Б.Гэрэлмаа: Хүүгийн минь анхны япон багш “Хүүхдийг бид зөв хүн болгоход л анхаардаг” гээд угтсан нь мартагддаггүй

Алдаа гаргахгүй, няхуур, сайн сэтгүүлч болох замнал маань хэрхэн тавигдсан бэ гэдэг нь хэн нэгэнтэй ярилцах ярианаас эхлэн шалгагддаг. Тиймдээ ч олон жил сэтгүүлчээр ажилласан хүнтэй ярилцана гэдэг бол залуу сэтгүүлч надад томоохон шалгалт шиг санагдаж байв. Энэ удаагийн миний ярилцлагын зочин бол эх орондоо найман жилийн хугацаанд сэтгүүлчээр ажиллаж байгаад арлын Япон улсыг зорьж тэндээ гэр бүлээрээ дөрвөн жил амьдарсан Б.Гэрэлмаа юм.

Сэтгүүл зүйн салбарт өөрийн гэсэн орон зайг хэдийнэ бий болгож, хувийн карьер нь ч тасралтгүй өсөж байх үедээ хоёр настай хүүгийнхээ хамтаар арлын Японыг зорьсон байна. Тэнд түрүүлж очоод төвхнөж байсан нөхөртэйгөө гурвуул болж аваад, төдөлгүй хүүгээ цэцэрлэгт өгснөөр өнөөдрийн түүнтэй ярилцах "Япон цэцэрлэгийн нууцууд" ном бүтэх адал явдал эхэлжээ.

Ийнхүү хоёр настай Ананд хүү болон хорь гаруйхан настай монгол залуу ээжийн сонирхолтой тэмдэглэлийн талаар ярилцах завшаан тохиолоо.

- Японд ерөөсөө стресстэх асуудал гарч ирэхгүй байсан нь шоконд оруулж байсан-

-Юун түрүүнд номоо нээж байгаад нь баяр хүргэе. Хамгийн эхэнд асуухад, яагаад Япон улсын зорих болсон бэ?

-Би сэтгүүлч мэргэжлээрээ эх орондоо найман жил орчим ажиллаж байгаад хүүхэдтэй болсон. Тэгээд хүүхэд төрүүлээд ирсэн чинь Монголыг арай өөр өнцгөөр харж эхэлсэн л дээ. Үүнийг хүүхэдтэй ээж болгон ойлгож байгаа байх. Эмийн хэрэглээ, агаарын дутагдал зэрэг асуудал байдаг шүү дээ. Түүнээс гадна нөхөр минь Японд ажилтай байсан учраас гэр бүлийнхээ хүнтэй ярилцаад “Японд очиж амьдраад, хүүхдээ том болоод, дархлаатай болох хүртэл нь тэнд амьдрах нь зөв юм байна” гэсэн шийдвэрийг гаргаад манай гэр бүл Япон улсад очиж, амьдрахаар болцгоосон.

-Олон жил Монголдоо ажиллаад, салбартаа өөрийн карьераа хэдийн эхлүүлчихсэн байсан хүн шүү дээ. Тэгэхээр мэдээж энэ хөдөлгөөнтэй амьдралаас эрс шилжилт хийж өөр улсыг зориход ямар мэдрэмж төрж байсан бэ?

-Монголоос явах үед ид ковид дэлгэрч байсан үе л дээ. Яг хүүтэйгээ хоёулаа онгоцонд сууж явахдаа ковид тусах вий гэсэн айдастай явж байсан. Яагаад гэвэл бид хоёр Солонгосоор дамжаад Японд очих байсан юм. Тухайн үед Солонгост хамгийн өндөр тархалттай болчихсон байсан үе шүү дээ. Хүү бид хоёрыг Японд очоод долоо хонож байхад Монгол хилээ хааж байсан. Хэрвээ тэр үед хугацаа алдсан байсан бол бараг хоёр жилийн дараа Япон руу явах байсан. Тэр үед бүх зүйл л их хурдтай болж өрнөсөн дөө.

Анх очиход мэдээж гоё байсан. Цэвэрхэн орчин, хүмүүсийн найрсаг байдал гэх мэтчилэн таалагдсан зүйл их бий. Гэхдээ тэр бол жуулчилж очиж байгаа хүмүүст бол хамгийн анх удаа хүлээж авч байгаа орчин, ертөнц гэж хэлж болно. Дунд нь амьдраад, гүн рүү нь ороод ирэх юм бол анх бодож байсан зүйл ондоо болж эхэлдэг. Жишээлбэл, Хүмүүсийнх нь харилцаа хандлага жоохон хүйтэн санагддаг ч юм уу. Гэхдээ дунд нь мэдээж сайхан хүмүүс байгаа л даа.

