Хандлага ба үнэт зүйл

Хандлага гэж юу вэ?

Хандлага гэж юу болохыг судлаачид янз бүрээр тодорхойлдог. Жишээлбэл, хандлага гэдэг нь үнэлж болохуйц аливаа зүйл болон хэн нэгэнд хүний дуртай, дургүй байгаа байдал (Paul H. P. Hanel.. 2021). Хандлага гэдэг нь "хандлагын объект" (хүн, газар нутаг, даалгавар, үйл явдал, ур чадвар гэх мэт) дээр хийсэн дүгнэлт юм (Mohan Kumar. 2018) гэжээ.

Хандлага нь тухайн хүний өөрийн дүгнэлт, бодол санаа болон өвлөж авсан суурь үнэт зүйлээс үүсэж бий болдог ажээ. Үүнд тухайн нөхцөл байдалд хүний сэтгэл хөдлөл ч бас нөлөөлдөг. Тэгэхээр “хандлага гэж тухайн хүний бусдад болон аливаа зүйл, үйл явдалд үнэлэмж\дүгнэлт өгч, хэрхэн хариу үйлдэл үзүүлэх үзэл бодол, сэтгэл санааны байдал” гэж ч бас хэлж болох.

Хүмүүс ямар нэг тодорхой зүйл, үйл явдал эсвэл аль нэг хүнд эерэг, сөрөг, төвийн сахисан зэрэг ялгаатайгаар ханддаг. Жишээлбэл, бидний зарим нэг нь машинаа голын ус руу оруулж зогсоочихоод ажиг ч үгүй машинаа угааж байхад зарим нь ийм байдлыг хараад сэтгэл нь өвдөж, ариун сайхан усаа ингэж бохирдуулж байх ч гэж дээ гэж эмзэглэдэг. Зарим нь үүнийг бүр нүгэл ч гэж үзнэ. Энэ жишээнээс хүмүүсийн хандлага ижилхэн зүйлд өөр өөр байдгаас гадна, тэрхүү хандлага нь тухайн хүний зан үйлээр илэрдэгийг харж болно.    

Хандлага юу юуг агуулдаг вэ?

Хандлага нь дотроо аффектив (сэтгэл хөдлөл), зан үйл, танин мэдэхүйн гэсэн 3 үндсэн бүрэлдэхүүн хэсгийг агуулдаг (Saul McLeod. 2018).

  1. Аффектив (Affective) бүрэлдэхүүн хэсэг: Энэ нь тухайн хандаж буй объектын талаарх хүний мэдрэмж /сэтгэл хөдлөлийг агуулдаг. Жишээ нь: "Би аалзнаас айдаг"
  2. Зан үйлийн (Behavioral) бүрэлдэхүүн хэсэг: Энэ нь бидний зан харилцаа, гүйцэтгэх үйл ямар байхад нөлөөлдөг хэсэг. Жишээ нь: "Би аалзнаас зайлсхийдэг, ямар нэг аалз харвал хашхирах болно".
  3. Танин мэдэхүйн (Cognitive) бүрэлдэхүүн хэсэг: Үүнд тухайн хандлагын объектын талаарх хүний итгэл үнэмшил / мэдлэг орно. Жишээ нь: "Би аалз аюултай гэдэгт итгэдэг".

Үүнийг  хандлагын ABC загвар гэж нэрлэдэг.

Эерэг хандлага яагаад чухал вэ?

Сүүлийн үед боловсролд мэдлэг, чадвараас гадна эерэг хандлагыг суралцагчдын эзэмших чадамж (компетенци)-ийн чухал бүрэлдэхүүн хэсэг гэж үзэх болсон.  Бид аливаа ажлыг гүйцэтгэх мэдлэг, ур чадвар сайтай хүмүүстэй тааралддаг. Гэхдээ тэдний зарим нь тулгарсан саад бэрхшээлийг даван ажилдаа чин сэтгэлээсээ хандаж байхад зарим нь үгүй. Гэтэл чин сэтгэлээсээ ажиллаж байгаа хүний ажил заримдаа бүтэмж муутай, тухайн үедээ бүтээмж, ашиг орлого нь тааруу байсан ч, алсдаа чанартай, ямагт үр шим өндөртэй,  хамтран ажиллагсад нь түүнд ам сайтай байдаг. Энэ нь ажилдаа эерэг хандсаны үр дагавар. Ер нь хүн бүр ямар л ажил эрхэлж байна, тэрхүү ажилдаа сэтгэлээсээ, үнэнчээр хандан ажиллавал манай улс амархан хөгжинө дөө. Эерэг хандлага нь хүнийг тэвчээртэй, хариуцлагатай, бүтээлч байхад тусалж, амжилтад хүрэх боломж олгодог.  

