Сурган хүмүүжүүлэх үйл ажиллагааны үзэл баримтлал

Сурган хүмүүжүүлэх үйл ажиллагааны үзэл баримтлал

 

ХБНГУ-ын Хердер хэвлэлийн газраас гаргадаг Өнөөгийн цэцэрлэг сэтгүүлд “Сурган хүмүүжүүлэх үйл ажиллагааны үзэл баримтлал-Фребелээс Нөхцөл байдалд тулгуурлах хүртэл” гэсэн материал нийтлэгдсэнийг орчуулан www.davalgaa.mn вэбсайтад цувралаар тавьсан билээ. Энэхүү цуврал материал нь сургуулийн өмнөх боловсролын чиглэлээр ажилладаг мэргэжилтнүүд, цэцэрлэгийн багш нар төдийгүй эцэг эх, бага ангийн багш нарт бага насны хүүхдийг аль өнцгөөс нь яаж харах, тэдэнтэй хэрхэн харилцах, ажиллах талаар зохистой хандлага төлөвшихэд тус дэм болно гэдэгт итгэж байна.

Эхлээд проф.др.Людвик Лиеглийн бага насны хүүхдийн сургалтын хөтөлбөрийг сурган хүмүүжүүлэх үзэл баримтлал болон хүүхдийн ертөнцтэй хэрхэн уялдуулах асуудлыг хөндөж, холбогдох хариултуудыг өгсөн нийтлэлтэй танилцъя.   

Проф.др.Людвик Лиегле

Сурган хүмүүжүүлэх үзэл баримтлал ба сургалтын хөтөлбөр

-       Сурган хүмүүжүүлэх үзэл баримтлал нь сургалтын хөтөлбөрийн оршил болж өгөх уу?

-       Эдгээр нь ямар ялгаатай, хоорондоо юугаараа, яаж холбогдох вэ?

-       Цэцэрлэгийн багш нар мөрдөж буй сургалтын хөтөлбөрөө байгууллагынхаа сурган хүмүүжүүлэх үзэл баримтлалтай хэрхэн уялдуулах вэ?

Шинэ нөхцөл байдал

Манай Холбооны улсуудын цэцэрлэгүүд ерөнхийдөө бүгд Сургалт-хүмүүжлийн хөтөлбөр (эсвэл зөвлөмж)-тэй болоод байна. Энэ нь хуучин Холбооны улсууд (баруун талын)-д бол ховорхон байсан. Эхний үед сургуулийн өмнөх боловсролын байгууллагын нийт үүсгэн байгуулагчдад зориулсан хүүхдийг сургах, хүмүүжүүлэх ажлын чиглэл гарч байв. Шинэ Холбооны улсууд (зүүн Германы)-ын цэцэрлэгүүд БНАГУ-ын үед улсаас баталсан сургалт-хүмүүжлийн хөтөлбөртэй байлаа.

Нөхцөл байдал өөрчлөгдөн шинэчлэгдсэний улмаас “Өнөөгийн цэцэрлэг” мэтийн мэргэжлийн сэтгүүлүүд Фребелийн үзэл санааг хэрхэн баяжуулж шинэчлэх, түүнчлэн бид ямар үзэл баримтлалыг баримтлан ажиллах, түүнийгээ анх үүссэн эрт үетэй нь үү эсвэл ойрын өнгөрсөн үетэй холбон авч үзэх үү гэдэг нь эхний үед төвөгтэй байсан. Тухайлбал, 19 дүгээр зууны эхний хагаст Фребел, цаашдаа Монтессори, Вальдорфийн сургалт, Фрэнэгийн эхлэл, 20 дугаар зууны сүүлийн хагаст Рижжиогийн сургалт, Нөхцөл байдалд тулгуурлан ажиллах үзэл баримтлал гарч ирсэн. Шинэ нөхцөл байдалд эдгээр үзэл баримтлал ямар ач холбогдолтой вэ? Хэрвээ ач холбогдолтой бол цэцэрлэгийн багш нар орчин үеийн сургалтын хөтөлбөрөө эдгээр үзэл баримтлалтай яаж уялдуулах вэ?