Японд ерөөсөө стресстэх асуудал гарч ирэхгүй байсан нь шоконд оруулж байсан. Монголд тааралдсан танихгүй хүн байсан ч гэсэн “Миний хүү, миний охин” гэж халуун дулаан харьцдаг. Харин тэнд энгийн дэлгүүр ороход “Ах нь, эгч нь” гэж харилцдаг шүү дээ. Харин Японд очиход үйлчилгээний байгууллагад иргэдээ дандаа хүндэлж харилцдаг. Тэгэхээр хүмүүстэй ерөөсөө өөр ямар нэгэн харилцаа үүсгэх боломжгүй. Үйлчилгээний байгууллагад “Энийг авъя. Түүнээс тэдэн ширхгийг авъя” гэхчлэн яг хэрэглэдэг хэдхэн үгтэй. Энэ мэтчилэн үйлчилгээний байгууллага нь маш өндөр стандарттай болохоор хүмүүстэй илүү дутуу үг хэлж, харилцаа үүсддэггүй болохоор тэнд хүмүүс ганцаардаж эхэлдэг юм билээ. Тэгэхээр Япон хүмүүсийн ганцаардмал гэдгийн учрыг бие махбодиороо, сэтгэлээрээ ойлгосон.

-Ананд маань гурван хэлний дунд төөрөлдөөд гэнэт ярихаа больчихсон-

-Хүү нь жаахан, ээж нь анх удаа япон улсын зорьж байгаагаас үүдэн хэлний бэрхшээлээс авхуулаад олон сорилттой учирсан байх даа?

Японд очсоноос хойшоо өдийг хүртэл бидэнд хэлний бэрхшээл байгаа. Яг хэлний бэрхшээлийг бүрэн даван туулсан зүйлгүй ээ.

Гэхдээ анх очиж байсан үеэсээ мэдээж харьцангуй сайжирсан. Би монголд байхдаа, хүүгээ ой гарантай байхад нь ажилдаа орчихсон. Тиймээс миний хүү "Юүтүб"-тэй найзлаад англи хэл сурчихсан. Хэлд бүрэн ороогүй мөртлөө орчин үеийн хүүхдүүдийн нэгэн адилаар англиар үг, өгүүлбэрээр өөрийгөө ойлгуулж чаддаг болчихсон. Монгол хэлээр тийм ч сайн ярьдаггүй байсан. Ийм байдалтай Японд очиход аав нь "Хүүдээ эх хэлийг нь зааж өгнө, ийм байж хэрхэвч болохгүй" гээд гэртээ монголоор ярьж эх хэлийг нь сайжруулах тал дээр үнэхээр уйгагүй хичээсэн дээ. Үүний дараагаас өнөөх англи хэлийг хүү маань бага сагаар мартаад, нэлээн сайн монголоор ярьдаг болов. Гэтэл цэцэрлэгт орохоор япон багштай, япон хүүхдүүдтэй ойлголцох асуудал гарч байгаа юм.

Ингээд хүү маань гурван хэлний дунд орчхож байгаа юм л даа. Үздэг хөтөлбөрүүд нь англи, аав ээжтэйгээ монгол, цэцэрлэг дээрээ очоод японоор ярьдаг. Аав ээж нь “Монгол хэлийг сургана. Монгол хэлтэй хүүхэд болгоно” гээд гүрийчихсэн учраас “Гэртээ хүрч ирэхээрээ Монголоороо л ярь” гэчихдэг. Тэгээд манай хүү чинь энэ дөрвөн жилийн хугацаанд явж байхдаа дунд нь хэлний шок болоод нэг хэсэг хэлгүй юм шиг болж байсан. Өөрийгөө англиар илэрхийлдэг байсан хүүхэд маань юм ярихаа больчихсон.

