Үнэт зүйлээ хадгалах нь: Японы боловсролын тогтолцоо

ЯПОНЫ БОЛОВСРОЛЫН ТОГТОЛЦОО: ТҮҮХЭН БА НИЙГМИЙН ХӨРС СУУРЬ

Япон бол уулархаг арлын үндэстэн юм. Хүн амын тоотой нь харьцуулахад тариаланд ашиглах газар үйлдвэржсэн ертөнцдөө хамгийн бага хэмжээтэй ажээ. Оршин суугчид нь уулсын завсар хөндий, эргийн дагуу хашигдмал нутгуудад шигүү суурьшин амьдарна. Япон нь “тайпун” хэмээх далайн шуурга, газар хөдлөлт зэрэг байгалийн гамшиг, ургац алдах аюулд тогтмол өртдөг байна. Эцэст нь өгүүлэхэд энэ аралд шууд олзворлох байгалийн баялаг тун ховор. Харин үүний оронд энэ улс боловсролын тогтолцоогоороо дамжуулан өндөр түвшний амжилтад хүрчээ.

Ийм бэрх нөхцөлд туулсан урт хугацааны түүх Японы соёлд гүнзгий нөлөөтэй байжээ. Энэ нь хүмүүс амьд явах хамтын механизм болох маш хүчирхэг хамтын ажиллагааны холбоо юм. Япон байгалийн нөөц баялаг хомс тул амжилтад хүрэх хамгийн шилдэг арга зам нь хүн капиталаа хөгжүүлэх гэдгийг нийгэм нь эртнээс ойлгон хүлээн зөвшөөрсөн байна. Үүний үр дүнд нэг талаар боловсрол ба чадварыг, нөгөө талаар бүлэг ба нийгмийн харилцааг ихээр үнэлдэг соёл бий болжээ. Хэрэв хувь хүн нийтийн төлөө цуцалтгүй хөдөлмөрлөх юм бол нийт нь түүний төлөө зүтгэнэ гэсэн хамтын итгэл үнэмшил япончуудад бий болжээ. Хэрэв хэн нэгэн нийтийг илт үл дагавал тэр нийгмээс тун бага зүйл хүлээх хэрэгтэй болно. Дараагийн хэсэгт түүхэн хүчин зүйлс Японы боловсролын философийг хэрхэн бий болгосон бэ гэдэгтэй бүгдээрээ товчхон танилцъя.                          

 

Токугавагийн эрин үе: 1603-аас 1868 он

Токугавагийн эринээс ч өмнө Японд дайчдын соёл оршиж байв. Тус үндэстний хувьд удаан хугацааны туршид самурай нар (дайчид) нийгмийн хамгийн дээд байр суурийг эзэлж байжээ. Токугавагийн эрин буюу 19-р зууны дунд үе хүртэлх 250 жилийн туршид Япон орон амар амгалан байв. Харин 19-р зууны дунд үеэс самурай нар улс орноо удирдан авч явах түшмэд болох замд орж, сэлмээ үзгээр сольсон байна. Гэхдээ тэд самурайн хувьд эзэлж байсан нийгмийн байр сууриа өөрт хэвээр хадгалж үлджээ. Гадаад ертөнцөөс ихэд тусгаарлагдсан Япон баялаг соёлоо цэцэглүүлэн хөгжүүлж үр шимийг нь хүрсээр байв. 1850 он гэхэд хэдийгээр технологи, санхүүгээр европчуудаас хоцорсон байсан ч Японы дөрөв хүний нэг нь бичиг үсэг тайлагдсанаараа тус орныг энэ тал дээр Европын зиндаанд аваачсан байна.

Гэвч Токугавагийн эриний төгсгөл үед Японы засгийн газар архагшсан авилга, дампууралд идэгдэж, чадвахиа нэгэнт алджээ. 1853 онд Америкийн адмирал Меттью Перригийн “Хар хөлөг” Японы аралд хүрч ирлээ. Энэ үед Өрнөдийхөнд тааламжтай нөхцөлөөр худалдаа хийхийн тулд гадныханд нээлттэй орон болох Перригийн тулган шаардлагыг эсэргүүцэх бэлтгэл Японд огт байсангүй. 1868 онд Япон дахь феодалын дэглэмийн чадваргүй байдлыг эсэргүүцсэн бага тушаалын түшмэд бослого гаргаж, хэзээ мөдгүй дэнжигнэж байсан Токугавагийн дэглэмийг халсан ажээ. Энэ бол Мейжийн шинэчлэл байсан юм. Энэхүү шинэчлэлээр эзэн хааныг ширээнд нь эргүүлэн залжээ.

 

Мейжийн шинэчлэл: 1868 оноос 1912 он    

Энэхүү тайланд зориулсан ярилцлагын явцад Япон нийгэмлэгийн Роберт Фиш Мейжийн эриний Японы удирдагчдын зорилгыг дараах байдлаар тодорхойлсон юм:

“Тэд Японд нэвтрэн орж ирж, доромж үзүүлж байсан Өрнөдийн үндэстнүүдтэй тэнцүү харилцахын тулд шаардлагатай бүхнийг хийхээр шийдсэн байна. Шинэ засгийн газар Японд тулгаад байсан тэгш бус гэрээнүүдийг дахин засаж бичихийн тулд төлөөлөгчдийн нүсэр бүрэлдэхүүнийг барууны улсууд руу илгээв. Шинэ засгийн газрын удирдагчдын бараг тэн хагас хилийн чанадад зорчсон тэр айлчлалын үеэр харсан зүйл нь тэднийг гайхшруулсан ажээ. Тэдгээр албаны хүмүүс боловсрол, шинжлэх ухаан, технологийн дэвшил нь Японыг нээлттэй болгоход хүргэсэн Барууны ертөнцтийн аж үйлдвэрийн хүчин чадлыг буй болгожээ гэдгийг ухаарсан байна. Ингээд тэд Японд буцаж очихдоо боловсол, шинжлэх ухаан, технологиор Барууны ертөнцтийн ололт амжилтад хүрч, армиа шинэчлэхээр шийдсэн ажээ.”

