“Нөхцөл байдалд тулгуурлан ажиллах” үзэл баримтлал (төгсгөл)

Нөхцөл байдалд тулгуурлан ажиллах үзэл баримтлал нь дараах шалгууруудыг чухалчлан үздэг.

Чухал шалгуурууд

Амьдралтай холбоотой байх

Сургалтын агуулга нь хүүхдийн амьдралын тодорхой үйл явцтай холбоотой байна. Энэ нь багш нар, эцэг эхчүүд хүүхдийн өдөр тутмын амьдрал, онцлог үйл явдалд байнга анализ хийж, түүнээсээ сургалтын агуулгыг ургуулан гаргаж ирнэ гэсэн үг. Үүнд хүүхдийн нийгмийн гарлыг ч харгалзан үзнэ. Ийнхүү хүүхдийн амьдралын бүхий л ертөнцийг авч үздэг гэж болно.

Холимог бүлэг

Насаараа адилгүй хүүхдүүд (жишээлбэл, 3-6, 0-6, 3-10 нас) нэг ангид хамтдаа байхад тэдэнд ямагт янз бүрийн үүрэг гүйцэтгэх боломж олддог.

Холимог бүлэг нь хүүхдэд тал бүрийн

туршлага хуримтлуулах боломж олгодог.

Томчууд нь бага насныхандаа зааж сургах явцдаа өөрийнхөө мэддэг, чаддаг зүйлээ туршиж үзнэ, багачуул нь томчуудаасаа янз бүрийн арга замаар суралцана. Үеийнхээ болон өөр насныхантай хамтрах, зөрчилдөх зэргээр харилцах явцдаа хүүхэд өөрийнхөө  хэн болох дүр төрхийг бүтээж бий болгодог.

Гадагшаа нээлттэй байх

Нөхцөл байдалд тулгуурлан ажилладаг байгууллага бүр эцэг эх болон бусад томчуудын оролцоог ихээхэн сонирхдог. Хүүхдийнхээ мөн түүний гэр бүлийн амьдралын нөхцөл байдлыг мэдэж түүнд нь зохицон ажиллахад ганц удаа зуны баярыг хамтаараа тэмдэглэх хангалтгүй бөгөөд эцэг эхтэй өдөр тутам ойр дотно ажиллах шаардлага тулгардаг. Эцэг эхтэй хамтран ажиллахаас гадна “гадагшаа нээлттэй байна” гэдэгт бусад хүмүүсийн оролцоо мөн хамрагдана. Жишээлбэл, хүүхдүүдтэй ажиллах боломжтой хөршийнх нь мужаан, өөр төсөл дээр ажиллаж байгаа хүмүүс гэх мэт. Хүүхдийн ойрын орчноос гадна хол ч гэсэн хүүхдэд хэрэгтэй гэж үзсэн арга хэмжээнүүдийг зохион байгуулдаг. Жишээлбэл, музей, жүжиг эсвэл концерт үзэх гэх мэт. Оройн цагаар мөн хагас бүтэн сайнд цэцэрлэгийн өрөөнүүдийг гадны хүмүүс мөн янз бүрийн бүлэг, хамтлагууд ашиглана. Ийнхүү цэцэрлэг нь тухайн орчны хүмүүсийн уулзаж, хамтран ажилладаг нээлттэй байр хэлбэрээр ашиглагддаг.

Оролцоо

Энэ нь хүүхдэд насандаа зохицсон шийдвэр гаргах, өөрөө ажил үйл гүйцэтгэх, мөн хариуцлага хүлээх орон зай олгоно гэсэн үг. Оролцоо нь хоёр түвшинг дамжин хөгжинө: Эхний түвшин нь өдөр тутмын үйл ажиллагааны явцад, дараагийнх нь хүүхдүүдийн ярилцлага (Kinderkonferenz) мэтийн тодорхой хэлбэрийн үйл ажиллагааны явцад.

Зорилго нь хамтын оролцоо аль болох их

байх баталгааг хангахад оршино.

