Нэрт сурган хүмүүжүүлэгч Эрдэнэбатхааны Карма (1921-1981)

Монгол улсын Боловсролыг хөгжүүлэхэд Э.Карма багш маш их үүргийг гүйцэтгэсэн гавьяатай нэгэн билээ. Түүний эцэг Эрдэнэбатхаан Эрхүүгийн багшийн семинарыг төгссөн мэргэжлийн сурган хүмүүжүүлэгч хүний хувьд 1924 оныг хүртэл Нийслэл хүрээний сургуулиудад багшлахын сацуу Судар бичгийн хүрээлэнгийн ажилтан, Дотоод явдлын яамны дэргэдэх бага сургуулийг хариуцсан хэлтсийн эрхлэгчийн ажлыг хашиж байв. 1925 оноос Судар бичгийн хүрээлэн нь Гэгээрлийн яам болон өргөжсөний дараа тэрээр тус яамны анхны сайд болжээ. Эрдэнэбатхаан нь Боловсролын байгууллагын үүсэл, хөгжлийн талаарх туршлагыг судлахын тулд ЗХУ, Герман, Франц, Итали зэрэг маш олон улсаар ажлын айлчлал хийсэн байна. Үүний үр дүнд 1924-1929 онуудад шинэ Монгол улсын орчин үеийн боловсролын системийн үндэс суурийг тавьж чадсан юм. Эрдэнэбатхаан сургууль, соёл эрдмийг хүн бүр эрхлэн суралцах тухай  ухуулсан бичигтээ “Сурган хүмүүжүүлэх 4 зүйлийн сургууль байвал зохино гээд үүнд:

  • Нялх хүүхдийн эхийн сургууль
  • 7 наснаас эхлэн 13 наснаас доош ардын бага сургууль байх... “ хэмээн тэмдэглэжээ. Эхийн сургуульд хүүхдийн сэтгэл санаа, биеийн тамирыг сайжруулан хүмүүжүүлэхийг гол болгож байлаа.

Үүнээс үзэхэд монгол хүүхдийг багаас нь хөгжүүлж хүмүүжүүлэх асуудлыг эртнээс тавьж, хүүхдийн цэцэрлэгийг боловсролын системийн нэг хэсэг гэдгийг тодорхойлж байсан байна.

Э.Карма багшийн ажлын замнал

Э.Карма эцгийнхээ тавьж байсан зорилтыг уламжлан хэрэгжүүлэхэд өөрийгөө зориулан хүүхдийн цэцэрлэгийг хөгжүүлэх ажил үйлд оюун ухаан, хүч чадлаа зориулан ажилласан нэгэн. Тэрээр Монголын хүүхдийн цэцэрлэгийг хөгжүүлэх, цэцэрлэгийн боловсон хүчнийг бэлтгэхэд чухал үүргийг гүйцэтгэсэн Монголдоо гавьяатай багшийн нэг билээ.

Э.Карма 1929-1933 онуудад бага, дунд сургууль ба Багшийн сургуулийг төгсгөж, 1938-1946 онуудад Улаанбаатар хотын 1 болон 2 дугаар сургуульд багш, 1951-1954 онд Гэгээрлийн яаманд цэцэрлэг хариуцсан байцаагчаар ажиллахын зэрэгцээ В.Ф.Максакова багшийн орчуулагчаар хамтран ажиллаж байв. 1954-1955 онд Дорнод аймгийн багшийн сургуульд багш, 1955-1957 онуудад Гэгээрлийн яаманд цэцэрлэг хариуцсан байцаагчаар ажиллаж байсан. Тэрээр 1957-1961 онд Улсын багшийн дээд сургуулийн монгол хэлний факультетад суралцан төгсгөж, 1961-1962 оны хичээлийн жилд Улаанбаатар хотын багшийн сургуульд монгол хэлний багш, 1962 оноос Гэгээрлийн яамны цэцэрлэгийн хэлтсийн даргаар ажиллаж эхэлсэн бөгөөд 1981 он хүртэл тасралтгүй 20 жил хүүхдийн цэцэрлэгийн хэлтсийн даргын албыг хашиж байлаа.

