүүлдэг байна (Мөнхбат, Б. 2020). Үүний адилаар манай ард түмэн хүүхэд багаасаа сайн, муу үйлийг ялган таних, нинжин сэтгэл, үнэнч шударга, уйгагүй хичээл зүтгэлийн үр шимийг ухаарч ойлгох, ядарсан зүдэрсэнд туслах өрөвч сэтгэлтэй болгоход үлгэрийг өргөн ашиглаж иржээ. Эх, үрсийн сэтгэлийн нандин холбоог “Өнчин цагаан ботго”, үнэнч шударга байвал сайн сайхан амьдралд хүрч болдогийг “Ах, дүү гурав” гэх мэтээр хүүхдийн зан чанар төлөвшин тогтоход нөлөөлдөг олон үлгэрийг нэрлэж болно. Гэхдээ үлгэр нь ард түмний ам дамжин яригдахдаа орчин ахуйн өөрчлөлт, хүүхдийн насны үечлэлээр үг хэллэг, ярих, бодох, сэтгэх чадварт нийцэн улам боловсронгуй болж, үр нөлөөлөл нь нэмэгдэж байхад бид бүхэн анхаарах шаардлагатай болов уу. Дашрамд дурдахад орос ардын “Манжин” үлгэрийг мэдэхгүй өсөж байгаа монгол хүүхэд бараг үгүй нь дээрх шаардлагыг хангасан байдагт оршино.
Зүйр цэцэн үг бол гүнзгий утга агуулгыг товч, оновчтой үг хэллэгээр илэрхийлсэн байдгаараа хүний сэтгэл, оюун ухаанд амархан бууж тусдаг. Зүйр цэцэн үгс нь хүн ажил үйл гүйцэтгэх, шийдвэр гаргах, бусдын дунд эвтэй зохицон амьдрахад ямагт сануулга өгч байдаг тул хүүхэд багачуудад үнэнч зан чанар, амар амгалан, хайр, хариуцлага, тусч, эв нэгдэл зэрэг үнэт зүйл эзэмшихэд ихээхэн ач холбогдолтой. Жишээлбэл, Үнэнч зан чанарт Үнэнээр явбал үхэр тэргээр туулай гүйцнэ, Буруу замаар будаа тээвэл буцахдаа шороо тээнэ. Амар амгалан байхад Сайхан сэтгэл тал тойрно, муу сэтгэл бие орооно. Сайн санааны үзүүрт шар тос. Сэтгэлийн хир биеийн хирээс бузар. Ажил үүргийг сэтгэлээсээ хариуцлагатай гүйцэтгэхэд Ажил хийвэл дуустал, давс хийвэл уустал, Бушуу туулай борвиндоо баастай. Тууштай, хичээнгүй байхад Эзэн хичээвэл, заяа хичээнэ, Долоо хэмжиж, нэг хайчил. Тусч зан чанарт Нөхрийн хэрэг бүтвэл өөрийн хэрэг бүтнэ, Тэнхлүүн явахад тэмэээгээр туслахаар тэвдэж явахад тэвнээр тусал. Эв эетэй байхад Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй, бүлээн усаар угаавал хиргүй, Эвт шаазгай буга барина. Сайхан сэтгэлтэй холбоотой Санаа муут яван хатна, барьсан багваахай наранд хатна гэх мэт.
Ёс заншил
Ёс заншил нь хувь хүний дагаж мөрдөхөөс аргагүй зан үйлийн уламжлал, угсаатны өвөрмөц дэг жаяг (Монгол хэлний их тайлбар толь). Ёс заншил нь аль ч үндэстэнд байдаг бөгөөд тогтсон сонирхолтой ёс заншлаар дамжуулан хүүхдийн зан үйлд эерэгээр нөлөөлж болдог ажээ. Манай ард түмэн үр хүүхдээ хүнлэг сайхан сэтгэлтэй, бусдыг хайрлан энэрч, хүндэтгэдэг болгон төлөвшүүлэх, байгаль орчноо хайрлан хамгаалахтай холбогдох ёс заншил арвинтай. Жишээлбэл, Цагаан сарын золгох ёс нь ахас дээдсээ хүндэтгэн энх амгалан, эвтэй найртай байхыг билэгдэнэ. Нүүж яваа айлыг угтан цайлах ёс нь бусдад анхаарал тавих, ажил, ачаалал ихтэй байгаа нэгэндээ туслах сэтгэлийг агуулна.