Хүүхдийн хамтын оролцоо аль болох их байх баталгааг хангахыг тулд өрөө тасалгаанааны зохион байгуулалтаас эхлэн бүхий л төлөвлөлтийг хийнэ. Хүүхдүүдийн ярилцлага дээр хүүхдүүд өөрийнхөө хүслийг илэрхийлнэ. Тэд ярилцлагыг өөрсдөө удирдана (чадварынхаа хэрээр) бас ярилцлага хийх санаачилга гаргана. Мөн байгууллагын дотоод журмыг шууд гаргачихгүй, харин хүүхдүүдтэй ярилцаж санааг нь тусгана. Ийнхүү хүүхдийн оролцоог “сургалтын түлхүүр” болгон ашиглана. Энд хүмүүжүүлэгч багш хүүхдийн өөрөө суралцах үйл явцыг өдөөнө, дэмжиж өгнө. Асуудал дэвшүүлж, хүүхдийн сэтгэж бодох үүд хаалгыг нээнэ, гаргасан санаанууд дээр нь тулгуурлан асуудлыг хэрхэн шийдвэрлэхийг асууна, хэрэгжүүлэх төлөвлөгөөг хамтран боловсруулна. Үүнийг л оролцоо гэнэ. Үүнд хамгийн чухал нь юу вэ гэвэл хүмүүжүүлэгч багш хүүхдэд хамтран ажиллагчийн байр сууринаас хандаж, тэдний санал, санаачилгыг овсгоотой хүлээн авч харилцахыг хичээх, томчууд тухайн үйл ажиллагаанд оролцох, хүүхэдтэй ардчилсан байдлаар харилцахдаа үнэн сэтгэлээсээ хандаж  байгаа нь байнга мэдрэгдэж байх явдал юм.

Хамтаараа байх хандлага

Байгууллага нь хот, дүүрэгтээ хамтран ажиллаж болох бүхий л боломжийг ашиглана. Үүнд нийтийн номын сан, спортын холбоод, хөгжмийн сургууль эсвэл сүм хийд гэх мэт ямар ч байгууллага байж болно. Хотын тухайн нутаг дэвсгэрт хүүхэдтэй холбоотой ажил эрхэлдэг бүх байгууллагаас зохион байгуулдаг ажлаас цэцэрлэг хоцорч үлдэхгүй байна. Ингэснээр хүүхэд, тэдний гэр бүлийн амьдралын салаа мөчир бүрийг хооронд нь илүү сайн холбох боломж бүрдэнэ.

Өрөөний зохион байгуулалт

Тэд өрөө талсалгаа нь хүүхдийн амьдрах, туршлага хуримтлуулах орон зай байна гэж үздэг.  Аль ч өнцөг булан нь тодорхой харагдаж байдаг ангийн өрөө бус харин бие биесээс тусгаарлагдсан, янз бүрийн хэсгүүд, мөн тодорхой харагдаж мэдэгдэхгүй тоглоомын булан зэрэг нь нөхцөл байдалд тулгуурлан ажиллах үзэл баримтлалаар ажилладаг цэцэрлэгийн өрөө тасалгаа. Анги бүрд төрөл бүрийн материал, янз бүрийн үйл ажиллагаа явагддаг талбарууд, дээр доор харилцан адилгүй түвшинд орших тоглоомын булангууд, аливааг дахиж хийх боломжтой хэсэг, нийтээрээ цугларах хэсэг байх ба өрөөний зохион байгуулалт ямар байхад хүүхдүүд илүү оролцдог, мөн хүүхдийн эрэлт хэрэгцээ ямар байгааг харгалзан багш өрөө тасалгааныхаа зохион байгуулалтыг өөрчлөхөд бэлэн байна.

Интегратчилсан сургалт

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг ердийн цэцэрлэгийн хүүхэдтэй ойролцоо байдлаар байлгаж, хөгжүүлэх тохиолдолд тэднийг тусгай цэцэрлэгээр явуулах нь утгагүй. Өдөр тутмын хамтын амьдралын явцад хүүхэд мэдээж аль нэг хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй харилцаж сурна. Ийнхүү жирийн болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг хамт сургаж хүмүүжүүлэх нь аль алинд нь ач тустай.

Олон соёл бүхий сургалт

Үнэт зүйлсийн талаарх төсөөлөл нь харилцан адилгүй мөн амьдралын янз бүрийн нөхцөл байдалтай хүүхэдтэй хамт байх тохиолдол хүүхдийн амьдралд бишгүй тохиолддог. Нийгмийн ийм олон талын соёл бүхий нөхцөл байдалд зохицон харилцаж сурах, түүнчлэн  ийм  нөхцөл байдалд бас аятай боломж байдаг гэдгийг мэдэх, учрыг нь сайн ойлгохгүй ч өөр өөр зан заншил байдаг гэдгийг хүүхэд хүлээн зөвшөөрөхөд суралцахыг энэхүү сургалтад хамруулан ойлгоно. Тэгэхээр олон соёл бүхий сургалт нь ялгавартай байдлуудыг арилган ижилсүүлэх биш харин хүүхдэд амьдралын янз бүрийн бололцоо нөхцөлд асуудлаа шийдэж сурахад нөлөөлнө.