 Э.Карма багш 25 жил Монголын сургуулийн өмнөх боловсролын асуудлыг хариуцахдаа хүүхдийн цэцэрлэгийг хөгжүүлэх, цэцэрлэгийн хүүхдийн  хамралтын  хувийг нэмэгдүүлэх, богино хугацааны курсээр цэцэрлэгийн анхны боловсон хүчнийг бэлтгэх, улмаар Улаанбаатар хотын Багшийн сургуульд дунд боловсролтой цэцэрлэгийн багш нарыг бэлтгэх анги нээх, гадаадад дээд боловсролтой цэцэрлэгийн боловсон хүчнийг бэлтгэх, цэцэрлэгийн багш нарт зориулан удирдамж, гарын авлага материал  боловсруулж гаргах ажлыг зохион байгуулах, цэцэрлэгийг барилгажуулах, цэцэрлэгийн эдэлбэр газрыг тохижуулах, хүүхдийн цэцэрлэгийн дотоод тоног төхөөрөмж, цагаан хэрэглэлийг стандартын дагуу хийлгэж хангах, цэцэрлэгийн хүүхдэд зориулсан тоглоом үйлдвэрлэх ба тоглоомоор хангах, цэцэрлэгийн хүүхдийн эрүүл мэндэд онцгойлон анхаарч хүүхдийг зуны улиралд цэвэр агаарт байлгах зорилгоор бүх цэцэрлэгийг зуслантай болгох, сургуульд орохын өмнө хүүхдийг бэлтгэл бүлэгт хамруулах, цэцэрлэгт хамрагдаагүй хүүхдийг ерөнхий боловсролын сургуулийн дэргэд нэг сарын бэлтгэл хийлгэж байж сургуульд элсүүлэх зэрэг хүүхдийн цэцэрлэгтэй холбогдолтой олон чухал асуудлыг шийдэж, хэрэгжүүлсэн.

Түүний бүтээл түүривал

Э.Карма 1958 онд хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгч нарт зориулан “Хүүхдийн цэцэрлэгийн  эрхлэгч  нарт  гарын авлага“  (редактор Н.Цэдэвсүрэн) хэмээх ном боловсруулан гаргасны зэрэгцээ Цэцэрлэгийн жилийн ажлын төлөвлөгөөний загвар, Хяналт шалгалтын аргачлал, Хүүхдийн мэдлэг, чадварыг шалгах  шалгуурууд, судлах аргачлал, Хүүхдийн цэцэрлэгийн хүмүүжлийн ажлын агуулга зэрэг чухал гарын авлагуудыг боловсруулан Монголын хүүхдийн цэцэрлэгүүдэд мөрдүүлж, цэцэрлэгийг удирдах үйл ажиллагааг боловсронгуй болгоход хүчин чармайлт гарган ажиллаж байв.

Түүнчлэн Э.Карма цэцэрлэгийн эрхлэгч, багш нарт зориулан “Хүүхдийн цэцэрлэгийн дүрэм”, “Хүүхдийн цэцэрлэгийн ариун цэврийн дүрэм”, “Хүүхдийн цэцэрлэгийн аюул ослоос урьдчилан сэргийлэх дүрэм”, “Хүүхдийн цэцэрлэгийн заах аргын кабинет”, “Хүүхдийн цэцэрлэгийн заах аргын нэгдлийн ажлын заавар”, “Улсын тэргүүний цэцэрлэгийн болзол” зэрэг хүүхдийн цэцэрлэгийн удирдлага, үйл ажиллагаатай холбогдох үндсэн  баримт бичгүүдийг боловсруулан гаргаж улсын хэмжээний нийт цэцэрлэгт мөрдүүлж байсан юм.

Тэрээр  анх удаа Монголд  үндэсний  “Хүүхдийн цэцэрлэгийн хичээлийн программ”  /хөтөлбөр/ ба “Цэцэрлэгийн хүүхдийн хүмүүжлийн программ”-ыг санаачлан боловсруулж, цэцэрлэгт хүүхдийг системтэйгээр хөгжүүлж хүмүүжүүлэх ажлын эхлэл, суурь дэвсгэрийг тавьсан.      

Боловсон хүчин бэлтгэх асуудалд

1962 он хүртэл цэцэрлэгийн багшийг Улаанбаатар хотын Багшийн сургуулийн дэргэд жил бүр  хоёр бүлэгт элсэлт авч бэлтгэж байсан бол Э.Карма багш 1962 онд “Цэцэрлэгийн багш бэлтгэх техникум” хэмээх бие даасан сургууль байгуулж,  цэцэрлэгийн хүмүүжүүлэгч багш бэлтгэхдээ бүрэн дунд сургууль төгссөн хүмүүсээс элсүүлэн авч сургадаг болсны дээр, мөн түүнийгээ өргөтгөж цэцэрлэгийн дуу хөгжмийн багш нарыг бэлтгэх ажлыг эхэлсэн билээ. Цэцэрлэгийн  үйл ажиллагааг шинжлэх ухааны үндэстэй явуулах, хүүхдийн хүмүүжлийг чанаржуулах, цэцэрлэгийн боловсон хүчний нэр хүндийг өргөх, чанаржуулах зорилгоор удирдах ажилтан, арга зүйчдийг дээд боловсролтой болгох зорилгоор 1967-1968 оны хичээлийн жилээс Улсын багшийн дээд сургуулийн дэргэд цэцэрлэгийн удирдах мэргэжилтэн бэлтгэх анги нээн ажиллуулсан. Түүчлэн хүүхдийн цэцэрлэгийн хүмүүжил сургалтын үйл ажиллагааг шинжлэх ухааны үндэстэй боловсруулах, цэцэрлэгийн хүмүүжил сургалтын туршилт судалгааны ажлыг гүйцэтгэх, цэцэрлэгийн тэргүүний туршлагыг судлан нэвтрүүлэх, цэцэрлэгийн багш нарын  мэргэжлийг дээшлүүлэх, зөвлөн туслах  зорилгоор 1970 оноос Сурган хүмүүжүүлэх ухааны хүрээлэнд цэцэрлэг хариуцсан эрдэм шинжилгээний ажилтанг бий болгосон юм.