Яг тийм үед нь эцэг эхчүүд “За одоо больё. Японоор л яриулъя” гээд эргэж буцсанаараа хүүхдээ хос хэлтэй хүүхэд болгож өсгөх замыг нь бууруулчихсан юм билээ л дээ. Бид хэдийн хувьд болохоор “Чадна шүү” гээд хичээсэн. Хичээсний үндсэн дээр сар орчим юм асуухаар л аль хэлээрээ ярихаа мэдэхгүй “Адидүдадэ” гэчихээд л уурлаад яваад өгдөг. Тэгж байж байгаад сарын дараанаас нөгөө хүүхэд чинь хэлнүүдээ тусгаарлаад эхэлсэн. “Монголоор асуух юм бол монголоор хариулна. Японоор асуух юм бол японоор хариулдаг. Аан би чинь өөр өөр хэлээр яриад байгаа юм байна шүү дээ” гэдгээ ойлгоод эхэлчихсэн байгаа юм.

Гэхдээ энэ бас тийм ч амархан байгаагүй. Бид нар нэг өгүүлбэрийг гурван хэлээр хэлдэг байсан байхгүй юу. Гэтэл Анандын үеийн хүүхдүүд орчлон ертөнцийн гоё гоё сэдвүүдийг аав ээжтэйгээ ярьдаг, хэрэлддэг байхад бид нар хэлд орох гэж үзэж байсан. Гэхдээ одоо бол Ананд Монгол хэлээрээ сайн ярьдаг. Англи хэл хэрэглэгдэх нь багасаад өгүүлбэрээр ярьдаг байсан хүүхэд чинь мартаад одоо бол үгнүүдээ л мэддэг. Японоор бол япон хүүхэд шиг ярьдаг болсон доо. Ингээд бодохоор тууштай байдал хамгийн чухал юм билээ.

-Хүүгээ анх цэцэрлэгт өгөхөд, "Бид зөв хүн болгоход их анхаарна" гэж байсан-

-Ананд маань япон цэцэрлэгт явж эхлэх үед аав ээж нь ч мөн хамтдаа цэцэрлэгт оржээ дээ. Цэцэрлэг нь ер нь ямар байдлаар ажилладаг юм бол оо?

-Японд хоёр төрлийн цэцэрлэг байдаг. Нэг нь 0-3 болон 0-6 насны хүүхдүүд аль аль нь явж болдог эцэг эхийг нь ажил хийхийг дэмждэг, цагийн хувьд уян хатан хүүхэд харах төв гэж хэлж болно. Нөгөө нь 3-6 насны хүүхдүүд дүрэмт хувцас өмсдөг, автобусаар гэрээсээ авхуулдаг, цагийн хувьд өглөөний 08.00-14.00 цагийн хооронд явдаг мөн сургуулийн өмнөх боловсрол олгодог гэсэн хоёр төрлийн цэцэрлэг байдаг.

-Цэцэрлэгийн уур амьсгал гэрээр түгэж, хүүгийнхээ япон цэцэрлэгтэй танилцах, хамтдаа суралцах энэ үеэ та тэмдэглэл, нийтлэл болгон бичиж байсан шүү дээ. Хэзээнээс ном болгоё гэх санаа төрсөн бэ?

-Ананд японд очоод эхлээд хүүхэд харах төвд явж байсан. Хүүхэд харах төвд орсон чинь багш нь анх хүлээж авахдаа л “Хүүхдийг бид зөв хүн болгоход нь л анхаардаг” гэж хэлж байсан нь миний анхаарлыг өөрийн эрхгүй татсан гэж болно.

Түүнээс хойш хүүхдүүдийг өдөржин яаж харж, байгааг нь хараад хүүхдээ даатгаж болохоор, бахархалтай мөн дээрээс нь Монголд байхгүй олон авууштай зүйлс байсан учраас нийтлэл болгоод бичсэн чинь олон хүнд хүрсэн. Тэгэхээр япон цэцэрлэгийг хүмүүс ихээр сонирхож байгаа болохоор, "Сонин содон зүйлсийг нь хүмүүс амьдрал дээрээ хэрэгжүүлж магадгүй гэж бодоод, өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд дэвтэр дээрээ бичиж байснаа ном болгоё" гэж бодсон юм. Тэгээд япон цэцэрлэгийн хүүхэд хүмүүжүүлж байгаа арга барил болон өөрсдийнхөө туулсан амьдралыг холбоод энэхүү номоо бичсэн дээ.

-Сая таны яриан дундаас “Зөв хүн” болгоно гэж хэлсэн нь их сонирхол татлаа. Япон цэцэрлэгийн багш нар хүүхдийг хэрхэн зөв хүн болгож хүмүүжүүлдэг юм бэ?