Хамтын ажиллагаа

Нөхцөл байдалд тулгуурлан ажиллах үзэл баримтлал нь зөвхөн тодорхой зорилготой, төлөвлөгөөтэй, бие биенийхээ санааг харилцан тусгасан хамтын ажиллагааны үр дүнд хэрэгжинэ. Энэ нь хүмүүжүүлэгч багш зөвхөн өөрийн хариуцсан бүлэгтээ хариуцлага хүлээдгээс ангижрана гэсэн үг. Ингэж ажиллахад тухайн хамт олонд зарим дэмжлэг туслалцаа хэрэг болдог. Жишээлбэл, мэргэжлийн зөвлөх тэдэнд ямар дэмжлэг туслалцаа шаардлагатай байгааг тогтмол асуух, зөвлөх, тэд хүүхдээс ирж буй сигналыг хэрхэн авах талаар нэмэлт зөвлөгөө авах гэх мэт. 

Нөхцөл байдалд тулгуурлан ажиллах үзэл баримтлал нь

эрчимтэй хамтын ажиллагааны үр дүнд хэрэгжинэ.

 Дээрх шалгууруудаар цэцэрлэгийн өдөр тутмын үйл ажиллагаа чиглэгдэж зохицуулагдана.  Ялангуяа ажлын төлөвлөлт нь ямар байдлаар хийгдсэн байна вэ гэдгээс тухайн байгууллага нөхцөл байдалд тулгуурлан ажиллахыг үндсэн үзэл баримтлалаа болгож сонгосон байна уу гэдэг нь харагдана. Нээлттэй төлөвлөлт бол хүүхдийн амьдралын байгаа байдлыг илүү тэдэнд нийцтэйгээр авч үзэх, бүх хүн хамтын шийдвэр гаргахад оролцох, хүүхдийн өөрийнх нь нээх-судлах хүсэл тэмүүллийг хангах боломжтой байдаг. Нээлттэй төлөвлөгөө бол урьдчилаад бэлэн болгочихсон хатуу тогтсон зүйл биш. Хүмүүжүүлэгч багш ганцаараа л бодоод, шийдээд, бэлтгээд байдаггүй, ангид явагдах аливаа ажлыг зохион байгуулахдаа хүүхдийн санаа, төсөөлөл, чадварыг ашиглана. Ийм нээлттэй төлөвлөлттэй байхад асуудлыг шийдвэрлэхэд хүмүүжүүлэгч багш хүүхдүүдэд, тэдний чадварт итгэл өгдөг учир тэдний хоорондын харилцаанд багшийн эрх мэдэл хязгаарлагдмал байна. Ингэснээр хүүхэд ба хүмүүжүүлэгч багшид аль алинд нь ашигтай байх тийм шинэ суралцах арга замууд нээгдэж бий болно.

Ажиллах арга барил

Нөхцөл байдалд тулгуурлан ажиллахад төлөвлөлтийн дөрвөн алхам хийгддэг. Үүнд:

1.    Тодорхой үйл явцыг сонгох ба тухайн үйл явцад анализ хийх

2.    Зорилгоо сонгож тогтоох

3.    Арга зүйн боловсруулалт

4.    Үнэлгээ дүгнэлт

1.    Тодорхой үйл явцыг сонгох ба тухайн үйл явцад анализ хийх

Хүмүүжүүлэгч багшийн яриа: “Цэцэрлэгийн хичээлийн жил тайван бус, шуугиан дунд эхэлдэг. Ялангуяа 3 настнууд тоглохгүй мөртлөө янз бүрийн тоглоом наадгай барьж авч тавиад л. Тэд олон янзын цочрол хүлээж авч байгаа болохоор нэг зүйл дээр тогтож чаддаггүй юм шиг байгаа юм. Хэдийгээр бид бүх зүйлээ байр байранд нь эмх цэгцтэй байлгахыг эрмэлздэг ч үд хүрэхэд мөн орой тарахад бүх зүйл сүйдсэн ертөнц шиг л болчихсон байдаг” (Holzschuh/Markgraf). Энэ жишээ болон үүнтэй төстэй ажиглалтаар хүмүүжүүлэгч багш хүүхдийн өнөөгийн болон ирээдүйн амьдралын түлхүүр үйл явцыг олж харж, сонгодог. Олон үйл явдлаас энэ нь л “түлхүүр үйл явц” байна даа гэдгийг яаж мэдэж, сонгох вэ? Үүнийг дараах тов тодорхой үзүүлэлтүүдээр хянан үзнэ: 

ü  Ажиглалтаас үзэхэд хүүхэд тухайн үйл явцад чадварлагаар оролцдог болоход цаашид тэдэнд дэмжлэг шаардлагатай байна уу?

