Сингапурын боловсролын тогтолцоо
Хятад хүн ба жижиг арал 2:
ӨМНӨХ ТАЙЛБАР: XIX зууны сүүл үе гэхэд Британий эзэнт гүрэн өөрийн эзлэн авсан асар уудам нутагт олон тооны колони эзэмшилтэй болжээ. Британий эзэмшилд Африк, Өмнөд Азийн олон хүн амтай газар нутгаас эхлэн Манж Чин улсаас булааж авсан боомт арлууд хүртэл орж байв. Британичууд энэ уудам нутгийг хянан удирдах явцдаа хэрэгжүүлсэн нэг нүсэр ажил нь колоний хүн амын элит хэсгийг сурган бэлтгэх боловсролын тогтолцоо байгуулах байсан юм.
Дэлхийн II дайны дараа Британий колоничлолын төгсгөл ирсэнээр олон тооны улс үндэстэн өөрийн тусгаар тогтнолыг олж авав. Гэхдээ өнөө цагийн тэдгээр үндэстнүүдийн боловсролын тогтолцоо колоний боловсролын суурин дээр боссон ажээ. Иймд тэдгээр нь колоний үеийн онцлог шинжийг өнөө хүртэл хадгалсан байна. Гэхдээ үүний зэрэгцээ тэдгээр тогтолцоо Ази, Африкийн хөгжил буурай орнуудын нийтлэг шинжийг ч илтгэх ажээ.
Харин тэдгээрээс хоёр тогтолцоо ялгарч гарч ирсэн юм. Эдгээр нь Хонг Конг, Сингапурын боловсролын тогтолцоо билээ. Сингапур болон Хонг Конг нь олон улсын боловсролын үнэлгээнд өндөр рэйтингтэй орноор тогтмол шалгарчээ. Энэ нь хэн бүхний өмнө нэг асуултыг тавив: Хонг Конг, Сингапурын тогтолцоо яагаад бусад хуучин колони орнуудаас ийм эрс ялгаатай байна вэ?
Судлаачид дээрх асуултын хариуг хятад үндэстний өвөрмөгц соёлын онцлогоос эрж хайж байна. Тэдний өгүүлж буйгаар хятад угсаатан давамгайлсан хүн ам бүхий Хонг Конг, Сингапур арлын сургуулиуд хятад соёлд зохицож чадсан ажээ. Өөрөөр хэлбэл, хариулт нь яах аргагүй хятад хүний ур ухаан байжээ. Юуны өмнө күнзийн сурталт хятадууд сургуулийн зорилгыг өөрийнхөө үзлээр дамжуулан харж, улмаар зорилгынхоо төлөө алсын хараатай цуцалтгүй зүтгэж чадсан байна.
Хятадуудын хувьд сургууль нь хамтын соёлд суурилсан хүмүүжил, ёс суртахууныг бий болгох үүрэгтэй ажээ. Үүний зэрэгцээ хятадууд хүн авъяас чадварыг хичээнгүй хөдөлмөрөөр л хамгийн сайн сурна гэж үзэх тул сургуулиудад сурагчдаас хичээнгүй хөдөлмөр шаарддаг байна.
Хонг Конг, Сингапурын сургуулиудын зорилго нь сурагчдад үнэнч шударга зан, шилдэг чадварын төлөө зүтгэх хөдөлмөрч чанар, эрхэмсэг, даруу төлөв зан, хамтын сайн сайхны төлөө сэтгэл бий болгоход чиглэсэн ажээ. Сүүлийн үед тэдгээр аралд явуулж буй сургуулийн шинэчлэл уламжлалт соёлын онцлогийг нь ч илтгэж байна. Жишээ нь, Хонг Конг аралд хэрэгжүүлж буй хамгийн сүүлийн шинэчлэлийг хамтын үнэт зүйлд түшиглэн явуулжээ. Энэ шинэчлэлд хамтын хэлэлцүүлэг, хэвлэл мэдээлэл чухал үүрэг гүйцэтгэж байгаа ажээ. Гэхдээ хэвлэл мэдээлэл нь одоо Монголд явуулж байгаа шиг хоосон сурталчилгаа (пиар) бус, харин иргэдийн идэвхтэй оролцоог хангаж байгаа юм.
Монголд дээрх тогтолцооноос сурах зүйл бий болов уу? Манай улсын бодлого гаргачид бид тэднээс сурсан хэмээн мэдэгдэж байна. Тэд Сингапураас жишээ авч Их Британий Кэмбриджийн гэх нэртэй шинэчлэлийг Монголд хэрэгжүүлж эхэлсэн гэнэ. Гэвч үнэндээ энэ нь тэд Хонг Конг, Сингапураас юу ч сураагүй гэдгийг л харуулж байна. Хэрэв тэд Хонг Конг, Сингапураас сурч, ойлгосон бол Кэмбриджийн тогтолцоог авна гэж хэзээ ч ярихгүй байх байсан билээ!
ОРШИЛ
Сингапур нь 1965 онд тусгаар тогтнох үедээ байгалийн нөөц баялаг, цэнгэг ус хомс, хүн амын хурдан өсөлттэй, орон сууцны нөхцөл тааруу, угсаатан ба шашны бүлгүүдийн зөрчилд автсан ядуу, жижиг улс байв. Тухайн үед суурь боловсролын тогтолцоо байгаагүй ба зөвхөн цөөн ахлах сургууль, коллеж төгссөн хүмүүс, чадварлаг ажилчидтай байжээ. Харин өнөөдөр Сингапур дэлхийн худалдаа, санхүү, тээврийн гялалзан мандаж буй төв болжээ. Хүний насаар нэг үеийн дотор ядуу буурай гуравдахь ертөнцөөс хөгжингүй ертөнцийн орон болсон энэ улсын шилжилт Азийн их амжилтын нэг түүх юм.
Сингапурын бүх хүүхэд арлын 360 сургуулиар дамжин наад зах нь 10 жилийн боловсрол эзэмшдэг байна. Сингапурын сурагчид Математик, шинжлэх ухааны сургалтын олон улсын чиг хандлага (TIMSS)-ын үнэлгээрээр 1995, 1999, 2003, 2007 онуудад дэлхийн тэргүүлэх орнуудын нэгээр шалгарчээ. Тэд 2006 онд Олон улсын унших чадвар, бичиг үсгийн сургалтын прогресс (PIRLS) үнэлгээгээр дөрөвт орсон байна. Тэдний шилдэг амжилт Сингапур 2009 онд PISA судалгаанд хамгийн шилдэг гүйцэтгэлтэй орны нэг болсноор цаашид үргэлжлэн харагдав. 2007 явуулсан Мак Кинсэйн судалгаагаар Сингапур нь хамгийн шилдэг гүйцэтгэлтэй боловсролын системийн нэг, харин IMD World Competitiveness Yearbook-2007-д өрсөлдөөний эдийн засгийн хэрэгцээг хамгийн сайн хангасан үзүүлэлтээр нэгдүгээр байранд үнэлэгдэв. Дээд боловсролын түвшинд 2010 онд “Times Higher Education Supplement Rankings of World Universities” гэх үнэлгээгээр Сингапурын үндэсний их сургууль дэлхийд 34, Ази тивд 4-р байранд эрэмблэгджээ.
Сингапурчуудын өөрсдийн хэлдгээр газрын зураг дээрх энэ жижиг улаан цэг, бий болоод 50 жил ч болоогүй үндэстэн энэ богино хугацаанд хэрхэн буурай хөгжилтэй эдийн засгаас дэлхийн эдийн засаг, боловсролын манлайлагч болж хувирсан бэ? Сингапур боловсролын ямар бодлого, туршлага хэрэглэв? Сингапурын туршлагаас сурах зүйл бусад оронд бий юу? Тус бүлэг эдгээр асуултад хариулахыг оролдов. Гэхдээ бид юуны өмнө тус орны талаар илүү өргөн хүрээнд харах болно.
Сингапур 1819 оноос Британий колоний захиргаан дор Британи, Энэтхэг, Хятадын хооронд Малаккын хоолойн тэнгисийн гол боомт болон хөгжжээ. Энэ хугацаанд ихэвчлэн Өмнөд Хятад, Энэтхэг болон Малайзын бүлэг арлуудаас олон тооны цагаачид энэ аралд ирж суурьшсан байна. 1959 онд Британиас, улмаар Малайзаас салан тусгаарласан Сингапур гүн уст боомтоос өөр хөрөнгөгүй байжээ.
Энэ арал гарт тэмтрэгдэх эдийн засаггүй, батлан хамгаалах хүчгүйн дээр өөрийн хөрш орнуудтай сөргөлдөөнт нөхцөлд оршиж байв. Үүнээс гадна ихэнх хүнс, ус, эрчим хүчээ импортоор авна. Тухайн үед Сингапурын Бүгд Найрамдах Улс дэлхийн эдийн засаг, боловсролын хүчирхэг улс болно гэхэд эргэлзээтэй харагдаж байв.
Үүссэн цагаасаа том улсууд, дэлхий дахины өөрчлөлтийн нөлөөгөөр улс төр, эдийн засгийн эмзэг нөхцөл буюу эрсдэлд байсан энэ үндэстэнд зүг чигээ түргэн олох торгон мэдрэмж суужээ. Сингапурын анхны Ерөнхий сайд Ли Куан Ю маш том хоёр зорилго тавьсан байна: 1) орчин үеийн эдийн засгийг бүтээн босгох, 2) Сингапурын үндэстэн гэх нэгдмэл үзэлд суурилсан ухамсар бий болгох. Тэрээр эхэн үеийн өөрийн засгийн газарт хамгийн шилдэг, мэдлэгтэй хүмүүсийг авч ажиллуулж, эдийн засгийн өсөлтийг тэтгэн ажлын байр бий болгохоор зорьжээ.
1960-аад онд ур чадвар багатай ажиллах хүчнээ ажлаар хангахын тулд ажиллах хүчин олноор шаарддаг гадаадын үйлдвэрүүдийг татаж оруулж ирэхэд чармайн анхаарсан ажээ. Харин 1970-80-аад онд илүү их ур чадвар шаардсан үйлдвэрлэлд шилжсэн нь техникийн салбарт илүү ач холбогдол өгөхөд хүргэсэн байна. 1990-ээд оны дунд үеэс Сингапур нь судалгаа-инноваци шаардсан үйлдвэрлэлийг түлхүү дэмжиж, дэлхийн өнцөг булан бүрээс эрдэмтэн судлаачид, судалгааны компаниудыг татаж оруулж ирснээр дэлхийн мэдлэгийн эдийн засгийн тоглогч болохоор хичээж байна.
Засгийн газрын эдийн засгийн бодлого гайхалтай үр дүн өгчээ. Эдийн засгийн түргэн өсөлт нь хөгжингүй орнуудын түвшинд хүрч, өнөөгийн зах зээлийн ханшаар нэг хүнд оногдох ДНБ нь 52 000 орчим сингапур доллар (32 000 ам. доллар) болжээ.
Сингапурын засгийн газар нь интеграцчилсан стратеги төлөвлөлт гаргаж, түүнийгээ нягт хэрэгжүүлэхэд ач холбогдол өгч анхаардаг, өндөр үр ашигтай, итгэлтэй, хөрвөх чадвар сайтай меритэд суурилсан тогтолцоо юм. “Мөрөөдөл, дизайн, хэрэгжүүлэлт” нь бодлого боловсруулах, хэрэгжүүлэх засгийн газрын арга зам болно. Сингапурын цомхон хэмжээ, улс төрийн тогтвортой байдал (тусгаар тогтносноос хойш Сингапурыг Ардын Үйл Хэргийн Нам нам дангаар удирдаж байна) нь Сингапурыг дэлхийн их хот болгох алс зорилтыг хадгалахын сацуу хурдан хувирч буй нөхцөлд гавшгай зохицох бололцоог бий болгож байна.