-Зөв хүн гэдгийг тодорхойлоход хэцүү шүү дээ. Маш олон зүйлийг нэгтгэж байж, зөв хүний төсөөлөл буудаг. Япон цэцэрлэгт өглөө хүүхдийг очиход маш сайхнаар инээж мэндэлдэг, орой тарахад нь хүртэл инээж үддэг.

Дээрээс нь хүүхдээ цэцэрлэгт өгсөн анхны өдөр эцэг эхчүүдэд ямар байгааг багш нар маш сайн ойлгодог. Тэгэхээр таны хүүхэд "Эхний өдөр л уйллаа, дараагийн өдрөөс давгүй ээ" гээд ойлгуулдаг. Бид чинь хүүхдээ цэцэрлэгт өгчхөөд цонхоор хараад, өндөлзөөд байдаг. Тэгэх шаардлагагүй юм шиг.

Дээрээс нь эцэг эрчүүд хүүхдийнхээ анхны өдөр зургийг нь авч хадгалмаар байдаг. Гэхдээ бүгдээрээ тэгж чадахгүй шүү дээ. Үүнийг хүртэл багш нар нь их анхаарч байсан. Хүүгээ цэцэрлэгийн эхний өдөр нь авах гээд очиход, “Энэ танай хүүгийн цэцэрлэгийн анхны өдөр” гээд зураг хэвлээд өгч байсан. Энэ мэтээс эхлээд ээж аавуудыг маш сайн ойлгож, ажилладаг нь харагдаж байгаа юм. Энэ энгийн жижигхэн зүйлээс нь би хуваалцаж байна. Нарийн бодлогын түвшинд авдаг арга хэмжээ нь маш гоё.

Бас нэг анзаарсан зүйл нь Японд маш олон цэцэрлэг байдаг. Тэр болгон нь өөр өөр хэр нь бүгд цаанаа нэг зүйлийг дагаж мөрддөг. Харин Монголд тухайн цэцэрлэгийн багш ямар байна тэр цэцэрлэг тийм л байдаг. Тэгэхээр Японд хаана ч ямар ч цэцэрлэгт хүүхдээ өгсөн ерөнхий ханаа бариад байдаг гэсэн үг. 

-Япон цэцэрлэгийн багш нарын харилцаа хандлагыг та их анзаарчээ. Багшийн хандлагаас хамаарч хүүхдийн хөгжил, зөв хүн болж өсөх дадал тэндээс эхлэх болов уу гэж бодогдлоо?

-Товчхондоо ачаалал ихтэй, бага цалинтай. Бүр "Цалингаа нэмье" гээд жагсаал хийж байсан. Монголын багш нартай адилхан ачаалалтай. Асуух зүйл гараад хүүхдээ хүргэж өгөхөөсөө өмнө холбогдоход, аль хэдийн ажил дээрээ ирчихсэн байдаг. Орой хүүхэд харах төвийг тараад, очихоор ажил дээрээ юм бичээд сууж байдаг. Ажлын цаг их, цалин багатай залуухан охид ажилладаг. Тэгэхдээ хэзээ ч хүүхдэд гар хүрэхгүй, муухай дуугаар гомдоох үгийг хэлдэггүй.

Анх хүүгээ цэцэрлэгт өгч байхад, багш болон ээж аавууд хоорондоо өдрийн тэмдэглэл солилцдог байсан. "Өнөөдөр хүү нь хоолноосоо тийм хэмжээтэйг үлдээсэн, ийм өтгөн гаргасан, сэтгэл санаа нь ийм байсан, тоглоом тоглоход хүү нь ийм сэтгэлзүйтэй байсан" гэх мэт тэмдэглэл солилцдог байсан. 

Хүүгийн маань анхны багш намайг монгол гэж мэдээд, бүх зүйлээ монгол хэл рүү орчуулаад, хэлбэр дүрсээр нь дуурайж, бичиж явуулсан. Нэг ёсондоо ээжийг нь маш их хайрлаж, байгаа хэлбэр. Намайг ингээд ярихаар хүмүүс зоддог багш нар байдаг гэдэг. Мэдээж, эрээнтэй, бараантай. Хүүхдэд гар хүрдэг багш нар байдаг. Гэхдээ манай улсыг бодоход авдаг арга хэмжээний хувьд их хатуу чанга. 

-Хамгийн бага зардлаар том зүйлсийг бүтээж болдгийг Япон цэцэрлэгээс харсан-

-Их сонирхолтой юм аа. Та монгол цэцэрлэгт шингээж өгмөөр япон цэцэрлэгийн соёлоос сайтын маань уншигчидтай хуваалцаач?

