СӨБ-ын зорилго хүүхдийг сургуульд бэлтгэхэд орших уу?
Хүүхдийг сургуульд бэлтгэх гэж юу вэ?
Хүүхдийг сургуульд бэлтгэнэ гэдэг нь гэр бүл болон сургуулийн өмнөх байгууллагын хамтын урт хугацааны үйл ажиллагаа юм. Энэ нь хүүхдийг хүлээж авч суралцуулах сургуулийн бэлтгэлтэй ч мөн холбогдоно.
Хүүхдийг сургуульд бэлтгэх гэж юу вэ гэдгийг Европын холбоо хэрхэн авч үзсэнийг харъя. “Хүүхдийг сургуульд бэлтгэхэд юуны түрүүнд бие бялдар, эрүүл мэндийн байдал, өөрөөр хэлбэл сонсгол, хараа, архаг өвчин, сургуулийн өмнөх үеийн өвчлөл болон ямар дэмжлэг хэрэгцээтэйг авч үзнэ. Хүүхдээ сургуульд оруулах уу, хэзээ элсүүлэх вэ гэдгийг эхлээд эцэг эх шийднэ. Тэд, Хүүхэд сургуульд элсэх дуртай байна уу? Хүүхдийн сэтгэл хөдлөлийн тогтвортой байдал нь хангалттай юу? Хүүхэд хичээл дээрээ тайван (томоотой) сууж чадах уу? зэрэг асуултыг авч үзнэ.
Хамгийн гол нь сургуульд суралцахад хүүхдийн бусдын дунд байх нийгэмшихүйн чадвар гол байрыг эзэлнэ: Хүүхэд магтуулахгүй эсвэл анхаарлын төвд байхгүй тохиолдолд тэсвэрлэж чадах уу? Тэрбээр зөрчилдөх, алдаа гаргах үедээ тэсч давж гарч чадах уу? Хүүхэд хичээлийн явцад төвлөрч, бие даан ажиллаж чадах уу?
Мөн гар хурууны болон биеийн хөдөлгөөний чадвар чухал. Зарим хүүхэд хайчаар хайчлах, зураг зурахдаа хүндрэлтэй байдаг бол зарим нь шулуун дээгүүр алхах, шидсэн бөмбөгийг барьж авахдаа бэрхшээлтэй тулгардаг. Хөдөлгөөний ийм чадварууд нь бүх зүйлсийн чухал суурь дэвсгэр болдог, түүн дотор хэл ярианы хөгжилд ч нөлөөлдөг. Эцэг эх хүүхдээ сургуульд орохоос нь өмнө бичүүлж, тоо бодуулж сургах гэж оролдох нь төдийлөн ач холбогдолтой бус, энэ бол сургуулийн ажил. Өмнө нь аль хэдийн мэддэг буюу их зүйлийг мэддэг хүүхэд сургууль дээрээ амархан уйдаж залхдаг. Хэрэв сургуульд орохоосоо өмнө хүүхэд сайн хөгжсөн, түүнд ах эгч нар нь тусалдаг бол спортоор хичээллэх эсвэл хөгжмийн зэмсгээр тоглож сурах нь илүү хэрэгтэй” (Online Lexikon fuer Psychologie und Paedagigik. 2022) гэжээ.
Бид юун дээр анхаарах вэ?
Дээрх тодорхойлолтод буй санаануудыг тодруулан авч үзье.
Бие бялдарын хөгжил, эрүүл мэнд
Бие бялдрын хөгжил, эрүүл мэндийн байдал, сурлагын амжилт хоорондоо харилцан хамааралтай байдаг. Хөдөлгөөнтэй, идэвхтэй хүүхэд илүү амархан суралцдаг. Биеийн хөдөлгөөнөө хянах чадвар сайтай байх нь осол гэмтлээс хамгаалах бөгөөд өөрийгөө эерэгээр харахад ч нэмэртэй. Унших, бичих чадвартай нягт холбоотой тул хараа, сонсголд нь онцгой анхаарал хандуулах нь чухал. Мөн хүүхдийн шүд эрүүл байх нь аливаа өвчнөөс сэргийлэхэд тустай. Гарын эв дүй сайтай байх нь бичиж сурах, нарийн хөдөлгөөн гүйцэтгэхийг дэмждэг.