Э.Карма 1968 онд  сургуулийн өмнөх насны хүүхдийн байгууллагад ажиллаж байсан  цэцэрлэгийн тэргүүний ажиллагаатай хүмүүжүүлэгч багш, эрхлэгч, яслийн эрхлэгч, сувилагч багш, цэцэрлэгийн байцаагч мэргэжилтнүүд оролцсон 300 гаруй төлөөлөгчидтэй “Ясли, цэцэрлэгийн тэргүүний ажилтан нарын анхдугаар  зөвлөгөөн”-ийг зохион явуулж, хувьсгалаас хойш сургуулийн өмнөх боловсролын хүрээнд олсон амжилтын тухай хэлэлцэж, цаашид сургуулийн өмнөх боловсролыг хэрхэн, яаж хөгжүүлэх зорилтыг дэвшүүлсэн билээ.

Хүүхдийн төлөөх сэтгэл, зүтгэл

Э.Карма багш 1962 онд  “Сургуулийн өмнөх насны хүүхдийн  хүмүүжүүлэх ажлыг цаашид сайжруулах арга хэмжээний тухай” Сайд нарын Зөвлөлийн 387 дугаар тогтоол гаргуулж,  сургуулийн өмнөх насны хүүхдийг цэцэрлэгээр  нэмж хамруулах,  цэцэрлэгийн тоог нэмэгдүүлэх, хүүхдийг  сургуульд бэлтгэх, цэцэрлэгийн ажлын цагийг 10 цаг болгох, үйлдвэрийн дэргэдэх цэцэрлэгийг 24 цагийн ажиллагаатай болгох, ойн, өнчин, тусгай, улирлын, гэрийн цэцэрлэг байгуулах, аймаг орон нутагт цэцэрлэгийн эрхлэгч, хүмүүжүүлэгч багш нарын семинарыг жил бүр  хичээлийн жил эхлэхийн өмнө зохион байгуулж байх, улирал бүр цэцэрлэгийн багш нарт зориулсан арга зүйн сэтгүүл гаргах, цэцэрлэгийн дотоод тавилга төхөөрөмж үйлдвэрлэх, хичээлийн үзүүлэнг бэлтгэж хэвлүүлэх, хүүхдийн тоглоомын үйлдвэртэй болох, цэцэрлэгийн үлгэрчилсэн орон тоог боловсронгуй болгох,  аймаг орон нутагт 15–ээс дээш цэцэрлэгтэй газарт цэцэрлэгийн асуудлыг хариуцсан байцаагч мэргэжилтэн ажиллуулах, цэцэрлэгийн багш нарын туршлагыг радио нэвтрүүлгээр сурталчлах, цэцэрлэгийн  үйл ажиллагааг харуулсан баримтат кино, мультифильм, диафильм захиалж хийлгэх, нэгдлийн цэцэрлэгүүдийг дэмжих, цэцэрлэгүүдийг зуслантай болгож хүүхдийг эрүүлжүүлэх зэрэг олон чухал асуудлыг шийдвэрлүүлэхээр уг тогтоолд оруулжээ. Гэгээрлийн яамнаас энэ тогтоолыг хэрэгжүүлэхтэй холбогдсон олон тушаал гарч, олон асуудлыг шийдвэрлэсэн юм.

