4 настай хэцүү хүүхдийг өнөөдөр үл хайхарвал ирээдүйд 40-тэй иргэний асуудалтай тэмцэх болно

Хүүхэд ирээдүйн иргэн болж төлөвшихөд гэр бүлийн орчноос гадна сургуулийн өмнөх боловсрол маш чухал билээ. Австрали улсад цэцэрлэгийн хүүхдэд зориулсан хөтөлбөр нь ямар байдаг, багш нарынх нь арга барил цаашлаад улсын болон хувийн цэцэрлэгийн төлбөрийн талаар тус улсад ажилладаг монгол бүсгүй С.Пүрэвжаргалтай ярилцлаа.   Нийгмийн ажилтан мэргэжилтэй С.Пүрэвжаргал Австрали улсын Сидней хотноо гэр бүлийн хамт амьдардаг бөгөөд өдгөө Австралийн Рандстад боловсролын төвд /Randstad education Australia/ цэцэрлэгийн багшаар ажиллаж байна.

- Та Австрали Улсад ажиллаж, амьдраад хэр удаж байна вэ?

- Австрали Улсад ирээд долоон жил болж байна. Энд Монголоор бол мэргэжлийн сургалтын төв буюу коллежид сурч ажилладаг жишиг байдаг ба миний хувьд коллежид хэд хэдэн төрлийн мэргэжлээр сурч төгссөн. Тодруулбал Маркетинг, Олон нийтийн харилцаа, Төслийн менежментийн мэргэжлээр сурсан ба хамгийн сүүлд бага насны хүүхдийн боловсрол, асаргаа буюу цэцэрлэгийн багш мэргэжлээр сураад одоо энэ чиглэлээрээ ажиллаж байна. Энэ хугацаанд сургуульдаа сурахын хажуугаар, хоёр хүүхдээ төрүүлж, амьдрал болон ажил мэргэжлийн тал дээр хөлөө олох гэж хичээж явна даа.

100 хүүхэд тутамд хоёр шилдэг хүүхэд байлгахын төлөө биш 90 хүнлэг иргэн төлөвшүүлэхийн төлөө чиглээсэй.

- Та цэцэрлэгийн багшаар яагаад ажиллах болсон болон тус улсын сургуулийн өмнөх боловсролын тогтолцооны талаар дэлгэрэнгүй танилцуулбал?

- Би нийгмийн ажилтан чиглэлээрээ ажиллах их сонирхолтой байлаа. Ялангуяа Австрали Улсад нийгмийн ажлын салбар өндөр хөгжсөн, маш их боломж, хөрөнгө оруулалт, дэмжлэгүүд харагддаг. Гэхдээ мэргэжлийн салбарт шууд ороод ажиллах их өндөр шалгууртай, заавал энэ улсад хуримтлуулсан туршлагыг чухалчилж үздэг учраас өөрийн мэргэжилдээ ойр гэж үзээд цэцэрлэгийн туслах багшаар ажиллаж эхэлсэн.

Одоогоор яг тогтсон нэг газар бус, хүн хүч шаардлагатай байгаа сургуулиудад хуваарилагдан ажилладаг casual educator буюу гэрээт багшаар ажиллаж байна.

Тэд маргаанд хүртэл уйлахгүй, орилохгүй, маш логиктой яриад, өөрийгөө илэрхийлээд сурчихсан байдаг.

Бага сургуулиудын хичээл 8:30-9:00 хооронд эхлээд 15:00-15:30 хооронд тардаг. Сургууль бүр дэргэдээ өдөр өнжүүлэхтэй бөгөөд энэ нь урт цагаар ажилладаг ба эцэг эхчүүдэд зориулсан гэж хэлж болно. Хүүхдийг хичээлийн өмнө буюу 7 цагт өдөр өнжүүлэхэд өгөөд мөн сургууль тарснаас хойш 18 цаг хүртэл байдаг.

Дүүргийнхээ ихэнх сургууль, цэцэрлэгийг тойрон ажиллаж үзсэн. Тухайн төвүүд нь өөр өөрийн онцлог, дүрэм, хуваарьтай байдаг ч нийтлэг хэдэн зүйл бий.