Энэ сэтгүүлд нийтлэгдсэн материалууд нь эдгээр асуултад тодорхой хэмжээгээр хариулт өгөх болно. Үүнд би дараах байдлаар бодол саналаа нэмэрлэж байна.

Юугаараа, яаж холбогдох вэ?

Хэрэв бид мөрдөж байгаа сурган хүмүүжүүлэх үзэл баримтлал болон сургалтын хөтөлбөрөө хооронд нь харьцуулж үзвэл адил төстэй, мөн ялгаатай зүйлийг олж харна. Хамгийн чухал адилхан зүйл нь цэцэрлэг өөрийнхөө байгууллагын сургалтын үүргийг томьёолсон байдалд харагдана гэж би үзэж байна. Хэрэв Фребелд тулгуурлан байгуулагдсан бол дэлхий нийтэд түгэн дэлгэрсэн Фребелийн үзэл санааны хүрээнд үүрэг (эрхэм зорилго) нь тодорхойлогдсон байна. Монтессори, Фрэнэ, Вальдорф, Рижжиогийн сурган хүмүүжүүлэх ухаан эсвэл Нөхцөл байдалд тулгуурлан ажиллах үзэл санааг баримталж байгаа бол тус бүрийнх нь онцлог төрх байдал тухайн цэцэрлэгийн сургалтын үүрэгт томьёологдон байдаг.  Ийнхүү шинэ сургалтын хөтөлбөрийн суурь дэвсгэр нь эдгээр түүхэн үнэт өв (үзэл санааууд) юм. Тэгэхээр сургалтын хөтөлбөрүүд бол эдгээрийн аль нэгэнд тулгуурлан бий болно. Жишээлбэл, Берлиний сургалтын хөтөлбөр нөхцөл байдалд тулгуурлан ажиллах үзэл санааг барьсан байдаг. Энэ нь юу гэсэн үг вэ гэвэл цэцэрлэгийн сургалтын үүрэг-зорилго цоо шинээр гарч ирнэ гэж байхгүй, байж ч таарахгүй.

Хүүхэд ба сургалтын дүр төрх. Хоёрдахь адилхан зүйл нь хүүхдийн ертөнцийг хэрхэн харж буй, түүнчлэн бага насны хүүхдийн сургалтын үйл явц ямар онцлогтой байх ёстой вэ гэдгийг авч үздэгт оршино. Үүнтэй холбоотой зарим гол санааг дурдъя. Хэрэв хүүхэд анхаарал халамж бүхий, өөрт нь олон талаар нөлөөлж чадахуйц орчинд байвал тэд бие даасан байдлынхаа тусламжтайгаар өөрийнхөө хөгжлийг зохицуулахад оролцдог. Тэд тоглоом, бүтээлч үйл түүнчлэн насанд хүрэгчид болон бусад хүүхэдтэй харилцах явцдаа дэлхий ертөнцтэй танилцаж, өөрийгөө авч явах, бусдын дунд байх чадвар эзэмшиж чаддаг байгалиасаа суралцах чадвартай, сурах хүсэл тэмүүлэлтэй онцлог хүн.  Бага нас бол хүний амьдралын хамгийн их суралцах чадвар бүхий үе, гэхдээ хамгийн их эмзэг үе. Энэ нас бол мөн хүний амьдралын хамгийн их эрч хүчтэйгээр “суралцах үйлдээ өөрөө мастер нь” байдаг үе. Энэ нь хүүхдийн хөгжлийг урагшлуулахдаа тодорхой зорилго тавиад зориудаар чадвар эзэмшүүлэх (зааж сургах, зөвлөж сургамжлах гэх мэтээр) гээд байх биш, түүнээс илүүтэйгээр хүүхдийн чадвар эзэмших үйлийг өдөөх, чадвар эзэмшихэд нь нөлөөлөхүйц тийм нөхцөл боломжийг бий болгоход анхаарна гэсэн үг. Ийнхүү бага насны хүүхдийн сургалтад “хүүхэд өөрөө суралцах” нь ихэнх байр суурийг эзэлнэ гэсэн нийтлэг итгэл үнэмшилд бид хүрээд байна.