Монголын Хүүхдийн төлөө фондын дарга А.И.Филатова-Цэдэнбал Төв аймгийн нэгэн цэцэрлэг дээр Э.Карматай хамт очоод ирснийхээ дараа хөдөөгийн цэцэрлэгийн тохижилт, тэр үзсэн цэцэрлэг дээр нэг айлын 3 өнчин хүүхэд цэцэрлэгт орохоор ирсэн байдал, хөдөөгийн цэцэрлэгийн хангамжийн байдлыг хараад  маш хэцүү байдалд орж, гэртээ ирээд Цэдэнбал даргад уйлж хөдөөгийн цэцэрлэгийн ядуу байдлыг хэлж байсныг өөрийн дурдатгалдаа бичсэн байдаг. Э.Карма багш 1972-1981 онд А.И.Филатовын зөвлөхөөр хамтран ажиллаж байх хугацаандаа Монголын Хүүхдийн төлөө фондын үйл ажиллагааг хот, хөдөөд шинээр цэцэрлэг байгуулж, цэцэрлэгт хамрагдах хүүхдийн тоог нэмэгдүүлэхэд чиглүүлж, түүнд дэмжлэг үзүүлж байв. Улс орон даяар  жилд нэг удаа нийтээрээ хүн бүр нэг өдрийн цалингаа хандивлан Хүүхдийн төлөө фондын үйл ажиллагааг дэмжин ажилласны үрээр улсын хэмжээнд 80 орчим үлгэр жишээ 1-2 бүлэгтэй цэцэрлэгээс эхлэн дараа нь 160-280 хүүхдийн ортой томоохон цэцэрлэгүүдийг барьж байгуулсан. Үүний үр дүнд хот, аймаг, сумд 1-2  үлгэр жишээ  цэцэрлэгтэй болж, тоног төхөөрөмж, тоглоом наадгайгаар хангагдан тохижуулагдаж, тэнд ажиллах эрхлэгч, хүмүүжүүлэгч багш нар үзүүлэн таниулах материал, тоглоом наадгайг яаж ашиглах, хүмүүжил сургалтын ажлыг хэрхэн төлөвлөж явуулах талаарх сургалтад хамрагдаж байлаа. Улсын хэмжээний цэцэрлэгийн эрхлэгч, хүмүүжүүлэгч багш нар Фондын хөрөнгөөр баригдаж тохижуулагдсан цэцэрлэг дээр сургалтад хамрагдан туршлагаас нь суралцдаг байв.

1976 онд сургуулийн өмнөх насны өнчин хүүхдүүдэд зориулсан 58 дугаар цэцэрлэгийг байгуулж, тэнд  Сүхбаатар дүүргийн ерөнхий боловсролын 36 дугаар сургууль дээр байсан сургууль, цэцэрлэгийн  өнчин хүүхдүүдийг бүгдийг нүүлгэн оруулж, сургуулийн хүүхдүүд нь ерөнхий боловсролын 48 дугаар сургуульд суралцаж байв. Энэхүү өнчин хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчээр Н.Сүрэндарь ажиллаж байлаа. 1978 оноос Улаанбаатар хотын Найрамдал дүүргийн Болд захиралтай ерөнхий боловсролын 53 дугаар (дотуур байртай) сургуульд сурагчид шилжин очиж, амьдарч суралцах болсон. Энэ бүх ажлыг Э.Карма багш зохион байгуулж байлаа.

Монголын Хүүхдийн төлөө фондын дарга  А.И.Филатова-Цэдэнбал Э.Карма багшид өнчин хүүхдийн  цэцэрлэг, сургуулийн хүүхдүүдийг эрүүлжүүлэх зорилгоор хүүхдийн зуслан барих тухай санал дэвшүүлж, Хандгайтын аманд байгаа төмөр замын хүүхдийн зуслангаас цаашаа хүүхдийн 6 тохилог байр шинээр барьж, улмаар тохилог хоолны байр, соёлын төв,  боловсон  жорлон, ажилчид, багш  ба захирлын зуны сууцны 10-аад байрыг барьж байгуулах, бүрэн цахилгаанжсан гал тогоо, гүний худаг, цахилгаан станц ажиллуулах, эргэн тойрны хашаа барих, зусланд очих зам гаргах зэрэг бүх тохижилтыг фондын хөрөнгөөр хийсэн билээ. Энэ бүгдийг Ардын боловсролын яамныхан болон Сурган хүмүүжүүлэх ухааны хүрээлэн зэрэг яамны харьяа бүх байгууллагын ажилтнуудын хүчээр субботникаар хийж билээ.

 Ийнхүү Э.Карма багш маань эцгийнхээ мөрөөдөж байсан үйл хэргийг хэрэгжүүлж, Монгол улсын сургуулийн өмнөх боловсролыг бүх талаар хөгжүүлэхэд анхны суурийг тавилцаж, үнэтэй  хувь нэмрээ оруулсан ачтай багш, гавьяатай хүн билээ. 

Э.Карма багшийн хөдөлмөрийг үнэлэн нэрийг мөнхжүүлэхэд Монгол улсын сургуулийн өмнөх насны хүүхдийн байгууллагад ажиллаж байгаа хүмүүжүүлэгч багш нар болон Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, Улаанбаатар хотын Боловсролын газрын цэцэрлэг хариуцсан эрхмүүд, удирдлагууд бодууштай байна.

Д.Нонна

АБТА, Боловсрол судлалын магистр, ахмад багш, зөвлөх багш