
Багшийн зохиосон тоглоомууд
Дорнод аймгийн Хэрлэн сумын 8 дугаар цэцэрлэгийн багш Б.Байгалмаагийн зохиосон, хүүхдүүдээрээ тоглуулдаг зарим тоглоомын аргачлалтай танилцана уу. Багш эдгээр тоглоомд ангид байгаа бэлэн зүйлсийг ашигласан буюу гарын доорх материалаар хэрэглэгдэхүүнээ бүтээжээ. Багш Та эдгээр тоглоомыг хүүхдүүдээрээ тоглуулаад үзээрэй.
Хавчаараар наадъя
Суралцахуйн чиглэл: Математик
Зорилго: Хүүхэд дүн тоог хэлэх, дүрс, давтамжийн ойлголтоо бататгана.
Хэрэглэгдэхүүн: Бичгийн үдээснүүд, цифр, дүрс, зурлага
Нас: 4 ба 5 настнууд
Аргачлал:
- Хүүхэд багшийн өгсөн дохиогоор уралдаж бичгийн үдээсийг хэлхэнэ. Багш “зогс” гэсэн дохио өгөхөд тэд цаашид хэлхэхгүйгээр хэдэн үдээс хэлхэснээ тоолж, дүн тоог цифрээр харуулж хэлнэ.
- Дараа нь хэлхсэн үдээсүүдээ зэрэгцүүлж тавина. Хэний хэлхсэн үдээс хамгийн урт, хэнийх нь хамгийн богино байгааг хэлнэ. Мөн хэний хэлхсэн үдээс хэнийхээс урт, хэнийхээс богино байгааг харьцуулж хэлнэ.
- Хүүхдүүд хэлхсэн үдээсээрээ янз бүрийн зураас, дүрс үүсгэнэ.
Хувилбар 2: Үдээсээр өнгөөр давтамж үүсгэн, зүй тогтлын дагуу хэлхэнэ.
Хувилбар 3: Өөртөө болон найздаа гоёл чимэглэлийн зүйл хийж бэлэглэнэ.



Хурдан морьд
Суралцахуйн чиглэл: Математик
Зорилго: Уламжлалт хэмжүүрээр хэмжиж сурах
Хэрэглэгдэхүүн: Олбог, аргай шагай -1 ширхэг, шагайнууд
Нас: 4 ба 5 настнууд
Аргачлал:
Хүүхдүүд олбогон дээр шагайг морь байдлаар байрлуулж, уралдааны зам засна. Нэг удаа 2-4 хүүхэд хамтран тоглоход тохиромжтой. Хүүхдүүд өөр өөрийн гэсэн уралдааны морийг сонгон авч гарааны цэгт байрлуулна. Хүүхэд бүр ээлж дарааллаар аргай шагайг орхино. Хонь буувал 2 хуруу, ямаа буувал нэг мухар сөөм, тэмээ буувал нэг сөөм, морь буувал нэг төө хэмжээсээр хэмжиж, хэмжиж буй хурууны урд морио урагшлуулж байрлуулна. Хамгийн түрүүнд замаа туулж барианд хүрсэн морь түрүүлнэ.


Намайг гүйцээрэй
Суралцахуйн чиглэл: Хэл яриа
Зорилго: Бүдүүвч ашиглан өгүүлбэр зохиож чаддаг болох
Хэрэглэгдэхүүн: Өнгөт дэвсгэр, өнгийн шоо, зурган бүдүүвч
Нас: 4-5 настнууд
Аргачлал:
- 3 өөр өнгө бүхий дөрвөлжнүүдээс бүрдсэн урт нарийхан дэвсгэр бэлтгэнэ. Дэвсгэр тус бүр дээр зурган бүдүүвч бүхий картууд байрлуулсан байна.
- Тоглоомд 3 хүүхэд оролцох бөгөөд өнгө тус бүрийн ард нэг хүүхэд зогсоно. Мөн 1 хүүхэд шоог хаяж өгч тоглоомыг чиглүүлнэ.
- Чиглүүлэгч хүүхэд шоог орхиход шооны дээш харж буусан талтай адил өнгийн дэвсгэрийн ард байгаа хүүхэд нэг дөрвөлжин нүд ахиж зогсоно.
- Өөрийн өмнө байгаа зурган бүдүүвчийг авч ажиглан тохирох өгүүлбэрийг зохионо.
- Өгүүлбэрийг зөв зохиож чадвал дараагийн нүдэнд ахиж зогсоно. Нэгнийгээ нэг нүд ахиж зогсох боломжтой болсон үед бусад нь баяр хүргэнэ.
- Өгүүлбэрийг буруу зохиовол нүд ахих боломжгүй учир байрандаа үлдэнэ.
- Чиглүүлэгч хүүхэд дахин шоог хаяж тоглоомыг үргэлжлүүлэн явуулна.
- Өөрийн өнгөт замыг даалгавараа зөв гүйцэтгэн, түрүүлж туулсан хүүхэд тоглоомын ялагч болно.




Дорнод аймаг, 8 дугаар цэцэрлэгийн багш Б.Байгалмаа