Ли Куан Югийн хоёрдахь зорилго нь үндэстнийг бий болгох байлаа. Эхэн үеийн арлын угсаатан хоорондын сөргөлдөөн нь нэн даруй олон арьстан, үндэстний эв найртай нийгмийг бий болгох чухал шаардлагыг бий болгов. Тусгаар тогтнох үедээ Сингапур нь олон шашины (буддист, ислам, дао, хинди, христ) бүлэглэл, үндэстэнд (хүн амын 74% нь хятад, 13% нь малай, 9% нь энэтхэг, 3% нь бусад)-д хуваагдсан, нэгдмэл хэлгүй ард түмэн байв. Мөн энэ улс нь нэгдмэл сургуулийн тогтолцоо, нэгдмэл сургалтын хөтөлбөр ч үгүй байжээ. Ингээд “арьс, хэл, шашныг үл харгалзан нэгдмэл нэг үндэстэн” гэх Сингапурын төлөөх амлалтаа хэрэгжүүлэхээр шат дараалсан арга хэмжээг авч хэрэгжүүлсэн байна. Хэдийгээр англи хэл засгийн газрын хэл бөгөөд үүнийг 1978 оноос сургалтын гол хэл болгон зааж байгаа боловч Сингапур улс хятад, англи, малай, тамил дөрвөн албан ёсны хэлийг хүлээн зөвшөөрч сургалтад хэрэглэж байна. Үндэсний батлан хамгаалах албанд алба хаах хоёр жил нь янз бүрийн угсаатны бүлгүүдийг нэгтгэдэг ба энэ нь ихэнх сингапурчууд амьдардаг засгийн газрын барьсан орон сууцанд угсаатны бүлгүүдийг холилдуулан суулгах бодлоготой ижил юм. Энэ нь олон оронд тохиолддог арьс, үндсээр ялгаварлах явдлаас зайлсхийхэд тусалж байгаа ажээ. Сингапур хүний үнэт зүйл, хүмүүжлийг зааж суулгахад сургуулиуд гол үүрэгтэй ба иргэний, ёс суртахууны боловсрол нь сургуульд гол үүрэг гүйцэтгэнэ. Үүгээр үнэнч шударга зан, шилдэг чадварын төлөө зүтгэл, багийн ажил ба тодорхой нэг салбарын төлөө, эрхэмсэг зан чанар, даруу төлөв зан чанар, үндэсний бахархал ба нийтийн ашиг тусын төлөө гэсэн сэтгэлийг суулгаж өгдөг байна.
Бусад төрлийн байгалийн нөөц баялаг дутмаг учраас тус арлын хамгийн үнэт баялаг нь хүн юм. Иймд боловсрол нь эдийн засгийг бүтээн босгох ба сингапур үндэстнийг бий болгоход хамгийн чухал хүчин зүйл гэж эхнээсээ үзжээ. Боловсрол нь эдийн засгийг өсгөхийн тулд хүний нөөцийн хөдөлгүүрийг ажиллуулж, Сингапур хүн гэх ухамсар суулгах үүргийг гүйцэтгэсэн байна. Боловсролын өмнө тавьсан эдийн засгийн зорилго нь боловсролын зорилгыг ихээхэн прагматик шинжтэй болгосон ба шинжлэх ухаан, техникийн салбарт ихээхэн анхаарал хандуулахад хүргэж байна.
БОЛОВСРОЛЫН ТОГТОЛЦОО: СУРАЛЦДАГ ҮНДЭСТЭН БОЛОХ ЗАМ
Өнгөрсөн 40 жилийн хугацаанд Сингапур өөрийн боловсролыг олон хөгжиж буй орнуудаас OECD (Эдийн засгийн хамтын ажиллагааны хөгжлийн байгууллага)-ийн орнуудын хамгийн шилдэг түвшинд өсгөж чаджээ. Өнөөгийн тогтолцоо эхнээсээ төгс байсангүй, харин нөхцөл байдлын хувиралт, санаа санаачилгуудыг хэрэгжүүлж явсаар гурван үе шаттай хөгжиж иржээ:
Оршин тогтнохын төлөөх шат: 1967-1978
Ли Куан Югийн өгүүлснээр Сингапурын боловсролын эхэн үеийн зорилго нь “сайн хүн, хэрэгтэй иргэн”-ийг төрүүлэн гаргах байв. Боловсролын эхний энэ шат нь оршин тогнохын төлөөх шат байсан юм. 1950-иад оны сүүлээр ДНБ-ийн 70%-ийг боомт ба бараа агуулах үйлчилгээ бүрдүүлж байв. Энэ нь хүн амын өндөр өсөлт ба ажилгүйдэлд өртсөн эдийн засгийг дангаараа тэтгэхэд хангалтгүй байжээ. Ингээд засгийн газар аж үйлдвэрийн баазыг өргөжүүлж, ингэхдээ дотоодын зах зээл жижиг тул түүнийгээ экспортод чиглүүлэх хэрэгтэй гэж шийдвэрлэжээ. Засгийн газар иргэдээ ажлаар хангаж, мэргэжүүлэн чадваржуулахын тулд ур чадвар бага, харин гар ажил их шаардсан (бөс, хувцас, модон бүтээгдэхүүн) гадаадын үйлдвэрүүдийг татахыг хичээсэн байна.
Тусгаар тогтнохоос өмнө зөвхөн хөрөнгөтэй хүмүүс боловсрол эзэмшдэг байжээ. Тусгаар тогтнох үед Сингапурын хоёр сая ард түмний ихэнх нь бичиг үсэггүй, мэргэжлийн хувьд чадваржаагүй байв. Иймд оршин тогтнохын төлөөх үеийн гол зорилго нь суурь боловсролыг аль болох богино хугацаанд өргөжүүлэх байжээ. Сургуулиудыг богино хугацаанд байгуулж, багш нарыг олон тоогоор авсан байна. Янз бүрийн угсаатны бүлгүүдийн байгуулсан сургуулиудыг Сингапурын боловсролын нэгдмэл тогтолцоонд оруулав. Хос хэлний сургалтыг нэврүүлснээр бүх хүүхдүүд өөрийн эх хэл болон англи хэл сурах болсон байна. Сурах бичгээр хангахын тулд сурах бичгийн агентлаг байгуулав.
Боловсролын тэлэлт маш хурдан байсан юм. Ингээд 1965 онд бүх нийтээр бага боловсрол, 1970-аад онд бүх нийтээр бүрэн бус дунд боловсролтой болжээ. Оршин тогтнохын төлөө шатны төгсгөл гэхэд Сингапур бүх нийтийн боловсролын үндэсний тогтолцоог бий болгосон байна.
Гэвч боловсролын чанар сайнгүй байв. 1970-аад оны эхээр бага сургуульд элсэн орж буй 1000 сурагч тутмын 444 нь 10 жилийн дараа дунд сургуулийн дөрөвдүгээр ангид орж байжээ. Тэднээс зөвхөн 350 (35%) нь О түвшний шалгалтуудын гурав, түүнээс дээш шалгалтанд тэнцжээ. Эдийн засгийн герман зөвлөх, доктор Алберт Минсемюсын илтгэлд 1970-1975 оны хооронд Сингапурт 500 инжнер, 1000 техникийн ажилтан дутагдах ба менежментийн чадвартай хүмүүс маш ихээр дутна гэсэн тооцоог хийжээ. 1973 оны газрын тосны хямрал ба ур чадвар бага, гар ажил ихээр шаардсан үйлдвэр оруулж ирэхийн төлөө бусад Азийн орнуудтай явуулсан өрсөлдөөний улмаас Сингапурын харьцангуй давуу тал үгүй болов. Үүнээс үүдэн тус улс дээд эрэмбийн чадвар бүхий эдийн засагт шилжих хэрэгтэй гэдгийг улам бүр ойлгосон байна.
Тухайн үед багш нарын ёс суртахуун унаж, тоо нь цөөрсөн байна. Хэдийгээр техник мэргэжлийн боловсролыг өргөжүүлэн тэлэхээр оролдсон боловч түүний нйигэм дэх байр суурь доогуур, үнэлэмж багатай байжээ. 1979 онд боловсролын талаарх нэгэн чухал илтгэл сургууль завсардалт, доогуур стандартыг онцолсон ба шинэчлэлийн дараагийн шатанд чиглүүлсэн юм.
Үр ашигт чиглэсэн шат: 1979-1996
Боловсролын энэ шатанд гол анхаарал өөр зүгт шилжив. Засгийн газрын эдийн засгийн стратеги Сингапурыг гуравдахь лигийн хөдөлмөр шаардсан эдийн засгаас капитал, чадвар шаардсан хоёрдахь лигийн улс болгох шилжилт байв. Ингээд 1979 оны нэгдүгээр сард боловсролын шинэ тогтолцоо нэвтрүүлжээ. Сингапур бүгдэд зориулсан эхэн үеийн нэг аргачлалаас сургууль завсардалтыг багасгах, чанарыг сайжруулах, шинэ эдийн засгийн зорилгод хүрэхэд шаардлагатай, илүү техникийн ур чадвартай ажиллах хүчнийг бэлдэх зорилготой, сурагчдад зориулсан олон янзын арга замыг бий болгох ёстой сургууль боловсролд шилжсэн байна. Академик чадварт нь тохирсон сургалт (tracking) явуулах аргачлалыг “бүх сурагч нэг хэвийн аргаар хөгжихгүй гэдгийг хүлээн зөвшөөрөхийн зэрэгцээ бүх сурагчийг нөөц чадавхиа нээхэд нь чадвахижуулах” зорилгоор бага сургуулиас эхлэн хэрэгжүүлжээ. Тухайлбал, сурагчид боловсролын өөр өөр шатыг дүүргэх илүү цаг хугацаатай болж чадсан юм. Чадварт тохирсон сургалтын аргачлал нь ахлах сургуулийн гурван хэлбэрийг өөрт агуулжээ: i) сурагчдыг коллежид бэлддэг академик ахлах сургууль, ii) ахисан түвшний ажил мэргэжил, техникийн сургалтад чиглэсэн политехникийн ахлах сургууль, iii) хамгийн доод тавдугаар түвшний сурагчдад зориулсан ажил мэргэжил, техникийн сургалтад чиглэсэн техникийн институтууд. Олон янзын аргачлалд зориулсан сайн чанарын сурах бичиг, сургалтын материал боловсруулан гаргах зорилгоор Сингапурын сургалтын хөтөлбөрийн хөгжлийн хүрээлэн байгуулсан байна. Дээрх сургалтыг нэвтрүүлэх тэр нь үед нэр хүнд муутай байсан боловч үнэндээ сургууль завсардалт буурсан байна. 1986 онд сурагчдын 6 хувь нь сургууль завсардсан бөгөөд энэ арван жилийн боловсролын үеэс цөөн байлаа. Стандартыг дээшлүүлэх чармайлтууд мөн үр дүнгээ өгөв: О түвшний англи хэлний шалгалтын гүйцэтгэлээр 60 хувь нь унадаг байсан бол 1984 он гэхэд 90 хувь нь давдаг болжээ. 1995 он гэхэд Сингапур TIMSS-т математик, шинжлэж ухааны сургалтаар дэлхийд тэргүүлсэн байна.
