Умардаас гялалзах од: Финляндын боловсролын тогтолцоо

 

Дараагийн арав гаруй жилийн хугацаанд дүрмийн сургуулийн элсэлт огцом нэмэгдэж, сурагчийн тоо 34 000-аас 270 000-д хүрэв. Энэ өсөлтийн ихэнх нь 1950-иад оноос засгийн газрын татаас авч, илүү нийтийн хяналт дор байх болсон хувийн суруулиудад хамаарч байлаа. Энэ өсөлт хүүхдүүддээ илүү их боловсролын боломж олгох гэсэн жирийн финчүүдийн эрмэлзэлийн илэрхийлэл байсан төдийгүй тус орны улс төрийн удирдагчдад илгээх сануулга болжээ. Дайны дараах арван жилд парламент боловсролын шинэчлэлийн гурван комисс удаа дараа байгуулав. Комисс тус бүрээс гаргасан зөвлөмж нь Финляндын бүх залуу хүмүүст сурч боловсрох илүү тэнцүү боломж олгох шаардлага улам нэмэгдсэнээс үүдэн үүнд нийцсэн боловсролын тогтолцоо байгуулах, энэ үйл хэрэгт зориулан олон нийтийн дэмжлэг, улс төрийн хүсэл зориг бий болгоход чухал түлхэц болсон байна.

1945 онд байгуулсан анхны комисс бага сургуулийн сургалтын хөтөлбөрт анхаарлаа хандуулсан бөгөөд комисс тухайн үед ихэнх фин сургуулийн онцлог болж байсан, сургалтын төлөвлөгөөний агуулгыг хатуу баримталдаг Герман сургуулийн загварыг сөргүүлэн илүү хүмүүнлэг, хүүхэд төвтэй алсын харалтыг дэвшүүлж тавив. Мөн энэ комисс өөрийн ажлын хүрээнд 300 сургууль дээр судалгаа явуулсанаар судалгаа нь бодлогын хөгжлийг хэрхэн залуурдаж болох вэ гэдгийн жишээг харуулж, санал болгосон ажээ.

1946 онд байгуулсан хоёрдахь комисс сургуулийн тогтолцооны зохион байгуулалтад анхаарлаа хандуулав. Комисс бүх сурагчдад зориулсан (бага, дунд сургуулийг хамтатгасан 1-8 дугаар анги бүхий) нийтлэг сургууль байгуулахыг дэмжин санал болгов. Гэвч энэ нь их сургуулиуд, дүрмийн сургуулийн багш нарын зүгээс эсэргүүцэлтэй тулгарч, улмаар комиссын тайлан дахь зөвлөмжүүд удалгүй мартагджээ.

Гэвч арван жилийн дараа нийтлэг буюу цогц сургуулийн санаа Сургуулийн хөтөлбөрийн комиссын зөвлөмжид дахин хөндөгдөв. Энэ удаа тус санааг орхисонгүй. Комисс Финляндад дүрмийн сургууль ба орон нутгийн сургуулийг нэгтгэж, заавал эзэмших боловсролыг орон нутгийн захиргааны удирдлага дор 9 жилийн дунд сургуулиар олгох зөвлөмж гаргасан байна. Энэ санал суурь үнэт зүйлс ба итгэл үнэмшлийн талаар үлэмж маргаан дэгдээв. Бүх сурагчийг зөвхөн дүрмийн сургуулийн сурагчдаас шаарддаг түвшинд боловсруулан сургаж чадах уу? Бүх залуус өндөр түвшинд боловсрол эзэмших нь нийгэмд хэрэгтэй юу? Бүх залуус (дүрмийн сургуульд шаарддаг) фин, швед хэлнээс гадна гуравдахь хэл мэдэх үнэхээр хэрэгтэй юу, үүнийг тэднээс хүлээх нь шударга уу? Дараагийн хэдэн жилд энэ маргаан үргэлжлэв. Гэвч эдийн засгаар өрсөлдөх Финляндын санаархал ихээхэн нэмэгдэж, нийгэм, эдийн засгийн тэгш байдлыг хангах шаардлага нэмэгдэх тусам парламентад ирэх шахалт нь шинэ нийтлэг сургууль байгуулах зөвлөмжийг анхааран авч үзэхэд хүргэсэн байна. Эцэст нь 1968 оны 11-р сард парламент давуу олонхын саналаар 9 жилийн (бага, дунд сургуулийн хамтатгасан) цогц дунд сургууль бүхий шинэ суурь боловсролын тогтолцоо байгуулах хууль баталжээ.

Суурь боловсролын цогц сургуулийн санаа тойрсон улс төрийн үйл явцыг ахин дахин хөндөж буй шалтгаан нь ихэнх фин шинжээчид бага, дунд сургуулийг хамтатгасан цогц сургууль (фин хэлээр peruskoulu) нь дараагийн бүх шинэчлэлийн суурь болно гэдэгт итгэдэгт байгаа юм. Гадаад ертөнцөд Финий боловсролын түүхийг хөрвүүлэн ойлгуулагч гэдгээр танигдсан, Олон улсын хөрвөх чадвар, хамтын ажиллагааны төвийн захирал Паси Сахлберг тус тайлан илтгэлд зориулан ярилцлага өгөхдөө “Цогц сургууль нь зүгээр нэг сургуулийн зохион байгуулалтын хэлбэр биш юм. Энэ нь боловсролын философи, мөн бүх хүүхдэд хэрэгтэй, бас тэдэнд хүртээх ёстой тэр зүйлд зориулсан нийгмийн үнэт зүйлсийн бат бэх цогц юм” гэж сануулсан юм.

Сургуулийн зохион байгуулалт зэрэгцээ хэлбэрээс нэгдмэл цогц тогтолцоонд шилжих нь том сорилт байсан бөгөөд шилжилтийн үе шат удаан, болгоомжтой үргэлжилж байлаа. Хэрэгжүүлэлтийн ажил 1972 он хүртэл эхлээгүй байна. Энэ ажил анх хойд Финляндад эхэлж, улмаар илүү олон хүн ам бүхий өмнөдийн хот, суурин руу зөвхөн аажмаар шилжжээ. Шинэ цогц тогтолцоог хамгийн сүүлд өмнөдийн засаг захиргааны нэгжүүдэд 1977 онд хэрэгжүүлсэн ажээ