Үүний эсрэг сөрөг хандлага гэж бий. Сөрөг хандлагатай хүн болж бүтэхгүй, дутагдалтай талыг эхлэн харж, зорилгодоо хүрэхийн тулд хүчээ дайчлан тууштай байж чаддаггүй.

Тэгэхээр эерэг хандлага гэдгийг ямар ч нөхцөл байдлаас үл хамааран өөдрөг байж, саад бэрхшээлийг даван туулах хүч, аливаа ажил үйлийг сэтгэлээсээ хийх идэвх зүтгэл, хүсэл эрмэлзлийг авч  ирдэг эерэг сэтгэлгээ гэж тодорхойлж болох юм. Иймд хүүхдэд багаас нь эерэг хандлага төлөвшүүлэх нь нэн чухал юм.

Яагаад хүмүүсийн хандлага өөр өөр байдаг вэ?

Хүний хандлага ямар байх нь юуны өмнө тухайн хүний өвлөн авсан үнэт зүйлээс хамаарна. Хандлага нь ёс суртахууны үнэт зүйл дээр суурилсан бол тухайн хүн эерэг хандлагатай байх нь элбэг. Учир нь ёс суртахууны үнэт зүйл бол хүмүүний сайн сайхан амьдралын үнэ цэнэтэй санаанууд бөгөөд хувийн болон нийгмийн амьдралын бүхий л салбарт шийдвэр гаргахад ямагт эерэг тал руу чиглүүлж байдаг. Үнэт зүйлд буруу, муу гэсэн ойлголт байхгүй.

Хандлага нь ямар нэг зүйл, үйл явдал эсвэл хүнтэй холбоотой тухайн хүний өөрийнх нь итгэл үнэмшил байдгаараа үнэт зүйлээс ялгаатай. Итгэл үнэмшил гэдэг нь хүний үнэн, зөв гэж үздэг үзэл бодол\санаа юм. Итгэл үнэмшил нь өөрийн хуримтлуулсан туршлага, багш, эцэг эх гэх мэт бусад хүний хэлж ярьсан зүйлс зэргээс бий болдог. Гэхдээ тухайн хүний итгэл үнэмшил нь дандаа зөв байдаггүй. Иймд бид өөрсдийнхөө хандлагыг бий болгодог үзэл бодлоо эргэцүүлэн, шүүн тунгааж байх шаардлагатай.  

Хүний итгэл үнэмшил, хандлага, мөс чанар нь хүний дотоод ертөнцөд оршин байдаг бөгөөд харин тэдгээрт үндэслэсэн зан үйл ил харагддагийг чадамжийн мөсөн уулын Мак Клеландын загвар дээр суурилсан дараах зургуудаас харж болно.

Dr.Viktoria Stein

Mohan Kumar. 2018

 

Хандлагыг өөрчилж болох уу?

Мэдлэг, ур чадварыг тасралтгүй сайжруулж, хөгжүүлж болдогтой адил хандлагыг, улмаар зан үйлийг ч мөн өөрчилж болно.

Өөрийгөө ухамсарлах чадваргүй буюу өөртэй шүүмжлэлтэй хандахгүй байх, эсвэл үнэт зүйлсийн талаар хоёрдмол ойлголттой, түүнийг ойшоодоггүй байдал нь хүнийг оновчтой бус хандахад, эцэст нь хүсээгүй зан үйлд хүргэдэг.

Суралцахуй, итгэл үнэмшил (ж:шашин), эсрэг тэсрэгийн онол, нийгмийн нөлөөллийг ашиглан хандлагыг мөн зан үйлийг өөрчилж болно. Суралцагчийн зан үйлийн өөрчлөлт нь боловсролын чанарын чухал үзүүлэлт билээ.

 

Н.Норжхорлоо

 

Эх сурвалж:

1. Paul H. P. Hanel, Colin Foad and Gregory R. Maio. 2021. https://oxfordre.com/psychology/view/10.1093/acrefore/9780190236557.001.0001/acrefore-9780190236557-e-248

2. Mohan Kumar. 2018. The Relationship Between Beliefs, Values, Attitudes and Behaviours. https://owlcation.com/social-sciences/Teaching-and-Assessing-Attitudes

3. Saul McLeod. 2018. Attitudes and Behavior. https://www.simplypsychology.org/attitudes.html

4. Dr.Viktoria Stein. Competencies for Integrated Health and Social Care Developing. International Foundation for Integrated Care. Based on Mc. Clelland.1973. https://slidetodoc.com/competencies-for-integrated-health-and-social-car...

5. Mohan Kumar. 2018. The Relationship Between Beliefs, Values, Attitudes and Behaviours.https://owlcation.com/social-sciences/Teaching-and-Assessing-Attitudes

 

Нүүр зураг:

https://medium.com/@bold.mongol7/%D1%85%D0%B0%D0%BD%D0%B4%D0%BB%D0%B0%D0%B3%D0%B0-9a2e63baad37