60 чавганцын ажил - аюулгүй орчин

Балчир насныхан “жаран чавганцын ажил” хийж нөр их “хөдөлмөрлөдөг”. Тэд юм бүхэнд оролцоно, бүхнийг сонирхоно, эвдэнэ, эвлэрүүлэх гэнэ. Гэтэл ээж аав нь хүүхдээ осол гэмтлээс сэргийлэх, эд зүйлсээ эмх цэгцтэй байлгах, хувцас хунарыг нь бохирдуулахгүй цэвэр цэмцгэр байлгах үүднээс хориглоно,  цагдана, заримдаа ч зандарна...  

Жаран чавганцын ажил

Хөлд орж, явж сурснаар балчир насныханд өөрийнхөө амьдрах орон зайгаа тэлэх, орчноо судлах, бие даах, туршлага хуримтлуулах боломжийг бүрдүүлнэ. Гэхдээ үүнд анхны багш нь болох аав ээж нарын дэмжлэг туслалцаа, харуул хамгаалалт шаардагдах нь мэдээж. Энэ насны хүүхэд их хөдөлгөөнтэй, таньж мэдэх чин хүсэлтэй байдаг. Тэд аливаа юмыг барьж авна, үзнэ, оролдоно. Бидний хэзээ ч анзаарахааргүй энгийн зүйлийг тэд маш сонирхолтойгоор авч үзнэ. Тэд өөрийн ертөнцийг бүтээхийн тул чөлөө завгүй “хөдөлмөрлөнө”. Хүүхэд өдөр бүр бидний ойлгохгүй хөдөлмөр буюу “жаран чавганц”-ын ажлаа ийнхүү эрхэлнэ.

Анхаарч сэргийлэх

Энэ насныхан байнгын хөдөлгөөнтэй байхаас гадна учир мэдэхгүй, элдэв осол гэмтлээс өөрийгөө сэргийлж чадахгүй. Иймд тэд “жаран чавганц”-ынхаа ажлыг хийх, чөлөөтэй явах, гүйх, харайхад нь ээж аав нар гэртээ аюулгүй орчныг бүрдүүлэхэд онцгой анхаарна. Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар бага насны хүүхдэд тохиолддог осол гэмтлийн 60%-ийг урьдчилан сэргийлэх боломжтой байдаг гэж үздэг.  Үүнтэй холбогдуулан зарим санааг дурдъя. 

  • Татахад доошоо гулсаж унах бүтээлгээр ширээгээ бүтээхгүй байх. Хүүхэд ширээн дээр юу байгааг сонирхон бүтээлгэнээс нь татахад ширээн дээр байсан аяга, таваг, халуун цай, ус татагдан унаж мэднэ. Иймд бараг ширээгээ бүтээхгүй байсан нь дээр. 
  •  
  • Халуун ус, цай, шөл зэрэг шингэн зүйлс (аяга, таваг, савтай)-ийг хүүхдийн гар хүрэхгүй газар байрлуулах, хүүхэд энэ тэнд тоглон гүйж байхад халуун зүйл зөөж авч явахдаа болгоомжлох.
  •  
  • Цахилгаан хэрэгслүүд (зурагт, индүү, ус буцалгагч гэх мэт)-ийн залгуурыг ил, унжуулж орхихгүй байх. Түүнээс хүүхэд татаж босох гэх, шалан дээр байвал бүдэрч тээглэх, хоолой, биеэ ороохоос гадна түүнийг залгах гэж оролдож болзошгүй.
  •  
  •  Угаалга, цэвэрлэгээний бодис, эм зэргийг хүүхэд оролдох, авахааргүй байлгах. Тэд амандаа хийж, идэж ч мэднэ. 
  •  
  • Тавиур бусад тавилгаа унахааргүй бөх бат тогтоох. Тавиур дээрх савтай цэцэг, сав, хэрэглэл хүүхдийн толгой дээр унаж ирэхээргүй байх.
  •  
  •  Шалан дээр ус, бусад шингэн асгарсан тохиолдолд том, багагүй амархан хальтарч унадаг тул арчиж үргэлж хуурай байлгах. Устай плитан шал бүр их гулгамтгай байдгийг анхаарах.
  •  
  • Шат руу унах, цонх, тагтнаас хүүхэд унахаас болгоомжлох. Шатанд хаалт хийх,  цонхыг онгойлгож болохооргүйгээр хаах, түгжих, тагт руу гарах хаалгыг бөхлөх.
  •  
  • Ам, хамар, чих рүүгээ хийж болзошгүй жижиг зүйлс (шүр, товч гэх мэт)-ийг хүүхдийн гараас хол байлгах.
  •  
  • Хурц үзүүр, ирмэгтэй зүйл (хайч, хутга, багаж хэрэгсэл)–ийг хурааж хямгадах.
  •  
  • Халуун зуух, пийшин, индүү, плитканд түлэгдэхээс байнга сэргийлэх, тэдгээрт хүрэхгүй байхыг хүүхдэд ойлгуулах.

Н.Норжхорлоо