Үнэт зүйлээ хадгалах нь: Японы боловсролын тогтолцоо

 

21-р зууны шинэчлэлийн шинэ агенда       

Дээрх асуудлууд нь улмаар 21-р зууны эхний жилүүдэд боловсролын гол шинэ бодлогуудыг санаачлахад хүргэсэн байна. Санаачлагууд нь “Zest for Living” (Амьдралын баяр баясгалан) хэмээн нэрлэгдсэн өргөн хүрээний боловсролын шинэчлэлийн хууль тогтоомжийг багтаасан бөгөөд 2006 онд Боловсролын суурь хуулийг шинэчлэн баталсан нь Япон улс 60 жилийн хугацаанд анх удаа боловсролын суурь хуулиа шинэчилсэн хэрэг болжээ.

“Амьдралын баяр баясгалан” нь нэг жигд байхад анхаарч, нэг бүрчлэн тусгайлан чиглүүлэх босоо удирдлагын талаар баримталж байсан өмнөх хатуу байр сууриа эргэн харсны илрэл байв. Шинэчлэлээр яамны зарим үүргийг доод шатны захиргааны байгууллагад шилжүүлж, зайлшгүй сургалтаар эзэмших ёстой кредитийн тоог 38-аас 31 болгон бууруулж, сургуулийн ажлын долоо хоногийг 6-аас 5 өдөр болгон цөөлж (гэхдээ сургуулиуд хичээлээс гадуурх үйл ажиллагаа болон сурагчдын хүсэлтийн дагуу давтлага өгөхөд зориулж Бямба гаригт нээлттэй байна), сургалтын хөтөлбөрийн цээжлэх агуулгыг багасгаж, харин туршилт, эрэл хайгуул хийх, асуудал шийдвэрлэхэд ач холбогдол өгөх болжээ.

Шинэчлэлээр шилдэг сурагчид тогтсон хугацаанаас эрт их сургуульд элсэн орж, ахлах сургуульд коллежийн хичээл үзэх боломжтой болов. Мөн түүгээр Японы коллежид элсэн ороход элсэлтийн шалгалтаас өөр бусад шалгуур хэрэглэх боломжтой болжээ.

Сургуулиудад санхүү ба ажиллах хүчний талаар илүү эрх мэдэл олгов. Багшийг үнэлэх, ялангуяа амжилт гаргадаггүй асуудалтай багш нарыг багшийн ажлаас өөр ажилд шилжүүлэхийн зэрэгцээ шилдэг багш нарыг сайшаан урамшуулах шинэ арга хэмжээнүүд авав.

Хэдийгээр цогц сургалтын хөтөлбөрийн агуулгыг багасгасан боловч сургуулийн бүх түвшинд “Интеграцчилсан судлалын цаг” гэдэг шинэ хичээл нэмж орохоор болов. Тус хичээлийн зорилго нь:

i) Хүүхэд өөрөө бие даан сэдвээ эрж хайж, бодож, шүүж, асуудал шийдэх чадварыг хурдан хөгжүүлэх; ii) хүүхэд өөрийн амьдралын талаар боддог болсноор бүтээлчээр, өөрийн бодлоор судлагдахууныг судалж, сурах, сэтгэх өөрийн арга барилаар асуудлыг шийддэг болох. Энэ зорилгоор интеграцчилсан судлалын цаг нь байгаль орчин, олон улсын ойлголцол, мэдээлэл, эрүүл мэнд ба халамж, сурагчийн өөрөө сонирхсон судлагдахуун зэрэг олон салбарын цогц судлагдахууныг байгаль ба нийгмийн амьдралаас олж авсан туршлага, ажиглалт, туршилт, газар дээр нь зочилж судлах үйл ажиллагаа, судалгаа, асуудал шийдвэрлэлт гэх мэт туршлагын суралцахуйгаар дамжуулан судлахад чиглэжээ.