Хүүхдийн ертөнцийг хэрхэн харж тодорхойлж байгаа нь сурган

хүмүүжүүлэх үзэл баримтлал, сургалтын хөтөлбөрт адилхан байна.

Бага насны хүүхдийн суралцах үйл нь хүн насан туршдаа боловсрох-суралцахад шийдвэрлэх нөлөө бүхий гарааны цэг болохын зэрэгцээ амьдралын дараагийн үе шатуудад суралцахад нь өөрийн гэсэн өнгө аяс, үнэ цэнийг хадгалан өвөрмөц шинж чанаруудаар баяжиж байдаг. Үүнд дээр дурдсан хүчин зүйлс–юуны түрүүнд өөрөө суралцах, тоглоом, бүтээлч үйл түүнчлэн сэтгэлийн нандин холбоо ба суралцах үйл хоорондын нарийн уялдаа холбоо, бүх мэдрэхүйнхээ тусламжтайгаар ертөнцийг таньж мэдэх зэргийг дурдаж болно.

 Гэхдээ зарчмын хувьд хүлээн зөвшөөрөгдсөн энэхүү үзэл санаа нь сургалтын хөтөлбөрийг шинээр боловсруулахад тодорхой хэмжээний эсэргүүцэлтэй тулгарч, наад зах нь сургалтын зорилго, агуулга, үйл явцыг нарийвчлан томьёолж төлөвлөхөд хурцадмал харилцаа үүсгэн, эргэлзээ төрүүлсээр байна.

Сурган хүмүүжүүлэх үзэл баримтлал  ба Сургалтын

хөтөлбөр нь өөрийн гэсэн уялдаа холбоо (логик)-той байна.

Өнөөгийн ихэнх сургалтын хөтөлбөрт хүүхэд, бага насны хүүхдийн сургалтын өвөрмөц онцлогтой холбоотойгоор тусгасан ихэнх зүйлс нь хэтрүүлэн хэлэхэд мөрөөдлийн жагсаалт буюу тунхаглалын шинж чанартай байна. Түүнчлэн сургалтын хөтөлбөрийн нийтлэг, чухал хэсгүүдийг уншиж үзэхэд сонгож авсан сурган хүмүүжүүлэх үзэл баримтлалаасаа зөрж байгаа тохиолдол ч ажиглагдаж байна. 

Сургалтын хөтөлбөр нь хичээлийн хөтөлбөрийн дүр төрхийг агуулж байна

Өнөөгийн шинэ сургалтын хөтөлбөрууд нь хичээлийн хөтөлбөрийн шинж чанарыг агуулж байгаагаараа уламжлагдан ирсэн сурган хүмүүжүүлэх үзэл санаануудаас зөрж  байна. Сургалтын хөтөлбөрт сургуулийн сургалтын хөтөлбөрийн адилаар тодорхой хичээл/чиглэлүүдийг зааж өгсөн, тухайн чиглэлээр хүүхэд ямар чадавх эзэмших, тэрхүү чадавхыг эзэмшихэд багш хүүхдэд хэрхэн тусалж дэмжих, нөлөөлөхтэй холбогдох санаануудыг тодорхойлсон байна. Үүнээс үүдэн багш нар ихэнх сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ сургалтын чиглэл бүрээр тодорхой чадавх (хэмжиж болохуйц) эзэмшүүлэх болон хүүхдэд хэрхэн нөлөөлөхөд төвлөрөн дамжуулагчийн үүрэгтэйгээр ажиллаж байна. Үүнтэй холбоотойгоор хүүхдийн хөгжлийг системтэйгээр ажиглах, тэмдэглэх, эцэг эхтэй хүүхдийн хөгжлийн талаарх ярилцлагыг тогтмол явуулах түүнчлэн хүүхдийг тодорхой зорилготойгоор сургуульд бэлтгэх шаардлагууд гарч ирж байна. Ийнхүү сурган хүмүүжүүлэх ажлын үнэлгээ нь сургалтын чиглэл бүрээр хүүхдийн чадавхыг хэр зэрэг хөгжүүлснийг тогтооход төвлөрдөг болж байна. Үүнээс үзэхэд Боловсролын сайд нарын зөвлөлгөөн (Тайлбар, Холбооны улсуудын боловсролын асуудал эрхэлдэг хамгийн дээд нэгдсэн холбоо) ба Хүүхэд, залуучуудын асуудал эрхэлсэн сайд нарын зөвлөлгөөнөөс гаргасан “Хамтарсан хүрээ” дэх зөвлөмжид буй “Цэцэрлэгүүдийн үйл ажиллагааны хүрээ (чиглэл)-д цэцэрлэгийн үүрэг зорилго, хүүхэд ямар нэг тодорхой хугацааны дараа хүрэх амжилтыг чанарын түвшингөөр нь нормчилж тогтоохгүй” (х.2) гэсэн заалтыг анхаарч хэрэгжүүлэхгүй байгаа нь ажиглагдаж байна.