ü  Энэхүү үйл явц нь хүүхдийн амьдралтай хэр зэрэг холбоотой байна вэ? Энэ нь хүүхдийн хөгжилд ач холбогдолтой юу?

ü  Энэ үйл явц хэчнээн хүүхдэд ач тусаа өгөх вэ?

ü  Энэ үйл явцад хүүхдийн ямар эрэлт хэрэгцээ, сонирхол, шийдэх асуудал агуулагдаж (таамагласнаар) байна вэ?

ü  Үүнээс сургалтын ямар агуулгыг ургуулан гаргаж болох вэ?

Энэ үзүүлэлтийн дагуу дээрх жишээнээс дараах зүйлсийг гаргаж ирж болох юм:

Есөн хүүхэд цэцэрлэгт ямар дүрэм баримтлах ёстойг мэдэхгүй байна. Хүүхэд бол цаашид амьдралдаа шинэ өрөө тасалгаанд орох, шинэ дүрэм журам мөрдөх болох, шинэ хүмүүстэй тааралдах үйл явцтай байнга л тулгарч байх болно. Хүүхэд үлгэр загвар дээр суралцдаг учир энэ анхны үйл явцыг зөв зохион байгуулах шаардлагатай. Иймээс энэ үйл явцыг сонгон үүн дээр ажиллах нь маш ач холбогдолтой. Тэдний эрэлт хэрэгцээ бол хүмүүжүүлэгч багшийн анхаарал халамж, хамгаалалтад байгаагаа мэдрэх, ангид байгаа тоглоом наадгайнуудын талаар баримжаа авах, аль болох олон тоглоомтой харьцахад оршино.

Хүүхэд хамтын амьдралын дүрэм журмийг мэдэх, баримталж сурах, ингэхийн тулд тодорхой дэг журам байдгийг мэдэх, хүүхэд ба томчууд эмх цэгцэд хэрхэн ханддаг, магадгүй цэцэрлэг дэх дэг журам гэртээ байдгаас арай өөр гэдгийг мэдэх зэрэг нь сургалтын чухал агуулга юм. Ийнхүү хүүхдийн цаашдын амьдралд ач холбогдолтой түлхүүр үйл явцыг олж сонгоно. 

Хүүхдийн чадавх байнга өргөжиж байх ёстой.

Үүний дараа хүмүүжүүлэгч багш нар хамтаараа янз бүрийн асуулт дэвшүүлэн тавьж, санаагаа солилцож хэлэлцэнэ: “Хүүхэд гэртээ юмаа эмхэлж хураадаггүй, түүнийг нь өөр хүн өмнөөс нь хийдэг болохоор түүндээ дасчихаж. Иймд тэрээр эхэн үедээ цэцэрлэгт эмх цэгц тогтоохыг өөртөө хамааралтай гэж ойлгохгүй. Энэ бол томчуудын ажил гэж үзнэ. Тэгэхээр хүмүүжүүлэгч багш эхлээд хүүхдүүдэд “эмхэлж хураах” гэсэн ойлголтыг өгнө. Тэд өрөө тасалгаандаа юмаа яаж хурааж эмхэлж цэгцлэх талаар төсөөлөлгүй бол яах вэ? гэсэн асуулт бас гарна. Эмх цэгцгүй байдал гэж юу болохыг тодорхой харуулахгүйгээр яриад шаардах юм бол ялангуяа балчир насныхан ойлгохгүй, амархан дарамтад орно” гэх мэт.

Үйл явцад анализ хийнэ гэдэг нь өмнө нь тулгарч байсан ийм үйл явц аль хүүхэд дээр ажиглагдсан, энэ үйл явцад хүүхэд бүрт ямар ялгаа илэрч харагдаж байгаа, тухайн үйл явцад хүүхэд хэрхэн хандаж, ямар хариу үйлдэл үзүүлж байгаа зэргийг тодруулахад оршино.

2.    Зорилгоо сонгож тогтоох

Тухайн үйл явцад хийсэн анализаас урган гарч ирэх үндсэн зорилго нь Бие даасан байдал, Эв нэгдэл, Чадвар гэсэн гурван зүйлийг заавал хамарна. Дараах байдлаар хүмүүжүүлэгч багш зорилгоо тодорхойлно:

ü  Хүүхэд эхний долоо хоногтоо тоглоомын булангуудыг мэддэг болсон байх (чадвар)

ü  Ахлах насны хүүхдүүд багачуулдаа эмх цэгцтэй холбогдох өөрсдийн чадвараа дамжуулан эзэмшүүлэх (эв нэгдэл)

ü  Хүүхдүүд хамтын ярилцлагаараа баримталж буй дүрэм журам хэрхэн хэрэгжиж байгааг хянан үзэх, тогтох (бие даасан байдал/чадвар)

ü  Шинээр элссэн хүүхдүүд “хүмүүжүүлэгч багш бол намайг ганцааранг минь орхихгүй, намайг мэдэж байгаа” гэсэн мэдрэмж авах (эв нэгдэл)

ü  Хүмүүжүүлэгч багш хүүхдүүдийн чөлөөт тоглоомын явцад ялангуяа том, жижиг хүүхдүүд хамтран тоглож байгаа хэсэгт илүү анхаарч, санаа өгч, тэдэнтэй хамтран тоглох (эв нэгдэл)

Зорилго нь явцын дунд өөрчлөгдөж, нөхөгдөнө.

