Хүүхдэд эзэмшүүлэх бие бялбар, эрүүл мэндийн сайн зуршлууд
Хүүхдийн амьдралд хэрэгтэй нийтлэг сайн зуршлуудыг өмнө нь нийтэлсэн. Энэ удаа та хүүхэд эрүүл чийрэг өсөж бойжих, эрүүл мэндээ хамгаалахад чиглэсэн зарим сайн зуршилтай танилцана уу. Эдгээр зуршлийг та хүүхдэдээ багаас нь эзэмшүүлбэл, хожим эрүүл мэндийн асуудалгүй байхад тустай.
1. Гараа угаах
Хүүхдэдээ балчир наснаас нь ариун цэврийн өрөөнд орсныхоо дараа, хооллохын өмнө эсвэл ямар нэгэн бохир зүйлд хүрсний дараа гараа угаах зуршилтай болоход туслах нь ханиад томуу болон бусад халдвараас урьдчилан сэргийлэх өндөр ач холбогдолтой. Хүүхдэд гараа угаах зуршлийг олгохдоо ач холбогдлыг нь сайтар тайлбарлаж, ярилцаж ойлгуулах нь чухал. Манайд Covid-19-ийн үеэр зурагтаар нийт ард иргэдэд хандан гараа хэрхэн зөв угаахыг заагаад байсан. Уг нь энэ зуршил бол хүүхдэд сургуулийн өмнөх насанд аль хэдийнэ суусан байх ёстой билээ. Хүүхдэд нэгэнт зуршил болсон бол тэд гараа угаахыг таны хүчээр хийлгэж байгаа зүйл гэж үзэхээ больж, үүнийг байх ёстой үйл хэмээн үзэж, өөрийн мэдэлгүй үйлддэг болно
2. Шүдээ угаах
Шүдээ угаах нь шүдийг цэвэр, цооролтоос ангид байлгахад чухал нөлөөтэй. Монгол улсын Засгийн газрын 2018 оны “Эрүүл шүд- эрүүл хүүхэд” үндэсний хөтөлбөрт “Улсын дунджаар хүүхдийн шүд цоорох өвчний тархалт 71,4 хувь, эмчилгээний хэрэгцээ 94,3 хувьтай байна” (МУ-ын Засгийн газар. 2018) гэсэн нь манай улсын хувьд хүүхдийн шүдний өвчлөл нэн өндөр байгааг харуулна. Иймд хүүхдийн шүдийг эрүүл байлгах, тэднийг чих, хамар, хоолойн болон бусад өвчнөөс сэргийлэхийн тулд тэдэнд шүдээ угаах зуршил суулгах нэн ач холбогдолтой. Шүдийг өглөө, оройд зайлшгүй угаах шаардлагатай бөгөөд орой шүдээ угаасны дараа юм идэхгүй байхад анхаарна.
3. Ус уух
Ус нь шаардлагатай бүх шим тэжээлийг эсүүдэд хүргэдэг бөгөөд бидний эрхтнүүдийн хаягдал бүтээгдэхүүнийг зайлуулахад тусалдаг. Мөн хоол боловсруулах үйл явцыг дэмжих, биеийн дулааныг тэнцвэржүүлэх, дархлааг сайжруулах зэрэг усны ач холбогдол их. Хүүхдүүд өдрийн турш идэвхтэй, хөдөлгөөнтэй байдаг тул шаардагдах хэмжээний шингэн (1 литрээс доошгүй) ууж хэвших шаардлагатай. Тэдэнд ус эрүүл мэндэд тустай, харин чихэрлэг болон хийжүүлсэн ундаа тийм биш гэдгийг тайлбарлаж ойлгуулах нь чухал. Ундаанд агуулагдах элсэн чихэр нь ямар ч шим тэжээл өгдөггүй, харин шаардлагагүй илчлэгийг нэмдэг муу талтай.
4. Дасгал, хөдөлгөөн хийх
Хөдөлгөөн нь хүүхдийн яс, булчин бэхжих; зүрх, судас, тархины үйл ажиллагаа идэвхжих, бодисын солилцоо эрчимжих, сэтгэл санаа сэргэх зэрэг олон талын ач холбогдолтой. Хүүхдүүдтэйгээ алхах нь гэр бүлийн хамгийн таатай үйл ажиллагааны нэг. Гадаа тоглох нь хүүхдэд ажил хийхтэй адил сайнаар нөлөөлдөг. Энэ нь тэднийг чөлөөтэй, аз жаргалтай байлгадаг бөгөөд хөдөлгөөний хомсдол, байгалийн гэрлийн дутагдал, ойрын хараа муудахаас сэргийлэхэд тустай. Тэднийг тогтмол дасгал хөдөлгөөн хийх, спортоор хичээллэхэд урамшуулан дэмжиж байвал хөдөлгөөнийг эрхэмлэхэд түлхэц үзүүлнэ.
5. Эерэг байх
Хүүхдэд бие махбодоос гадна сэтгэл зүйн эрүүл мэнд чухал. Энэ нь аливаа зүйлд эерэг хандахаас эхэлнэ. Бага насныхан ямар нэг зүйл хэцүү байвал амархан шантардаг. Тэдэнд хайртай гэдгээ илэрхийлж, аль болох баяр баясгалантай, аз жаргалтай байх нөхцөлийг бүрдүүлж, онцлог сайн талыг нь хөхиүлэн дэмжиж байвал тэд өөртэй итгэлтэй, эерэг сэтгэлгээтэй болоход тустай. Эерэг сэтгэлгээ нь аливаа нөхцөл байдал, ямар нэг зүйлийн сайн, сайхан тал, боломжийг олж хардаг сэтгэлийн хандлага юм. Эерэг байх нь тэдэнд амьдралд нь ямар ч бэрхшээл тулгарсан давж гарахад маш их тусалдаг.
Н.Норжхорлоо
Ашигласан материал:
- МУ-ын Засгийн газар. 2018. Үндэсний хөтөлбөр батлах тухай. Монгол улсын засгийн газрын тогтоол. Дугаар. 255.
Нүүрний зураг: https://www.oekotest.de/kinder-familie/Zaehne-putzen-bei-Kindern-Wie-viel-Nachhaltigkeit-ist-sinnvoll_11485_1.html