Сурагчдын математик, шинжлэх ухааны хичээлийн сонирхолыг бууруулахгүйн тулд япончууд дараах хэрэгцээг мэдэрсэн байна: i) ажиглалт, туршилт, төслийн судалгаагаар дамжуулан асуудал шийдвэрлэж туршлагаар суралцахуйг чухалчлах, ii) сурагчдыг шинжлэх ухаанд сонирхолтой болоход туслахын тулд их сургууль, судалгааны хүрээлэн, музейтэй холбоо тогтоох, iii) тэргүүний эрдэмтэд, инжнерүүдийн имижийг тодотгон таниулж, ирээдүйн ажил мэргэжлийн тухай бодож буй сурагчдын сонирхолыг түүнд татах.

Ийнхүү олон хүний хувьд маш хатуу тогтолцоо гэгддэг тогтолцоог ерөнхийд нь чөлөөлжээ. Гэвч бүхэлд нь харвал тогтолцооны бүтэц бараг хэвээрээ бөгөөд түүнийг илүү чөлөөтэй болгох тал дээр япончууд болгоомжтой хөдөлж байна.

Зөвхөн сурагчид төдийгүй Японы боловсролын үндсэн хариуцлагыг өөрт үүрч буй япон гэр бүлүүдийн дунд Японы үнэт зүйлс сулран хэврэгшихээс үүдсэн айдсыг анхааралдаа авч шийдэхийн тулд Японы засгийн газар Боловсролын суурь хуулийг дахин бичсэн байна. Анхны суурь хууль (1947) нь дараах дөрвөн зарчмыг дэвшүүлэн тавьж байжээ:

-Хүмүүжүүлэх зорилгод хүрэхийн төлөө боловсролын санаа

-Боловсролын тэнцүү боломж ба хүйсийн тэгш байдал

-Ардчилсан, үл ялгаварлах сургуулийн тогтолцоо

-Төлбөргүй, заавал эзэмших боловсролын 6-3 тогтолцоо (6 жилийн бага сургууль, 3 жилийн дунд сургууль)

Дээрх зарчмуудыг хэрэгжүүлэхэд олон жил зарцуулжээ. Гэвч үр дүн нь өмнөх хэсгүүдэд өгүүлсэн тэрхүү гайхалтай тогтолцоо байсан юм. 2006 онд баталсан шинэ хууль анхны хуулиас хойш нийгэм хэр зэрэг өөрчлөгдсөний тусгал болсон байна. Эрэгтэй хүний дундаж наслалт 50-иас 79 болж уртассан бол эмэгтэй хүнийх 54-өөс 85 болжээ. Төрөлт 4.5-аас 1.3 хувь болтол буурав. Ахлах сургуульд хамрагдалт 43-аас 98 хувь хүртэл нэмэгдсэн байна. Их сургуульд хамрагдалт 10 хувь байснаас 49 хувьд хүрчээ. Тухайн үед хөдөлмөр эрхлэгчдийн 49 хувь нь хөдөө аж ахуйн, 30 хувь нь аж үйлдвэр ба түүнд холбоотой салбарт ажиллаж байсан бол өнөө үед 5-аас цөөн хувь нь хөдөө аж ахуйд, 67 хувь нь үйлдвэрлэлийн салбарт ажиллах болжээ.

Шинэ хууль нийгэмд хэр зэрэг хувиралт гарсныг хүлээн зөвшөөрөхийн зэрэгцээ Японы үнэт зүйлс өөрчлөгдөхгүй хэвээр үлдэнэ гэдгийг баталгаажуулсан байна. Ингэснээр хуульд боловсролын бодлого нь дараагийн зуунд Япон орныг хөгжилд хөтлөх арга замыг тогтсон ажээ.

Дээрх бодлого итгэж найдсан үр дүнг нь өгсөн эсэхийг мэдэх хүртэл цаг хугацаа орох нь ойлгомжтой юм. Япончууд бусад үндэстнүүдэд гүйцэгдэж, өөрсдөө тэдний ард хоцрох вий гэдэгт үргэлж зовниж байна. Тэд OECD-ийн орнуудын PISA үнэлгээний эрэмбэд Япон байр ухрах вий гэдэгт санаа зовжээ. Ийм зүйл тохиолдож магадгүй энэ үед шүүмжлэгчид гарч ирж шинэчлэлийг зогсоохыг шаардаж байгаа бол бусад нь тэвчээртэй хүлээхийг сануулж дэмжих ажээ.