3.    Арга зүйн боловсруулалт

Арга зүйн боловсруулалт нь хүүхэд дараа нь тухайн үйл явцтай төстэй нөхцөлд байдал тохиолдоход түүнийг бие даан шийдвэрлэх чадвартай болоход чиглэнэ. “Хүмүүжүүлэгч багш  хоёр янзаар нөлөө үзүүлнэ. Нэгд нь ангид байгаа бүх материалаа хүүхдэд тодорхой харагдахуйцаар байршуулж, тэдэнд нэг тоглоомоор аль болох удаан тоглох боломж олгоно. Хоёрдугаарт ангийнхаа бүх хүүхэдтэй хамт сууж, тухайн асуудлаар ярилцана. Энэ явцад хүмүүжүүлэгч багш ахлах насны хүүхдүүд нь асуудалд нэлээд ухамсартайгаар хандаж, эмх цэгцийг бүгдийн эрх ашгийн үүднээс сайжруулах шаардлагатай гэж үзэж байгааг тодотгоно.

Жишээлбэл, ангид мөрддөг дүрэм журам хэрхэн хэрэгжиж байгааг хянахдаа: Томчууд нь аль нэг тоглоомын буланг хариуцна. Жессика, Тиана нар “Айл гэр” буланг хариуцан эмхэлж цэгцэлнэ. Шинэ хүүхдүүд бол үүнийг сайн чадахгүй. Хариуцлага хүлээсэн 2 охин хэн хэн тэнд тоглосон, тэнд ямар эмх цэгц тогтоох ёстой зэргийг тайлбарлан ярина. Саша бол өөрсдийнхөө бэлтгэсэн баримлын шаврыг хатахаас сэргийлж, орой тарж харихаасаа өмнө баримлын шавар хийсэн сав сайн таглагдсан эхсэхийг шалгана”.  Мэдээж үүнээс өөр арга барилыг багш хэрэглэж болно. Хамгийн гол нь хүүхдүүд өөрийнхөө чадвар, боломжийг ашиглан тухайн үйл явцад оролцоход оршино.

4.    Үнэлгээ дүгнэлт

Байнга өөрийн ажилдаа шүүмжлэлтэй хандаж, эрэгцүүлэн бодож байх нь цаашдын үйл ажиллагааны төлөвлөлтөд тустай. Магадгүй зорилго, арга барилаа өөрчлөх тохиолдол ч гарч мэднэ. Хэрэв тухайн сонгосон асуудлаа шийдвэрлэсэн бол хүмүүжүүлэгч багш нар хамтаараа дараагийн шинэ үйл явцыг бодож боловсруулна. Үнэлгээ дүгнэлт хийх явцад хамт олны санаануудыг тэмдэглэж авна, энэ нь үүсгэн байгуулагч, эцэг эх зэрэг цэцэрлэгийн гадна оршиж буй хүмүүст байгууллагын үйл ажиллагаа ил тод харуулахад хэрэг болно. Бичиж тэмдэглэсэн зүйлс нь хожим ажиглалт явуулах үед эргэн харах боломж олгодгоороо мөн ашигтай.

 

Нээлттэй үйл ажиллагаа

Нөхцөл байдалд тулгуурлан ажиллах ба “Нээлттэй үйл ажиллагаа” үзэл баримтлал нь дор дурдсан олон зүйлсээр хоорондоо холбогддог. “Нээлттэй үйл ажиллагаа” үзэл баримтлалаар ажиллахад тухайн байгууллагын үндсэн нөхцөл, хүүхдийн эрэлт хэрэгцээ болон хүмүүжүүлэгч багшийн чадавхыг мөн анхааран үздэг. “Нээлттэй” гэдэг нь угтаа нөхцөл байдалд тулгуурлан ажиллах үзэл баримтлалын үндсэн ухагдахуун. Нээлттэй үйл ажиллагаатай цэцэрлэг нь дотроо нээлттэй байж түүнийгээ цааш нь улам өргөжүүлж хөгжүүлдэг. Энэ нь 3 “үе шат”-тай. 

