Хүүхэд бие даан ажиллахад сургалтын орчин шийдвэрдэх нөлөөтэй

Сургалтын бодлого шинэчлэгдэн хүүхэд төвтэй сургалтын арга зүй цэцэрлэгийн өдөр тутмын үйл ажиллагаанд түрэн орж, улмаар хүүхэд бүрийг хөгжүүлэхийг гол зарчмаа болгон ажиллаж байгаа өнөө үед миний барьсан гол чиглэл бол хүүхдийн бие даасан сонголт, тэдний идэвхтэй үйл ажиллагаа байлаа. Үүнд сургалтын баялаг орчин шийдвэрлэх нөлөөтэй.

Сургалтын төвүүд ба бие даасан сонголт

Юуны өмнө сургалтын төв бүрийг сэдэв, чиглэлийн дагуу хүүхдийн сонирхол, эрэлт хэрэгцээнд нийцүүлэн тараах материал, зурагт болон бодит үзүүлэн, сургалтын хэрэглэгдэхүүн, сургах тоглоомуудаар иж бүрэн тохижуулсан. 

Ингэснээр хүүхдүүд ангидаа ирээд аль сургалтын төвд ажиллахаа сонгох боломжтой болсон. Хүүхэд тухайн сургалтын төвийг сонгосон бусад хүүхдүүдтэй нэг баг болж, хамтран ажиллаж, тоглож мэдлэг, чадвараа бататгаж, тэлдэг. Энэ явцад багш тэдний сонголт, идэвхтэй үйлийг дэмжиж, өөрөө суралцах үйлийг нь чиглүүлж ажилладаг. Хүүхдүүд ч өөрсдийн дуртай, сонирхсон үйлээ хийж байгаа болохоор идэвх чармайлт сайтай байдаг. 

Бие даан ажиллахад ангийн дүрэм хэрэгтэй

Ангиараа хүүхдүүд өөрсдийн санаа бодлоо нэгтгэн тухайн ангид орж ирсэн хэн боловч биелүүлэх шаардлагатай дүрмийг гаргаж, түүнийгээ хэрэгжүүлэх ажилд өөрсдөө хяналт тавин дэг журамд суралцаж байдаг. Анги ерөнхий нэг дүрэмтэй байхаас гадна  сургалтын төвүүд үйл ажиллагааныхаа онцлогоос шалтгаалан дэд дүрмүүдтэй. Хүүхдүүд түүнийгээ ойлгож мөрдөж байгаа нь багш болон хүүхдийн үйл ажиллагаа, харилцаанд эерэг нөлөө үзүүлж, багшийн ажлын ачааллыг хөнгөвчилсөн арга болж байна.

Ширээний үзүүлэн

 “Ширээний үзүүлэн”-г хүүхэд хөгжүүлэх үйл ажиллагаанд ашигласнаар нэг дор 2-4 хүүхэд өөрсдийн бүтээлч хандлагаараа сэтгэн бодох, аргачлалын дагуу бүтээл хийх, зүй тогтол олох, эвлүүлэх, харж ярих, улмаар мэдлэг бүтээх боломжтой бөгөөд хүүхэд багшийн өчүүхэн дэмжлэгтэйгээр өөрийгөө хөгжүүлж чаддаг.

Ширээний  дэлгэмэл театр

Ширээний дэлгэмэл театр нь хүүхдийн хэл яриа хөгжихөд чухал нөлөө үзүүлдэг.  

Багш үлгэр, бусад зохиолын зурагт үзүүлэнг олон төрлөөр хийж бэлтгэнэ. Түүнийгээ бэлтгэсэн дэлгэгддэг сууринд хийнэ. Хүүхэд экран дээр гарах зурагны дагуу ярих, зургийг үлгэрийг дарааллын дагуу байрлуулах, жүжиглэн тоглох  зэргээр ажиллана.

Сургалтын хэрэглэгдэхүүний хэрэглээ  

Багш нар бид эцэг эхээс бэлтгэж өгсөн зургийн дэвтэр, өнгийн цаас, харандаа зэрэг сургалтын хэрэглэгдэхүүнийг яаж эмх цэгцтэй, дэс дараатай хэрэглэх, хэрхэн хүүхдэдээ танигдахаар, хүүхэд өөрөө авч ашиглаж болохоор хадгалах, хэрэглэхэд  зарим нэг бэрхшээлтэй тулгардаг.

Эцэг эхээс сургалтын хэрэглэгдэхүүнийг бэлтгүүлж авахдаа тухайн эцэг эхэд өөрийнхөө хүүхдийн цэцэрлэгтээ хэрэглэгдэх бүхий л эд хэрэгслийн тоогоор таних тэмдгийг нь олшруулж ирэх санал тавьдаг. Үүнийг эцэг эхчүүд ч маш дуртай хүлээж авч гүйцэтгэдэг. Харин аваад ирэхээр нь таних тэмдгүүдийг сургалтын хэрэглэгдэхүүн тус бүр дээр эцэг эхчүүдээр өөрсдөөр нь наалгадаг. Энэ нь эцэг эхэд хүүхдийн авч ирсэн зүйлс холилдож солигдох вий гэсэн эргэлзээг арилгах нэг арга юм.

Дараагийн нэг асуудал бол өнгийн цаас, зургийн дэвтрийн хэрэглээ. Өнгийн цаасыг ашиглахдаа хүүхдээс 3 багц өнгийн цаас авдаг бол нэгийг нь наамлын суурь буюу дэвсгэр өнгө болгон ашигладаг. Хоёр дахийг нь хайчилж наамал хийхдээ хэрэглэнэ. 3 дахийг нь нөөцөнд байлгах гэсэн хувиарлалтаар ашигладаг. Энэ нь хүүхдийн бүтээлч сэтгэлгээ, гоо зүйн мэдрэмжийг сайжруулах, улмаар эмх цэгцтэй байх, аливаа зүйлд хэмнэлттэй байх зэрэг сайн чанаруудыг төлөвшүүлэхээс гадна багшид хүүхдээ таних, үнэлэхэд тус дөхөм болдог.

Хүүхдийн бэлтгэж ирсэн зургийн дэвтрийг мөн үйл ажиллагааных нь дагуу төрөлжүүлэн хэрэглүүлдэг. Жишээлбэл, нэг зургийн дэвтрийг нь дан усан будгийн бүтээлд зориулан ашиглана. Хоёр дахийг нь тосон болон өнгийн харандаагаар зурахад, гурав дахийг нь тусгайлан үзэсгэлэнгийн бүтээл болон уралдааны бүтээл гаргахад ашиглана. Харин дөрөв дэхийг нь дугуйлан болон чөлөөт цагаараа ашиглах дэвтэр болгон ашиглаж байна. Энэ нь хүүхдэд аливаа зүйлийг зориулалтын дагуу хэрэглэж сурах, мөн дээр дурьдсанчлан эмх цэгцэд сургах чухал ач холбогдолтой.

Усан будгаар зурсан дэвтэр                                                Тосон харандаа болон будгийн

                                                                                          харандаагаар зурсан дэвтэр

Өнгийн цаас, зургийн дэвтэр болон бусад сургалтын хэрэглэгдэхүүн дээр наасан таних тэмдгээрээ хүүхэд хэний ч дэмжлэггүйгээр хэрэглэх зүйлээ өөрөө олж авдаг. 

 

Дорноговь аймгийн Сайншанд сумын 3 дугаар цэцэрлэгийн багш Д.Уртнасан