Сингапур илүү нарийн технологийн бааз суурьтай компаниудыг татахыг зорьж байх үед хоёрдахь шатны гол зорилго нь бүх түвшинд техникийн ажилчдыг бэлтгэх болжээ. Хөх захтай ажилчдын байр суурь нийгэмд доогуур буйг анхааралдаа авснаар 1992 оноос Сингапур Техникийн боловсролын институт (ТБИ)-эд их хэмжээний хөрөнгө оруулжээ. Хотоос зайдуу оюутны хотхонтой ТБИ нь өөр аль ч газрын их сургуультай дүйцэх өндөр технологийн материаллаг бааз, тохь тухтай орчинд өндөр чанарын техник, мэргэжлийн боловсрол олгож байна. ТБИ нь Сингапурт байрлах гэж буй олон үндэстний компаниудад зориулсан шинэ хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж болох болжээ. Зах зээлд ТБИ төгсөгчдийн эрэлт нэмэгдсэн бөгөөд ТБИ-ийн шилдэг төгсөгчид политехникийн сургууль, улмаар их сургуульд суралцах боломжтой ажээ. Эдгээр өөрчлөлтийн үр дүнд мэргэжлийн боловсролын дүр төрх, нэр хүнд ихээхэн дээшилжээ. Техникийн боловсон хүчний хамгийн дээд талд их сургууль, политехникийн газруудыг тус шатанд өргөжүүлж эрдэмтэд, инжнерүүдийн багийг өргөтгөсөн байна.
Чадварт суурилсан тэмүүллийн шат: 1997-өнөөдөр
1990 оны эх гэхэд үр ашигт суурилсан боловсролын тогтолцоо тодорхой үр дүн өгчээ. Гэвч 1997 оны Азийн санхүүгийн хямралын үйл явцаас дэлхийн эдийн засаг глобал мэдлэгийн эдийн засагт шилжиж байгаа нь тодорхой болов. Үндэстнүүдийн өрсөлдөөний арга зам дахин тодорхойлогдож, шинэ, зах зээлийн санаануудын нээлт, хэрэглээ үндэстнүүдийн ахицыг улам бүр тодорхойлох болжээ. Дэлхийн мэдлэгийн эдийн засгийн өсөлт Сингапурын боловсролын тогтолцоонд инноваци, бүтээлч байдал, судалгаанд чиглэсэн парадигмын шилжилт хийхийг шаардав.
Сингапур дэлхийн мэдлэгийн эдийн засаг руу бодлогоор чиглэн явах гол арга хэрэгсэл нь судалгаанд харамгүй санхүүжилт олгож, тэргүүлэх эрдэмтэд, судалгааны компаниудыг татах гэж үзжээ. Засгийн газрын Шинжлэх ухаан, технологи, судалгааны агентлаг энэ ажлыг хариуцан явуулах болсон байна. Сингапур шинжлэх ухаан, техник, менежерийн чадвартай нэг сая гадаад иргэдийг өөрийн нутагт буй олон улсын корпораци болон дээд боловсролын байгууллагад ажиллуулахаар урин дуудаж урамшуулж байна. Сингапурын гурван их сургууль, ялангуяа Сингапурын үндэсний их сургууль, Нанянг технологийн их сургууль тусгайлан сонгосон салбарууд, ялангуяа био-информатик, мэдээллийн шинжлэх ухаан, анагаах ухааны технологид анхаарлаа чиглүүлэн дэлхийн тэргүүлэх их сургуулиудтай судалгааны хамтын ажиллагаа явуулж байна.
Сургуулийн түвшинд Сингапур “Сэтгэдэг сургууль, Суралцдаг үндэстэн” (Thinking Schools, Learning Nation) гэх боловсролын шинэ алсын харалттай болжээ. Сингапурын боловсролын энэ аяны гол хөрс суурь нь “21 дүгээр зууны үндэстний баялаг ард түмнийх нь сурах чадавхиас хамаарна” гэх Ерөнхий сайд Го Чок Тонгийн итгэл үнэмшлийн хүлээн зөвшөөрсөнд оршиж байв. “Сэтгэдэг сургууль нь бүтээлч сэтгэлгээ, насан туршийн суралцахуйн хүсэл, залуусын үндэсний үүрэг ухамсарыг хөгжүүлж чадах сургуулийн тогтолцооны зорилтыг илэрхийлсэн бол Суралцдаг үндэстэн нь суралцахуйг нийгмийн бүх түвшинд үр бүтээл, инноваци дэлгэрсэн үндэсний соёл болгох зорилт юм.”
Сэтгэдэг сургууль, Суралцдаг үндэстэн нь сурагчдын сонирхол чадварт боловсролыг нийцүүлэх, сурагчдад илүү уян хатан байдал, сонголт олгох, боловсролын бүтцийг хувирган өөрчлөх зориулалттай жил жилийн санаачлагуудыг агуулж байгаа юм. Багш нарын ажил албан тушаалын замнал, санаачлагыг шинээр тодорхойлж, багш боловсролыг шинэчилсэн байна. Энэ талаар хожим дэлгэрэнгүй өгүүлэх болно. Сургалтын хөтөлбөр ба үнэлгээн дэх өөрчлөлт нь төсөлт ажил, бүтээлч сэтгэлгээнд илүү их ач холбогдол өгөв.
Өөрийгөө чиглүүлсэн хамтын суралцахуйн шинэ хэв маягийг боломжийг нээх зорилгоор удаа дараагийн гурван мастер төлөвлөгөөг оролцуулаад гол нөөц бололцоогоо мэдээлэл, харилцааны технологид чиглүүлсэн байна. Сурагчдад зориулан илүү өргөн хүрээний хичээлүүд бий болгосон бөгөөд дүрслэх урлаг, математик, шинжлэх ухаан, спортоор төрөлжсөн сургуулиуд болон тодорхой тооны бие даасан сургуулиудыг дэмжиж байна. “Манай бүх залуус өөрийн хүслийг олж авч, чадах газраа хүртэл дээш авирах явдлыг дэмжихийн тулд бидэнд зөвхөн нэг уулын оргил бус, харин шилдэг чанаруудын уул нурууд хэрэгтэй” хэмээн Боловсролын сайд болсон Тарман Шанмугаратнам тайлбарлажээ.
Гол өөрчлөлтүүд сургуулийн удирдлагад чиглэж байв. Дээрээс доош чиглэсэн хяналтын төвлөрсөн тогтолцоог халснаар сургуулиудыг газарзүйн кластеруудаар зохион байгуулж, тэдэнд илүү их бие даах эрх олгосон байна. Амжилт гаргасан өмнөх захиралууд нь Кластерийн удирдлага болсон ба тэд бусдыг зөвлөн туслах, шинэчлэлийг дэмжихээр томилогдов.
Илүү их эрх мэдэлтэй цуг хариуцлагын шинэ хэлбэрүүд бий болсон байна. Хяналтын хуучин тогтолцоог халж, сургуулийн excellence загвараар солив. Энэ нь хариуцлагын нэг загвар бүх сургуульд тохирохгүй гэсэн ойлголт байв. Иймд сургууль бүр өөрийн зорилгыг тодорхойлох ба үүнийхээ биелэлтийг функцчилсан есөн чиглэлээр жил бүр үнэлдэг ажээ. Тэдгээрт чадвахижуулагч тав, академик гүйцэтгэлийн үр дүнгийн дөрвөн чиглэл байна. Зургаан жил тутамд Боловсролын яамны Сургуулийн хөндлөнгийн үнэлгээний салбар нэгжээс хяналт хийдэг байна. Сургуулиуд илүү их эрх мэдэлтэй болсон нь сургуулийн шилжилтийг тэргүүлж чадах өндөр үр нөлөөтэй сургуулийн удирдагчдыг тодруулж хөгжүүлэхэд шууд чиглэжээ. Энэ талаар хойно дэлгэрэнгүй өгүүлэх болно.
2004 онд Ерөнхий сайд Ли Сиен Лоонг ”Бага зааж, Ихийг сур” гэсэн санааг “Сэтгэдэг сургууль, Суралцдаг үндэстэн”-ий хэтийн зорилтын хүрээний дараагийн алхам болгон нэвтрүүлжээ. Үүний зорилго суралцахад нь сурагчдыг илүү гүнзгий татан оруулахын тулд сургалтын хөтөлбөрийн ашиглаагүй “хоосон зайг” илүү нээж ашиглах байв. Хэдийгээр тогтолцооны амжилтыг өргөнөөр хүлээн зөвшөөрөх нь зөв боловч суралцагчид урам, санаачлагаар тэтгэгдээгүй, харин хэт идвэхгүй, агуулгын ачаалалд хэт дарагдсан, өгөгдсөн даалгаварыг л гүйцэтгэсэн хэвээр харагдаж байв. ”Бага зааж, Ихийг сур” нь хий хоосон цээжлэх, ахин дахин шалгалт авах, шууд зааварлан хэлж өгөхөөс илүүтэйгээр суралцаж, туршлагаар нээж мэдэж, төрөл бүрийн заах арга хэрэглэж, насан туршийн чадварт суралцаж, шинэлэг бөгөөд үр ашигтай заах арга, стратегиэр дамжуулан хүмүүжил олгоход чиглэсэн сургалтын шинэлэг парадигмаар суралцагчдын сэтгэл, оюунд хүрэх зорилготой юм. Энэ чиглэлийн арга хэмжээнүүдийг Сургалтын хөтөлбөр 2015-д чиглэсэн үйл ажиллагаагаар авч хэрэгжүүлсэн байна.
Сингапурын Боловсролын яамны Боловсрол эрхэлсэн Ерөнхий захирал Хо Пенгийн хэлж буйгаар энэ хяналт Сингапурын боловсролын тогтолцоо нь бичиг үсгийн чадвар, математик, шинжлэх ухааны салбарт хүчтэй, давуу талтай гэдгийг баталсан ажээ. Гэвч ирээдүйн суралцахуйг бий болгох зөөлөн чадварын талаар илүү зүйл хийх хэрэгтэй байна. Нэмж хэлэхэд, “мэдээллээр хэт дарах нь шүүмжлэлт анализ хийх чадвар хөгжүүлэхэд бэрхшээл болж байна. Соёлуудын орчинд ажиллах нь хэлний чадвар ба ертөнцийн талаарх илүү өргөн хүрээтэй үзэл бодлыг шаарддаг”. 2009 явуулсан бага сургуулиудын хяналт нь хүүхэд бүрийн суралцахуй тэдний төрөлхийн сониуч зан болон тоглоомны дураар хэрхэн чиглүүлэгдэж байгаа тухай асуултад анхаарсан байна. Сургалтын хөтөлбөр нь мөн дүрслэх урлаг, хөгжим, биеийн тамирын боловсролыг эрчимжүүлж байна.
Эцэст нь, Сургалтын хөтөлбөр 2015 нь боловсрол үнэт зүйлд суурилах ёстой гэдэгт дахин ач холбогдол өгч байна: Ёс суртахууны болон ёс зүйн хүрээ байхгүй бол бүх суралцахуй хэрэггүй зүйл юм. Бид илүү цогц боловсролтой болохын тулд агуулга, чадвар, хүмүүжлийн хөгжлийг тэнцвэржүүлэх ёстой”.