Ангийнхаа үүдийг нээх

Үүнд байгууллагынхаа хонгил, үүдний дотор талын талбай, ариун цэврийн өрөө гэх мэт зарим өрөө тасалгааг тоглоомын талбай болгон ашиглана.       

Ангиа нээх

Хүүхдүүд ангиа солино, бие биесийнхээ ангид харилцан орж үзнэ, зарим өдөр өөр ангийн хүүхдүүдтэй байна. Төсөлт ажил болон үйл ажиллагаануудад хүүхэд зөвхөн ангийнхантайгаа бус цэцэрлэгийнхээ бусад хүүхдүүдтэй хамтран оролцоно, анги дотроо бол өөрсдөө групп үүсгэн ажиллана. 

“Нээлттэй цэцэрлэг”

Бүлгийн өрөөнд байдаг айл гэр, барьж байгуулах тоглоом, амралтын гэх мэт булангууд нь хөдөлгөөн, том талбай (өрөөгөөр дүүрэн)-д барьж байгуулах, урлангийн, зураг зурах, урлан бүтээх, компьютерын тоглоом, уншлага, туршилтийн зэрэг бүхэл бүтэн өрөө тасалгаагаар солигдоно. Өдөр тутам явагддаг үйл ажиллагаа, төсөлт ажлуудад хүүхдүүд ихэвчлэн өөрийнхөө сонирхлоор өөр ангийн хүүхдүүдтэй оролцоно. Өөрийн харьяалагддаг анги нь ярилцлага хийх, төрсөн өдөр тэмдэглэх зэрэгт хэрэглэгдэнэ.

 Ийм байдлаар ажиллахад хүүхдийн суралцах, туршлага хуримтлуулах боломж мэдэгдэхүйц нэмэгддэг. Нээлттэй ажиллах явцад хүүхэд цагаа хуваарилах, бусадтай тохиролцох, ажигласнаа дүгнэж ярилцах, хийх зүйлээ төлөвлөх зэрэгт ихээхэн чөлөөт байдлыг эдлэх бөгөөд энэ нь тухайн групп дэх хүүхдүүдийн хамтран ажиллах, тоглох идэвхийг ихээр өрнүүлдэг. Бүх үйл ажиллагаа ангидаа л явагддаг уламжлалаас татгалзаж, ангийнхаа үүдийг нээсэн нь ямар үр дүнд хүрсэнд анализ хийхэд дараах үндсэн дүгнэлтэд хүрч байгаа юм: Цэцэрлэгт хүүхэд өөрийн үйл ажиллагаандаа аль болох их чөлөөт байдлыг эдлэх шаардлагатай. Яагаад гэвэл нэгдүгээрт цэцэрлэгээс гадна орчинд хүүхдэд тийм боломж олддоггүй, нөгөөтэйгүүр амьдралынх нь нөхцөл боломжоос шалтгаалан тэдний хөгжлийн эрэлт хэрэгцээ эрс ялгаатай байдаг бөгөөд хүмүүжүүлэгч багш хүүхдүүдийг дандаа тогтсон нэг ангид нь байлгаснаар тэрхүү ялгааг зохистойгоор арилгаж бараг чаддаггүй.

Цаашид  нээлттэй үйл ажиллагааг хөгжүүлэхэд хүүхэд нэг группд хэчнээн хүүхэдтэй хамт байвал хамгийн сайн суралцах боломжтой вэ гэсэн асуулт юм. Арга зүйн энэхүү чухал асуудлыг нөхцөл байдалд тулгуурлан ажиллах үзэл баримтлал мөн харгалзсан байдаг. Хүүхэд цөөн хүүхэдтэй жижиг групп дотор байхад хамгаалагдсан байдал, хамт олонд харьяалагдаж байгаагаа илүү мэдэрдэг тул тэдэнд нээлттэй байх, суралцах үйлээ өөрөө зохицуулах боломж илүү олддог. Нээлттэй цэцэрлэг нь хүүхдэд ихээхэн том талбайд тоглох боломж олгодог тул тэд өөрсдөө заримдаа хүмүүжүүлэгч багшийнхаа дэмжлэгтэйгээр жижиг хэсгүүдэд нэгдэн, хамтаараа хийх зүйл (суралцах)-ээ олно. Тэгэхээр нээлттэй үйл ажиллагаа нь хүүхдийн болон тэдний гэр бүлийн амьдралын нөхцөл байдал, мөн суралцахуйн онолын мэдлэгийн аль алиныг нь харгалзан үзсэн.