Та дараах зүйлсийг хүүхэд тань гүйцэтгэж чадаж байна уу гэдгийг анзаарахад гэмгүй. Жишээлбэл, Таны хүүхэд нэг хөл дээрээ зогсоод асуудалгүйгээр үсрэх, шулуун шугаман дээр урагшаа болон хойшоо алхах, бөмбөг барьж авах, шидэх, дээс тоглох зэргийг хийж чадаж байна уу. Ямар нэг зүйлийг хүрээнээс илүү гаргахгүйгээр зурж, будаж чадах уу? Хайчаар итгэлтэйгээр хайчилж, ажилладаг уу?
Танин мэдэхүйн хөгжил
Зарим ээж аав манай хүүхэд сургуульд орохоосоо өмнө уншаад сурчихсан, бас тоо ч тоолж чадна гээд сэтгэл хангалуун байдаг. Гэхдээ энэ нь хүүхэд сургуульд ороход болон сургуулийн сургалтын агуулгыг хүлээн авч суралцахад бэлэн эсэхийг шийдвэрлэх гол хүчин зүйл биш юм. Үүний оронд ярьж байгаа зүйл нь ойлгомжтой, тодорхой байх, уялдаа холбоотой өгүүлбэр зохиож чаддаг; ойлгож тогтоох чадвартай, юмсын харилцан хамаарал, уялдаа холбоог таньж мэддэг; аливаа зүйлийг харьцуулах, эрэмбэлэх, оноох чадвартай; тоо, хэмжээний талаар ойлголттой зэрэг нь сургуульд суралцах үндсэн суурь тул чухал юм. Сэтгэн бодох болон ярих нь хоорондоо нягт холбоотой байдаг.
Жишээлбэл, Та хүүхэдтэйгээ дараах асуултын дагуу ярилцаж болох юм. Үлгэр уншиж өгч, ярилцаад, чамд хамгийн дуртай хэсэг нь юу байсан бэ? Яагаад? Аль нь цөөн, аль нь олон вэ? Таван хошуу малд юу юу хамрагдах вэ? Чи одоо юу мэдэхийг хүсч байна вэ?
Сэтгэл хөдлөл, нийгэмшихүйн хөгжил
Ялангуяа нийгэмшихүй болон сэтгэл хөдлөлийн хөгжил нь өдөр тутмын сургуулийн амьдралын сорилтуудыг даван туулахад шийдвэрлэх хүчин зүйл болдог. Тэд ангидаа янз бүрийн нөхцөл байдалд олон хүүхэдтэй харилцаж, өдрийн ихэнх хэсгийг өнгөрөөх тул нийгэмшихүйн чадвар мөн сэтгэл санааны тогтвортой байдал, өөрийгөө дайчлах хүсэл эрмэлзэл, сэдэл чухал. Хийж буй зүйлдээ анхаарч, саад болж буй зүйлсийг анзаарахгүй өнгөрөөж чаддаг байх нь анхаарлаа хангалттай удаан хугацаанд (15-20 минут) төвлөрүүлж чаддаг болоход тустай. Хүүхдийн өөртөө итгэлтэй байдал нь өөрчлөгдсөн нөхцөл байдлыг айдасгүйгээр даван туулах, ангийн нэг гишүүн болон дасан зохицох боломжийг олгоно. Түүний бие даасан байдал нь насанд хүрэгчдийн байнгын анхаарал дэмжлэг шаардахгүйгээр хөгжсөн байх хэрэгтэй.
Жишээлбэл, дараах асуултуудыг авч үзэж болох юм. Хүүхэд тань бусад хүүхэдтэй харилцаж, холбоо тогтоож чадах уу? Хүлээцтэй байж, ээлжээ хүлээж чадах уу? Бага зэргийн зөрчилдөөнийг бие даан шийдэж чадах уу? Тайван сууж, хичээлийн хугацаанд анхаарлаа төвлөрүүлж чадах уу? Шинэ шаардлагыг даван туулж чадах уу? Бие даан бие засаж чадах уу? Хүчин чармайлт гарган бие даан ажиллаж чадах уу?