Өнөөгийн бүтэц
Өнөөгийн Сингапурын боловсролын тогтолцоонд сурагчид 6 жилийн бага боловсрол, дөрвөөс таван жилийн дунд боловсрол эзэмших ба дараа нь коллеж, политехникийн сургууль, эсвэл ТБИ-д элсэн ордог (Дүрс 7.1). Бага боловсрол нь англи хэл, эх хэл, математикт ач холбогдол өгөх нийтлэг сургалтын хөтөлбөрийг мөрддөг дөрвөн жилийн суурь шатнаас бүтнэ. Шинжлэх ухааныг бага сургуулийн 3-р ангиас үзнэ. Бага сургуульд заадаг бусад хичээлүүд нь иргэний ба ёс суртахууны боловсрол, нийгэм судлал, эрүүл мэнд, биеийн боловсрол, дүрслэх урлаг, хөгжим болно.
Сингапурын боловсролын тогтолцооны гол дүр зураг болох тохирсон сургалт явуулах арга (streaming)-ыг бага сургуулийн 5 дугаар ангиас эхлэн сурагч өөрийн хэмнэлээр хөгжих боломжтой болгохын тулд боловсруулжээ. Гэвч 2008 онд энэ аргыг судлагдахуунд суурилсан цогц бүтцээр халсан байна. Бага сургуулийн 6 дугаар анги төгсөх үедээ бүх сурагчид англи хэл, математик, эх хэл, шинжлэх ухааны хичээлээр Бага сургууль төгсөх шалгалт өгдөг байна. Шалгалтын үр дүнд үндэслэн сурагчдыг дунд сургуулийн түргэвчилсэн (сурагчдын 60%), энгийн академик (сурагчдын 25%), энгийн техникийн (сурагчдын 15%) курст элсүүдэг ажээ.
Түргэвчилсэн курсын сурагчид дүүргээд Боловсролын ерөнхий гэрчилгээ (GCE)-ний О түвшний шалгалт өгдөг дөрвөн жилийн хөтөлбөр судалдаг. Энгийн академик курсын сурагчид дөрвөн жилийн GCE N-түвшинд хүрэх хөтөлбөр судлах ба тав дахь жилдээ О түвшний шалгалт өгч болно (Дүрс 7.2). Энгийн техникийн хөтөлбөр нь дөрвөн жилийн GCE N-түвшний хөтөлбөрийн дараа сурагчдыг техникийн дээд боловсрол, ажил эсвэл дунд боловсролын дараах Техникийн боловсролын институтэд бэлтгэдэг байна. Ойрын жилүүдэд дунд сургуулийн сурагчдад О түвшин ба сонгох модулийн хичээлүүд бүхий илүү өргөн сонголтыг санал болгож байна. Их сургуульд элсэх нь тодорхой сурагчид О түвшний шалгалтыг алгасдаг Интеграцчилсан хөтөлбөрийн сургуулиудад сурч болно. Энэ зохицуулалт нь тэдний манлайлах чадвар, бүтээлч сэтгэлгээний чадавхийг хөгжүүлэх суралцахуйн туршлага эзэмших боломжыг өгч байна. Одоо курсуудын хооронд илүү хэвтээ шилжилт бий болсон ба сайн сурагчид өөрт тохирсон сургалт руу шилжих боломжтой болжээ.
10 жилийн ерөнхий боловсролын дараа сурагчид дунд боловсролын дараагийн шатанд шилжих ба сурагчдын 31% коллежид, 43% нь политехникийн сургуульд, 22% нь ТБИ-д ордог байна. Номд шамдсан сурагчид энэ хугацаанд А түвшний шалгалтуудыг өгч их сургуульд сурах боломжтой. Сурагчид мөн политехникийн сургуульд техникийн болон бизнесийн курсын диплом авч болно. Политехникийн сургуульд сайн сурсан сурагчид мөн их сургуульд элсэх боломжтой юм. GCE-ийн O буюу N- түвшний сурагчид Техникийн боловсролын институтэд техникийн буюу мэргэжлийн хичээлүүдээр чадварт суурилсан гэрчилгээ авч болдог байна. Сингапурт залуучуудын 25% нь их сургуульд сурдаг (2015 онд 30%-д хүрнэ). Мөн олон залуус гадаадын их сургуульд сурахаар явдаг ажээ.
СИНГАПУРЫН БОЛОВСРОЛЫН АМЖИЛТ
Сингапур нь удаан хугацааны туршид өндөр чанартай боловсролын тогтолцоотой болох хэтийн зорилттой бөгөөд энэ аяны шат бүрт боловсролоо бодитоор сайжруулж байна. Сингапурын боловсролыг энэ амжилтанд хөтөлсөн зарим гол хүчин зүйл юу вэ?
Урагш харсан цогц төлөвлөлтийн тогтолцоо
Орчин цагийн Сингапурт боловсрол нь эдийн засаг ба үндэстнийг хөгжүүлж, бүтээн босгож буй тоосго юм. Ерөнхий сайд Го Чок Тонгийн хэлснээр “Үндэстний баялаг хүмүүст нь бий”. Бүгд найрамдах улс байгуулагдсанаас хойш байгалийн баялаггүй энэ улсын эдийн засгийн хөгжил, үндэстнийх нь нягтралын түлхүүр гэх боловсролын үнэ цэнэ Сингапурын ахмад үеийн удирдагчдын үгэнд тодорхой байдаг. Гэвч хүүхэд бүрийг тэтгэн хөгжүүлэх тухай үгс нь зөвхөн улс төрийн уран үгс биш юм. Энэ үгсийг боловсролд их хэмжээний санхүүгийн нөөцөөр хөрөнгө оруулах хүсэл эрмэлзлэл шат бүрт дагаж байна. Боловсролын зарцуулах хөрөнгө 2010 онд ДНБ-ний 3.69-тай тэнцсэн ба энэ нь засгийн газрын нийт төсвийн 20 хувь байж, батлан хамгаалахын дараагаар оржээ.
Эдийн засгийн хөгжил ба боловсролын холбоо нягт бөгөөд үүнийг засгийн газрын дээд түвшинд удирдан залуурддаг. Сингапур далайн боомт болон ачаа агуулах үйл ажиллагаанд суурилсан эдийн засгаас бага цалин, хөдөлмөр шаардсан үйлдвэрийн эдийн засгийг дамжин улмаар капитал, чадвар шаардсан үйлдвэрлэл рүү, эцэст нь мэдлэг шаардсан аж үйлдвэрийн кластерт чиглэсэн зорилт хүртэл хувьсан хөгжих зуур боловсролын тогтолцоо нь энэ бүхэнд зайлшгүй хэрэгтэй чадварлаг боловсон хүчнээр хангах, Сингапурыг глобал өрсөлдөгч болгох ёстой байв.
Сингапур төлөвлөлтийн хосгүй цогц тогтолцоотой. Хөдөлмөрийн нөөцийн яам нь хүний нөөцийн амин чухал хэрэгцээ юу вэ, ирээдүйн төслүүдэд шаардах ур чадварууд юу вэ гэдгийг тодорхойлохын тулд тусгай үйлдвэрлэлийн бүлэглэлүүдийг дэмжих үүрэгтэй эдийн засгийн агентлагууд (Эдийн засгийн хөгжлийн зөвлөл гэх мэт)-тай хамтран ажилладаг. Бусад орнуудад хөдөлмөр ба боловсролын зах зээл нь эдгээр тохируулгуудыг цаг хугацааны хувьд аажмаар хийдэг. Гэвч Сингапурын засгийн газар ажиллах хүчний төлөвлөлтийн аргачлал сурагчдыг өндийн хөгжиж буй салбарт хурдан шилжихэд тусалж, эрэлт буурч буй салбарын хүний нөөцийн илүүдлийг шуурхай багасгаж, дундаас дээд шатны боловсролд зарцуулах нийтийн хөрөнгийг илүү үр ашигтай төлөвлөдөг байна. Улмаар Боловсролын яам, дээд ба техник мэргэжлийн боловсролын байгууллагууд өөрсдийн төлөвлөлтийг боловсруулахад тэдгээр төлөвлөлтийг ашигладаг байна. Ялангуяа энэ нь их сургууль болон политехник, техникийн сургуулиудад чухал юм.
Товчхондоо, боловсрол ба чадварын эрэлт, нийлүүлэлтийг амжилттай хангах засгийн газрын чадвар нь Сингапурын өрсөлдөх чадварын давуу чанарын гол эх сурвалж юм. Сингапур шинжлэх ухааны глобал төв болохыг зорих зуур Сингапурын өсөлт дэвшлийн дараагийн тайзыг бүтээхийн тулд Засгийн газрын харъяаны Сангийн яам, Эдийн засгийн хөгжлийн зөвлөл, Хөдөлмөрийн нөөцийн яам, Хот ба орчны төлөвлөлтийн хэсгүүд, Орон сууц ба цагаачлалын захиргааны эрхлэх хэсгүүд ажлаа хамтатгаж байна.
Сингапур улс бодлого ба практикийн хүчирхэг хоршил бий болгоно гэж тунхаглаж байна. Сингапурт аялах үед хамгийн гайхалтай юмсын нэг гэвэл Сан, Үндэсний хөгжил, Орон нутгийн буюу Боловсролын яам, эсвэл их сургуулиуд, техникийн сургуулиуд, дунд сургуулиудын алинд нь ч зочилход тэд бүгд нэгэн том үр дүнд чиглэж буйг сонсох болно. Тэд хэрэгжүүлэлт, үнэлгээнд нямбай анхаарч ирээдүй рүү чиглэж байна. Үйл явдал, сургамж нь үндэстний зорилгоо хамтран ойлгоход бүх яамдын тэргүүлэх албан тушаалтнуудыг нэгтгэжээ.
Бодлого хэрэгжүүлэгч, судлаач, сурган хүмүүжүүлэгчдийн нягт холбоо
Институтын түвшинд бодлогын уялдаа, хэрэгжүүлэлтийн тохирцыг Боловсролын яам, Боловсролын үндэсний институт (БҮИ, тус улсын сурган хүмүүжүүлэгчдийг дадлагжуулан сургадаг цорын ганц институт), сургууль хоорондын маш нягт гурвалсан харилцаагаар бий болгодог байна. Яам нь болдлогын хөгжлийг хариуцдаг бол БҮИ судалгаа явуулж сурган хүмүүжүүлэгчдийг бэлтгэн сургадаг байна. БҮИ-ийн судалгаа нь яамыг мэдээллээр хангаж, бодлого хөгжүүлэхэд хэргэлэгддэг болно. БҮИ-ийн профессорууд яамны хэлэлцүүлэг ба шийдвэрт тогтмол оролцдог тул хүрээлэнгийн ажил яамны бодлоготой нийцэх нь харьцангуй хялбар юм. БҮИ нь багш болох боловсон хүчнийг сургадаг ганц байгууллага юм. Харин багшийн давтан сургалтыг хүрээлэнгээс гадна янз бүрийн байгууллагууд явуулдаг байна.