Сурган хүмүүжүүлэх үзэл баримтлал нь сургалтын зарчмыг бий болгож хөгжүүлнэ

Сурган хүмүүжүүлэх үзэл баримтлал ба Сургалтын хөтөлбөр хоёр хоорондоо зөвхөн бичвэрээрээ ялгагдахгүй. Эдгээр нь бүтцийн хувьд ялгаатай зарчмыг баримтлахын зэрэгцээ өөр өөрсдийн “логик”-той байна. Сургалтын хөтөлбөр нь юуны өмнө хүүхдийн суралцах үйлийг тодорхой чиглэлүүдэд хуваана. Сурган хүмүүжүүлэх үзэл баримтлал нь харин сурган хүмүүжүүлэх хараа, сэтгэлгээ, үйл ажиллагааны зарчмыг үүсгэн бий болгож, хөгжүүлнэ. Энэ зарчмууд нь “хөтөлбөрийн” бүтцийг тодорхойлоход чиглэхгүй. Харин хүүхдийн төлөө хариуцлага хүлээх ёстой насанд хүрэгчдийн мэдрэмж, мэргэжлийн чадавхид чиглэнэ. Үүнийг дараах гурван талаас тодруулан авч үзэж болох юм.

1.    Сурган хүмүүжүүлэх хараа. Энэ нь хүүхдүүд болон хүүхэд бүрийг анхаарч, хүлээн зөвшөөрч байж тэднийг довдонодоно гэсэн мэргэжлийн хандлага; хүүхдийн өөр өөр байдал, хүүхэд бүрийн хэзээ ч давтагдашгүй хувийн онцлогийг бүрэн ойлгохыг эрмэлзсэн хандлага, насанд хүрэгчид (мэргэжлийн хүмүүс) хүүхэд бүрээс ирж буй дохио сигнал, асуулт, хэрэгцээнд зохицсон хариултыг эрэлхийлж буй “сонсох” гэж томьёолж болохуйц хандлага юм.

2.    Сурган хүмүүжүүлэх сэтгэлгээ. Үүнд сургуулийн өмнөх насны хүүхэд, тэдний насны үе шатны онцлогт нийцсэн хөгжүүлэх-сургах үйл явц, энэхүү үйл явцын талаар хуримтлагдсан төрөл бүрийн туршлага (жишээлбэл, сэтгэлийн нандин холбоо ба хүүхэд бие даах), хүүхдийн үйл ажиллагаа (жишээлбэл, тоглоом, “хөдөлмөр”)-нд үзүүлэх дэмжлэг, тэдгээрийн ач холбогдол, түүнчлэн хүүхэд болон хүүхдийн ар гэрийн нөхцөл байдал зэрэгтэй холбогдох мэргэжлийн мэдлэгийг багтаан ойлгоно.

3.    Сурган хүмүүжүүлэх үйл ажиллагаа. Сурган хүмүүжүүлэх үзэл баримтлалын хүрээнд авч үзэхэд үйл ажиллагаа гүйцэтгэх мэргэжлийн ур чадвар нь өөр хоорондоо холбоотой, гэхдээ бие биеээс ялгагдах дараах гурван талаасаа хөгжинө. 