Хүмүүжүүлэгч багшийн үүрэг

Хүмүүжүүлэгч багш өөрийнхөө сурган хүмүүжүүлэх үйл, төсөлт ажил, сургалтын зорилгоо нөхцөл байдалд тулгуурлан ажиллах үзэл баримтлалын үндсэн зорилго болох бие даан орших, эв нэгдэл,  чадавхжуулах-д нийцэж байгаа эсэхийг ямагт хянан үзнэ. Тэрээр хүүхэд өмнө нь эзэмшсэн туршлагатай холбоотойгоор шинэ зүйлийг сурах, тэгэхдээ тэднийг өөрөө суралцах боломжтой байлгах хариуцлага хүлээнэ. 

Хүүмүүжүүлэгч багш бол үйл явдлуудаас

сургалтын агуулгыг шүүж авах үүрэгтэй.  

Хүүхдэд хэрэгтэй, тус болох, тухайн цаг үед болон цаашид тавигдах шаардлагыг биелүүлж чадахуйц мэдлэг ухаарлыг олгож чадаж байвал цэцэрлэг нь боловсрол эзэмшүүлэх үүргээ биелүүлж байна гэж үзнэ. Олон үйл явцад хүүхэд өөрөө учраа олж, мөн харилцан бие биедээ тусалж байдаг. Гэхдээ тэдэнд аль нэг асуудлыг шийдэх, аль нэг зүйлийн талаар илүү мэдэж авах, шинийг олж нээхэд нь тусалж чиглүүлдэг, мөн өөрийнх нь үйлийн хурдацыг ойлгож хүлээн зөвшөөрдөг тийм том хүн зайлшгүй хэрэгтэй.

Хүүхэд бол бие даан аливаа үйлийг хийх, өөрийнхөө оролдлого, хүчээр бусадтай зохицон хамтын амьдралаа зохицуулахыг хүсдэг. Хүүхэд аливаа зүйлийн учрыг олох эсвэл аль нэг асуудлыг эвлэг чадварлагаар зохицуулахад юу хийх ёстойг хүүхдүүдтэй хамтдаа бодож олох нь багшийн үүрэг. Юу хийж байгааг нь мэдэрдэг, асуулт, нээлтийг нь тусган авч дагадаг, дэмждэг хүмүүжүүлэгч багш хүүхдэд хэрэгтэй. Энэ нь хүүхдийн сэтгэл санааг юу эзэмдэж байгааг тэдний адилаар мэдэрдэг, бодож байгаа зүйлийг нь мөн хамт бодож чаддаг, түүнчлэн хүүхэд багш руу хандахыг хүлээлгүйгээр хариу үйлдэл үзүүлж чаддаг байна гэсэн үг. Энэ бол хүмүүжүүлэгч багшийн чухал үүрэг.

Берлиний холбооны улсын сургалтын хөтөлбөр

Нөхцөлд байдалд тулгуурлах үзэл баримтлалыг барьдаг.

Хүмүүжүүлэгч багш хүүхдээс өөрийнхөө санаа бодол, саналаа илэрхийлэхийг хүлээнэ, нарийн ажигласныхаа дүнд тэдний асуулт, харилцааны цаана ямар сэдвээр ажиллах шаардлагатай байгааг олж мэднэ. Ийнхүү хүмүүжүүлэгч багш үйл явдлуудаас сургалтын агуулгыг “шүүж тунгааж авах” бөгөөд түүнээсээ тухайн хүүхдэд тохирсон “сурах зүйл”-ийг бий болгоно. Үүнд хамтран ажиглагсдынх нь гаргасан мэргэжлийн санаанууд нэмэр болно.

Байнгын ажиглалт, баримтжуулалт бол мөн багшийн үндсэн үүрэг. Төрөл бүрийн шалгуурын дагуу, мөн тохиолдлын байдлаар ажиглагдсан зүйлээ ажиглалтын хуудсанд тэмдэглэж байх нь ажиглалтдаа дүгнэлт хийхэд хэрэг болно. Ийм байдлаар ангид явагдаж буй үйл ажиллагаа түүнчлэн хүүхдийн хувийн суралцаж буй үйл явцыг баримтжуулж, түүн дээрээ тулгуурлан тухайн хэсэг бүлэг хүүхэдтэй мөн эцэг эхчүүдтэй цаашид хэрхэн хамтарч ажиллах төлөвлөлтөө хийнэ. Түүнээс гадна хүмүүжүүлэгч багш хүүхдэд ямар боломж олгож байгаагаа ойлгуулж байх үүрэгтэй. Жишээлбэл, тэдэнд оролцооны боломж хангалттай байгааг мэдрүүлж ойлгуулах. Энгийнээр хэлэхэд, хүүхэд аливаа сургалтын үйл явцад томчууд бол бидний хүсэл, сонирхолд ач холбогдол өгч, анхаарч байна гэдгийг баттай  мэдэж байх явдал юм.