Бодлого, түүнийг хэрэгжүүлэх арга хэрэгсэл
БҮИ-ний ахлах эрдэм шинжилгээний ажилтан Давид Хоганы үзсэнээр Сингапур дахь институтуудын нийцэл нь дэлхийд маш ховор. Сингапур бол яамны гол манлайлагчид, институт, сургуулиуд нь үүрэг, хариуцлагаа хуваалцдаг нягт хосолсон тогтолцоо юм. Үүний гайхалтай хүчин нь аливаа бодлогыг үүнийг хэрэгжүүлэх чадавхи бий болгох төлөвлөгөөгүйгээр зарлан тунхагладаггүйд оршино. Сургуулийн доторх гүйцэтгэлд ялгаа байдаг бол сургууль хооронд харьцангуй бага ялгаатай. Үүний эсэргээр сулхан хоршсон тогтолцоо нь шинэчлэлийн санаачлагыг хэрэгжүүлэхдээ хамаагүй бэрхшээл үүсгэх бөгөөд хэрэгжүүлэх чадавхи бий болголгүйгээр шинэ нь үл төгсөх хэрнээ заримдаа зөрчилтэй бодлогын жишээгээр дүүрэн. Ийм тогтолцоонд их сургуулиудын багш бэлтгэх хөтөлбөрүүд шинэчлэлийн бодлоготой тэр бүр нийцдэггүй. Үүнээс үүдэн ажиллагсад шинэчлэлд итгэлгүй болох ба дараачийн шинэчлэлийн давалгаанууд өнгөрөхийг хүлээгч болж хувирдаг байна. Мөн шинэчлэл хэрэгждэг хүрээний хувьд сургуулиудын хооронд ихээхэн ялгаа бий ажээ.
Ойрын жилүүдэд Сингапур өөрийн нягт хоршилыг ямар нэг байдлаар сулруулж байна. Шинэчлэлийг илүү их дэмжихийн тулд сургуулиудад илүү их эрх мэдэл өгч, Боловсролын үндэсний институт нь орчин цагийн судалгаанд суурилсан их сургуулийн хүрээлэн адилаар зохих эрх чөлөөтэй болж байна. Гэхдээ сургалтын хөтөлбөр, шалгалт, үнэлгээний хооронд нягт зохицол байдаг байна. Энэ зохицол сурагчдад хичээнгүйлэн хөдөлмөрлөх сэдэл, багш ба захиралуудын хариуцлагын хэмжүүр болдог байна. Энэ нь АНУ-ынх шиг сулхан хоршсон тогтолцоог бодвол бодлого боловсруулалт ба хэрэгжүүлэлтийг ихээхэн хялбар, үр дүнтэй болгодог юм.
Жижиг байхын давуу тал
Сингапурын амжилтыг ойлгоход тус улс жижиг гэдгийг санах нь мөн чухал юм. Сингапурын үндэсний боловсролын тогтолцоо 522 000 сурагч, 360 сургуультай. Энэ нь хот буюу жижиг мужын тогтолцоотой илүү төстэй. БҮИ-ийн захирал рофессор Ли Синг Конг үүнийг тулааны хөлөг онгоц гэхээс илүү каяак хэмээх жижиг завьтай адилтгадаг. Засгийн газрын тогтвортой байдал, боловсролын зорилгын талаарх өргөн хүрээний зөвшилцөл нь хангалттай урт хугацааны бодлого хэрэгжүүлэх боломж олгодог байна.
Тэгш боломж ба меритийн төлөөх үүрэг
Сингапур нь тэгш боломж ба мерит засаглалд чиглэсэн үүргээ биелүүлж буйгаа батлан харуулж байна. Мерит засаглал бол эхнээсээ Ли Куан Югийн засгийн газрын философийн цөм байсан билээ. Тэрээр энэ бол засгийн газрыг ажиллуулах хамгийн үр дүнтэй арга зам бөгөөд энх тайванч олон угсаатны нийгмийг бий болгохцор ганц зам гэдэгт итгэжээ. Колоний үед боловсролын тогтолцоо нь маш элитлэг, угсаатан ба шашнаар хуваан тусгаарладаг байв: тэрээр үүнийг авьяас, хөдөлмөрч чанар давамгайлсан, төрөөс санхүүжилттэй бүх нийтийн тогтолцоогоор солихыг зорьжээ.
Тусгаар тогтнох үед нэг талд хятад хүн ам, нөгөө талд тамил, малай хүн амын хооронд сургуульд хамрагдалт, сурлагын амжилтын том зөрүү байв. Тэдгээр зөрүү Сингапурын улс төрийн тогтвортой байдал болон эдийн засгийн хөгжилд занал учруулсан байна. Боловсролын эхний шат буюу оршин тогтнохын төлөө шатанд сургууль боловсролын огцом өргөжилт нь 1970-аад оны эхэн гэхэд бүх нийтээр бага, дунд боловсролтой болоход хүргэжээ. Хоёрдахь шатанд тогтолцоон дахь сургууль завсардалтыг бууруулах тулд сурагчдын чадвар, онцлогт нь тохируулах сургалтыг нэвтрүүлжээ. Энэ нь хэдийгээр маргаантай байсан боловч амжилттай байв. Өнөөдөр дунд сургууль (10-р анги)-ийг 98%-тай төгсөж, боловсрол эзэмшихэд гарч буй зөрүү үндсэндээ багассан байна. Гэвч хийх зүйл илүү их байна. Тухайлбал, TIMSS-ийн үр дүнгээр Сингапур математик, шинжлэх ухааны сурлагын амжилтын маш өндөр дундаж оноотой боловч амжилтын онооны тархалт жигд биш байна. Мөн бусад хэмжүүрээр сурагдын нийгэм-эдийн засгийн байр суурь тэдний сурлагын амжилтад чухал хүчин зүйл болж байна.
Профессор Лигийн хэлснээр сурлагын амжилтын зөрүүг багасгахаар Сингапурын төрөөс явуулж буй арга хэмжээнүүд нь нийгмийн халамж ба боловсролын гэх хоёр салбарт хамаатай арга хэмжээ юм. Тааруу амжилтын шалтгаанууд өрхийн ганц толгойлогчтой гэр бүл гэх мэт нийгмийн бүтэцэд хамаатай байна гэх итгэл үнэмшлээр Сингапур нь гачигдалтай гэр бүлийг анхаарч санхүүгийн болон бусад дэмжлэгүүдийг үзүүлж чадах орон нутгийн зөвлөлийн тогтолцоог хөгжүүлж байна. Үүнээс гадна, угсаатны нийгэмлэг бүр Малай Мендаки, Энэтхэг Синда, Хятад CDAC гэх өөрт туслах бүлэгтэй юм. Тэдгээр байгууллагууд гишүүдээсээ санхүүжиж, гачигдалтай хүүхдүүдэд тусалдаг байна.
Сингапурын орон сууцны бодлого сурлагын амжилтын зөрүүг багасгахад нөлөө байгаа эсэхийг нягталж үзэх нь сонирхолтой байв. Иргэдийн 80 хувь нь засгийн газрын барьсан орон сууцанд амьдардаг. Гэхдээ хувьдаа авсан орон сууц ба угсаатны бүлгүүдийг хотхон бүрт зориуд холилдуулдаг байна. Тус тайлангийн ярилцлагын үед энэ талаар асуухад профессор Ли ямар нэг эмпирик судалгааны талаар мэдэхгүй байсан ба гэхдээ сурлагын өндөр амжилт үзүүдэг хэсэгт байх нь хүүхдүүдэд бүхэлдээ эерэг нөлөө үзүүлэх боломжтой гэх өөрийн бодлыг хэлсэн юм.
Боловсролын тал дээр уншиж сурахад нэмэлт дэмжлэг шаардлагатай хүүхдүүдийг нэгдүгээр ангид ороход нь түвшин тогтоох шалгалтаар тогтоодог байна. Тэдгээр хүүхдүүдийг суралцахуйг дэмжих хөтөлбөрт хамруулж жижиг бүлгээр (8-10 сурагч) зохион байгуулаад багш нар өдөр тутмын системтэй сургалт явуулж, үр дүнд нь тэдгээр хүүхдүүд хоцрогдолоо арилгадаг ажээ. Хүүхдүүдийн 12-14%-д ийм дэмжлэг хэрэгтэй. Олон хүүхэд гэртээ англи хэлнээс өөр хэлээр ярьдаг учраас сургалтын хөтөлбөр авиа зүй, англи хэлийг нь хөгжүүлэх агуулгатай. Мөн математикийн хичээлд зориулсан дэмжих хөтөлбөр байна. Үүнээс гадна, Сингапур дахь СӨБ-ын цэцэрлэгүүд хувийн санхүүжилттэй бол засгийн газар бага орлоготой гэр бүлийн хүүхдүүдэд зариулсан санхүүгийн дэмжлэг үзүүлдэг байна.
Ойрын жилүүдэд Сингапур бага сургуулийн чадварын ялгаанд тохируулсан сургалтыг цогц хичээлээр сольж байна. Мөн энэ нь тогтолцоог уян хатан болгох, “хожуу амжилт гаргагчид”-ыг олж таних үүднээс дунд сургууль ба түүнээс дээш түвшинд сургалтуудын хооронд хэвтээ шугмаар шилжих боломжийг сурагчдад олгож байна. Сингапурын боловсролын тогтолцооны өөр нэг гайхалтай дүр зураг нь сурлагын өндөр амжилттай сурагчид төдийгүй, доогуур түвшний амжилттай сурагчдад зориулсан үнэлэмж, анхаарал, нөөц бололцоо юм.
Боловсролын тогтолцооны зорилго нь тэдний чадвар, сурлагын түвшинг үл харгалзан хүүхэд бүрийг дэмжин тэтгэх билээ. Боловсролын шинэчлэлийн экологи нь хамтын үнэт зүйлд оршдог. Эцэг эхчүүд өөрийн хүүхдүүдэд нийгмийн өндөр байр суурь эзэлж, өндөр орлого олох сайн сайхан боломжыг хүсдэг. Засгийн газар үүнийг нь хангаж, ингэснээр ихэнх эцэг эхчүүд тогтолцоо шударга гэдэгт итгэж байна.
Бид бололцоогоор давуу хэсэг болон жирийн олонх иргэдийн хооронд боловсролын стандартын тэгш бус байдал ихээр гарахаас сэргийлж байна. Бид сингапурчуудын олонхид сайн чанартай коллежийн болон дээд боловсрол эзэмших бололцоог ур чадваруудын өндөр стандартад хүрч байна.
Математик, шинжлэх ухаан, техникийн чадварыг чухалчлан анхаарах нь
Сингапур математик, шинжлэх ухаан, техникийн өндөр чадварыг бүх нийтээр хөгжүүлэхэд анхаарч байна. Тус улс бага ангид нь бүх сурагчдад математик, шинжлэх ухааны бат бэх суурь бий болгосон нь сурагчдын хожуу гаргах амжилтын цөм хэсэг байж болох юм. Бага дунд сургуулийн түвшинд математик, шинжлэх ухаан нь сурагч бүрийн судлах ёстой цөм хичээл юм. Сурагчид бага сургуулийн 1-р ангид орох үед математик, 3-р ангиас шинжлэх ухааны хичээл судалдаг байна.
Багшийг ажилд авах нь сургуулийн бие даасан шийдвэрт үндэслэдэг байна. Хэдийгээр багш нар англи хэл, математик, шинжлэх ухаан заадаг боловч зарим сургуулиуд зөвхөн математик ба шинжлэх ухаанаар мэргэжсэн багш нарыг ажиллуулдаг. Ахлах ангиас сонирхсон сурагчдад зориулан дээд түвшний математикийн тусгай хичээлүүдийг заана. Дээд боловсролын түвшинд хөтөлбөрийн талаас илүү нь шинжлэх ухаан, технологид чиглэдэг байна.
