Үнэт зүйлээ хадгалах нь: Японы боловсролын тогтолцоо

 

ЯПОНЫ ХИЧЭЭЛ

Энэ анализ бүгдэд хэрэгтэй байж магадгүй зарчмууд, практикуудыг танихад тусална. Янз бүрийн тогтолцооноос санааг нь зээлж авахад хамгийн том эрсдэл нь тухайн тогтолцоонууд өөрийн гэсэн онцлог хөрс суурин дээр л үр дүнгээ өгдөг гэдэгт байгаа юм. Заах практик муутай тогтолцоонд сурагчийг сургууль дээр илүү цагаар байлгах нь заалт сайтай тогтолцоотой адил сайн үр дүн өгч чаддаггүй ажээ. Хэрэв сургууль ажиллахад дарамттай гэх мэтээр асуудалтай бол сайн багш нар ажилд аваад үр дүн гарахгүй.

Японы туршлагаас мэдэж авах гэж байгаа бол дээрх болгоомжлол байнга дагалдах ёстой юм. Үүнийг анхаарснаар Японы туршлагаас сурч авч болох зүйлсийн талаарх зарим ажиглалтыг дор танилцуулав. Японы тогтолцоонд буй олон онцлогийг бусад Зүүн Азийн орнууд, ялангуяа Күнзийн нийтлэг өв бүхий орнуудаас олж харж болно. Гэхдээ зарим нь Японы хосгүй онцлог юм. Японы боловсролын туршлагаас сурах зүйлс нь аналитик зорилгод хэрэгтэй. Гэвч энэ нь мөн Японы боловсролын тогтолцооны маш чухал талыг бүрхэгдүүлэх эрсдэлтэй. Тус тогтолцооны алсын зорилго нь сурагчдын когнитив чадварыг хөгжүүлэх гэдгээс илүү ёс зүйн зан үйлд, мерит суурьтай хөгжил дэвшилд, нийгмийн нэгдэл нягтралд суурилсан үнэт зүйлсийг тээгч нийгмийн гишүүдийг бойжуулан хөгжүүлэхэд байгаа юм. Тогтолцоо зөвхөн сурлагын өндөр амжилт үзүүлэх сурагчдыг төрүүлэх төдий бус, харин Япон орон өөрийнхөө хамгийн чухал үнэт зүйлсийг таньж ойлгоход туслах зориулалттай ажээ.

 

Боловсрол нь улсын ирээдүйн түлхүүр гэсэн хамтын итгэл                                                       

Хүүхдийн өмнө хүлээх Япон улсын хариуцлага нь сайхан тунхаг төдий бус, харин хувь хүмүүс ба үндэстэн нэгдэн бүхнээ зориулахад бэлэн тэргүүн зэргийн ач холбогдолтой тодорхой, урт хугацааны үйл ажиллагаа ажээ. Энэ нь Япон улс тэргүүлэх зэргийн багшлах хүчинтэй, япон сурагчдыг гэрт нь дээд зэргээр бэлтгэдэг, сургуулиудыг хөрөнгө, санхүүгээр сайтар хангадаг гэдгийн гол шалтгаан юм.

 

Олон улсад түвшингээ тогтмол тогтоох нь  

Япон нь олон улсын боловсролын харьцуулалтаар өөрийн түвшинг тогтоох үүрэг өмнөө тавьж иржээ. Мейжийн засгийн газраас өнөө үе хүртэл Япон нь хамгийн шилдэг орнууд юу хийж буйг мэдэх, Японы нөхцөлд тохирох зүйлсийн хамгийн сайныг нь зээлж авч, ингэхдээ тэдгээрийг хоорондоо уялдаатай, хүчирхэг нэг цул болгон зангидах талаар шийдвэртэй алхам авч хэрэгжүүлдэг тул багагүй амжилт олжээ.

