Сурлагын амжилтын төлөө: Канадын боловсролын тогтолцоо

 

КАНАДЫН БОЛОВСРОЛЫН АМЖИЛТ  

Канад PISA үнэлгээнд өндөр амжилт гаргасныг тайлбарлаач гэхэд Канадын хэд хэдэн албан тушаалтан, шинжээч боловсрол дахь үндэсний засгийн газрын үүргийг дурдаагүй бөгөөд өөрийн бодож буй дараах санааг хэлсэн юм. Эдгээрийг ерөнхийд нь гурван категорид ангилж болох юм: Канадын соёл, Канадын төрийн халамж, тусгайлсан бодлогын гурван хүчин зүйл (багшийг сонгох, тэгшитгэсэн санхүүжилт, мужийн сургалтын хөтөлбөр).   

 

Соёлын хүчин зүйл

Соёлын хувьд Канадад эцэг, эхчүүд хүүхдийнхээ боловсролыг ихээр дэмждэг бөгөөд сургууль боловсролыг үнэт хөрөнгө гэж харна. Канад сурагчдын чөлөөт цагаараа унших зан хэвшлийн талаарх PISA-ийн судалгаанд канад сурагчид дэлхийн бусад орны хүүхдүүдээс илүүтэйгээр уншихыг өдөр тутмын зугаатай зүйл болгосон байдаг гэдгийг сануулж байна. Соёл нь их өргөн хүрээний бөгөөд хэмжихэд хэцүү зүйл юм. Соёл боловсролын стратегиараа хоорондоо ялгагдах мужуудын ижил төстэй байдлыг тайлбарлахад тус болж чадахгүй учраас үүний нөлөөлөх чадавхи хязгаартай мэт.

 

Төрийн халамж

Хэдийгээр Канад нь мужид суурилсан боловсролын тогтолцоотой боловч Эдийн засгийн их хямралын үед бий болж, 1960-аад онд үргэлжлэн хөгжсөн үндэсний халамжийн хүчирхэг тогтоцоотой орон юм. Ажиглагчид энэ нь боловсролын хоёр чухал үр дагавар дагуулсан гэж сануулдаг. Нэгдүгээрт, хүүхэд, эцэг эхчүүд үндэсний эрүүл мэндийн даатгалын тогтолцоонд хамрагддаг ба насанд хүрэгчид нь хүчирхэг нийгмийн хамгааллын сүлжээгээр дамжуулан капитализм дахь сөрөг муу өөрчлөлтөөс хамгаалагддаг. Олон улсын жишигтэй харьцуулахад Канадад ядууралд өртсөн хүүхдийн тоо өндөр ажээ (үнэлгээнд оролцсон бусад 23 оронтой харьцуулахад тус улс ядууралд өртсөн хүүхдийн тоогоор эхнээсээ 7-д орж байна). Ядууралд өртсөн хүүхдээр авч үзвэл мужуудын ялгаа PISA үнэлгээний оноонд илрэн харагдаж байна (Жишээ нь, хамгийн цөөн ядуу хүүхэдтэй Алберта муж PISA үнэлгээнд хамгийн өндөр оноо авсан байна. Өөрөөр хэлбэл, ядуу хүүхэд олонтой мужууд илүү доогуур оноотой байна).

Хоёрдугаарт, өмнө талд нь буй цорын ганц хөрш (АНУ)-тэй харьцуулахад Канадад төрийн халамж ба нийтийн сайн сайхны төлөө үзэл илүү бат бөх суужээ. Эрүүл мэнд ба бусад нийгмийн үйлчилгээ зөв, шударга гэсэн санаа нь тухайн нийгэм бүх хүүхдийнхээ боловсролд хамтаар хариуцлага үүрэх ёстой гэсэн хамтын хэм хэмжээт боловсролд нь тусгалаа олжээ. Энэ хэм хэмжээг төрийн халамжтай хамтатгаснаар бүх сурагчдаас сурлагын өндөр амжилт хүлээх уур амьсгал нийгэмд бий болжээ. Харвардын их сургуулийн профессор, олон жил Канадын сургуулиудтай хамтарч ажилласан Ричард Элмори тус илтгэл тайланд ярилцлага өгөхдөө ингэж хэлсэн юм:

“Канадын тогтолцооны бүтэц, материаллаг бааз нь (мэргэжлийн сургалтын газрууд, мэдээлэлд суурилсан сургалтын мэдээллийн сан) АНУ-тай яг ижил юм шиг харагдавч ажил хийх соёл нь бүхэлдээ ялгаатай. Канадын багш нар төр сурагчдыг сургуульд хамруулснаараа өөрт оногдох ажлыг хийсэн, харин тэднийг сурган боловсруулах явдлыг батлах нь багш нарын гүнээ ухамсарласан зайлшгүй үүрэг, хариуцлага юм гэж үздэг.” (Түүнээс энэ ярилцлагыг тус тайланд зориулан авсан)