Нэгдүгээрт, Шууд бусаар нөлөөлж байдаг сурган хүмүүжүүлэх ажлын талаар ярьж болох юм. Үүнд орчноос санамсаргүйгээр гарч ирж буй санаа, нөлөөлөл болон хүүхдийн бие даан гүйцэтгэж буй олон төрлийн үйл (тоглох, “хөдөлмөрлөх”, зурах, бүжиглэх, туршилт хийх гэх мэт) ажиллагааг соргогоор тусган тэдгээрийг хүүхдийг сургах, хүмүүжүүлэх үйл болгон хувирган ашигладаг багшийн чадварыг онцгойлон авч үзнэ. Энэхүү зориудын бусаар нөлөөлж байдаг сурган хүмүүжүүлэх ажил нь сурган хүмүүжүүлэх үзэл санаануудын цөм нь бөгөөд үүнийг Фребел “санамсаргүй хичээл”, Монтессори “бэлтгэгдсэн орчин” хэмээн нэрлэж байв.

Хоёрдугаарт, Үлгэр дуурайллаар сургаж хүмүүжүүлэх арга барил. Энэ нь багшийн талаас авч үзэхэд өөрийгөө ажиглах, өөрийгөө хүмүүжүүлэх ач холбогдолтой бөгөөд хүүхэд багшийг дуурайж, багштайгаа ижилхэн байхыг эрмэлзэн суралцана.  Үлгэр дуурайллаар хүүхдийг сургаж хүмүүжүүлэх нь Вальдорфийн сурган хүмүүжүүлэх үзэл санаанд хамгийн хүчтэй ажиглагддаг бөгөөд бусад үзэл санаануудад мөн тодорхой хэмжээгээр байр сууриа олсон байдаг.

Гуравдугаарт, Хүүхэдтэй харилцан ярилцах нь сурган хүмүүжүүлэх нэгэн арга. Хүүхэдтэй харилцахдаа тэднээс бие даан гүйцэтгэхийг хүсэх, хийж үзүүлэх, төсөлт ажлыг давтаж хийх, дүгнэх зэрэг олон хэлбэрийг ашиглах бөгөөд тэдний суралцах үйлд дэмжлэг үзүүлдэг багш, хүүхдийн хоорондох мэдрэмтгий, хариуцлагатай харилцааны ач холбогдлыг энд онцлон авч үздэг. Харилцан ярилцах арга барил нь аль ч сурган хүмүүжүүлэх үзэл санаанд чухал бүрдэл хэсэг болон ашиглагддаг.  (Монтессорид хамгийн бага ажиглагддаг)

Хүүхэд бол “бүхэл бүтэн” бие хүн. Дээр дурдсан зарчмуудын хөгжил, үндэслэл болон тайлбар нь энэхүү сэтгүүлд нийтэлсэн бүх сурган хүмүүжүүлэх үзэл санааны нийтлэг дүр төрх (хэдийгээр өөр өөрийн онцлогтой ч)-ийг илтгэнэ. Мөн эдгээр зарчим дээр багш нарын мэргэжлийн ур чадвар төвлөрнө. Мэргэжлийн ур чадвар гэдгийн дор хүүхдийг “бүхэл бүтэн бие хүн” гэж харж (сонсож), сэтгэж, үйл ажиллагаагаа зохион байгуулахыг ойлгоно. Энэ нь юу гэсэн үг вэ гэвэл, хүүхдийг хувь хүн байдлаар харж, бусдын дунд оршин байхдаа гүйцэтгэж буй үйл, өөрийгөө илэрхийлж буй арга хэлбэрүүд, тэдний өдөр тутмын амьдрал нь хүүхдийг сургаж хүмүүжүүлэх үйл явц юм гэдгээр ойлгохыг хэлнэ. Өөрөөр хэлбэл, хүүхдийг сургана хөгжүүлнэ хэмээн тодорхой чиглэлүүд гаргаад түүнийхээ дагуу ажиллах нь мэргэжлийн ур чадварын гарааны, зорилгын цэг биш бөгөөд харин тэдгээрийн уялдаа холбоон дээрх үйлд (жишээлбэл, Фребелийн “тоглоомыг дэмжих” байдал, Монтессорийн “бэлтгэгдсэн орчин” эсвэл Рижжиогийн “хүүхэд зуун хэлээр ярьдаг”) хүүхэд өөрөө биеэрээ оролцож, өөрөө зохион байгуулахыг ойлгоно.  