1. Бүх сургууль цэцэрлэгт Австрали улсын уугуул иргэд болох Аборижин соёлыг таниулж, хүндэтгэн үзэх тухай заавал заадаг.
2. Олон үндэстэн нэгдэн амьдарч буй газар учраас олон талт соёлын таниулсан, хүндэтгэсэн агуулгыг заавал багтаадаг.
3. Тухайн өдөр 3-4 янзын хөтөлбөр, үйл ажиллагаа хэрэгжүүлж хүүхдүүд сонголтоороо хамрагддаг. Жишээ нь хөлбөмбөг тоглох дуртай хөвгүүдийг заавал зураг зурахын шаарддаггүй гэсэн үг. Хүүхдүүдийн саналын харгалзаж хөтөлбөртөө тусгадаг.
4. Үдийн цайг ихэвчлэн хөнгөн зууш, шинэхэн жимс ногоогоор шийддэг. Хүүхдийг маш энгийн хэр нь тэжээлтэй, амттай хооллож болдгийг эндээс харж байна.
5. Хүүхэд өөрийнхөө эд зүйлсийг бүрэн хариуцна. Бүр багаас нь маш том том цүнхэнд хичээлийн хэрэгслээс гадна өдрийн хоол, солих хувцас, малгай, хөгжмийн зэмсэг гэх мэт зүйлсийг нь хийгээд үүрүүлээд өөрт нь хариуцуулаад сургачихдаг.
6. Хүүхдэд ямар нэг бэртэл гэмтэл учрах, харилцааны асуудлууд үүсэх үед авах арга хэмжээ маш тодорхой байдаг.

Австралид улсын болон хувийн цэцэрлэгүүдийн ялгаа, төлбөр дунджаар хэд байдаг вэ?
- Хүүхдээ цэцэрлэгт хамруулах нь австрали улсад оршин суугаа монголчуудын төдийгүй иргэдийнх нь хүртэл тулгамдсан асуудал болсон. Өндөр төлбөртэй, олдоц муу, ажиллах хүчний хомсдолд орсон салбар юм.

Бага сургуулийн сурагч хэрнээ суралцахад хорхойсчихсон, мэргэжлээ сонгоод, түүнийгээ маш сайн судалчихсан, мэргэжлийн ном нийтлэлүүдийг олж уншаад сурчихсан, мэргэжлийн хэллэгүүдээр нь мэтгэлцэх хэмжээний хүүхдүүдтэй олон таарсан.

 

Төлбөр нь маш өндөр буюу өдрийн $120-170 байдаг. Иргэд нь орлогоосоо хамаарч энэ төлбөртөө хөнгөлөлт эдэлдэг бол визтэй оршин суугчид бид бүтэн төлөх ёстой болдог. Улсын цэцэрлэгийн сургуулийн бэлтгэлд /community preschool/ 3-5 настай хүүхдүүдийг авдаг. Хичээллэх цаг нь арай богино буюу сургуультай адилхан, мөн өдрийн хоолыг нь бэлдэж өгч явуулах ёстой байдаг. Ийм бэлтгэл цэцэрлэгийн төлбөр өдрийн $50-60 байдаг.

- Австрали Улс сургуулийн өмнөх боловсролд хэрхэн анхаардаг болон арга барил нь ямар байна вэ?
- Хүүхдийн нас насанд нь тохирсон арчилгаа, арга барилын стандарттай ажилладаг. Товчхондоо хүүхдийн сэтгэл зүйн эрүүл мэндийг хамгийн чухалчилж үздэг. Сэтгэлзүйн хувьд эрүүл, хүчтэй, зөв өссөн байхад академик мэдлэгийг цаг нь болоход хүүхэд өөрөө шохоорхоод, сонирхоод бүр баяр жаргалтайгаар сурдаг юм байна.

Хүүхдийн харилцааны чадварууд дээр түлхүү анхаардаг. Өөрийгөө илэрхийлэх, бусдыг хүндэтгэх, ялгаатай байдлыг ойлгохыг хичээх, сонсож сурах гэх мэт. Австралийн цэцэрлэгийн хүүхдүүдээс хэр олон дуу шүлэг мэдэх вэ гэж асуувал магадгүй монголд сурч буй хүүхдийн дэргэд маш бага тоо хэлэх байх.

Харин тэр хүүхдээс "Чи яг одоо юу мэдэрч байна вэ? Чи юунд баярладаг вэ, юунд уурладаг вэ, чи юу хүсэж байна вэ? Энэ маргааныг хэрхэн шийдвэрлэх вэ, Бид яаж дэлхийг илүү сайхан газар болгох вэ?" гэж асуувал тэднээс маш гайхалтай, мэргэн хариулт сонсож магадгүй.

Тиймдээ ч юм уу хүүхдүүд маш багаасаа л өөрсдийнхөө хүсэл сонирхол, авьяасаа нээчихдэг, харилцахад маш амар тодорхой хүмүүс болоод байх шиг анзаарагддаг. Маргаанд хүртэл уйлахгүй, орилохгүй, маш логиктой яриад, өөрийгөө илэрхийлээд сурчихсан байдаг.