 

Бодлогын хүчин зүйлс

Бодлогын хувьд үндэсний хэмжээнд зохицуулах байгууллага дутагддаг боловч бидний асуусан хүмүүс мужуудын зарим гол бодлого хоорондоо нэлээд ижил гэж хариулсан юм. Үүний шалтгаан нь бусад салбарт эрдэмтдийн “изоморфизм” гэж нэрлэдэг тэр зүйл, өөрөөр хэлбэл зохион байгуулалтын хувьд бусадтай адилхан болсноор жинхэнээсээ тэдэн шиг болох гэсэн хүсэл ажээ. Канадад Боловсролын сайд нарын зөвлөл (БСНЗ) байдаг. БСНЗ нь мужуудын боловсролын сайд нар өөрийн үйл ажиллагааг харилцан зохицуулах зорилготой форум юм. Тус субъект сайд нар бүгд санал нийлсэн үед л бодит арга хэмжээ авч хэрэгжүүлдэг (тогтмол бус) тул үр нөлөө нь хязгаарлагдмал хэмээгддэг. Гэвч энэ форум мэдээлэл солилцох чухал үүрэг гүйцэтгэдэг бөгөөд үнэ цэнэтэй санаа, практикийг мужуудад нэвтрүүлэх боломж олгодог байна.

Британий Колумбын их сургуулийн профессор, Канадын боловсролын тухай сурах бичгийн зохиогч Нэйл Гаппи тус тайланд зориулан өгсөн ярилцлагадаа ийм байдлаар сануулж хэлсэн юм:

“Миний хувьд бие даасан байдал (автономи) үеэ өнгөрөөсөн: мужуудад хэрэглэдэг олон сурах бичиг адилхан, бидний багш боловсролын хөтөлбөрүүд маш ижил, сургуулийн бүтэц зохион байгуулалт маш адил, эвлэл нэгдэлүүд нь ижил, сургуулийн удирдлагын боловсон хүчин нь муж хооронд асуудал багатайгаар шилждэг гэх мэтээр. Хэдийгээр бид SAT буюу үндэсний хэмжээнд нэгдсэн үнэлгээ байхгүй ч гэсэн миний мэдэхээр бүх их сургууль муж бүрийн сурагчийн дүнг хооронд нь шилжүүлж тооцдог. Бусдынхаа хуулийн хүрээнд шийдэж, зохицуулж буй байдлаас дуурайх, харах нь их. Англи хэлээр ярилцдаг ихэнх мужид та нэг мужаас нөгөө мужид очиход хот, хөдөөгийнх шиг их ялгааг мэдрэх янзтай.” (Энэ тайланд зориулсан ярилцлага)

Бодлогын дараах гурван нийтлэг хүчин зүйлсийг (төрийн халамж, соёлын шалтгаанаас гадна) Канад даяар боловсролын амжилт гаргахад маш чухал хэмээн онцолсон болно:

“Муж даяар мөрдөх сургалтын хөтөлбөрүүдтэй болсон. Тэдгээрийг багш ба судлагдахууны экспертийн багуудтай өргөн хүрээнд зөвлөлдсөнөөр мужийн боловсролын яамд боловсруулна. Зарим мужид тэдгээр хөтөлбөр нэлээд дэлгэрэнгүй бол зарим мужид хөтөлбөр нь хэзээ, юу сурах ёстойг тодорхойлсон товч удирдамж маягаар хэрэглэгддэг. Тэдгээр хөтөлбөр ангийн практикт нэвтрэх нь нэлээд хэмжээгээр харилцан адилгүй боловч тэдгээр нь ямар сурагч хэдэн насандаа юу сурах ёстой вэ гэдгийн суурь удирдамж болдог байна. Ойрын жилүүдэд баруун хэсгийн зарим жижиг муж Нэгдмэл цөм стандартай болохоор хамтдаа холбоо байгуулан ажиллаж буй АНУ-ын муж улсуудтай адилаар муж хооронд илүү нэгдмэл байдал бий болгохын тулд хүч чармайлтаа харилцан хамтатгах чиг рүү явж байна.”

