Шагай – Сургалтын чухал хэрэглэгдэхүүн
Манай цэцэрлэг (Ховд аймгийн 9 дүгээр цэцэрлэг) 2014 оноос эхлэн ардын уламжлалт наадгайн нэг болох шагайн наадгайг ашиглаж ирсэн нь хүүхэд нэг бүрийг хөгжүүлэхэд сургалтын үр дүнтэй, хүртээмжтэй хэрэглэгдэхүүн болоод байна.
Шагайн наадгайн давуу тал
Бид шагайг онцлон сонгон авч сургалтын хэрэглэгдэхүүн болгохдоо дараах зүйлсийг харгалзан үзсэн.
- Олдоц элбэгтэй, эцэг эхчүүдийн хандивлах дуртай хэрэглэгдэхүүний нэг.
- Эдийн засгийн хувьд хэмнэлттэй, өртөг шаардахгүй.
- Хэзээ ч хаягдахааргүй, удаан хугацаагаар хэрэглэх боломжтой.
- Тогтмол угааж цэвэрлэж байхад амар хялбар.
- Анги танхимд хадгалахад зай талбай бага эзэлдэг.
- Элэгдэл хорогдол удаан.
- Үндэсний уламжлалт тоглоом тул ойлгоход хялбар, эцэг эхчүүд хүүхэдтэйгээ тоглоход дөхөм.
Шагайн наадгайн ач холбогдол
Шагайн наадгайг сургалтын чиглэл бүртэй уялдуулан ашиглаж, түүгээр хүүхэд бүрийг хөгжүүлэх боломжтой. Хүүхэд хоёулаа болон хэд хэдээрээ шагайг төрөл бүрийн тоглоом тоглох, тоолох, бодлого бодох, ангилан ялгах, өрж байгуулах зэрэг олон хувилбараар ашигладаг. Шагайгаар тоглосноор хүүхдэд бусадтай хамтрах, дүрмээ баримтлах, ээлжээ хүлээх зэрэг зан харилцааны эерэг чанарууд төлөвшиж, ялгаж таних, ангилах, оноож тоолох, санаа бодлоо илэрхийлэх зэрэг чадвар нь сайжирдаг. Мөн тэдний өөрийнхөөрөө сэтгэн бүтээх бүтээлч сэтгэлгээ, гар хурууны булчин хөгжиж байдаг.
Бидний зохиосон шагайн наадам
Манай хүүхдүүд шагайгаар янз бүрийн зүйлийг өрж тоглодог. Жишээлбэл, “Шагайгаар цифр өрөх”. Хүүхэд бүр шагайн дүрс бүхий 1-10 хүртэл цифртэй хуудас цаас, сагсанд хийсэн янз бүрийн өнгөтэй шагай, дэвсгэр даавуу авна. Тэд 1-10 хүртэл цифрийг оноож тоолно. Хуудас цаасан дээрх эхний цифрт хэдэн шагай орсныг тоолоод, дэвсгэр даавуун дээрээ уг цифрийг шагайгаар дуурайлган өрж эхэлнэ.
Энэ мэтээр дараагийн цифрүүдийг өрнө. Ингээд хэн хамгийн түрүүнд цифрүүдийг тоо ёсоор өрж дууссан нь тоглоомын ялагч болно. Тоглоомыг цифр харахгүйгээр өрөх, өнгөөр ялгаж өрөх, дөрвөн бэрхээр (хонь, ямаа, морь, тэмээ) өрөх гэх мэтээр хүндрүүлж тоглож болно.
Мөн хүүхдүүд зураг дээрх янз бүрийн дүрсийг шагайгаар дуурайлган өрж тоглодог.
Шагайн наадам – Эцэг эхтэйгээ хамт
Шагайг хэрэглэснээр цэцэрлэгийн үйл ажиллагаа өргөжиж, эцэг эхтэй хамтран жил бүрийн 5 дугаар сарын 15-18-нд шагайн наадмыг уламжлал болгон зохион байгуулдаг болсон. Үүнд “Алаг мэлхий”–өрөх, ”Унага хөхүүлэх”, “Шагай шүүрэх”, “Шагай амлах”, “Морь уралдуулах” гэх мэт уламжлалт наадмаар эцэг эх, хүүхэд уралдан, аймгийн хэмжээнд тогтмол явагддаг өдөрлөгийн нэг болсон.
“100,000 шагай” өдөрлөгийн үеэр хүүхэд, эцэг эхчүүд сурсан тоглоомоороо уралдаж, цэц мэргэн, оюун ухаанаа сорилоо. (2016 оны 5 сар)
Ховд аймгийн Жаргалант сумын 9 дүгээр цэцэрлэгийн арга зүйч О.Тунгалаг