 

Багш төдийгүй сурагчдын сэдэл онцгой чухал               

Япон сурагчид бага наснаас эхлэн бүхий л ажил амьдралынхаа туршид хүнд хичээл үзэж, түүнийхээ төлөө цуцалтгүй хөдөлмөрлөх сэдэл тэмүүлэлтэй ажээ. Шалгалтаа сайн өгөх нь сайн ажилд орох дээд шаардлага юм. Зарим талаар энэ нь Японы боловсролын тогтолцооны тухай ярианы гол сэдэв билээ. Хэрэв Японд эдгээр сэдэл тэмүүлэл байгаагүй бол үр дүн нь маш өөр байх байв. Бусад улсууд өөрийн сурагчдад хүнд хичээл үзэж, сургуульд хичээж сурах хүчтэй сэдэл бий болгох арга хэмжээ авдаг боловч сурагчид нь үүнд япон сурагчид шиг баяр баясгалантай байдаггүй ажээ. Энэ хоёр хүчин зүйл нэгдсэнээр Япон нь насан туршдаа суралцах хүсэлтэй хүмүүсээс бүрдсэн үндэстэн болжээ.

 

Нягт уялдаатай, төвлөрсөн сургалтын хөтөлбөр

Япончууд үндэсний сургалтын хөтөлбөрөө нэг бүрчлэн нарийвчлан боловсруулахад бусад ихэнх орноос илүү анхаарах ба хөтөлбөрийг бүрэн зааж эзэмшүүлэхийг шаарддаг байна. Хөтөлбөр нь нягт уялдаа холбоотой, цөм сэдвүүд болон тэдгээрийг цаад ухагдахуунаар нь гүн гүнзгий судлахад нямбай анхаарсан, логик давтамжтай, маш өндөр түвшний когнитив сорилт шалгууруудыг тогтоож өгчээ. Үр дүнд нь Японы ахлах сургууль төгсөгчид Барууны олон улс оронд коллеж төгсөгчидтэй харьцуулах хэмжээнд судлагдахууныг бүрэн эзэмшдэг байна.

 

Хүчин чармайлт ба хүлээлт              

Бусад Зүүн Азийн ард түмнүүдийн адилаар япончууд сурлагын амжилт нь байгалиас заяасан авъяас (удамшил)-аас илүүтэйгээр хүчин чармайлтаас хамаардаг гэдэгт итгэдэг байна. Иймд тэд сурагчид нь хүчин чармалт гаргахыг шаардах бөгөөд бүх сурагчдаас өндөр амжилт хүлээдэг байдаг. Өндөр үүрэг хариуцлага хүлээсэн тэдгээр сурагчид (бүх сурагчид) амжилт гаргадаг.     

 

Хөрөнгө хуваарилахад юуг эн тэргүүнд тавьдаг вэ?                         

Япончууд боловсролд бусад аж үйлдвэржсэн үндэстнүүдээс бага хөрөнгө зарцуулдаг байна. Гэвч тэд зарцуулснаасаа хамаагүй их үр дүнд хүрдэг ажээ. Үүний нэг шалгаан нь мөнгийг хэрэгтэй зүйлд нь зарцуулж чаддагт байгаа юм. Бусад аж үйлдвэржсэн өндөр хөгжилтэй орнуудтай харьцуулахад япончууд мөнгийг багш нарт илүү, харин сургуулийн барилга, эд материал, захиргааны ажилтнууд, гоё сайхан үзэмжтэй сурах бичиг гэх мэтэд бага зарцуулдаг ажээ.

 

Хичээл заах зохион байгуулалт                                                                                                                                                              

Дэлхийн бусад газрын багш нараас ялгаатай нь япон багш нар наад зах нь зарим хичээлийг олон сурагчтай ангид илүү сайн заадаг байна. Энэ нь сурагчид асуудал шийдэх стратегийг илүү олноор гарган тавьж, түүнээсээ суралцдагтай холбоотой. Илүү олон сурагчид янз бүрийн санаа бодож олж гаргаснаар жинхэнэ амьд хэлэлцүүлэг өрнүүлж чаддаг байна. Жишээ нь, шинжлэх ухааны хичээлүүдэд асуудал шийдвэрлэх стратегиэр дамжуулан судалж буй сэдвээ илүү гүнзгий ойлгоход түлхэц болох олон тооны лабораторийн туршилтын үр дүнг хэрэглэдэг ажээ. Мөн энэ нь япон багш нарт хичээлээ төлөвлөхөд илүү цаг зарцуулах, бусад багш нартай ажиллах, туслалцаа хэрэгтэй сурагчидтай ганцаарчлан ажиллах, хичээлийн судалгаанд оролцох боломжийг олгоно. Энэ бүхэн улмаар сурагчдын сурлагыг сайжруулдаг байна.