Математикийн боловсролыг хөгжүүлэх Сингапурын арга зам онцгой бөгөөд энэ нь сурагчдынх нь амжилтаар танигдаж байна. Дэлхий дахины математикийн судалгааг нягтлан судалснаар 1980-аад онд хөгжүүлж, хэд хэдэн удаа засан сайжруулсан Сингапурын математикийн сургалтын хөтөлбөр нь математикийн багшийн үүрэг “математик мэдрэмж суулгах” гэсэн үндэслэлд суурилсан байна. Сингапурын анги танхимд гол зорилго нь зөв хариулах бус, харин математикийн бодлогыг хэрхэн бодохыг ойлгоход чиглэдэг байна. Сингапурын “Моделийн арга” сурагчдад математик ойлгоход нь туслах харааны туслалцаа ба харааг ихээр ашигладаг. “Тодорхой-зурган-хийсвэр загвар”-ыг хэлний тухай авч үзэхээс илүүтэй хүүхэд хэрхэн математик сурдаг вэ гэдгийг ойгосны үндсэн дээр хэрэглэдэг. Багш нар нь бусад оронтой харьцуулахад харьцангуй бага хэмжээний материал ашигладаг, гэхдээ түүнийгээ гүнзгийрүүлэн хэрэглэдэг байна: үүний зорилго нь математикийн ухагдахууныг сайтар эзэмшүүлэх болно. Бага сургууль төгсөх шалгалт (6-р анги)-ын математикийн түвшин нь АНУ-ын ихэнх сургуулийнхаас хоёр жилээр түрүүлж байна. Сингапурын математик нь мөн альгебр ба геометрийн хоорондын ялгааг бүдэгрүүлдэг ажээ. Тэдгээрийн ухагдахуунуудыг сурагчид ахлах сургуульд орохоос өмнө ерөнхий математикт нэгтгэдэг байна. Сингапур багш нар үндэсний математикийн хөтөлбөрийг хэрхэн заах талаар сургалтад суудаг ба туршлага солилцохоор тогтмол уулзалддаг ажээ.
Сингапурын бага ба дунд ангид зориулсан үндэсний шинжлэх ухааны хөтөлбөр дараах гурван чиглэлийн эрэл хайгуулаар олж авах шинжлэх ухааны санааг хөгжүүлэхэд чиглэдэг: 1) мэдлэг, ойлголт, хэрэглээ, 2) чадвар, үйл явц, 3) ёс зүй ба хандлага. Шинжлэх ухааныг сонирхох сурагчдын сонирхолыг өдөөхийн тулд оюуны эрэл хайгуулын төслүүдийг өдөр тутмын амьдрал, нийгэм, байгаль орчинд тохиох шинжэх ухааны үзэгдлүүд дээр суурилж байна. Математик ба шинжлэх ухааны хослол гэх мэт хос-сургалтын хөтөлбөрийн үйл ажиллагаа, тэмцээн, сургалт (математик ба шинжлэх ухааны гадна орчинд хэрэглэх) нь сурагчдад сонирхол төрүүлэх зориулалттай ажээ. Сингапурын шинжлэх ухааны төвийн ДНХ-ийн төв амьдралын шинжлэх ухааныг судлахад зориулсан шууд туршлагын үйл ажиллагааг хөгжүүлж байгаа бол Загсийн газрын шинжлэх ухааны агентлаг эрдэмтэдтэй хамтран ажилласнаар сурагчдыг шинжлэх ухаантай ойртуулан нөхөрлүүлж байна.
Техникийн боловсролыг үнэлэх нь: ТБИ
Олон оронд техникийн боловсрол чанар муутай, ажил олгогчдын өөрчлөгдөн буй хэрэгцээг хангаж чаддаггүй хэмээгдэн хамгийн доод шатны сонголт болж нүд үзүүрлэгддэг. Гэвч Сингапурт мэргэжлийн боловсрол нь боловсролын шилдэг чанарт хүрэхийн төлөөх аяны чухал арга зам юм. 1992 онд Сингапур нэр хүнд муутай техник мэргэжлийн боловсролыг онцгой анхаарсан ба өнөө үед мэргэжлийн боловсролыг хамгийн доод сонголт гэж нэгэнт үздэггүй болжээ. Доктор Лау Сонг Сенг мэргэжлийн боловсролын агуулга, чанар, дүр төрхийг өөрчилсөн Техникийн боловсролын институт (ТБИ)-ыг байгуулахад гол үүрэг гүйцэтгэжээ. Түүний зорилго мэдлэгт суурилсан эдийн засагт үр дүнтэй, хамааралтай, хариу үйлдэл үзүүлдэг дэлхийн түвшний техникийн боловсролын институт байгуулах байжээ. ТБИ-ийг үүсгэн байгуулагчид сургалтын хөтөлбөр ба ажиллах хүчний гэрчилгээний тогтолцоог бүхэлд нь өөрчилж, шинэ үйлдвэрлэлийн хичээлүүдийг хөгжүүлж, сургуулийн хотхоныг нарийн технологийн суурь бааз, олон улсын корпорациудтай нягт холбоо бүхий гурван мега хотхон болгосон байна. Сурах сонирхол багатай сурагчид нийгэмд ялгаварлан гадуурхагдаж буйтай тэмцэхийн тулд ТБИ “шууд туршлагаараа, оюун ухаанаараа, зүрх сэтгэлээрээ” гэх хэрэглээний сургалтыг дэмжсэн байна. Үүний үр дүнд 1995 оноос элсэлт хоёр дахин нэмэгдсэн ба ТБИ-ийн сурагчид дунд боловсролын дараах шатны суралцагчдын 25%-ийг бүрдүүлж байна. 2009 онд суралцагсадын 82%-иас илүү нь сургалтаа дүүргэж ажлын байраар хангагдсан байна. Мөн ТБИ төгсөгчдийн цалин өндөр бөгөөд ТБИ элсэн орох нь сурагчдыг хувьд гэрэлт ирээдүйд хөтлөх баттай зам болжээ. ТБИ-ийн техникийн боловсролын амжилтын бас нэг шалтгаан нь сурагчид эхнээсээ сайтар мэдлэгийн суурьтай болж авсны үр дүнд ажил олгогчдын шаардсан илүү нарийн чадварыг сурч чаддагт байгаа юм. ТБИ Харвардын Кеннедийн сургуулийн Ардчилсан засаглал, шинэчлэлийн төвийн Ашийн Төвөөс олгодог “the IBM Innovations Award in Transforming Government” гэх шагнал авсан байна.
Тогтолцооны шаардлагад нийцэх хүний нөөцийн менежмент
Сингапурын өнөөгийн ажиллах хүчний өндөр чанар нь ялангуяа 1990 оноос эхэлсэн уйгагүй бодлогын үйл ажиллагааны үр дүн юм. Тэр цагаас хойш чанартай багш, сургуулийн манлайлагчид нь боловсролын тогтолцооны цөмийг бүрдүүлж байгаа бөгөөд өндөр гүйцэтгэлийн гол шалгаан юм. Цаашилбал, нэг элмент дээр анхаарахаас илүү Сингапур нь багш, захиралуудыг сонгох, сургах, нөхөн олговор олгох, хөгжүүлэх цогц тогтолцоог хөгжүүлснээр сургууль боловсролын хэргийг явуулах асар их чадавхийг бий болгожээ. Тэрхүү тогтолцооны түлхүүр элмент нь дараах болно:
• Ажилд авах: Багш болох боловсрон хүчнийг дунд сургуулийн төгсөх ангийн хамгийн шилдэг 30 хувиас захиралуудыг оролцуулсан зөвлөл хянуураар сонгож авдаг. Сурах өндөр чадвар нь мэргэжлийн үүрэг болоод ба янз бүрийн сурагчдад хичээл заана гэдэг утгаараа хамгийн чухал болно. Багш болох боловсон хүчин нь бусад салбараас төгсөн гарсан шинэхэн мэргэжилтнүүдийн сарын цалинтай дүйцэх хэмжээний сарын стипенд авдаг байна. Тэд наад зах нь гурван жил багшлах ёстой. Багшлах сонирхолыг ахлах сургуулийн сурагчдын багшлах дадлагаар дамжуулан эрт суулгаж өгнө. Мөн оюутнуудад бодит амьдралын туршлага суулгах “mid-career entry” тогтолцоотой ажээ.
• Сургалт: Бүх багш нар Нанянг технологийн их сургуулийн БҮИ-д Сингапурын сургалтын хөтөлбөрийн сургалтад хамрагддаг байна. Тэд боловсролын түвшнээсээ хамаарч диплом буюу курсын гэрчилгээ авна. БҮИ ба сургуулиудын хооронд нягт хамтын ажиллагаа бий бөгөөд үүгээр бүх шинэ багш нар эхний хэдэн жилд дадлагждаг байна. БҮИ-ийн гол зорилго нь Сингапурын бүх багшийг сургах бөгөөд дүрслэх урлагийн, шинжлэх ухааны, боловсролын факультетуудын хооронд хуваагдал байдаггүй. Ийнхүү Ли Синг Конгийн үзсэнээр Баруунд олон багш нарыг ундууцуулдаг өөр хоорондоо зөрчилдөх эрхэм зорилтууд нь ач холбогдол багатай бөгөөд үүний оронд сурган хүмүүжүүлэх ухааны агуулгад үлэмж анхаардаг болно. БҮИ хөтөлбөрийн албад (Багшийн боловсролын алба гэх мэт) анхан шатны багшийн сургалтын хөтөлбөрийг боловсруулахдаа бие даасан эрдмийн бүлгүүдтэй холбогдох зохион байгуулалтын бүтцийн матриц бий болгосон байна. Энэ нь хөтөлбөр бүрийн модулыг сургах зүйн агуулгад чиглүүлж ба тэдний хооронд илүү их нэгдэл бий болгодог байна.
• Нөхөн олговор: Боловсролын яам багшийн ажлыг бусад мэргэжлээр төгсөгчдийн ажилтай ижил нэр хүндтэй байлгахын тулд гарааны цалинг хянаж, шинэ багш нарын цалинг тохируулдаг байна. Багшийн цалин хувийн хэвшлийн ажлын цалинтай адилаар их нэмэгддэггүй. Гэвч багш боловсролын хүрээнд бусад олон боломж байна. Багшийн ажлыг 12 сараар тооцно. Энд ажлаа үргэлжлүүсний урамшуулал бий бөгөөд сайн ажилласан багш нар нилээд хэмжээний урамшуулал авдаг.
• Мэргэжлийн хөгжил: Дэлхий дээр тохиолдож буй түргэн өөрчлөлтөөс хоцрохгүй байх, өөрийн практикийг тогтмол дээшлүүлэх чадвартай байх багшийн хэрэгцээг хүлээн зөвшөөрснөөр багш нарт мэргэжлээ хөгжүүлэх 100 цаг жил бүр олгодог. Үүнийг хэд хэдэн замаар хэрэгжүүлж болно. БҮИ-ийн курсууд тухайлсан хичээлүүд, сурган хүмүүжүүлэх ухааны мэдлэгт чиглэдэг ба илүү дээд шатны зэрэг, ахисан түвшний диплом олгодог. Мэргэжлийн хөгжлийн ихээхэн чухал үйл ажиллагаа нь мэргэжил дээшлүүлэх үйл ажиллагаа сургуульд суурилдаг байна. Мэргэжил дээшлүүлэгчийн ажил нь сургуульд хичээл заахад тулгарч буй асуудлуудыг илрүүлэх, тухайлбал бүлгийн математикийн гүйцэтгэлд тулгарч буй асуудлыг судлан тогтоох, эсвэл төсөлд суурилсан сургалт, мэдээлэл харилцааны технологийн шинэ хэрэглээ гэх мэт шинэ туршлагыг нэвтрүүлэх юм.
