Хүүхдэд өвлүүлэх сайн зан чанарууд
Таны хүүхдийн багаасаа эзэмших шаардлагатай дараах зан чанар нь тэдэнд ёс суртахууны мэдрэмж бий болгож, сайн хүн болох суурийг тавина. Өөрөөр хэлбэл, хүүхдийн сэтгэл зүрхэнд шингэх ёс суртахууны үнэт зүйлсийн эш үндэс болно. Багш нар гэхээс илүүтэй эцэг эх өдөр тутмын амьдралдаа эдгээрийг хүүхдийнхээ нүдэн дээр үг, үйлдлээрээ харуулж, үлгэрлэж байвал аяндаа хүүхдэд сууж зуршил болно. Гэхдээ хүүхэд тань бусдад хэрхэн хандаж, харилцаж байгаа, ямар зан ааш гаргаж байгааг байнга анзаарч, сайныг нь урамшуулан дэмжиж, саарыг нь зөв тал руу нь чиглүүлж байх шаардлагатай. Мөн зүгээр л шаардаад байхгүй, зан чанар бүрийн учир холбогдлыг тайлбарлан ойлгуулж байх нь хүүхдэд сэтгэлээсээ хандаж, гүйцэтгэхэд нөлөөлнө. Хүүхэдтэйгээ ярилцахад тань зориулж зарим нэг санааг дурдлаа.
Мэндлэх
Хүүхэд багаасаа ойр орчныхоо хүмүүстэй “Сайн байна уу та?”, “Сайн байна уу ... гуай?”, “Өглөөний мэнд, багш аа” гэх мэтээр мэндчилж сурах. Энэ нь бусадтай эелдэгээр харилцах болон танилцах гарааны цэг. “Чи хүмүүстэй сайхан мэндчилбэл, хүмүүс чамд сайн байж, шаардлагатай үед туслах болно.”
“Болох уу”, “Баярлалаа” гэж хэлэх
Ямар нэг зүйлийг хүсэхдээ "... болох уу?", хүлээж авахдаа "баярлалаа" гэж хэлэх. Гуйж хүсэж хандахад хүмүүс бусдын төлөө ямар нэгэн зүйл хийхэд бараг үргэлж дуртай, бэлэн байдаг. “Баярлалаа” гэдгийг сонссон хүнд тааламжтай сэтгэгдэл төрдөг. “Хэрэв чи бусад хүнтэй сайхан харилцвал тэд чамд илүү найрсаг байх болно.”
Ямар нэг зүйлийг асууж байж авах
Хүүхэд өөрт нь хамааралгүй зүйлийг авахаасаа өмнө ээж, аав гэх мэт бусдаас зөвшөөрөл авдаг байх. Энэ нь хүний болон өөрийн эд зүйлсийг ялгаж сурахад тустай. Тэд мөн авч хэрэглэсэн бүхнээ эелдгээр талархал илэрхийлэн буцааж өгөхөд суралцана. “Хүний юмыг, найзынхаа тоглоомыг хамаагүй авбал тэд чамд дургүй байх болно.”
Юмыг алгаа тосож авах
Хүн юм (цай, бэлэг гэх мэт) өгөхөд хоёр гарынхаа алгыг тосож авах нь хүндэтгэлийн нэг хэлбэр. "Юмыг хоёр гараараа тосож авбал хүн чамайг ямар мундаг, сайн хүүхэд вэ гэж бодно"
“Уучлаарай” гэж хэлэх
Хүүхэд “Болох уу”, “баярлалаа” гэхийн зэрэгцээ буруу зүйл хийсэн үедээ “уучлаарай” гэж хэлж сурах. Жишээлбэл, бага насны хүүхэд бусдыг хазах, зодсоны дараа “Уучлаарай” гэж хэл гэж албадах нь зүгээр л чин сэтгэлгүй, нөлөөлөлгүй үг болно. Иймд хүүхдэд юу буруу хийсэн, яагаад буруу байсан, нөгөө хүүхдэд хэрхэн нөлөөлсөн зэргээр бодох цаг хугацаа өгөөд, ярилцвал түүнд өрөвдөх сэтгэл суух, бусдыг ойлгож сурахад тустай.
Орохынхоо өмнө хаалга тогших
Хүүхэд айлд, бусдын өрөө (багш, эмчийн өрөө, өөр анги танхим гэх мэт)-нд орохдоо хаалга тогшиж, зөвшөөрөл авдаг байх. Үүгээр хүүхэд бусдын орон зайд хүндэтгэлтэй хандахад суралцана. “Хаалгыг нь тогшиж, зөвшөөрөл авалгүй орвол, хүн сандарна, хийж байгаа зүйлд нь саад болно.”