Охин маань Монголоос хамгийн их олдворууд олддог гэдгийг сонсоод Монголд очиж өөрийн гараар үлэг гүрвэлийн яс олох мөрөөдөлтэй болсон.

Бага сургуулийн сурагч хэрнээ суралцахад хорхойсчихсон, мэргэжлээ сонгоод, түүнийгээ маш сайн судалчихсан, мэргэжлийн ном нийтлэлүүдийг олж уншаад сурчихсан, мэргэжлийн хэллэгүүдээр нь мэтгэлцэх хэмжээний хүүхдүүдтэй олон таардаг даа.

- Манайд хэрэгжүүлж, нэвтрүүлж болохуйц хөтөлбөр, арга барилыг нь онцолбол?

- Одоо өөр болсон байж магадгүй юм. Гэхдээ миний бага байсан үед бол сайн хүүхдүүдтэйгээ гүнзгий түвшинд ажиллаад муу хүүхдүүдээ хаячихдаг нь бидний хамгийн том алдаа байх.

Би багш нарын нэгдсэн цахим группт байдаг юм. Тэнд нэг цэцэрлэгийн багш харилцааны хувьд маш хэцүү нэг хүүхэдтэй ажиллах зөвлөгөө хүссэн байлаа. Тэр хүүхэд нь хүчирхийлэлд байсан, сэтгэцийн асуудалтай, хүүхдүүд болон багшийгаа зоддог байдлыг нь болиулж дийлддэггүй гэж бичсэн байсан.
 

Гэтэл хамгийн түрүүнд миний санаанд цэцэрлэгээс хасах тухай л шийдэл орж ирж байгаа юм. Харин тэр дунд нэг ч тийм зөвлөгөө байсангүй, ихэвчлэн энэ мэт тохиолдолтой таарч байсан туршлага, зөвлөгөөг бусад багш нар бичсэн байлаа. Тэр дунд тийм онцлогтой хүүхэд, эсвэл өөр хүнд бэрхшээлтэй олон мянган хүүхэдтэй багш нар ажилласан, ажилласаар байгааг хараад энэ улсын иргэн бүр, нэг ширхэг хүүхэд хүртэл ард үлдэх ёсгүй бодлогоо тэд сайтар хэрэгжүүлж буйг мэдээд биширсэн.

Өнөөдөр дөрвөн настай хэцүү хүүхдэд бууж өгвөл ирээдүйд 40 настай иргэний том асуудалтай тэмцэх хэрэгтэй болно. Тийм учраас нэг ч хүүхэд байсан бидний нэг хэсэг, энэ нийгэмд харилцаанд орж амьдрах нь үнэн тул тэр хүүхдэд тусалснаар эргээд бид өөрсдөдөө тусалж буй хэрэг юм.

Манай боловсролын салбар илүү хүнлэг болоосой, 100 хүүхэд тутамд хоёр шилдэг хүүхэд байлгахын төлөө биш 90 сайн хүүхэдтэй байхын төлөө чиглээсэй гэж хүсдэг. Хүүхэд бүр сониуч, ялгаварлалгүй, хайр дүүрэн төрдөг шүү дээ. Энэ чанаруудыг хадгалж үлдэхийн төлөө чиглэсэн хөтөлбөртэй байгаасай гэж хүсэж байна.

- Та бага насны хоёр хүүхэдтэй. Тэдэндээ Монгол ёс заншил, боловсролыг хэрхэн олгохоор төлөвлөж байна вэ?
- Энэ бас гадаадад хүүхдээ өсгөж байгаа хүмүүст их тулгамдсан асуудал шүү. Аль болох монгол контент, ном захиалж авч үзүүлдэг. Гэртээ зөвхөн монголоор ярьдаг. Гэсэн ч монголын тухай ойлголт нь үлгэр домгийн хэмжээнд л байгаад байх юм. Жишээ нь таван настай охин маань үлэг гүрвэлийн хоббитой болчихоод байгаа юм. Тэгээд Монголоос хамгийн их олдворууд олддог гэдгийг сонсоод Монголд очиж өөрийн гараар үлэг гүрвэлийн яс олох мөрөөдөлтэй. Таван хошуу мал тал дүүрэн бэлчээд байж байдаг гэдгийг сонсоод маш их гайхна. Тийм болохоор 1000 сонсохоор нэг үз гэдэгчлэн ойрын хугацаанд эх орондоо очиж тэдэнд өөрийн биеэр мэдрүүлэх л хэрэгтэй юм байна гэж бодож байна.

- Баярлалаа. Танд ажлын амжилт, гэр бүлд нь аз жаргал хүсье.

 

С.Пүрэвжаргал

 

Эх сурвалж: gogo.mn