 

Бүх сурагчаас өндөр амжилт хүлээх нь

Барууны орнуудтай харьцуулахад Японд тусгай боловсролын сургуулийн сурагчдын харьцаа тал хувиар бага байдаг нь ихэнх Зүүн Азийн орнуудтай адилхан юм. Барууны зарим орон үүнийг туслалцаа шаардлагатай сурагчдад анхаарал хангалтгүй тавьж байна гэж шүүмжилдэг. Зарим талаар энэ нь үнэн байж магадгүй. Гэвч Барууны орнууд тусгай боловсролд илүү их хөрөнгө зарцуулдаг боловч тусгай боловсролын ангид хуваарилагдсан олон сурагч тааруухан суралцдаг байна. Үүний шалтгаан ердөө багш нар нь тэдний сурлагын талаар нэг их зүйл хүлээдэггүйд байгаа ажээ.

Өмнөх хэсэгт авч үзсэн япон багш нарын хичээл заах аргазүйгээс харахад япон багш нар бусад Зүүн Азийн орны тогтолцоотой адилаар сурагчийн хувь хэрэгцээнд тохируулан заахын тулд их хөдөлмөрлөдөг нь тодорхой юм. Энэ нь бүх, эсвэл бараг бүх сурагч стандартыг өндөр түвшинд хангаж чадна гэдэг суурь үзлийн үр дүн ажээ. Барууны олон оронд сурагчийн сурлагийн амжилт байгалиас заяасан чадвараас хамаарна гэсэн суурь үзэл байдаг. Тэгвэл тэдгээр орнуудад илүү дээгүүр түвшинд сурлагын амжилт гаргаж чадах сурагч доод түвшинд тохируулсан сургалтын хөтөлбөр судалснаар жинхэнэ чадвараа харуулж чаддаггүй. Энэ нь тусгай боловсролын жишээнээс тод харагддаг юм.

 

Багшийн мэргэжлийн хөгжил: сурагчийн амжилтын хүчирхэг хөдөлгүүр             

Япон нь багшийн практикийг тасралтгүй сайжруулах шинэ санааны лаборатори юм. Тэрхүү санаа “хичээлийн судалгаа”-гаар дамжин Японы сургуульд биелэлээ олно. Энэ практик Японы сургуулийн чанартай заалтад чухал хувь нэмэр оруулдаг байна.

 

Сургуулиас ажлын талбарт шилжихэд нямбай анхаарах нь

Япон нь сурагчдыг ажиллах хүчний талбарт гаргах маш үр дүнтэй тогтолцоотой улс юм. Насан туршийн ажил эрхлэлтийн санаа нь юу вэ гэвэл энэ нь сургууль буюу их сургууль төгсөөд шинээр ажиллах хүчин болж буй залуу хүмүүсийг тасралтгүй боловсруулж, сургахад их хэмжээний хөрөнгө оруулах нь ажил олгогчдын хувьд ашиг тус өгөхүйц нөхцөлийг бүрдүүлдэг байна. Энэ тогтолцоо залуусын ажилгүйдлийг доогуур түвшинд барьдаг ба сурагчид нь аль хэдийн хөдөлмөрлөж сурсан байдаг тул үр дүнтэй ажээ. Энэ нь мөн ажлын багтаа үнэнч, бусадтай хамтран ажилладаг, цаг барьдаг, ажлаа хугацаанд нь хийдэг ажилчдыг бэлтгэн гаргана. Тус тогтолцоо хэрхэн сурахаа мэддэг, сурах их дур сонирхолтой, үлэмж хэмжээний цогц чадвар эзэмшсэн сурагчдыг төрүүлж гаргадаг байна. Ажиллах хүчин бэлтгэдэг Японы туршлагыг сонирхсон бусад улс тус тогтолцоо хэрхэн ажилладагийг нарийвчлан судлах талаар бодож үзэж магадгүй л юм.