Сурган хүмүүжүүлэх үзэл баримтлал ба сургалтын хөтөлбөр нь бие биенээ орлохгүй

Аль нэг сурган хүмүүжүүлэх үзэл баримтлал дээр тулгуурлан сургалтын хөтөлбөр боловсруулах бодол санаа байж болох бөгөөд ийм оролдлого ч практик дээр бий. (жишээлбэл, Монтессорийн цэцэрлэг) Энэхүү сэтгүүлд сурган хүмүүжүүлэх үзэл санаануудын талаар бичсэн нийтлэлчид тухайн үзэл санааны дагуу боловсруулсан ямар нэг сургалтын хөтөлбөрийн загвар өгөөгүй.

Эсрэгээр нь авч үзэхэд  шинэ сургалтын хөтөлбөрүүдэд ямар нэг сурган хүмүүжүүлэх үзэл санааг цогцоор нь авч үзэж, хэрэгжүүлж байна гэж хэлж болохооргүй байдал нийтлэг ажиглагдаж байна. (Нөхцөл байдалд тулгуурлан ажиллах Берлиний сургалтын хөтөлбөрийг эс тооцвол)

Сургалтын хөтөлбөр нь зайлшгүй байх шаардлагатай тодорхой нэг үүрэг гүйцэтгэнэ. Сургалтын хөтөлбөрт үүсгэн байгуулагч нь хэн байх нь хамаагүй сургуулийн өмнөх байгууллага бүр өдөр тутам хүүхдийг хөгжүүлж, төлөвшүүлэх ажлынхаа зохион байгуулалтад тавигдах чанарын стандартыг тодорхойлогдсон байдаг. Үүнд тухайлбал, ажиглалт ба баримтжуулалтыг яаж хийх, үйл ажиллагааг мэргэжлийн талаас нь хэрхэн төлөвлөх, үнэлэх мөн сургалтын чиглэл/талбар/-ээр хүүхэд бүрт үзүүлэх дэмжлэг туслалцааг тусгасан байна. Түүнчлэн аль нэг сурган хүмүүжүүлэх үзэл санаан дээр суурилан хүүхдийн суралцахуйн үйлийг дэмжих, урамшуулах, өдөөх зэргийг уялдаа холбоонд нь авч үзсэн зорилтыг тусгасан нь харагддаг. Чөлөөт сургалтын орон зай байх ёстой гэсэн санаа ихэнх сургалтын хөтөлбөрт мөн ажиглагдаж байна.

Сурган хүмүүжүүлэх үзэл баримтлал 

 бол алдааг засагч чухал хэрэгсэл

Нөгөөтэйгүүр цэцэрлэгийг янз бүрийн үүсгэн байгуулагчид үүсгэн хөгжүүлж ирсэн түүх болон бага насны хүүхдийн суралцахуйн онцлог буюу үзэл баримтлалын талаас авч үзэхэд холбооны улсуудын түвшинд сургалтын хөтөлбөрийн асуудлаар зохих нэгдсэн байр сууринд хүрээгүй байна гэж хэлж болно. 

Сурган хүмүүжүүлэх үзэл баримтлал нь байгууллагын өөрийн гэсэн дүр төрхийг бий болгоно

Цэцэрлэг бүр сургалтын хөтөлбөрөө турших, батлахдаа сурган хүмүүжүүлэх ажлынхаа суурь болгон баримтлах тодорхой чиглэл, стандартыг боловсруулдаг.  Хэрэв цэцэрлэг тодорхой сурган хүмүүжүүлэх үзэл баримтлалын дагуу ажилладаг бол шинэ сургалтын хөтөлбөрийнхөө шаардлагуудыг ажил хэрэг болгох, өдөр тутмын сургалтын ажилд суулган хэрэгжүүлэхдээ тэрхүү үзэл баримтлалаа хараанаасаа гаргахгүй байдаг. Мөн цэцэрлэг зөвхөн нэг үзэл санааг баримтлах бус жишээлбэл, Рижжиогийн сурган хүмүүжүүлэх ухаан, нөхцөл байдалд тулгуурлан ажиллах зэргийг хооронд нь үр дүнтэйгээр хослуулан ашиглах боломжтой гэж үзэж байна. Энэ тохиолдолд тухайн холбооны улсын сургалтын хөтөлбөрийг бүтээлчээр хэрэгжүүлэх, цаашилбал төдийлөн ойлгомжтой бус байгаа ойлголтуудыг тодорхой болгоход маш сайхан нөхцөл бүрдэнэ. 

