Хүүхэд цэцэрлэгтээ үлдэхгүй гээд уйлаад байвал яах вэ?

Зарим хүүхэд цэцэрлэгт явж буй анхны өдрөө ч ямар нэг асуудалгүй шууд ангийнхаа хүүхдүүдтэй тоглоод явчихдаг. Гэтэл зарим нь ээж ааваасаа салж хоцрох дургүй, нулимсаа дуслуулан зогсоно. Хүүхдийн ийм байдал ээж аавыгаа ч багагүй хямралд оруулна.  “Ангид нь шууд орхиод явах уу?”, эсвэл “Буцаад гэр рүүгээ аваад явсан нь дээр үү” гэх мэтээр эргэлзэнэ.

 Ийм тохиолдолд яах вэ гэсэн асуултад Др.Фриц Янсен (Dr.Fritz Jansen) ийнхүү зөвлөж (www. eltern.de) байна.

Цэцэрлэгт үлдэх болохоороо хүүхэд маань уйлах юм. Ийм үед яаж зөв харилцах вэ?

-  Орхиод явсан нь дээр.  Харин дараа нь хүүхдийнхээ багшаас хэр удаан хугацаагаар уйлсныг нь асуух хэрэгтэй. 10 минутаас илүүгүй хугацаанд уйлаад больсон бол энэ нь ноцтой асуудал биш.

Уйлуулаад орхих нь хүүхдийн сэтгэцэд цаашид муугаар нөлөөлөхгүй гэж үү?

-   Хэрэв өдрөөс өдөрт хүүхдийн тань уйлах хугацаа богиносож байвал энэ арга зам зөв. 10 минут хүртэлх хугацаанд уйлахад хүүхдэд аюултай биш, танаас илүү анхаарал халамж л хүсэж байна гэсэн үг. Тэгэхээр та тайван байж, багш нарт нь итгэл өг. Хэд хоноод, удлаа гэхэд дөрвөн долоо хоногийн дотор хүүхэд уйлахаа болино.

Хэрэв хүүхэд 10 минутаас урт хугацаагаар уйлаад байвал яах вэ?

  • Ийм тохиолдолд магадгүй та айж түгшиж эхлэх байх л даа. Хүүхэд би ээжгүйгээр цэцэрлэгт зайлшгүй  байх ёстой гэдгээ ойлгож мэдэрсэн тохиолдолд сөрөг үр дагавар үүсээд байхгүй.

 

Хатуурхаж чадалгүй, хүүхдээ заримдаа гэр рүүгээ буцаагаад аваад явбал яах вэ?

  • Ингэснээр хүүхдээ хамгаалж,  айдаснаас нь ангижруулж байна гэж эцэг эх бодож магадгүй. Энэ бол тийм биш. Ийнхүү тууштай биш, мөн учир шалтгааныг нь тайлбарлаж ойлгуулахгүй бол харин хүүхдэд сэтгэцийн асуудал үүсэж болзошгүй.

 

Ер нь бүх хүүхэд хамгийн удаандаа 4 долоо хоногийн дотор уйлахаа больчих уу?

-  Үгүй. Гурав дахь бүлэгт хамрагдах, өөрсдөө асуудлаа шийдэж чадахгүй  хүүхдүүд бас бий. Ийм хүүхдэд мэргэжлийн туслалцаа авах нь хамгийн чухал. Гаднаас нь хараад бусад хүн ойлгохгүй, харин тухайн хүүхдэд бол айдас бодитойгоор оршиж, тэд хүнд нөхцөл байдалд байж болох тал бий.

Хүүхэдтэйгээ ярилцсанаар энэ асуудлыг шийдэж болох юу?

  • Харамсалтай нь үгүй. Цэцэрлэгийн хүүхэд асуудлаа үгээр илэрхийлэн гаргаж хараахан чаддаггүй. Тийм учраас мэргэжлийн хүн, газар дээр нь (цэцэрлэгт) удаан хугацаагаар ажиглаж байж учир шалтгааныг нь илрүүлдэг.

 

Хүүхэд ер нь цэцэрлэгт юунаас айдаг юм бол?

  • Хүүхэд эцэг эхээсээ холдож тусгаарлагдахдаа голдуу айдастай тулгардаг. Аймхай хүүхдэд энэ нь илүү илэрнэ. Эхлээд тухайн хүүхдэд бусадтай байхад юу нь хэцүү байгааг илрүүлэх хэрэгтэй. Ингээд бэрхшээлээс нь ангижрах, шинэ орчинд дасах, бусдын дунд байж сурахад туслах ажлыг хийнэ.

 

П.Жаргал