• Гүйцэтгэлийг үнэлэх нь: Сингапур дахь бусад ажил мэргэжлийн адилаар багш нарын гүйцэтгэлийг 16 янзын шалгуураар үнэлдэг байна. Энэхүү Сайжруулсан гүйцэтгэлийн менежментийн тогтолцоонд өөрийн хариуцсан сурагчдын академик ба хүмүүжлийн хөгжилд оруулсан хувь нэмэр, эцэг эх болон орон нутгийн бүлгүүдтэй хамтын ажиллагаа, хамтран ажиллагсад болон бүхэлдээ сургуульд оруулсан хувь нэмрүүд багтдаг байна. Шилдэг амжилт гаргасан багш нар сургуулийн урамшууллын сангаас урамшуулал хүртдэг байна. Сингапурын бүх сурагчид бага сургуульд ч олон багшаар хичээл заалгадаг учраас энэ бие даасан үнэлгээний тогтолцоо нь шилдэг боловсролд зориулсан сургуулийн бүхий л төлөвлөгөөнд их анхаардаг байна.
• Ажил алба ахих: Сингапур даяар авьяасыг тохиолдол гэж үзэж орхихоос илүүтэйгээр илрүүлэн, тэжээн тэтгэдэг байна. Гурван жил багшилсны дараагаар мастер багш, сургалтын хөтөлбөрийн мэргэжилтэн, сургуулийн удирдагч гэх гурван тушаалын алинд хамгийн их тохирохыг тогтоохын тулд багш нарыг жил бүр үнэлдэг байна. Дээрх алба бүр цалингийн нэмэгдэлтэй. Сургуулийн удирдагч болох нөөц бололцоотой багш нарыг дундын менежмэнтийн багт шилжүүлж, шинэ үүрэгт бэлтгэхээр сургалтанд оруулна. Менежерүүдийн гүйцэтгэлийг сургуулийн дэд захирал, хожим захирал болох нөөц бололцоо бий эсэхээр үнэлдэг. Шат бүрт тодорхой хэмжээний туршлага, сургуулийн манлайлал, шинэчлэлд нэр дэвшигчдийг бэлтгэх сургалтыг тооцон оруулна.
• Манлайлагчийг сонгох, сургах: Сингапур улсад өндөр чанартай заалт ба сургуулийн сайн гүйцэтгэл нь үр нөлөөтэй удирдагч шаарддаг гэдгийг маш тодорхой ойлгодог. Олон оронд муу удирдлага нь багш нар ажлаа орхих гол хүчин зүйл болдог байна. Сингапурын удирдлагын арга барил нь том корпорациудынх дээр суурилан загварчлагджээ. Гол түлхүүр нь ганц сургалтын хөтөлбөр бус, харин авъяастнуудыг илрүүлэн хөгжүүлэх бүхэл бүтэн аргачлал юм. Энэ нь тухайлбал багш захиралын сургалтанд орох, тэгээд сургуулийн ажлын байранд зориулан өргөдөл гаргадаг АНУ буюу Нэгдсэн Вант Улсын арга барилаас ялгаатай юм.
Сингапурт залуу багш нар манлайлах чадварын чадавхиа үнэлүүлж, тухайлбал комисст ажилласнаар өөрийгөө харуулах, суралцах боломж олох ба улмаар харьцангуй залуу насанд тэнхимийн эрхлэгчийн ажилд дэвшин ордог байна. Зарим нь тодорхой хугацаангаар яам руу шилждэг. Эдгээр туршлагуудыг хянаж үзсэний дараагаар бололцоотой захиралуудыг ярилцлагад сонгон авч манлайллын нөхцөлт даалгаварууд ажиллуулдаг. Эдгээрийг даваж гарвал тэд БҮИ-д 6 сарын хугацаатай гүйцэтгэх удирдлагыг сургалтанд цалинтай суралцдаг ажээ.
Нэг жилд зөвхөн 35 хүн энэ сургалтанд сонгогддог байна. Сингапур яагаад “сургаад дараа нь сонго” загварын оронд “сонгоод сурга”-ыг хэрэглэдэг вэ гэж асуухад профессор Ли Синг Конг АНУ ба Британий арга боломжтой, гэхдээ өндөр эрсдэлтэй гэж хэлсэн юм. Сингапур улс сургуулиуд нь үргэлж хамгийн шилдэг боломжтой удирдагчидтай, тэднийг сонгоход нилээд зүйл зарцуулагддаг гэдэгт итгэлтэй байна. Сингапурын тасралтгүй сайжруулах стратегийн нэг хэсэг нь захиралуудыг тодорхой хугацаагаар сургууль хооронд шилжүүлдэг.
Өндөр чадвартай хүмүүсийг ажилд авч, тэднийг сайтар сургалт ба тасралтгүй дэмжлэгээр хангах нэн тэргүүний зорилтод хүч зарцуулснаар Сингапур нь дэлхийн олон тооны тогтолцоонд учирч ирсэн багш нар ажлаас гарах болон үр дүн муутай багш үргэлжлэн ажиллах түгээмэл бэрхшээлээс ангижирчээ. Багшлах нь өрсөлдөөнтэй, нэр хүндтэй ажил болжээ. Сингапурт багш байх нь одоо нэр хүнд хэмээгдэх болжээ.
Эцэст нь, Сингапурын хүний нөөцийн чадавхийн өөр нэг амин чухал тал нь иргэнд үйлчлэх юм. Засаглалын тухай Ли Куан Югийн философи нь маш өндөр чадвартай хүмүүсийг төрийн албанд ажилд авах байв. Сингапур нь Боловсролын яамыг оролцуулаад туйлын чадварлаг төрийн албатай. Төрийн чухал тушаалын албан хаагчдыг няхуураар сонгож, (дэлхийн хамгийн шилдэг их сургуулиудад олноор) сайтар сургаж, өндөр цалин өгөх ба тэд нь прагматик, хөдөлмөрч байдаг. Тэд дэлхийн боловсролын хөгжилд анхаарлаа хандуулж дэлхийн цар хүрээнд сэтгэж, шийдвэр гаргахдаа мэдээ баримт, нотолгоо ашиглаж дадсан байдаг. Тэд Сингапурын боловсролын тогтолцооны үр ашиг, үр дүнгийн төлөө тодорхой хариуцлага үүрдэг байна.
Тасралтгүй сайжрах тогтолцоо
Ойрын жилүүдэд Сингапур сургуулиудад нилээд эрх мэдэл өгөхийн зэрэгцээ өнөөг хүртэл засгийн газрын төвлөрсөн тогтолцоог хэвээр хадгалж байна. Олон оронд засгийн газрын хүнд суртлын тогтолцоо нь хошин хойрго байдаг. Гэвч Сингапур өөрийн онцлогтой хүнд суртлын тогтолцоонд хандах хандлагаа хадгалж, тасралтгүй сайжруулах механизмыг хөгжүүлж байна. Олон оронд засгийн газрын хэлтсүүд, их сургуулиуд нь сургуулиудаас хөндий байдаг бол Сингапурт яам ба БҮИ-ийн албаны хүмүүс сургуулиудаар үе үе зочилж, юу болж буй талаар мэдэж, санаа оноо олж авдаг байна. Тэд мөн “School Cockpit and Student Hub” мэдээллийн тогтолцоо (яамны дотоод мэдээлийн тогтолцоо) гэх мэт мэдээлэлд анхаарал их хандуулдаг.
Одоо тус улсын хэмжээтэй харьцуулахад судалгаанд их хэмжээний хөрөнгө оруулалт хийж байна. “Сэтгэдэг сургууль, суралцдаг үндэстэн” бодлогын баримт бичгийг 1997 хэвлэснээр үндэсний боловсролын судалгаанд 50 сая сингапур доллар (38 сая ам. доллар) зарцуулжээ. Судалгааны дизайныг засгийн газар бус, харин судлаачид боловсруулж төрөл бүрийн судалгаа явуулж байна. Судалгааны нэг гол хэсгийг БҮИ-ийн Сурган хүмүүжүүлэх ухаан ба практикийн судалгааны төвийн захирал асан, ахлах эрдэм шинжилгээний ажилтан Дэвид Хоган явуулсан байна. Сингапурт сурган хүмүүжлийн практик ямар хэмжээнд хэрэглэгдэж буйг ойлгохын тулд зургаан жилийн турш хүчин чармайлт гаргажээ.
Мөн Сингапур нь боловсролын үнэлэмжийг сайжруулж, дээшлүүлэхийн тулд олон улсын түвшин тогтоох шалгуурыг ихээхэн ашиглаж байна. Яам, БҮИ, сургуулиудын ажилтнууд бүгд бусад тогтолцоог очиж судалж, олон улсын хамгийн шилдэг туршлагыг судалдаг байна. Тэдний аялал болон судлагаа маш тусгайлсан асуудлууд болон боловсролын тусгай бодлого хэрэгжүүлэхэд юу нь ажиллаж, юу нь ажиллахгүй байна вэ гэдгийг анхаардаг ажээ.
ИРЭЭДҮЙН СОРИЛТ
Дээрх бүх онцлог Сингапур өнөөгийн дэлхийн шилдэг боловсролын тогтолцоотой улс болоход тусалжээ. Гэвч тус тогтолцоо өөрийн амжилтад ханах учиргүй юм. Мэдээлэл, инновацийн эдийн засаг дээр тогтох энэ жижиг улс үргэлж эмзэг нөхцөлд байдаг юм. Тус улч өндөр чадвартай, бүтээлч, 21 дүгээр зууны эдийн засагт шаардлагтай хөрвөх чадвартай ажилчдыг бэлтгэн гаргахыг боловсролын тогтолцооноосоо хүлээж байна.
Боловсролын тогтолцоо нь “Сэтгэдэг сургууль, Суралцдаг үндэстэн” гэх парадигмийн шилжилтээс урган гарсан санаачлагуудаар тэтгэгдэн ажиллаж байна. Гэвч нэг хязгаарлагдмал тал нь үнэлгээний систем нь өндөр стандарт тогтоодог боловч шинэчлэлд саад болдог гэдэгт байгаа юм. Сингапурын боловсролын яам үнэлгээгээ өөрчлөх хэрэгцээг хүлээн зөвшөөрдөг, гэвч 21 дүгээр зууны цогц чадваруудын шинэ төрлүүдийг хэмжих арга замын талаар нэг мөр санал нэгдээгүй л байна. Үүний сацуу багш давамгайлсан сурган хүмүүжүүлэх ухааны мэдлэг бүхий багш нарын хувьд өөрийн практикийг сууриар нь өөрчлөхөд хүндрэл тулгарч байна.
Сингапурын удирдагчид эдийн засаг өсөж, өөрчлөгдөж, багш нар шинэ эрэлт хэрэгцээтэй тулгарах үед шинэ төрлийн суралцахуйг дэмжихэд хэрэгтэй заалтыг явуулах шилдэг хүмүүсийг олж авах нь улам хэцүү болж магадгүй гэдэгт санаа зовж байна. Эцэст нь глобал эдийн засгийн өөрчлөлтүүд бусад орны адил Сингапурт тэгш бус байдлын түвшинг нэмэгдүүлж байна. Сингапур сурлагын амжилтын зөрүүг харьцангуй амжилттай багасгаж, сурлагаар хоцрогдогсдыг сайжруулж байгаа боловч нийгэм эдийн засгийн статус ба сурлагын амжилтийн хооронд буй хамаарал Сингапурын боловсролын манлайлагчдын хүлээж буй түвшнээс өндөр байна.