Бүх салбарын манлайлагч хүмүүс нь бараг бүгд хэлэлцэн тохирсоноор япончууд  дэлхийн шинэ дэг журамд тэсэж үлдэхийн тулд өөрийн улс оронд модернизаци явуулахаар нэгэнт тогтжээ. Боловсролын салбарт япончууд Японы нэн тэргүүний хэрэгцээнд зориулан зээлж авч болох санаануудыг Барууны ертөнцөөс эрж хайв. Өнөө үед ч тэд өрсөлдөгчидтэйгөө өөрийгөө харьцуулснаар тус улсын боловсролын агуу амжилтын хамгийн нэг чухал шалтгаан гэж үзэж болох үндэснийхээ түвшинг тогтоож байна. Токугавагийн эриний төгсгөлөөр Япон даяар байгуулагдсан “буддын сүмийн сургууль” гэж нэрлэдэг сургуулиуд, самурай түшмэдийн хүүхдүүдэд зориулан байгуулсан элит сургуулиуд нь шинэ удирдагчдын хүсэж байсан бүх нийтийн боловсролын тогтолцоо байгуулахад хүчирхэг бааз суурь болж өгчээ.

Мейжийн Япон орон өөрийн шинэ боловсролын удирдлагын тогтолцоог төвлөрсөн бөгөөд маш хатуу дэгтэй гэдгээрээ онцлог Францын тогтолцооноос зээлж авчээ. Тэд цөөн элит үндэсний их сургууль тойрч байгуулагдсан боловсролын тогтолцооны санааг Германаас авав. Англи нь Японы хувьд хүчирхэг ёс суртахууны зарчмуудад үндэслэн байгуулсан сургуулийн загвар (Этон, Харров гэх мэт нийтийн сурууль) болжээ. АНУ нь Америкийн философич, сэтгэл судлаач, боловсролын шинэчлэгч Жон Дьюгийн сургаалиуд дээр үндэслэсэн сурган хүмүүжүүлэх ухааны хүчирхэг парадигмуудыг өгөв. Энэ нь сургууль хүүхдийг бүхэлд нь хөгжүүлэх үүрэгтэй гэсэн япончуудын бодолтой нэлээд адилхан сонсогджээ.

Орчин үеийн үндэстэн төр байгуулахаар шуурхайлсан шинэ засгийн газар бүх нийтийн, зайлшгүй эзэмших боловсролын тогтолцоо бйи болгох тогтоол гаргаж, боловсролын тогтолцоон дахь хатуу ангийн ялгааг байхгүй болгосон байна. Тэд Японы иргэн бүрт аль болох сайн боловсрол олгох хэрэгтэй байв. Иймд Японы боловсролд сурагчдийг чадвар ба нийгмийн ангиар нь ялган тусгаарлаагүй байна. Энэ нь Япон дэлхийн хамгийн меритократ (албан тушаалд тавихдаа авъяас, чадварыг гол болгодог) нийгмүүдийн нэг болох суурийг тавьсан туйлын чухал шийдвэр болжээ.

 

Эзэн хааны зарлиг: 1880-аас 1940-өөд он

1880-аад онд дэлхийн хаа нэгтэйгээс санааг нь зээлдэн авч хэрэгжүүлэхээр Мейжийн засгийн газар санаа шулуудаж буйд эсэргүүцэх явдал гарах болов. Энэ нь япон хүн байхын утга учрыг илтгэж буй зүйлийн гол мөн чанар гээгдэх болно гэсэн гүнзгий айдсаас үүджээ. 1890 онд эзэн хаан боловсролын тухай зарлиг гаргав. Үүгээр зайлшгүй эзэмших шинэ боловсролын тогтолцооны хувиралт өөрчлөлтөд Японы үнэт зүлсийг гол болгон баримтлана гэдгийг тунхаглав. Үнэнч зүтгэл, ахмадын хүндлэл, гэр бүлийн гишүүд, хань ижил, анд нөхөдтэй тогтоосон харилцааны ач холбогдлын талаарх Күнзийн ёс суртахууны чанаруудыг чухалчилснаараа энэ зарлигийн даруу төлөв байхын ач холбогдол, өөрийгөө чадах чинээнд хүртэл зайлшгүй боловсруулах явдал, үндсэн хууль болон бусад хуулийг дагаж мөрдөх үүргийг нь уншигчдад сануулжээ. Зарлиг гарсан тэр цагаас Японы боловсролын бодлого нь нэг талаар Японыг дэлхийн хамгийн сайн боловсролын тогтолцоонуудтай харьцуулан жишдэг байхаар, нөгөө талаар Японы уламжлалт үнэт зүйлст бэт бэх суурилсан байхаар тогтжээ.