Хүүхэд бүр адилгүй
Хичээлийн эхний өдөр нэгэн шинэ ангийг бүрдүүлэгч охид, хөвгүүд хоорондоо тэс өөр. Тэд бүгд ойролцоо төрсөн ч хөгжлийн түвшин нь янз бүр, зан аашаараа ялгаатай, өөр өөр гэр бүлийн орчноос ирсэн, мөн өөр өөр цэцэрлэгт явж байсан. Тэд адилхан байх ч албагүй. Иймд гэр бүл, цэцэрлэг, сургууль аль аль нь хүүхэд бүр энэхүү шилжилтийн үеийг хүндрэл, хямрал багатай, аятай даван туулахад туслах ёстой. Тэдэнд хэт их ачаалал өгөхгүй мөн хэт хөнгөн байхгүй байдлаар хувь хүний чадавхид нь тохируулан ажиллах нь чухал.
Хүүхдийг сургуульд бэлтгэснээр СӨБ-ын зорилго хангагдах уу?
Хүүхдийг сургуульд элсэн суралцахад тулгарах бэрхшээлийг нимгэлж, ая таатай суралцахад бэлтгэх нь чухал боловч СӨБ-ын зорилгыг зөвхөн үүгээр хязгаарлавал өрөөсгөл болно. Учир нь хүүхэд цаашдаа ямар хүн болон төлөвших вэ гэдэг нь энэ насанд үндсэндээ шийдэгддэг. Өөрөөр хэлбэл, хайр, энэрэл, өөдрөг, өрөвч, тусч, бүтээлч, хүлээцтэй, бие даасан байдал, хариуцлага, идэвх оролцоо гэх мэт өвлөн авч, эзэмших ёстой хүмүүний ёс суртахууны үнэт зүйлсийн суурь энэ насанд тавигддаг. Энэ нь зөвхөн сургуульд элсэхэд бус, тухайн хүүхдэд тогтвортой хадгалагдах бөгөөд насан туршид нь бусдын дунд зохицон амьдрах, амжилт, бүтээл гаргах, сайн сайхан амьдрахад хэрэг болдог. Энэ насанд хүүхэд эрүүл саруул, өлчир чийрэг өсөн бойжих нь мөн чухал.
Нөгөөтэйгүүр хүүхэд бүр өөрийн онцлогтой, сул, давуу талтай. Тэдний сонирхол, сурах арга барил ч өөр. Иймд хүүхэд сургуульд элсэхэд ийм байна гэсэн нэгдсэн стандарт тогтоох боломжгүй. Мөн бага насныхан бол төрөлхийн сониуч, өөрөө оролдож туршиж үзэх, юмс, үзэгдлийн учрыг олох гэсэн өндөр эрмэлзэлтэй идэвхтэй суралцагчид билээ. Иймд СӨБ-ын зорилгыг өргөн хүрээнд авч үзэж, ялангуяа хүүхэд бүрийн “хүн болж“ төлөвшихөд түлхүү анхаарвал зохино. Тэгэхээр СӨБ-ын зорилгыг жишээлбэл “хүүхдэд өөрийн онцлог, чадвар, бүтээлч үйлээрээ хөгжих боломж олгож, тэднийг асрах, халамжлах, хамгаалах, хөгжүүлэх үйл ажиллагаагаар эрүүл чийрэг өсгөх, сурч мэдэх хүсэл сонирхолтой, хэл яриа, хөдөлгөөн, хөгжим, зураг, урлалаар ойлголт, санаа бодлоо илэрхийлэх, бусдын дунд өөрийгөө бие даан авч явах чадвартай болгон хөгжүүлж төлөвшүүлэхэд оршино” хэмээн тодорхойлж болох юм.
Ер нь бид цаашдаа дараах санааг эргэцүүлэн бодох шаардлагатай. "Сургуульд бэлтгэгдсэн байдал" гэсэн ойлголт хоцрогдсон. "Сургуульд элсэх чадвар"-тай холбогдох нэгдсэн ерөнхий тодорхойлолт байхгүй байна. Ер нь хүүхдийн чадамж (компетенц), сургуулийн хүлээлт хоёр хэр нийцэж байна гэдэг нь л чухал (Renate Niesel. 2017).
Н.Норжхорлоо
Эх сурвалж:
- Online Lexikon fuer Psychologie und Paedagigik. 2022. https://lexikon.stangl.eu/1/schulreife/
- Renate Niesel. 2017. Schulreife oder Schulfähigkeit – was ist darunter zu verstehen?. Bundeszentrale fuer politische Bildung. https://www.bpb.de/themen/bildung/dossier-bildung/250140/schulreife-oder-schulfaehigkeit-was-ist-darunter-zu-verstehen/