Хүүхдээ хүндэтгэлтэй харилцаа (“баярлалаа”, “болох уу”)-нд хэрхэн сургах вэ?

Эцэг эхийн хувьд Та хүүхдээ бусадтай хүндэтгэлтэй, эелдэг хандаасай гэж хүсдэг нь гарцаагүй. "Баярлалаа", "Болох уу" гэсэн үгс нь хүүхэд бусадтай хүндэтгэлтэй харилцахын эхлэл. Энэ үгсийг хүүхдэд хэдийнээс, хэрхэн дарамт шахалтгүйгүйгээр эзэмшүүлэх вэ?  

Жич: “Болох уу” гэсэн үгийн цаана хүссэн, гүйсан олон үг (тэгэх үү, ингэх үүбий гэж ойлгоно уу.

 

"Баярлалаа", “Болох уу" гэсэн үгс яагаад чухал вэ?

"Баярлалаа", "Болох уу" гэсэн үгс нь хүүхдэд хүндэтгэл хэмээх үнэт зүйлийг суулгахад гол үүрэг гүйцэтгэдэг. Эдгээр үгс нь зүгээр нэг энгийн үг биш, талархал, хүндэтгэлийн илэрхийлэл юм. Эдгээр эелдэг үгс нь хүүхдүүдэд нийгмийн эерэг харилцааг бий болгохуйц харилцаанд суралцахад тусалдаг. Хүүхэд "Баярлалаа" гэдэг үгээр тусламж эсвэл өөрт нь хандаж буй сайхан сэтгэлд талархаж байгаагаа харуулдаг. “Баярлалаа” гэсэн үгийг сонссон хэн бүхний сэтгэл таатай, сэтгэл хангалуун байдаг бөгөөд үүнийг мэдэрдэг хүмүүс бусадтай илүү мэдрэмтгий,  анхааралтай харилцдаг. "Болох уу" гэж хэлж сурснаар тэд аливааг үл тоомсорлож болохгүй гэдэгт итгэл үнэмшилтэй болдог. Энэ үг нь мөн хүүхдэд хүслээ хурдан биелүүлэхэд тусалдаг.

 

"Баярлалаа", “Болох уу" гэсэн үгсийг хэдийнээс эхэлж сургах вэ?

Эдгээр үгийг хүүхдээр хэлүүлж сургахад аль болох эрт эхэлнэ. Хүүхэд тань хэдэн үг хэлдэг болж эхэлмэгц Та хүүхдэдээ "баярлалаа" гэж хэлүүлж сургаж болно. Тэгэхээр таны хүүхэд хэдийд хэлд орно, тэр үеэс хүн юм өгөхөд, туслахад “баярлалаа” гэсэн үг хэлэхийг сануулж болно. Энэ үе нь ойролцоогоор ой хагас, хоёр насны үе юм. Тэгээд цаашдаа ямар нэг зүйл авах, хийхийг хүсэхдээ “болох уу” гэж асуудаг болоход анхаарна. Энэ үест хөгжлийнхөө онцлогоос шалтгаалан хүүхэд “би” гэж өөртөө төвлөрч, давуу тал олохыг хүсдэг. Гэсэн хэдий ч хоёр орчим насны бяцхан хүүхдүүд ямар нэг зүйл буюу хэнд дуртай, юунд талархаж байгаагаа хэлж чаддаг. Тэд “баярлалаа” гэсэн үг сайн үг гэдгийг ойлгодог.

 

"Баярлалаа", “Болох уу" гэсэн үгсийг албадлагагүйгээр хэрхэн сургах вэ?

 

  1. Зааварлахын оронд үлгэр дуурайл үзүүлэх

.Хүүхдүүд томчуудыг дуурайснаараа хамгийн сайн суралцдаг. Хэрэв бид эелдэг байж, тогтмол "Баярлалаа", "Болох уу" гэсэн үгсийг хэрэглэдэг бол хүүхдүүд маань даган дуурайх болно. Иймд эцэг эх гэртээ, гудамжинд, дэлгүүрт, айлд зочлохдоо гэх мэт өдөр тутмын харилцаандаа эдгээр үгсийг байнга хэрэглэснээр хүүхэд тань үүнд аяндаа суралцана.