Ёс заншил нь эрхэмлэн дээдэлдэг зан үйлийг агуулахаас гадна мөн хүний бусадтай харилцах, ажил үйл гүйцэтгэхдээ анхаарах хорио цээртэй холбогддог. Хорио цээр нь цаанаа болзошгүй осол гэмтлээс сэргийлэх, байгаль орчиндоо зохистой харьцах зэрэг ямар нэг учир шалгааныг агуулж, улмаар хүүхдийн төлөвшилд нөлөөлж байдаг байна. Жишээлбэл, Байгаль орчноо хамгаалахад булаг шанд, гол горхины усанд сүү цагаа, бохир оруулах, газрын чулууг ховхолж хөндөх, усны эхэн дэх модыг хугалж сүйтгэхийг цээрлэх. Эд юмстай болгоомжтой харьцахад тотгон дээр гишгэх, хайч, хутганы үзүүрийг хүн рүү харуулж өгөхийг цээрлэх гэх мэт.
Хорио цээрэнд “нүгэл” гэсэн үгийг хэрэглэх нь элбэг. Жишээлбэл, Худал хэлэх нүгэл гэх нь үнэнч шударга байхыг; хүний төрх байдал, согогоор доромжлох, дуудах нүгэл гэх нь бусдыг ялгаварлан гадуурхахгүй байх, хүн бүрд адил тэгш хандахыг чухалчилсныг харуулна.
Шашин шүтлэг
Өнөө цаг үед хүн амын дийлэнх олонх нь суурьшмал амьдралтай болсон, шинжлэх ухаан, технологийн нөлөөгөөр хүмүүс болон нийгмийн амьдрал өөрчлөгдөн хөгжихийн зэрэгцээ, иргэд дэлхий нийтийн соёлд суралцан даяаршиж байгаа хэдий ч манайд хөгшин, залуу гэлтгүй айлууд бурхан шүтээнтэй байх нь олон. Энэ нь тухайн гэр бүлийн гишүүдийн сэтгэл зүрхэнд шүтэн биширч, итгэж үнэмшдэг зүйл байгааг илтгэнэ. Тэгэхээр хүмүүсийн итгэл үнэмшилд тулгуурлан шашнаар хүүхдийг зөв зан үйл, ялангуяа сэтгэлийн амар амгаланд суралцах, энэрэл нигүүлсэл буюу бусдыг өрөвдөн хайрлах сэтгэлд хөтлөх бас нэгэн боломж байгаа нь харагдана.
Айлаас эрэхээр авдраа уудал гэдэг. Авдраа сайн уудалвал арвин баялаг олз олдох вий.
Н.Норжхорлоо
Эх сурвалж
1. Дашдаваа, Ж. 2013. Монголын уламжлалт гэрийн хүмүүжил. Х.7. Соёмбо принтинг хэвлэлийн газар. Улаанбаатар
2. Online Lexikon fuer Psychologie und Paedagigik. 2021. Vorbild. Online Lexikon fuer Psychologie und Paedagigik. Vorbild. https://lexikon.stangl.eu/8458/vorbild/
3. Б.Энх-Уянга. 2016. Монголчуудын хүүхдээ хүмүүжүүлдэг уламжлалт арга. http://www.breakingnews.mn/c/r/22363
4. Мөнхбат, Б. 2020. Боловсролоор хэрхэн Израилын гайхамшигийг бүтээсэн ТҮҮХ. https://gogo.mn/r/7wlo4
5. Монгол хэлний их тайлбар толь. https://mongoltoli.mn/search.php?opt=1&word=%D1%91%D1%81+%D0%B7%D0%B0%D0%BD%D1%88%D0%B8%D0%BBOnline
Нүүр зураг: http://newsmedia.mn/ вэбсайтаас