-Соёл гэхээс илүү монголын цэцэрлэгт жишиг болгох аргууд байдаг. Японд хүүхэд хөгжүүлэх арга барил нь маш төсөв багатай байдаг.

Жишээлбэл, хүүхдийн гарын булчинг сайжруулахын тулд хичээл дээр нь цаас уруулж, наамал наалгаж, стикер хуулуулдаг. Заавал харандаа бал бариулалгүйгээр хаягдал цаас ашиглан бүтээл хийлгэдэг. Эхэндээ хүүгийн бүтээл гээд хогоор хийсэн янз янзын зүйлс ирдэг байсан. Тэр үед гэртээ хадгалаад, бүтээлээр нь бахархдаг байсан. Гэтэл сүүлдээ маш их бүтээлтэй болохоор нь эхнээс нь мэдэгдэлгүй чимээгүй хаяж эхэлсэн.

Тэгэхээр маш их бүтээл хийлгэж, хүүхдийн гарын булчинг ажиллуулдаг. Гарын булчин ажиллаад эхлэхээр, уураг тархины үйл ажиллагаа сайжирдаг шүү дээ. Заавал хоёр, гурван настай хүүхдүүдэд харандаа өгөөд, нэгнээ гэмтээх вий гэж санаа зоволгүйгээр, хаягдал материал ашиглачхаж байгаа юм.

Эцэг эхчүүдэд, “Боломжтой бол сонин авчраарай” гээд захидаг. Тэгээд өнөө сониноо уруулаад, урсныг нь хүүхдүүдээр наалгачихдаг нь гоё. Тэмдэглэлт баяраар “Тийм сүүний савны, тэр хэсгийг нь хайчлаад ирээрэй” гэдэг. Ерөнхийдөө маш бага зардлаар том зүйлийг хийдэг.

Урлаг спортын өдөрлөгөөр ээж аавуудыг байнга цуглуулаад байдаггүй. Монголд байдаг шиг ээж аавууд хүн хөлслөөд, өөрсдөө бэлдүүлээд байдаггүй гэсэн үг. Бүр урлагийн үзлэгээр хүүхдээ юу үзүүлэх гэж байгааг нь ч мэддэггүй. Асуухаар “Багш хэлж болохгүй, нууц” гэсэн гээд огт хэлдэггүй.

Бидэнд ердөө л “Та хүүхдийнхээ гутлыг энүүгээр бүрээд өгөөрэй, энд заавар нь байна” гээд өгчихдөг. Өөрөөр хэлбэл эцэг эхчүүдийг тухайн үйл ажиллагаанд гутал бүрээд оруулчихаж байгаа юм. Бид нар гэртээ хариад зааврын дагуу гутлаа бүрэхэд л хангалттай. Спорт өдөрлөгөөр хүртэл хүүхдийн хэрэглэх зүйлийн бэлдэцийг заавартай нь өгдөг. Өгсөн зүйлийг нь зааврын дагуу хийхэд л хангалттай.

-Япон хүмүүжлээр өсөж байгаа хүү нь монголд ирээд ямар сэтгэгдэлтэй байна вэ?

-Анандын хувьд, монголд ирэх их дуртай байсан. Энд ирэхээр гэр бүл нь, найзууд нь байгаа учраас “Чухал хүн” болчихсон юм шиг санагддаг. Японд бол түмний нэг шүү дээ. Тэгэхээр энд ирээд их гоё, дуртай байсан. Гэхдээ хүүхдийн сэтгэлээр маш их сэтгэгдэл хэлсэн. 

Миний хувьд бол эндээ төрж өссөн учраас нэг их зүйл анзаараад байхгүй, бүр дасчихсан. Харин Анандын хувьд Монголд их хогтой юм аа, явган хүний замгүй газраар алхаж байхдаа, "Машинууд азтай юм аа ийм гоё замтай" гэх мэтчилэн сэтгэгдлүүд хэлдэг.

Анх ирээд тоглоомын талбай дээр хүүхдүүдтэй эвээ олохгүй байдаг байсан. Тоглоомоо булаалгадаг, учраа олохгүй дээрэлхүүлдэг гэх мэт. Харин одоо бол эвээ олчихсон. 

-Япон ээжүүд хүүхэд нь бусдад төвөг болохгүй, бусдын юманд дураараа хүрэхгүй байх дээр арай илүү анхаардаг-

-Япон цэцэрлэг гэснээс, япон ээж болон монгол ээжид ялгаа байдаг уу?