  1. Магтах

Хүүхэд тань өөрсдөө санаачилгаараа "баярлалаа", "болох уу" гэсэн үг хэлбэл эерэгээр хариу үйлдэл үзүүлээрэй. “Чи гоё үг хэллээ”, “Ямар сайн хүүхэд вэ”, “Чи эелдэг байлаа” гэх мэт. Гэхдээ энэхүү магтаал нь итгэл үнэмшил багатай хөндий биш, чин сэтгэлээсээ байх нь чухал.  

  1. Шаардахын оронд тайлбарлах

Хүүхэд тань "баярлалаа", "болох уу" гэж хэлэхээ мартсан үед хэлэхийг шаардахын оронд зүгээр л эдгээр үгсийн утгыг тайлбарлан ярилцах нь чухал. Хүүхэд эдгээр хүндэтгэлийн үгсийн утга учрыг мэдэхгүйгээс хэлэхээс татгалзаж, бүр дүргүйцэж ч магадгүй. Иймд хүндэтгэл, талархалтай байх нь яагаад чухал болох, бусдад ямар сэтгэгдэл төрүүлдэг, ямар нөлөө үзүүлдэг гэх мэтээр ярилцах нь тэд энэ үгсийн учир утгыг ойлгоход тустай.

  1. Тэвчээртэй байх

Хүүхэд бүр өөрийн гэсэн хурдаар хөгждөг. Зарим хүүхэд нийгэмшихүйн зан үйлийг эзэмшихэд бусдаас илүү удаан хугацаа шаарддаг. Иймд тэвчээртэй байж, хүүхдэдээ цаг гаргаж, өөртөө хэт өндөр шаардлага тавихгүйгээр эерэг үлгэр дууриал үзүүлэхдээ л анхаарлаа төвлөрүүлэхэд болно. Судалгаагаар өнөөдөр таван ээжийн нэг нь цөхөрсөн байдалтай байдаг байна [1].  

  1. Ном ашиглах

Хүүхдийн номнууд нь эелдэг байдал, нийгмийн үнэт зүйлсийг хөгжилтэй байдлаар ойлгуулах гайхалтай арга. Номонд хүүхдэд тохирсон үг хэллэгээр эелдэг байдал гэж юу болох, бид бие биетэйгээ хэрхэн хүндэтгэлтэй харилцах, бусдад туслах нь яагаад чухал болохыг харуулдаг. Мөн хүүхэд номноос өдөр тутмын амьдралд эелдэг байх, бие биедээ анхаарал халамж тавих, бие биедээ туслах нь хэр амархан болохыг олж мэддэг. Ном бол хүүхдийн бодол санаанд  нөлөөлөх онцгой хүчтэй.

Эдгээр аргаар Та дарамт шахалтгүйгээр хүүхдэдээ хүндэтгэлтэй харилцааны чухал үгсийг өдөр тутмын амьдралдаа хэрэглэдэг болоход нь тусалж чадна.

Та хүүхдээ харилцааны сайн зан үйлд сургахдаа дараах үндсэн дүрмийг баримтлаад үзээрэй. Ахиц дэвшил гарна гэдэгт эргэлзэхгүй байна.

  1. Үлгэр дуурайл үзүүлэх
  2. Насных нь болон тухайн хүүхдийн хөгжлийн онцлогийг харгалзах
  3. Магтах
  4. Шүүмжлэхгүй байх
  5. Тууштай байх
  6. Тайлбарлах

 

Н.Норжхорлоо

 

Ашигласан эх сурвалж:

1. Höflichkeit ohne Zwang: Kindern 'Bitte' und 'Danke' beibringen.  2025.

https://www.raeuberfuchs.de/blogs/raeuberfuchsblog/hoflichkeit-ohne-zwang-kindern-bitte-und-danke-beibringen

2. Ab wann lernen Kinder gutes Benehmen? https://www.haba-play.com/de-de/magazin/kindererziehung-psychologie/erziehungshilfe/gutes-benehmen-lernen

 

Нүүр зураг:

Motto des Monats: bitten und danken. https://www.zaubereinmaleins.de/kommentare/motto-des-monats-bitten-und-danken....771/