Сурган хүмүүжүүлэх үзэл баримтлал нь хүүхдийн эрхийг хангахад чиглүүлэгч нь болно

Миний үзэж байгаагаар энэхүү сэтгүүлд нийтлэгдсэн материалуудаас үзэхэд сурган хүмүүжүүлэх үзэл санаа болон сургалтын хөтөлбөрүүдийн хооронд маш чухал, үнэт холбоосууд байна гэж үзэж байна. Нөгөөтэйгүүр улс төрчдийн хэрэгжүүлэх улс төрийн үйл ажиллагааны хүрээ, амлалтууд нь “их мэдлэг” гэсэн компанит ажил руу цэцэрлэгүүдийг түлхэж, цэцэрлэгийн сургалтын хөтөлбөрүүд нь хичээлийн хөтөлбөрийн шинж чанартай болоход нөлөөлж байна. Үүний зэрэгцээ энэ компанит ажил нь хүүхдийн эрэлт хэрэгцээ, эрхийг бодохгүйгээр “олон хүүхэд”, “хүүхдийн арчилгаа хамгаалалтын сайжруулалт ” гэсэн нийгмийн хэрэгцээ, сонирхол руу түлхүү чиглэж байна. Германы боловсролын системийн төвөг бэрхшээлийг арилгахын тулд хүүхдийг цэцэрлэгт байхад нь сургуульд бэлтгэх ажлыг зорилготойгоор хийж буй хандлага ажиглагдаж байгааг энд мөн анзаарахгүй өнгөрөх аргагүй. Үүнтэй холбоотойгоор сургалтын хөтөлбөрийн үнэлгээ хийхдээ хүүхдийн амжилтыг (багш нарынх нь амжилтыг бус) товойлгон авч үзэж байна. 

Энд саяханы нэг жишээг дурдъя. “Шпийгел” сэтгүүлд боловсролын бодлого тодорхойлогч нэгэн нэртэй эмэгтэй бага насны хүүхдийн сургалтад тавигдах шаардлагатай холбогдох асуудлыг хөндөж ярихдаа шүүмжлэлтэй хандаж, “хүмүүс эртнээс хүүхэд сургуульд ороод суралцаж эхэлдэг, харин тэр болтол тэд тоглодог гэж үзэж ирсэн бөгөөд энд нялх бага хүүхэд болон сургуулийн өмнөх насны хүүхдийн суралцах үйлийн өвөрмөц онцлог, өөрийн гэсэн үнэ цэний талаарх буруу ойлголт байгаа юм” гэжээ. Амьдралын энэ үе шатанд тоглох, суралцах үйл хоорондоо салшгүйгээр нягт холбогдсон байдаг. Энэ насанд бүхий л бие махбодоороо тоглонгоо судалж суралцаж буй үйл нь хүүхдийн хөгжлийн хамгийн чухал мотоор болж өгдөг.

Хүүхдийн хөгжлийн үе шат, хүүхдийн эрхийг анхааран үзэх нь цэцэрлэгийн сургалтын үүрэг, цэцэрлэгийн багш нарын мэргэжлийн хариуцлага ямар байхын учир шалтгааныг олох чухал цэг гэдэгтэй сурган хүмүүжүүлэгчид өргөн хүрээнд санал нэгдэж байна.

Ном зүй:

Ludwig Liegle: “Paedagogische Konzepte und Bildungsplaene”

Kindergarten Heute, spezial, Paedagogische Handlungskonzepte von Froebel bis zum Situationsansatz, s.1-6, Verlag Herder, Freiburg.

Орчуулсан: Н.Норжхорлоо