Тоглох, муудалцах, сайндах

Хүүхэд бусдын дунд байж, өөрийн эрэлт хэрэгцээ болон бусдын хүлээлтийн тэнцвэрийг олж сурах нь нийгэмшихүйн чадамжийн чухал үзүүлэлт. Иймээс багш хүүхэдтэй ажиллахдаа өдөр тутам тэдэнд энэ чиглэлээр туршлага хуримтлуулах орон зайг бий болгож байх нь чухал. Үүнтэй холбогдох зарим тоглоомыг нийтэллээ (Renate Zimmer. 2020).

Мөсөн хаан

Тоглоомын явц: Нэгэн мөсөн хаан эргэн тойрныхоо бүх зүйлсийг мөс болгон илбэдэж, өөрийн улсаа мөсөн орон болгожээ. Тэгээд хаан бүх оршин суугчид (хүүхдүүд)-аа мөн хөлдөөхийг хүссэн байна. Хаан тэднийг хөлдөөхийн тулд хүүхдэд шидэт таягаа хүргэнэ. Түүний таяг хүрч илбэдүүлсэн хүүхэд жижигхэн “мөсний хэсэг” болно (доошоо явган сууна). Бусад хүүхэд шидэт таяганд өртөхгүйг хичээхийн зэрэгцээ мөс болсон хүүхдэд нарны халуун цацраг илгээж, түүний мөрөнд хоёр гараараа хүрч "гэсгээнэ". Гэссэн “мөс” дахин хүүхэд болж, тоглоомд оролцоно.

Тайлбар: Энэ тоглоомд бусадтай харилцахдаа "бие биедээ туслах" нь чухал гэсэн санаа агуулагдана. Тэд баригдсан хүүхдэд тусламж хэрэгтэй болж байгааг мэдэрч, хүчин чармайлт гарган “гэсгээж” туслалцаа үзүүлнэ.

 

Яст мэлхий

Тоглоомын явц: Хүүхдүүд яст мэлхий яаж хөдөлж, явдгийг бодно. Тэд том матрасс (дэвсгэр) дээр яст мэлхий болж, дөрвөн хөллөн аажмаар, болгоомжтой мөлхөнө. Хоёр яст мэлхий таралдах тохиолдолд нэг нэгийгээ нуруун дээр нь эргүүлж дээш нь харуулах гэж оролдоно. Аль нэг нь  нуруун дээрээ эргэсэн тохиолдолд хоёр хөлөө савлан хэвтэх бөгөөд өөрөө эргэж доошоо харж чадахгүй. Иймд энэ тоглоомд дээшээ харсан яст мэлхийг эргүүлэх хоёр “яст мэлхий” туслагчаар ажиллана.

Тайлбар: Бага насныханд бие махбодынхоо хөдөлгөөн, хүчийг ашиглан тулалдах, ноцолдох эрэлт хэрэгцээ байдаг.  Энэ нь хүчирхийллийн шинж тэмдэг биш бөгөөд тэдэнд өөрийнхөө хүч, хэмжээ хязгаарыг мэдэж авах, бусадтай харьцуулах, зөрчлийг шийдэж сурах боломж олгодог.

 

Морин тэрэгчин

Тоглоомын явц: Хүүхэд хоёр хоёроороо зогсоно. Нэг нь морин тэрэгчин, нөгөөх нь морь. Морин тэрэгчин морь (уяан үзүүрийг хоёр мөрөнд нь уяад)-тойгоо өрөөн дотуур явна. Тэрбээр уяа (хазаар)-гаараа морио хаашаа, яаж явахыг чиглүүлнэ:  Хэрэв морь зүүн гар тал руу явах гээд байвал жолоог баруун тал руу татана, хурдан давхиулах бол жолоогоо дээш доош нь савалж хөдөлгөнө. Зогсоох бол жолоогоо хүчтэй татна. Дараа нь дүрээ сольж тоглоно.

Тайлбар: Энэ тоглоомд хүүхдүүд бие биеийнхээ хүсэл дохиог ойлгоно. Морь болсон хүүхэд морин тэрэгчний хөдөлгөөний хурд, хэлбэрт зохицоно. Тэд морины жолоогоор нөгөө хүүхдээ удирдаж эсвэл  морин тэрэгчин болж өөр өөр дүрд хувирна.

 

Бид адилхан, бид бас ялгаатай

Тоглоомын явц:  Тасалгааны голд урт олсыг тойрог байдлаар байрлуулна. Хүүхдүүд хөгжмийн аянд олсыг тойрч гүйнэ. Багш бөмбөр эсвэл ямар нэг дуу чимээ гаргах хэрэгсэл дээр цохиж дохио өгөөд “Цагаан цамц өмссөн хүүхдүүд тойргийн голд ороорой” (Гурилтай шөлөнд дуртай..., Нүдний шилтэй ..., Ирэх жил сургуульд орох ... гэх мэт) гэнэ. Багшийн хэлсэн зүйлтэй холбогдох хүүхдүүд тойргийн голд орно. Үгээ эсрэгээр нь томьёолж хэлж болно. Жишээлбэл, “Цагаан цамц өмсөөгүй бүх хүүхэд тойргийн голд ороорой”, “Гурилтай шөлөнд дургүй хүүхдүүд тойргийн голд ороорой” гэм мэт.

Тайлбар: Энэ тоглоом нь бид юугаараа адилхан, юугаараа ялгаатай вэ гэдэгт хүүхдийн анхаарлыг хандуулна. Энэ нь хувцас, үсний өнгө зэрэг гадна харагдах байдал төдийгүй сонирхол, дуртай зүйл зэрэг нь байж болно.

 

Намган дээгүүр гаръя

Тоглоомын явц: Хүүхдүүд дөрөв эсвэл таваараа жижиг багуудад хуваагдана. Тэдэнд хоёр матрасс (эсвэл дэвсгэр, алчуур) байх бөгөөд энэ нь устай нугыг хөндлөн гарахад хэрэглэгдэх аврах сал болно. Тэд эхлээд цөмөөрөө нэг матрасс дээрээ зогсоно. Салаасаа гарахгүйгээр нөгөө матрассаа зэрэгцүүлэн тавина. Зэрэгцүүлсэн матрасс руугаа цөмөөрөө шилжиж, нөгөө матрассаа урдаа авч ирж тавина. Ийнхүү хүн бүр газар дээр гишгэхгүйгээр "авралын арал" дээр буухаар хоёр сал дээрээ ээлжлэн гарч урагшилна. Сал хоорондоо хол зайтай тохиолдолд бие биедээ тусална. Ингээд хоёр салынхаа тусламжтайгаар багаараа тасалгааны нөгөө талд явж хүрнэ.   

Тайлбар: Энэ нь хамтаараа асуудлыг шийдвэрлэхэд чиглэнэ. Яаж хамтаараа матрассаа зөөж байрлуулах, яаж газар гишгэхгүйгээр нөгөө матрасс дээрээ гарах гэх мэт. Багш хүүхдүүдээс хэдий үед нь даалгавар хамгийн хүнд байсныг асууж ярилцана. Жишээлбэл, матрассаа хол зайтай тавьсан тохиолдолд.

 

Renate Zimmer. Spielen, streiten und lachen. Kindergarten heute, 2020/3