Ханиах, найтаах үед амаа таглах
Хүүхэд ханиах, найтаах үедээ ам, хамраа тагладаг зуршилд суралцах. Мөн тэд хуруугаараа хамраа ухах, хуруугаа амандаа хийх нь тааламжгүй үйлдэл гэдгийг мэддэг байх. Энэ нь бусдад анхаарал тавдаг болоход тустай. Мөн эрүүл ахуйтай холбоотой. “Ам хамраа таглахгүй найтаавал яах бол?”, “Хуруугаараа хамраа ухвал бусдад муухай харагддаг”
Хүнийг шоолохгүй байх
Хэн нэгнийг бусдын дунд мөн ганцаараа байхад нь ч гэсэн шоолохгүй байх нь бусдыг ойлгох, гадуурхахгүй байх, бусдад адил тэгш хандаж сурахад тустай. “Шоолуулсан хүн гомдож, сэтгэл санаа нь хямардаг. Иймээс шоолох бол хэзээ ч байж болохгүй зүйл”
Утсаар ярихад суралцах
Хүүхэд утсаар ярихдаа хэн ярьж байгааг эелдэгээр асуух, мэндлэх, сонсох. Энэ нь хүмүүст таатай сэтгэгдэл төрүүлнэ. “Уулзаагүй, хараагүй зөвхөн сонсож байгаа учраас хүн ярьж дуустал чимээгүй байж, сайн сонсоно.”
Хүн рүү заахгүй байх
Хүн өөрийг нь хуруугаараа зааж байгааг анзаарвал эвгүй сэтгэгдэл төрдөг. “Хүнийг хуруугаараа заамаар байгаа бол, чиний хуруу өөр рүү чинь чиглэсэн байна.”
Ахмадыг хүндэтгэх
Үүнд эцэг эх, эмээ өвөө, багш, бусад насанд хүрэгчид бүгд хамрагдана. “Ахмад хүмүүс олон жил амьдарсан учраас их эрдэм ухаантай байдаг. Иймд тэдний эрдэм ухаанд нь хүндэтгэх ёстой.”
Хүний нэрийг тогтоох
Хэн нэгний нэрийг хэлж ярилцах нь түүнийг дурсаж, эргэн санаж байгааг харуулна. Мөн хүний нэрийг хэлж харилцах нь нэгэн хүндэтгэл. “Чи хамгийн сайн найзуудынхаа нэрийг хэл дээ?”
Хөгжлийн бэрхшээлтэй хүнд эелдэг хандах
Хүүхдүүд төрөлхийн аливаа юманд сониуч байдаг тул ямар нэг хөгжлийн бэрхшээлтэй хүнийг харвал заах, чангаар асуулт тавих, зарим нь бүр айх зэргээр ханддаг. “Хөгжлийн бэрхшээлтэй хүн бол аав, ээж, найз нартай чинь адилхан баярладаг, гомддог, бусдыг хайрладаг. Иймд тэдэнтэй ижилхэн харилцах ёстой. Түүнд тусалбал их баярлах болно.”
Сайн зочин байх
Хүүхэд айлд болон найзындаа зочлохдоо хүндэтгэлтэй, эелдэг байх. Дураараа аашлахгүй, өгч буй хоол, унданд нь дургүйцэж хямсаганахгүй байхын зэрэгцээ дуртай, дургүй зүйлээ илэрхийлж хэлж болно.
Өөрийгөө зөв илэрхийлэх
Хүүхэд хэчнээн уур, уцаартай байсан ч аяархан ярьж, санаа бодлоо илэрхийлж сурах. Гонгинох, хашхирах, орилох нь харилцааны зөв арга биш гэдгийг ойлгох. “Гүнзгий амьсгаа аваад, яагаад уурласнаа ээждээ/багшдаа хэл дээ.”
Өрөвч, тусч байх
Өрөвч байх нь бусдын зовлон, бэрхшээлийг арилгахад туслах хүсэл эрмэлзлийг агуулдаг. Өрөвч, тусч байснаар өөрт таатай сэтгэгдэл төрөхээс гадна бусдад таалагдахад тустай.
Үнэнч байх
Хүүхэд багаасаа үнэнч, худал хэлэхгүй байхад суралцах. Үнэнч зан харилцааны үндэс суурь бөгөөд итгэлцэл, хүндэтгэлийг бий болгодог. Хүүхэд ямар нэг дарамт, айдасгүй, сэтгэл хөдлөлөө илэрхийлэх, хэрэгтэй зүйлээ хэлэх боломжтой байх нь хүүхэд үнэнч байхад тустай. “Үнэнийг хэлэх, хэлсэндээ хүрэх бол хамгийн сайн зан чанар.” “Үнэнч шударга байдал хүнийг аз жаргалтай болгодог.”
Бусадтай харцаараа холбогдох
Ярилцаж буй хүнтэйгээ харцаараа холбогдох нь идэвхтэй сонсож, анхаарч, хүндэтгэж байгааг илтгэнэ. Үүнийг хүүхэдтэй ярилцаж байхдаа байнга дасгалжуулж болно. Хэрэв тэд энэ чадварт суралцвал хүнтэй сайхан харилцаа тогтоож чаддаг болно.
Хэзээ ч бүдүүлэг үг хэрэглэхгүй байх
Бүдүүлэг үг хэлэх нь хүнд огт хүндэтгэлгүй хандаж байгаа муу зан үйл. Хүүхэд зурагтаар эсвэл хэн нэгнээс ийм үг сонссон байсан ч түүнийг хэлэх нь бусдад таагүй сэтгэгдэл төрүүлдэг, хэрэглэж болохгүй гэдгийг мэддэг байх. “Муухай үг хэлбэл хүн дургүй байдаг, сэтгэл нь эвгүй оргидог.”
Н.Норжхорлоо
Ашигласан материал:
1. 20 Good Manners to Teach Your Kids. parenting.firstcry.com
2. University of Minnesota. 2002. Involving Children in Household Tasks: It is Worth the Effort?