 

Амьдралд зориулсан ёс суртахууны боловсрол 

Япончууд тэдний боловсролын хамгийн чухал хэмжүүр нь ёс суртахууны хэмжүүр гэж үргэлж үздэг. Энэ нь хүмүүс хэрхэн зан үйлээ удирдаж, хэрхэн нэг нэгэнтэйгээ холбогдох вэ гэдэг хэмжүүр юм. Японы сургалтын хөтөлбөр нь тус улсын засгийн газрын ёс суртахууны боловсролын хөтөлбөрт бүхэлдээ нийцдэг ажээ. Хэдийгээр бага сургуульд ёс суртахууны боловсролын бие даасан хичээлүүдийг заадаг боловч энэ хөтөлбөр түүнээс хамаагүй илүү өргөн хүрээг хамарчээ. Үндэсний сургалтын хөтөлбөрт ёс суртахууны тусгайлсан хичээл заадаггүй ахлах сургуульд ч бүх үйл ажиллагаа ёс суртахууны боловсролд хамаатай гэдгийг чухалчилсан байна. Хөдөлмөр ба тэсвэр тэвчээрийг урамшуулж, өөрийгөө сорьж буй сурагчдыг сайшааж, сурагчдыг сургууль болон нөхөддөө туслах үйл ажиллагаанд татан оруулж, бусдын тусын тулд хариуцлага үүрч, даруу төлөв занг урамшуулж, нэг нь сайн зүйл хийвэл бусдад нь тийм итгэл өгөх хүчин чармайлт гаргаж буйг сургуулийн хаанаас ч харж болно. Ахмадууд болон багш нараа хүндлэх, зөв зүйл хийх, дэгтэй, зохион байгуулалттай байхыг сурагчдад янз бүрийн арга замаар заадаг байна. Ёс суртахууны нийтлэг жишигт тавих энэ төрлийн анхаарал нь бизнесийн ёс зүйгээс эрүүл мэндийн халамж хүртэл, тогтвортой байгаль орчноос гэмт хэрэг хүртэл нийгмийн амьдралын олон талыг нөлөөлдөг гэдгийг төсөөлөхөд хэцүү биш юм. Зарим орон ёс суртахууныг шууд, ил зааж сургадаг бол зарим нь шууд бус замаар үүнийг хийдэг. Гэхдээ хүүхдүүдийнхээ боловсролын энэ талыг үл тоодог улсад юу тохиолдож болохыг бодож үзэх л хэрэгтэй.

 

Хүчирхэг хариуцлагын тогтолцоо бол нийгмийн капитал

Гадны зарим ажиглагч Япон нь хариуцлагыг бэхжүүлэх үндэсний хэмжээний үнэлгээ (үнэлгээнд суурилсан хариуцлагын тогтолцоо) байхгүй тул албан хариуцлагын тогтолцоогүй юм байна гэдэгт итгэдэг. Гэвч Японд маш хүчирхэг хариуцлага бий. Сурагчид багш болон эцэг, эхийн өмнө их хариуцлага хүлээдэг. Сургуулийн бүх багш нь хичээлийн судалгаа хийдэг тул бусад багш нарын заалт сайн, муу гэдгийг мэдэх энэ тогтолцоонд багш нар нэг нэгийхээ өмнө хариуцлага хүлээнэ. Ахлах сургууль, их сургуулиудын чансааны эрэмбийг хүн бүр мэддэг учраас тэд тэдгээр ахлах сургууль, их сургуульд сурагчдыг бэлтгэх байгууллага, багш нарыг хэрхэн эрэмблэхээ ч мэднэ. Элсэлтийн шалгалтын гүйцэтгэл нь сурагчдын цаашдын амьдралд үлэмж нөлөөлөх тул энэ нь мөн тийм хэмжээний хариуцлага гэсэн үг юм.