СИНГАПУРААС АВАХ СУРГАМЖ
Сингапураас дараах зарим сургамжыг авч болох юм:
Алсын хараа ба манлайлал
Нийгэм, эдийн засаг дахь боловсролын үүргийн талаар урт хугацааны, зоригтой алсын хараатай удирдагчид шилдэг боловсролын тогтолцоог байгуулахад туйлын чухал юм. Аливаа тогтолцоог өөрчлөхөд 5-10 жил зарцуулжээ. Улс төрийн удирдлага нь өөрчлөгддөг газарт засгийн газар өөрчлөгдөх болгонд чигээ өөрчлөхөөс илүүтэй хамтын ажиллагаа хэрэгтэй.
Боловсролын тогтолцоог эдийн засгийн хөгжлийн зорилгод нийцүүлэх
Сингапурын боловсрол ба эдийн засгийн хөгжлийн хооронд буй хүчирхэг холбоо нь тэргүүлэх салбарын хувиар боловсролын хөрөнгө оруулалтыг бууруулалгүй, боловсролын бодлогыг маш прагматик болгож, өндөр түвшний математик, шинжлэх ухааны боловсрол болон ихэнх орнуудад байхгүй дэлхийн түвшний техник, мэргэжлийн боловсролыг бий болгожээ. Тус улс боловсролын динамикийг хадгалж байна. Хэдийгээр бага төлөвлөдөг эдийн засагт боловсрол, эдийн засгийн нягт холбоо үүсгэх боломжгүй байж магадгүй ч эдийн засгийн нөхцөл дэх өөрчлөлтийг хэмжиж, эдийн засаг ба боловсролыг хэрхэн хамтад нь хөгжүүлж болохыг үнэлэхийн тулд эдийн засаг, боловсролын бодлого боловсруулагчид, бизнес ба боловсролын манлайлагчдыг хамтран ажиллуулах боломжтой юм.
Боловсролын тогтолцооны харилцан шүтэлцээ
Олон оронд боловсролын бодлого ба үүнийг сургуулийн түвшинд хэрэгжүүлэх хоёрын хооронд том зөрүү байдаг. Сингапурт бодлогыг боловсруулж өөрчлөх бүрт Боловсролын яамнаас авхуулаад БҮИ, кластерийн удирдлага, захиралууд, багш нар бүгд шат шатандаа хэрэгжүүлэхэд идэвхийлэн анхаардаг байна. Үр дүнд нь хэрэгжүүлэлт анхны зорилгоосоо гаждаггүй бөгөөд сургуулиудын хооронд зөрүү нь маш бага байдаг. Хэдийгээр илүү том, илүү олон давхрагатай, төвлөрсөн бус тогтолцоонд өөр өөр механизм хэрэгтэй боловч бодлогын хэрэжилтийг уялдуулах арга замыг хайх нь бусад улсуудын үндэсний тогтолцоог үр дүнтэй болгоход амин чухал юм.
Тодорхой зорилго, өндөр шаардлагатай стандарт, амжилтын хаалга
Сингапурын боловсролын тогтолцоонд маш өндөр шаардлага тавигддаг байна. Бага сургууль төгсөх шалгалт, О ба А түвший шалгалтын академик стандарт нь дэлхийн аль ч газраас өндөр юм. Өндөр шаардлага бол дэвшүүлдэг уриа ажээ. Сурагч, багш, захиралууд энэхүү амжилтын хаалганы зүгт маш чармайн хөдөлмөрлөдөг. Бүх сурагч математик, шинжлэх ухаан, хоёр хэлний цөм хичээлүүдээр эхнээсээ сайтар суурьтай болж авдаг байна.
Стандартад нийцэх сургалтын хөтөлбөр, заалт, үнэлгээ
Сингапур өндөр стандарт тогтоож, хэрэгжүүлэлтийг нь хувь багш нарт даатгаад зүгээр нэг орхидоггүй. Сургалтын хөтөлбөрийн хөгжилд нухацтай анхаарал хандуулдаг байна. Ялангуяа математик, шинжлэх ухаан, техникийн боловсрол, хэлний хичээлийн сайн хөтөлбөр боловсруулж, тэдгээрийг заах багш нарыг сайтар сургах явдлыг баталдаг байна. Мэдлэг дамжуулах боловсролын тогтолцоотой Сингапур улс өндөр түвшний, цогц чадварт илүү чиглэсэн сургалтын хөтөлбөр, сурган хүмүүжүүлэх ухааны аргазүй, үнэлгээтэй болох зорилго тавин ажиллаж байна.
Өндөр шаардлага хангасан багш ба захирал
Эхэн үед Сингапурт багш дутагдалтай байсан бөгөөд багшийн ажил чадвартай хүмүүсийг татдаггүй байв. 1990-ээд онд өндөр шаардлага хангасан багш, сургуулийн удирдагчдыг төрүүлэхийн тулд цогц, эрчимтэй хүний нөөцийн тогтолцоог байгуулжээ. Тогтолцоо нь авьяастай боловсон хүчнийг идвэхтэй элсүүлж, үүнийг дэс дараалсан сургалт, тасралтгүй чухал дэмжлэгтэй хослуулдаг байна. Сингапурын боловсролын бодлого бүтцэд бага, харин боловсролын мэргэжилтнүүдийн чанарыг хэвээр хадгалж, дээшлүүлэхэд илүү анхаардаг юм.
Хүчтэй, төвлөрсөн хэрэгжүүлэх чадавхи, эрх мэдэл
Сингапурын Боловсролын яаманд дэлхийн хамгийн шилдэг зарим их сургуулиудад суралцсан, мэдлэгтэй, прагматик хүмүүс ажилладаг байна. Тэд юу болж бүтэж, юу болохгүй байна вэ гэдгийг мэдээ баримт ашиглаж, мөн өөрийн биеэр оролцон тогтмол үнэлэн тасралтгүй сайжран хөгжих соёлын орчинд ажил үүргээ гүйцэтгэдэг ажээ. Тэд сургуулийн ажилтнуудад хүндэтгэлтэй ханддаг, мөн өөрсдөө тэднээс хүндлэл хүлээдэг. Улс орнууд эрх мэдэл үндэсний, мужийн эсвэл орон нутгийн түвшинд байх эсэхээр ялгаатай бол хөгжлийн стратегийг хариуцсан эрх мэдэлтэн хэн бүхэн Сингапурын Боловсролын яамны чадавхитай жигд түвшинд нийцэн ажиллах ёстой.
Хариуцлага
Сингапур гүйцэтгэлийн менежмент явуулж байна. Багш, захирал, яам ба БҮИ-ийн ажилтнууд, сурагчид бүгд чармайн хөдөлмөрлөх эрмэлзэлтэй байдаг. Багш, захиралуудын гүйцэтгэлийг хэвээр хадгалахын тулд жил тутмын зорилгоо тодорхойлох, түүнд хүрэхэд хэрэгтэй дэмжлэг олж авах, тэр нь хэрэгжиж байгаа эсэхийг үнэлэхэд ихээр анхаардаг байна. Сурагчдын сурлагын амжилтын талаарх мэдээллийг тооцдог, гэхдээ сургууль орон нутагт оруулсан хувь нэмэр, хамтран ажиллагсдаар нь үнэлүүлсэн үнэлгээ зэрэг бусад хэмжүүрүүдийг бас хэрэглэдэг байна. Урамшуулах болон үнэлэх тогтолцоо нь гавъяа шагнал, цалингийн урамшуулалыг багтаадаг болно. Бие даасан салангид үнэлгээнүүд нь үүрэг хариуцлагыг яг үнэн зөвөөр үнэлж байгаа эсэхэд ямар ч орны итгэлийг төрүүлдэггүй бол Сингапур олон тооны үзүүлэлт хэрэглэн тогтолцоонд насанд хүрэгчдийн гүйцэтгэлийн тухай үнэлгээ хийхэд олон тооны мэргэжилтнүүдийг татан оруулдаг байна.
Мерит засаглалын үнэлэмж
Сингапурын бүх угсаатны сурагч, бүх чадвартны хувьд боловсрол нь амжилтын зам, хөдөлмөр ба хүчин зүтгэлийнх нь үнэлэмж юм. Засгийн газар боловсрол ба ажил мэргэжлийн талаар арга хэмжээ авч олон арга зам хэрэглэн энэ зорилгын төлөө боловсролын болон нийгмийн өргөн хүрээний бодлогуудыг хөгжүүлж байна.
Ли Куан Югийн хамгийн их айдас нь энэ жижиг орон бусад олон нийгмүүдийн хөгжлийг хойш татсан угсаатан болон шашны тэмцлийн золиос болох вий гэдэгт байжээ. Тэр сургууль нь энэ аюулаас сэргийлэх хамгийн чухал ерөндөг гэдгийг ойлгосон байна. Иймд сургуулиуд тус улс нийгэм эдийн засгийн статусаас нь үл хамааран амжилтанд хүрэхэд хэрэгтэй чадвар, мэдлэгийг бүх сурагчиддаа олгохын тулд боломжтой бүгдийг хийх ёстой театр болжээ. Сингапур улс сургууль бүр хамгийн сайн багш нарыг жигд хуваарилан бэрхшээл тулгарсан бүх сурагчдад хүрч ажиллуулах боломжийг баталгаажуулж байна. Ялангуяа сургуулиуд сурагчдын бэрхшээлийг оношилж, түүнийг хэрхэн даван туулах талаар жор найруулахад багш нарыг амжилттай дадлагжуулан сургаж байна. Өндөр жишигт хүрэх нь хүчин чармайлтын үр дүн гэсэн итгэл үнэмшил Сингапурт бат бэх бий бөгөөд энэ нь сурган хүмүүжүүлэгчдийн чанарыг дээшлүүлэхэд ихээхэн ач холбогдол өгч байна.
СИНГАПУР БОЛОВСРОЛЫН ХЭМЖҮҮРИЙН ХААНА НЬ БАЙНА ВЭ?
Энэ тайлангийн эхний бүлэгт өгүүлсэнчлэн Сингапур нь боловсролын хөгжлийн хэмжүүрээр үлгэр жишээ болж чадсан юм. 1960 оноос эхлэн энэ жижиг улс дэлхийн тэргүүлэх эдийн засгийн нэг бөгөөд хамгийн дэвшилтэт, амжилттай боловсролын тогтолцоонуудын нэг гэж хүлээн зөвшөөрөгдөх хэмжээнд хүртэл тогтвортой хөгжин дэвшсэн байна. Энэ бүлэгт онцолсноор энэ нь санамсаргүй тохиолдол байгаагүй юм. Сингапурын удирдагчид эхнээсээ зөвхөн өртөг багатай ажиллах хүчин шаарддаг гадаадын бизнесийг татах төдийгүй аль болох түргэн, өргөн хүрээгээр Сингапур дахь орлогыг нэмэгдүүлэхээр эхнээсээ хатуу зорьсон байна. Тэд энэ стратегид нь боловсрол, сургалт шийдвэрлэх элмент байна гэдийг мэдэж авсан юм.
Сингапур улс дэлхийн аль ч улсаас илүүтэй дэлхийн хамгийн шилдэг сурлагын амжилтын түвшинд системтэйгээр хүрч, тэрхүү түвшний мэдлэг дээрээ суурилан дэлхийн түвшний боловсролын тогтолцоог бий болгосноор боловсрол болон бусад салбартаа дэвшин ахих бодлогыг тууштай баримталж байна.
Эх сурвалж: http://gashuun.mn/10000082
See more at: http://gashuun.mn/90#sthash.xq63WguN.dpuf