Багш нарыг сонгохдоо өндөр шаардлага тавьсан. PISA үнэлгээг хошуучилж буй орнуудын талаарх 2007 оны МакКинсей компаний тайланд PISA-ийн тэргүүлэгч орнуудыг доогуур амжилттай орнуудаас ялгаж буй нэг хүчин зүйл нь багш боловсролын хөтөлбөр багшийг авъяас чадвартнуудын тэргүүний хэсгээс сонгон авч чадаж байна уу гэдгээр тодорхойлогдож байна гэж онцолж дурджээ. Онтарио мужийн орлогч сайд асан, нэр нь олон удаа иш татагдаж алдаршсан Канадын боловсролыг судлаач Бен Левин Канадад багшийн коллежид элсэх өргөдөл гаргагчид үе тэнгийн сурагчдынхаа шилдэг “30 хувь”-д багтдаг гэж хэлсэн юм. Бидний ярилцлага авсан нэг канад багш “Яаж ийгээд аргалах гарц байдаг даа, АНУ руу явбал үүнийг үргэлж олно. Тэнд ямар ч хүн шаардлага хангадаг юм. Үүнийг бүгд мэднэ” гэж онцолж хэлээд,  харин Канадад багшийн коллежид орох хэцүү байсан хэмээн тайлбарлав. Зарим хүмүүс Канадын багш сургах байгууллагад олж авсан боловсрол нь өндөр түвшний чанартай хэмээн харж байна. Левиний тооцсоноор АНУ-д ийм сургалтын байгууллага хэдэн зуугаар байдаг бол үүний эсэргээр Канад даяар сургалтын чанарыг нь илүү хянах бололцоотой 50 орчим байгууллага байна. Бусад ярилцагчид багшийг сонгох шалгуур өндөр гэж хэлсэн боловч сургалтын байгууллагуудын чанарт эргэлзэж байсан юм.

Тэгшитгэсэн санхүүжилт. Санхүүжилт бүхэлдээ буюу бараг бүхэлдээ мужийн түвшин рүү шилжсэн боловч мужууд гачигдалтай зарим сурагчид зориулан хөрөнгө хуваарилж гаргах чадвартай юм. Мужаас дүүрэгт олгох санхүүжилтийг ерөнхийд нь гурван категори болгон хуваана: сурагчийн тоонд суурилсан багц санхүүжилт, тусгай хэрэгцээт хөтөлбөр (тусгай боловсрол г.м)-ийг санхүүжүүлэх, эсвэл үндсэн үйлчилгээ үзүүлэхэд учирсан хүндрэл, сорилт (алс дүүрэгт илүү тээвэрийн зардал хэрэгтэй)-ыг давахад дүүрэгт туслах зориулалттай категорийн санхүүжилт, зарим ядуу дүүргүүдийг тэгш боломжоор хангахын тулд орон нутгийн санхүүжилт авдаг дүүрэгт зориулсан тэгшитгэх санхүүжилт.

Дээрх хүчин зүйлс нь Канадын албан тушаалтнууд, ажиглагчдын багахан хэмжээний түүвэр төлөөлөл өөрсдийн амжилтыг хэрхэн ойлгож буйг харуулж байна. Гэвч илүү их судалгаа, анализ хэрэгтэй гэдэг нь тодорхой. Ийм амжилт гаргаагүй боловч төвлөрсөн сургалтын хөтөлбөртэй олон улс орон, муж улс/муж бий. Мөн мөнгө тус болдог, гэхдээ энэ нь хэрхэн зарцуулахаас шалтгаалдаг гэдгийг үлэмж сануулах санхүүжилтийн ач холбогдлын талаар онолын өргөн хүрээний маргаан буй. Багшийн сонгон шалгаруулалтын аргумент нь PISA-ийн тэргүүлэх орнуудыг бусдаас ерөнхийд нь ялгаж өгдөг цөөн хүчин зүйлийн нэг учраас энэ нь илүү үнэний хувьтай юм. Ерөнхийдөө Канадын боловсролын тогтолцооны голлох дүр зураг PISA үнэлгээнд их, бага ямар нэг хэмжээгээр амжилт гаргасан бусад олон тогтолцооноос тийм ч их ялгаатай харагддаггүй, иймд Канадын амжилтын сурвалжийг мэдэх нь онцгой хэцүү билээ.

Адил бүтцүүд өөрсдийн оршин буй соёлоос шалтгаалаад ажиллагааны хувьд их ялгаатай байж болно. Сургалтын хөтөлбөр, санхүүжилт, авъяаслаг багш нь муж ба сургууль хамтран ажиллах талд санаа нэгдэж, сурагчдын амжилтын төлөө дотоод хамтын хариуцлага хүлээх эрмэлзэлтэй тохиолдолд л чанартай боловсрол олгох эх сурвалж болж чаддаг юм. Дараагийн хэсэгт Онтарио мужийн ийм нэг жишээгээр аялах болно. Гэхдээ үүнээс өмнө Канадын сурлагын амжилтын нэгэн хосгүй элментэд анхаарлаа хандуулъя. Энэ бол цагаач хүүхдүүдийн боловсрол билээ.