-Би бас япон ээж, монгол ээж хоёрын ялгааг сонирхож байсан. Нийтлэл бичих гээд хоёр япон ээж, найзтайгаа уулзаад, дунд нь дуу хураагуур тавьж байгаад, нэлээн удаан ярилцсан.

Тэр үед хүүхдээ шийтгэдэг үү, гэж асуухад “Шийтгэдэг” гэж хариулсан. Тэгээд цааш нь лавшруулаад ярилцсан чинь япон ээж, монгол ээж нар яг адилхан ээжүүд юм байна лээ. Адилхан ядардаг, ачаалал авдаг, хүүхдийнхээ төлөө хичээдэг. Гэхдээ ганц байдаг ялгаа нь бидний сайн мэдэх, үргэлж ярьдаг "Бусдад төвөг болохгүй байх, бусдын юманд дураараа хүрдэггүй байх, цагаа баримталдаг байх" зэрэг дээр илүү анхаардгаараа ялгаатай юм шиг.

Япон ээжүүд хүүхдүүдээ тоглуулж байхдаа үргэлж хүүхдээ дагаад явдаг. "Миний хүүхэд гэмтэх вий" гэхээс илүү "Бусдад төвөг удчих вий" гэсэндээ илүү их дагаад явдаг байх. Мэдээж хүүхдийнхээ аюулгүй байдалд санаа тавина л даа.

Гэхдээ гулсуур дээр хүүхэд гулгаж байхад араас нь нуруунд хөлөө ойртуулж байгаад гулгах, хэрэвзээ тэгвэл “Хүлээж бай” гэж хэлэхийн тулд ээж нь дэргэд нь байдаг. Хэн нэгний тоглоомыг зөвшөөрөлгүй аваад тоглох вий гэж тэрнээс нь урьтаж “Тоглоомоор нь тоглож болох талаар асуугаарай” гэж хэлэхийн тулд ээж нь дэргэд дагаад явдаг байх. Магадгүй өөр нэг стресстэй хүүхдээс "Тоглоомыг нь хуваалцаж болох уу" гэж, ээж нь өөрөө асууж өгөхийн тулд хажууд нь дагаад явдаг байж мэднэ. 

Монголд ирснээс хойш хүүгээ гадаа тоглуулахад, гулсуураас гулгахад, араас нь хүүхэд шууд нуруунд нь хөлөө жийгээд гулгаж байгаа юм. Харин ийм үйлдлийг японд гаргавал ээж нь “Хөөе чи, болохгүй” гэж сануулга өгөх байсан. Тэгэхэд манайд ингэж хэлэх ээж байгаагүй. Хэрвээ байсан ч “Энэ бол энгийн зүйл гэж хүлээж авна. Ингэж байж л том болно доо” гэдэг. Үүнийг буруутгахгүй л дээ. Гэхдээ япон болон монгол ээжүүдийн дунд ийм ялгаа байдаг. 

-Таны ярианаас үнэхээр сонирхолтой олон мэдээллийн сонсоод номыг нь уншмаар санагдлаа. "Япон цэцэрлэгийн нууцууд" номын онцлог нь юу вэ?

-"Япон цэцэрлэгийн нууцууд" гээд тэмдэглэл маань өмнө нь бичиж байсан нийтлэлүүдтэй харьцуулах юм бол илүү уянга багатай. Яг ээж хүний хувьд, ойлгож, мэдэрсэн бүхнээ тэмдэглээд үлдээсэн. Хүний газар мэдээж ээж хүний, эмэгтэй хүний, сэтгүүлч хүний хувиар их олон үелзлүүд мэдрэгдэж байсан болохоор яг тэр үедээ надад хань болж чадах ганц зүйл нь миний мэргэжил юм байна гэдгийг ойлгосон. Ингэж л хүүгийнхээ цэцэрлэгийн амьдралаас сурсан, ойлгосон, ийм байдаг юм байна шүү гэсэн олон гоё санааг ном болгож бусадтай хуваалцвал хүмүүст бага ч атугай хэрэг болох болов уу гэж бодсон. Тийм учраас энэ номыг уншаад миний мэдэж авсан зүйлсийг мэдэх учраас сонирхолтой байна гэж найдаж байна.

 

-Цаг гарган ярилцсанд баярлалаа.

 

Эх сурвалж: https://eguur.mn/527167/