 Нөхцөл байдалд тулгуурлан ажиллах ба сургалтын хөтөлбөр

Одоо ер нь бүх холбооны улсад сургуулийн өмнөх боловсролын салбарт сургалтын хөтөлбөр буюу сургалтыг хэрхэн явуулах зөвлөмжтэй болжээ. Сургалтын хөтөлбөрт олон ургальч үзэл, үүсгэн байгуулагчийн бие даасан байдал, сургалтын янз бүрийн үзэл баримтлалын зарчимд суурилсан өөр хоорондоо уялдаа холбоотой зорилгуудыг зааж өгдөг ба харин тэдгээр зорилгыг өдөр тутмын амьдралд хэрэгжүүлэх үүрэг хариуцлагыг тухайн байгууллага мөн тухайн байгууллагын үүсгэн байгуулагч хүлээдэг.

Нөхцөл байдалд тулгуурлан ажилладаг цэцэрлэгүүд хүчин төгөлдөр үйлчилж байгаа сургалтын хөтөлбөрийн үндсэн санааг бага насны хүүхдийн сургалтын талаарх өөрсдийн ойлголт, хамгийн гол зүйл болох хүүхдийг хэрхэн харж байгаа (Image of the Child)-тай мөн хүмүүжүүлэгч багшийн үүргийн талаарх ойлголттойгоо харьцуулан авч үздэг. Ямар зүйл дээр нь санаа нийлж байна, ямар зүйл дээр нь эсрэг саналтай байна вэ? Сурган хүмүүжүүлэх ямар үндсэн зарчмуудыг баримталж байна? Хөтөлбөрийн зорилгууд нөхцөл байдалд тургуурлан ажиллах үзэл баримтлалын үндсэн зорилготой хэр нийцэж байна гэх мэт. Ийнхүү харьцуулан үзэхэд зарим сургалтын хөтөлбөр (Берлиний Сургалтын хөтөлбөр) шууд нөхцөл байдалд тулгуурлан ажиллах үзэл баримтлалыг барьсан, бусдад нь (жишээлбэл, Баден-вүертембергийн Чиглүүлэх хөтөлбөр) нөхцөл байдалд тулгуурлан ажиллах үзэл баримтлалын олон үндсэн санаа агуулагдсан байгаа нь ажиглагддаг.

Сургалтын хөтөлбөрийн дагуу хүмүүжүүлэгч багш өөрийнхөө ажлыг хэзээ ч хасаж багасгах учиргүй бөгөөд хүүхдийг анхааралтай ажигласныхаа үр дүнд тэдний хөгжлийн эрэлт хэрэгцээг хангахуйц тодорхой сэдвүүдийг сонгож/зохиож ажиллана. Хөтөлбөрт хүүхдийн хөгжил, нийгэмд хөлөө олоход нь чиглэсэн боловсролын чиглэлүүд (өнөө үед нэг их татгалзахгүй байгаа)-ийг зааж өгсөн байдаг. Мөн нэлээд сургалтын хөтөлбөрт хүмүүжүүлэгч багш нар өөрсдийнхөө өдөр тутмын сурган хүмүүжүүлэх практик ажилдаа шүүмжлэлтэй хандаж, үйл ажиллагаагаа боломжоороо өөрчлөхөд тус болох асуултуудыг нээлттэйгээр орхисон байдаг. Жишээлбэл, Баден-вүертембергийн Чиглүүлэх хөтөлбөрийн “Хэл яриа” гэсэн хэсэгт “Хүүхдүүд өдөр тутам өөрсдийнхөө туршлагыг хуваалцахад хэрхэн дэмжлэг үзүүлэх вэ? гэсэн асуулт бий. Энэ нь Берлиний Сургалтын хөтөлбөрт “Цэцэрлэгт хүүхэд гэртээ хэрэглэдэг үг хэллэгээ ашиглаж болох уу?” гэжээ. Ийнхүү сургалтын хөтөөлбөрүүд нэг талдаа шаардлагатай чиглэл удирдамж өгч, нөгөө талдаа хүмүүжүүлэгч багш хүүхдийн хөгжил, шаардлагад юу хэрэгтэйг сонгон нөхцөл байдалдаа зохицуулан ажиллах чөлөөт талбарыг олгодог. 

Ном зүй:

Dietmar und Regine Boehm, Der Situationsansatz,
Kindergarten Heute, spezial, Paedagogische Handlungskonzepte von Froebel bis zum Situationsansatz, , s. 54-58, Verlag Herder, Freiburg

 

Орчуулсан: Н.Норжхорлоо